“Эрдэнэс Монгол” “Темасек” төрхөнд ойртсоор...

2016-01-29 13:59


С.Болд-Эрдэнэ


Эрдэнэс Монгол” компанийн үе үеийн захирлын нүдэнд Сингапурын “Темасек Холдинг” компани харагддаг гэхэд болно. Бөмбөрцөг дээр хамгийн амжилттай яваа төрийн өмчит холдинг компани шиг болох том “мөрөөдөл” “Эрдэнэс Монгол”-ынхонд бий. Тус компанийн 3 дахь Гүйцэтгэх захирал Я.Долгоржавын үеэс эхлэн энэ талаар ярьж судалж, одоогийн  Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы үед тодорхой ахиц гарч байна. Өмнөх захирал О.Сайнбуянгийн үед анхны алхмуудыг хийсэн ч дээрээс төдийлөн дэмжлэг авч чадахгүй байсаар халаагаа өгсөн юм. Тухайн үед “Темасек”-тай хамтран ажиллаж, 2 жил орчмын өмнө “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-д “Темасек”-ийн ТУЗ-ийн 2 гишүүнийг хүртэл томилох талаар яригдаж байсан удаатай. Цалингүй, зөвхөн зардлыг нь даах замаар нэр хүнд бүхий гадаадын мэргэжилтнүүдийг авчирч, тэднээс суралцах гэсэн “Эрдэнэс Монгол”-ын оролдлого бүтэлгүйтсэн. Хууль, эрхзүйн орчноо өөрчлөхгүйгээр зүгээр нэг санал гаргаад бүтчихгүй нь тодорхой.

Өнгөрсөн 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит холдинг компанийн тухай хуулийн төсөл орсон ч “гологдов”. Төрийн өмчийн хороог татан буулгаж, төр өмчөө хэрхэхээ шийдэж чадахгүй бужигнаж байх шиг. “Гологдсон” төсөл удалгүй зүсээ хувиргаж, нэрээ өөрчлөөд “Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нэртэйгээр УИХ-д өргөн баригдав. Цэвэр “Эрдэнэс Монгол”-д зориулсан уг хуулийн төсөл удахгүй батлагдах биз. Ердөө гуравхан заалттай төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар, тус хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар тус тус зохицуулна” гэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компани ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болно гэж үзжээ. Товчхондоо бол “Эрдэнэс Монгол” компани Хүний хөгжил сангийн тухай хуулиар байгуулагдаж, уг хуулиар зохицуулагддаг. Эндээс Хүний хөгжил санд орлого төвлөрүүлэх үүргийг нь үлдээгээд бусдыг Компанийн тухай хуулиар зохицуулахаар болж байна. “Эрдэнэс Монгол” хүлээснээс тодорхой хэмжээгээр ангижирч, Монголын “Те­ма­сек” болох суурь нь бага ч болтугай хангагдана гэсэн үг.

Гэхдээ ганцхан “Эрдэнэс Монгол” компанид ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болгоод бусад төрийн өмчит компанийг үлдээж байгаа гэвэл үгүй. Төрийн өмчийн хороо татан буугдаж байгаатай холбогдуулан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд төрөөс төрийн өмчит компани байгуулах нөхцөл, журам тодорхой болох, төрийн өмчит холдинг компани байгуулж болох тухай, төрийн өмчийн компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр болон байгууллагууд, тэдгээрийн эрх хэмжээний талаар тодорхой тусгасан. Хуулийн төсөл үндсэн концепцио хадгалан батлагдаж чадвал төрийн өмчит компаниуд жинхэнэ утгаараа зах зээлийн зарчмаар ажиллах нөхцөл бүрдэх юм.

Засгийн газар төрийн өмчийг хэрхэх талаар хэлэлцэж байх зуур Ерөнхийлөгчийн санаачилсан Хүний хөгжил санг жинхэнэ утгаар нь баялгийн сан болгох хуулийн төсөл хөдөлгөөнд орох төлөвтэй байна. Аль 6 дугаар сард УИХ-д өргөн баригдаад байнгын хороогоор хэлэлцэхийг нь дэмжчихсэн “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж магадгүй байна. Өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган Эрүүгийн хууль, Сонгуулийн хууль, ипотекийн зээл гээд юун “мега” бүр “гега” сэдвүүдэд дарагдаад байсан хуулийн төсөл одоо яригдаж эхлэх нь.

Монгол улс баялгийн сантай болох гэж хоёр удаа оролдсон ч хүссэн үр дүндээ хүрч чадалгүй өдий хүрсэн. 2007 онд Монгол улсыг хөгжүүлэх сан, 2009 онд Хүний хөгжил санг байгуулж, ашигт малтмалын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор дээрх сангуудыг байгуулсан ч хуримтлал биш өр үүсгэдэг“баялгийн сан” болж хувирсан. Сангийн яамны мэдээллээр  Хүний хөгжил сан 1 их наяд орчим төгрөгийн өрөнд баригдсан гэнэ. Гэсэн ч тус сангаас хүүхдийн мөнгийг баян ядуу гэж ялгалгүй үргэлжлүүлэн тараах шийдвэрийг дарга нар гаргачихсан.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэлэлцэн батлахад зарим асуудал үүсч магадгүй бололтой. Юун түрүүнд баялгийн сан байгуулж, орлогоо хуримтлуулах цаг нь мөн үү гэдэг асуултад хариулах шаардлагатай. Чили, Перу, Норвегийн туршлагыг харвал түүхий эдийн үнэ хямд үед сангаа байгуулж, үнийн өсөлтийг ашигласан байдаг. Энэ утгаараа ашигт малтмалын үнэ унаж байгаа үед баялгийн сан байгуулж, ашигт малтмалын орлогоо хуримтлуулах шийдвэр гаргах нь зөв алхам.

Хоёрдугаарт, Перу улсын өр ДНБ-ний 30 гаруй хувьтай, Чили улсын өр ДНБ-ний 6%-тай байх үед орлогоо хуримтлуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын өр нь бага, буурч байх үед орлогоо хуримтлуулах шийдвэр гаргасан гэсэн үг. Харин манай улсын өр ДНБ-ний 80%-д хүрч, төсвийн алдагдал нь их наяд төгрөгөөр хэмжигдэж байхад орлого хуримтлуулна гэдэг тийм ч зөв бодлого биш аж. Өндөр хүүтэй зээлээр төсвийн алдагдлаа нөхөж, хөрөнгө оруулалт хийж буй хэрнээ олсон орлогынхоо багагүй хэсгийг ирээдүйд ашиглах мөрөөдлөөр хуримтлуулж, бага хүүтэйгээр гадаад зах зээлд байршуулна гэдэг зөв шийдвэр биш хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Эндрю Бауэр дүгнэж байна.

Сангийн яамны мэдээллээр Монгол улсын өр 2019 оноос буурч зохистой түвшинд хүрнэ. Тиймээс баялгийн санд 2021 оноос орлогоо хуримтлуулах боломжтой болно хэмээн үзэж байгаа аж. Ашигт малтмалын үнэ ч өсч, Перу улсын жишээг давтана хэмээн найдаж байгаа бололтой.

Дээр дурдсанчлан өрөнд баригдсан Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор болж байгаа нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дахин хойшлуулж болзошгүй юм. Хуулийн төсөл батлагдвал Хүний хөгжил сан татан буугдаж таарна. Ирээдүйн өв сан бол Хүний хөгжил сангийн сайжруулсан хувилбар гэж болно. Хүний хөгжил сангийн орлого АМНАТ-ийн 70%, стратегийн ордын ногдол ашиг, урьдчилгаа төлбөр байдаг бөгөөд Ирээдүйн өв сангийн хууль батлагдвал Хүний хөгжил сангийн  орлого, өр шинэ сан руу шилжинэ. Гэхдээ хүүхдийн мөнгө олгох нь Ирээдүйн өв санд огт хамаагүй болохоор сонгуулийн өмнө хаа нэгтэйгээс мөнгө нэмж олоод хүүхдийн мөнгийг өгөх шийдвэр гаргачихсан дарга нар хэрхэх бол гэдэг бараг тодорхой юм. Магадгүй хуулийн төсөл өргөн барьсан субъект нь төслөө эгүүлэн татвал гайхах зүйлгүй.

Ямар ч байсан төрийн өмчийн тогтолцоо, төрийн өмчит компанийн засаглал үйл ажиллагаанд томоохон реформ хийх хуулийн төслүүд тун удалгүй хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Үүнийг дагаад ашигт малтмалын орлогоо хуримтлуулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх асуудал сөхөгдөж байна. Олон жил ярьсан баялгийн сан бодитоор бий болох эсэх нь ойрмогхон тодорхой болох биз ээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 41 минутын өмнө
    Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж. “Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод  дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй. 
  • 17 цаг 38 минутын өмнө
    Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  
  • Уржигдар 14 цаг 52 минутад
    УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-д хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
  • Уржигдар 12 цаг 41 минутад
    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 
  • 2020-07-01 15:09
    УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.