Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Алтны экспорт өсч, бусад нь буурав

Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 466 сая доллар болж, 2014 оноос 2.5 тэрбум доллар буюу 23.1%-иар буурчээ. Экспорт 1.1 тэрбум доллараар буурч 4 тэрбум 669 сая доллар болсон бол импорт 1.4 тэрбум доллараар буурч 3.8 тэрбум доллар болсон байна.

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг 2014 онтой харьцуулж харвал,

-Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2014 оноос 7.2%-иар өсч 1 сая 477.8 мянган тонн болсон бол үнийн дүн нь 11.4%-иар-иар буурч 2 тэрбум 280 сая ам.доллар болжээ. Зэсийн баяжмал 2014 онд нийт экспортын 44.5%-ийг бүрдүүлж байсан бол 2015 онд 48.8%-ийг бүрдүүлж байна.

-Нүүрсний экспортын биет хэмжээ 14.5 сая тонн болсон нь өмнөх оноос 5 сая тонноор бага байна. Экспортын орлого 34.5%-иар буюу 293 сая доллараар буурч 555.9 сая доллар болжээ. 2014 онд нүүрс нийт экспортын 14.7%-ийг бүрдүүлж байсан бол 2015 онд 11.9%-ийг бүрдүүлжээ.

- Экспортын орлого болон биет хэмжээ нь өссөн ганцхан ашигт малтмал алт байгаа нь алт юм. Биет хэмжээ 1.3 тонноор нэмэгдэж 11.3 тонн болсон бол экспортын орлого 15.3 сая доллараар өсч 420.5 сая доллар болжээ. 2014 онд нийт экспортын 7%-ийг алт бүрдүүлж байсан бол 2015 онд 9%-ийг бүрдүүлж байна.

-Экспортын орлого нь хамгийн өндөр хувиар буурсан түүхий эд бол газрын тос, төмрийн хүдэр. Газрын тосны экспортын хэмжээ нь 18%-иар буюу 1.25 сая баррелиар нэмэгдэж 8.13 сая баррельд хүрсэн ч үнийн дүн нь 247 сая доллар буюу 39%-иар буурч 387 сая ам.доллар болжээ.

-Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 1.3 сая тонноор буурч 5 сая тонн болсон бол экспортын орлого 219.2 сая доллар буюу бараг 50%-иар буурч 227.2 сая доллар болжээ.

Дээр 5 төрлийн бүтээгдэхүүн экспортын орлого нийт 3 тэрбум 871 сая доллар болж, нийт экспортын 83%-ийг бүрдүүлж байна.


С.Болд