Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Citi: Төмрийн хүдрийн үнэ 36 ам.доллар байна

Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа. Тус банк өмнөх таамаглалаа ийнхүү бууруулж буй шалтгаан нь эрэлт сайнгүй байхад нийлүүлэлт хасагдахгүй харин ч өсч буйтай холбон тайлбарлажээ. Citi төмрийн хүдрийн үнэ 2017, 2018 онд ч мөн ялгаагүй 35 ам.доллар/тонн байна гэж төлөвлөжээ.

Төмрийн хүдрийн орлогоор дийлэнх ашгаа бүрдүүлдэг “Рио Тинто” компанийн тухайд Сэм Уолш захирлынх нь тушаал гарч, энэ онд нийт ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэхгүй байхаар тогтжээ. Энэ дунд өөрийнхөө цалинг ч багтаасан байна.

Хятадын Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ энэ сарын 4-ний даваа гаригт 43.1 ам.долларт хүрч өссөн ч өнгөрсөн лхагва гаригт эргээд 40 ам.доллараас доош орж, 39.3 доллар болсон юм. Төмрийн хүдрийн үнийн төлөвийг олонх шинжээч, байгууллага өснө гэж харахгүй байна.

Citi банк ирэх он гэхэд төмрийн хүдрийн зах зээлээс 100 сая тонны нийлүүлэлт танагдах хэрэгтэй гэж үзэж буй бөгөөд 2018 он гэхэд нэмж 200 сая тонных хасагдах ёстой гэж тооцжээ. Энэхүү таналт нь Австрали, Бразил, Канад, Иран, Орос, Чили болон бусад оронд ногдох төлөвтэйг Citi дурджээ.


Б.Төгс