Давхар боломж Рени

2016-02-16 10:58


Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтөөс ирэх давхар боломж Рени

Б.Төгсбилэгт

Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм. Үйлдвэрлэл өсөхийн хэрээр Монголын эдийн засгийн гол багана зэс байсаар ирэв. Нүүрсний үнэ зах зээлд оргилдоо хүрсэнтэй холбоотойгоор 2010-2013 оны хооронд нүүрсний экспортын биет хэмжээ өсч, улмаар экспортын орлого бүрдүүлэлтээр зэсийн урдуур нүүрс бичигдэх болсон нь түр хугацааны үзэгдэл байсан юм. Зах зээлийн уналт тохиосон 2014, 2015 онд ч зэс өөрийн байр сууриа ганхалгүйгээр хадгалсан билээ. Эдийн засагч, шинжээчдийн дунд бүх эрдэс дундаа зэс хамгийн тогтвортой, найдвартай нь гэсэн үнэлгээг авсан хэвээр. Одоо бол зах зээл дэх үнэ багагүй хэмжээгээр буурсан ч зэс Монголын эдийн засгийн хамгийн том багана болоод зогсохгүй бүр “бүл нэмэх” төлөвтэй тул “зэс олуулаа болон эргэн ирж байна” хэмээн томьёолж болно.

Зэсийн салбарын өрнүүн ирээдүй Оюутолгойн өргөжилт, Цагаансуваргын зэс, молибденийн ордын “сэргэлт”-ээр Монголын эдийн засгийн бат суурийг бэхжүүлэхээр айсуй. Монголын экспортын зэсийн баяжмалын хэмжээ ойрын хэдэн жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэж, 3 сая тонн руу дөхөх дүр зураг тодорч байна.

Гэхдээ энд бас нэгэн дурдахгүй байхын аргагүй зүйл бол рени буюу зэсийн ДАВХАР БОЛОМЖ юм. Зэсийн хүдрээс буюу тухайн ордын хүдрийн шинж чанараас нь хамаарч дайвар бүтээгдэхүүн болгон ялгаж авч болох дагалдах элементүүдэд рени, теллур, селен, молибден гэх мэт олон эрдэс багтана.

Ренийг онцолдгийн учир нь рени үйлдвэрлэх технологийн судалгаа, үйлдвэрлэлийн эхлэл суурь Монголд хэдийнэ тавигджээ. ШУТИС-ийн эрдэмтэн Д.Мөнхбаяр, М.Дэлгэрмаа, Л.Тэлмэнбаяр нар ренийг ашигласнаар Монгол улс дэлхийн рени үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн тоонд багтах боломжтой тухай нэлээд өөдрөг таамаг дэвшүүлжээ. Гэвч одоогийн байдлаар манайд ренигийн технологийн судалгаа хийгдэж байснаас биш орд газруудын болон нөөцийн судалгаа огтхон ч хийгдээгүй тул цоо шинэ салбарт тооцогдоно.

Манай улсад Монгол-Швейцарийн хамтарсан “Шим технологи” компани нь жилд 3600 тонн молибденийн баяжмал боловсруулан 2500 тонн молибденийн техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн гарган авах хүчин чадалтай үйлдвэрийг 2014 оны 9 дүгээр сард нээсэн билээ. Гэхдээ уг үйлдвэр ренийг бүрэн хүчин чадлаар үйлдвэрлэж хараахан эхлээгүй байгаа юм.

Өнгөрсөн 2014 онд манай улсын молибденийн хүдэр, баяжмалын үйлдвэрлэл 4 мянган тонн байсан бол 2015 оны байдлаар 5 мянган тонн болж өсчээ. Цаашид молибденийн баяжмалын гарц нэмэгдэх үед баяжмал бүтээгдэхүүнээс рени гаргаж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ихээхэн боломж бий нь эндээс харагдаж байна. Оюутолгой, Цагаансуваргын орд газар дахь ашиглалтад ренигийн үйлдвэрлэлийг давхар явуулах боломжийг судалж уг ховор металын үйлдвэрлэлийг эхлүүлж чадвал зөвхөн улсын эдийн засгийн орлого бус, технологи үйлдвэрлэлд чухал алхам хийх суурийг тавих юм. Зөвхөн Цагаансуваргын үйлдвэрийн тухайд гэхэд жилдээ 4.4 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх бөгөөд энэ нь Эрдэнэтийн жилд үйлдвэрлэж буй хэмжээтэй дүйж байгаа бөгөөд рени үйлдвэрлэлийн боломжийг илтгэнэ.

Рени үйлдвэрлэлийн давхар боломжийг өгүүлэхийн дашрамд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өргөжилтийн талаар товч дурдъя. Цэвэр зэсийн үйлдвэрлэл өнөөдөр улсын нийт экспортод 1.44%-ийг эзэлж байна. Сонсоход энэ тоо бага мэт боловч зэсийн экспорт биет хэмжээний хувьд ч, орлогын тухайд ч урьдныхаасаа хэд дахин өсчээ.

Тодруулбал зэсийн хувьд бид зөвхөн баяжмалын экспорт хийхээ больж багахан хэмжээний катодын цэвэр зэсийн экспорт хийдэг болоод бараг хорин жилийн нүүрийг үзэж буй ч хоёр дахь цэвэр зэс үйлдвэрлэгчээ өлгийдөж авах хүртэл урт удаан хугацаа орсон. “Ачит-Ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс гарган авах хүчин чадалтай гидрометалургийн үйлдвэрээ 2014 оны 10 дугаар сард албан ёсоор нээснээр өнгөрсөн оны  байдлаар цэвэр зэсийн экспорт “Эрдмин” компанийнхтай нийлээд 12.4 мянга орчим тонн болж, экспортын орлогын хэмжээ 66.7 сая ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн газрын тайланд тэмдэглэжээ. Энэ бол 2014 оныхтой харьцуулахад экспортын биет хэмжээ 95%-иар, орлого бараг 66%-иар өссөн үзүүлэлт юм. Өмнөх 2011-2013 оны хооронд манай улсын цэвэр зэс (тунгаасан зэс ба хайлш)-ийн экспортын биет хэмжээ дунджаар 2.2 мянган тонн, орлогын дундаж хэмжээ 16 орчим сая ам.доллар байв.




Манай улсад нэмүү өртөг шингэсэн жижиг хэмжээний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар чамгүй хэмжээний орлогын “зузаатгал” хийж болохоор байгаа нь дээрхээс илэрхий харагдана. Бид зөв хөдлөх юм бол ийм давхар боломжууд нээлттэй байна. Рени нь зэстэй харьцуулахад тонноор бус килограмаар үнэ цэн нь хэмжигддэг тун үнэтэй ховор метал болохын хувьд, мөн дэвшилтэт технологид оролцдог стратегийн бүтээгдэхүүн болохын хувьд, улс орнууд ренигийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байна.

Рени гэх ховор метал нь байгаль дээр дангаар оршдоггүй бөгөөд голцуу зэс-молибденийн порфирын ордын хүдрээс дайвар бүтээгдэхүүн болон гардаг. Монгол ийнхүү зэсийн баяжмалын зах зээлд хүчтэй тоглогч болон орж ирэхээр уухайлж байх зуур Чили дэлхийн зэсийн зах зээлд тэргүүлэх нийлүүлэгч байгаад зогсохгүй ренигийн үйлдвэрлэлд ч хэдийнэ хамгийн үлэмж нийлүүлэгч болж амжжээ. Чилид зэсийн орд, тэр дундаа зэс молибденийн орд их байдаг. Иймд ренигийн нөөц арвин байдлаа ашиглан дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн 50 гаруй хувийг дангаараа эзлэх болжээ. Үүний араас үйлдвэрлэлийн хэмжээгээрээ АНУ, Польш, Казахстан улс удаалж байна.
 
Рени бол дэвшилтэт технологид ашиглагддаг гол эрдсүүдийн тоонд орох тул эдүгээ дэлхийн зах зээлд нэг кг нь маш өндөр үнэлгээтэйгээр худалдаалагдаж байна. Тухайлбал Metminco компани өнгөрсөн 2015 оны эхний хагаст нэг кг ренийг 6000 шахам ам.доллараар худалдаалжээ. 2005-2008 онд ренигийн үнэ дэлхийн зах зээлд оргилдоо хүрч, нэг кг нь 11 мянган ам.доллар болж байсан удаатай. Өнгөрсөн 2014 оны байдлаар нэг кг хорголжин ренигийн үнэ дунджаар 3000 ам.доллартай байжээ. Platts-ын мэдээнд дурдсанаар өнгөрсөн 2015 оны дунд үед ренигийн үнэ ойролцоогоор 2800 ам.доллартай болж харьцангуй буурчээ.
 
Рени үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх компани бол Чилийн Molibdenos y Metales S.A. буюу  Молимет компани юм. Үүний араас Аризонад төвтэй Freeport McMoran-ийн охин компани Climax Molybdenum, Польшийн KGHM Ecoren, Узбекстаны төрийн өмчийн Navoi Mining and Metallurgy Combinat, Казахстаны төрийн өмчийн Zhezkazganredmet (Redmet) болон Өмнөд Солонгосын LS-Nikko зэрэг уурхайн хүдрээс рени үйлдвэрлэдэг тэргүүлэгчид орж байна. Түүнчлэн дахин боловсруулалтаар ренийг гарган авдаг олон үйлдвэр бий.

2015 оны эхэн хүртэл ренигийн зах зээлд таван жил дараалан нийлүүлэлтийн илүүдэл үүсчихээд байсан тул ренигийн ханш зах зээлийн оргил үеэсээ бууралт руу шилжсэн юм. Рени нь хайлах температурын хувьд эхний гуравдугаарт эрэмбэлэгддэг учир онгоц, автомашины хөдөлгүүр болон хийн турбины үйлдвэрлэлд эрэлт маш өндөр хэвээр буй бөгөөд 2005 оноос хойш ренигийн уг салбар дахь эрэлт 7%-иар өсч, 2014 он гэхэд ренигийн нийт эрэлтийн 78%-ийг эзлэх болжээ. Ренигийн нийт хэрэглээний 39%-ийг хийн турбины үйлдвэрлэл, 36%-ийг онгоцны хөдөлгүүр, 12%-ийг нефть үйлдвэрлэл дэх катализатор, 5%-ийг рентген техник, 4%-ийг металлургид, 4%-ийг сансрын технологид ашиглаж байгаа тухай ШУТИС-ийн эрдэмтдийн тайланд дурджээ. 2014 оны байдлаар ренигийн нийт нийлүүлэлт 58 тоннд хүрч, өмнөх оныхоос 4%-иар буурсан нь Чилийн Molymet компанийн үйлдвэрлэлийн бууралт болон Казахстаны үйлдвэрлэлийн асуудал болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарц багассан нь шууд шалтгаалжээ. Roskill судалгааны байгууллагын мэдээлж буйгаар ренигийн эрэлт 2020 он хүртэл тогтвортой өсөх хандлагатай байна. Мөн хугацаанд ренигийн эрэлт жилд дунджаар 6%-иар өсч, 85 тоннд хүрэх төлөвтэй гарчээ. Түүнчлэн ренигийн нийт эрэлтийн 80 гаруй хувийг нисэх онгоцны хөдөлгүүр, хийн турбины үйлдвэрлэл эзэлсэн хэвээр байх төлөвтэйг тус байгууллага онцолжээ.

Анх 1925 онд Вальтер Ноддак, Ида Такке болон Отто Берг нарын бүрэлдэхүүнтэй Германы эрдэмтдийн баг нээж байсан уг ховор метал эдүгээ стратегийн маш чухал метал болсны зэрэгцээ орлуулах материалын судалгаа төдий л амжилт олоогүй байна.

Рени бол мөнгөлөг цагаан өнгөтэй, нягт, хүнд, бүх элемент дундаа хамгийн өндөр хайлах температуртай /хайлах хэм нь 3180 цельсийн хэм, буцлах хэм нь 5630 цельсийн хэм/ элементийн тоонд зүй ёсоор орно. Рени нь хайлах хэм өндөртэй металаас гадна давтагдах-сунгагдах, уян хатан, зөөлөн, хүнд зэрэг шинж чанараараа технологичдод амин чухал хэрэгцээг хангасан эрдэс болж чаддаг байна.

Манай улсад рени үйлдвэрлэлийн боломж чамлахааргүй их бий. Энэ бол технологийн стратегийн метал бөгөөд эдийн засгийн чамгүй боломжийг даллан дуудах метал юм. Ренигийн үйлдвэрлэлийн хөгжил манай улсад ховор метал ашиглалт, цаашлаад тусгай хайлш, нарийн технологи үйлдвэрлэлийн түүхийн хуудсын эхлэлийг тавих болно.

The Mongolian Mining Journal. 2016.01 №086

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 20 цаг 16 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
  • Уржигдар 13 цаг 34 минутад
    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
  • Уржигдар 11 цаг 26 минутад
    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
  • Уржигдар 10 цаг 17 минутад
    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
  • 2019-10-15 13:59
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.