Сонгуулийн шоунаас “айсан” мега төслүүд

2015-12-31 11:25


Ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлэв. Ирэх онд эдийн засаг сайжирнаа гэж байна. Чамгүй ажил амжуулснаа, ирэх жил амжуулахаа ч ярилаа. Олон нийт янз бүрээр хүлээж авлаа. Овоо доо бас, ажил хийх гэж оролдож л байна гээд дэмжих хэсэг байхад, чааваас даа гээд жилийн өмнө хэлсэн үг нь хэрхэн замхарсаныг сануулах хэсэг ч байна.

Ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар, УИХ л эерэгээр харж байна. Эдийн засгийн өсөлтийг 4.3% байна гэж тооцож, төсөв баталсан. Батлах нэг хэрэг. Гүйцэтгэл  хэзээ ч баталсан төсөвтөө хүрдэггүй нь бас үнэн. Ирэх оны төсөв Их хурлын даргын хэлсэнчлэн өмнөх жилүүдийн алдааг давтаагүй чамбай төсөв болсон уу гэвэл үгүй. Орлого талдаа хэтэрхий хөөстэй болсон хэрнээ зардлаа бууруулдаггүй уламжлалаа хадгалсан л төсөв.

Зөвхөн орлого талыг нь харахад биелэх боломжгүй зүйл олон. Тухайлбал Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэж, импорт өсч, импортын татварын орлого нэмэгдэнэ гэнэ. Мөн уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийн татварын орлого олно гэж тооцсон. Үүний 90%-ийг зэс, нүүрс, алтны салбар бүрдүүлнэ гэнэ. Бодитой тооцоолол эсэхэд эргэлзэхээс аргагүй. Жишээ нь, энэ жилийн эхний 10 сард 12 хүрэхгүй сая тонн нүүрс экспортолсон хэрнээ ирэх жил 19.5 сая тонн нүүрс экпортолно гэчихсэн. Зах зээлийн үнийн таамаг, Хятадын импортын бууралт зэргийг харвал 19.5 сая тонн нүүрс яагаад ч экспортолж чадахгүй. Тоо хэмжээ нь хүрэхгүй байвал татварын орлого ч төлөвлөсөндөө хүрэхгүй. Бас зэсийн үнийг хэт өндөр тавьдаг алдаагаа энэ удаад ч давтлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зэсийн тэнцвэржүүлсэн үнийг сүүлийн 12 жилийн дунджаар тооцдогийг 20 жил болгож байж бодит байдалд арай нийцсэн үнэ тавьжээ. Гэхдээ л 5268 доллар гэдэг өнөөдрийн үнээс даруй 700 доллараар өндөр. Ирэх жил зэсийн үнэ 3000 доллар руу ч унаж мэдэхээр прогнозыг шинжээчид гаргаад байна. Ингэхээр дахиад л зэсээс орох орлого төлөвлөсөндөө хүрэхгүй гэсэн үг.

Төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрэхгүй байх нь эдийн засагт олон сөрөг үр дагавартай. Хамгийн том нь төсвийн алдагдлын өсөлт. Ирэх онд Засгийн газар 1.6 их наяд төгрөгийн дотоод үнэт цаас гаргаж, төсвийн алдагдлаа нөхөж, өмнөх өрөө төлнө. Орлого төлөвлөсөндөө хүрэхгүй бол энэ тоо өсч таарна. Тэгснээ болоогүй, арилжааны банкуудаас их хэмжээний мөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж авах гэж байж банкны зээлийн хүүг 1-3%-иар бууруулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэжээ.   Уг нь Монголбанк төсвөө алдагдалгүй батлаад өгөөч, тэгвэл бид бодлогын хүүгээ бууруулж, банкны зээлийн хүүг бууруулах замаар эдийн засаг руу мөнгө оруулъя гэсэн юм.. Дээрх өгүүлбэрээс УИХ ганцхан томьёог нь өлгөн аваад “зөв зөв, зээлийн хүүгээ 1-3%-иар буулга” гэчихэв. Төсөв алдагдалгүй батлаад өгвөл... гэдгийг нь нүдээ аньж, чихээ даран өнгөрөөгөөд магадгүй популист хэсгийг нь хуульчлаад өгчихлөө. Одоо бодвол банкуудыг зээлийн хүүгээ буулгахгүй бол хууль зөрчсөн хэргээр ял тулгана гэж сүрдүүлэх байх л даа. Магадгүй л нөхөд.

Ирэх оны өнгө төрх том төслүүдээс шууд хамаарах нь тодорхой. Ерөнхий сайдын ярьсан шиг том төслүүд хөдлөөд, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөвөл эдийн засаг 4% байтугай өснө. Эсрэгээрээ өнөөдрийнх нь эрх баригч намын лидерүүдийн зөрчилдөөн даамжирч, том төслүүд нь таг зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Дэлхийн банкны “муу ёрлосон” гээд байгаа 0.8%-ийн өсөлтөд хүрвэл их юм болно. Тиймээс том төслүүд ямар байдалтай байгаа, хөдлөх магадлал хэр байгаа нь чухал юм.

Ерөнхий сайдын амнаас гарч байгаа ганц сайн мэдээ нь “Оюутолгой”. Сайн, муу аль нь ч бай “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг шийдэж чадсан. Далд уурхайн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх төлөвлөгөөтэй. Ирэх жил 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд зарцуулна. Энэ мөнгө гадаадын шууд хөрөнгө оруулалт, импортоос орох татварын орлого, валютын нөөц гээд олон тоог өөд нь татах болно. Хувь заяаны шоглоом  ч гэмээр нэг зүйл бол 2009 оны хямралаас гарч, эдийн засгийн өндөр өсөлт үзүүлэхэд “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ гол нөлөөг үзүүлсэн бол ирэх жил хямралаас гарах гол хөзөр нь бас л “Оюутолгой” болж байна. Бас сонгуулийн ээлжит шоу ч болж магад.

Харин Тавантолгой сонгууль өнгөртөл зогсох нь тодорхой болов шиг. Сүүлд гарсан хоёр ч мэдэгдлээс үүнийг анзаарч болно. Ерөнхий сайдын үгэнд дээрх санаа цухалзаж байгаа. “Гашуунсухайт, Шивээхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гарах ёстой. Нийтлэг үнэ, нэг цонхны бодлого, нэгдсэн зохион байгуулалтаа хангасны дараа хөрөнгө оруулалтын хэлэлцээгээ Засгийн газар үргэлжлүүлнэ” гэсэн хэсгийг тогтож уншаарай. Нэг цонхны бодлого гэж чухам юуг хэлснийг Ерөнхий сайдаас өөр мэдэж байгаа хүн алга. Бодвол Эрдэс баялгийн биржийн хуулийг хэлж байж магад. УИХ-д өргөн баригдаагүй байгаа уг хуулийн төсөл хэзээ батлагдаж, хэзээ нүүрсний компаниуд биржийн үнээр нүүрсээ экспортлох нь тодорхойгүй.

Тэгэхээр энэ үг арай өөр зорилготой байж таарна. Санаж байгаа бол Б.Батзаяа нарыг төмөр замаас мөнгө “хуссан” хэргээр баривчилсны маргааш УИХ-ын нэр бүхий гишүүд яаран сандран Тавантолгойн 51%-ийг төр эзэмших УИХ-ын тогтоолын төслийг гаргаж тавьсан. 100% эзэмшиж байгаа ордынхоо 51%-ийг эзэмшинэ гэдгийг ойлгож чадахгүй байгаа хүн олон бий. Тогтоолын төслийг УИХ-д хараахан өргөн бариагүй байгаа. Ерөнхий сайдын зүтгүүлсэн хувилбарыг унагасан УИХ-ын дарга өөрийн хувилбараа зүтгүүлж байна. Түүнийг ил эсэргүүцэж чадахгүй хойно ямар нэг шалтаг босгох хэрэгтэй.

Үүнтэй зэрэгцээд “Энержи Ресурс” компани цомхотгол хийх тухайгаа  мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд тэд “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгуулахын тулд чамгүй бэлдсэн. Алдагдалтай ч гэсэн олборлолт экспортоо зогсоолгүй, ажлын байраа хадгалж, бүр нэмэлт хувьцаа гарган бэлэн мөнгөтэй болсон. Нэгэнт “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал улс төрийн гацаанд орж байгаа болохоор  “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч болохыг хүсэхгүй нь лавтай. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, нүүрсний зах зээл сэргэтэл хоёр, гурван жил амиа бодохыг “Энержи Ресурс” сонгож байна гэж ойлгогдохоор байгаа юм.

Хоёр толгойгоос гадна стратегийн хоёр ордын хувь заяа бас л бүрхэг байна. “Сентерра Гоулд”-аас Ерөнхий сайдад ирүүлсэн захианд энэ ондоо багтааж УИХ Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоохгүй бол биржийн дүрмийн дагуу компанийн баланс дээрээс Гацууртын ордыг хасалт хийнэ гэдгээ учирлах, анхааруулахын дундуур хэлчихэж. “Рио Тинто” ч ийм зүйл хийж байсан болохоор нэг их сүртэй зүйл биш. Гацууртын асуудлыг яаравчлахыг хүсч байгаа нь ганц “Сентерра Гоулд” биш. Засгийн газар ч үүнийг хүсч байгаа. Гагцхүү улстөржилтөөс холуур хэрхэн зохицуулахаа шийдэж чадахгүй байгаа болов уу. Улс төрийн гол намууд Гацууртын ордыг хөдөлгөх дээр санал нэгдэж эхэлсэн гэх яриа бий. Тэгэхээр оны сүүлийн өдөр, эсвэл Цагаан сарын битүүний өдөр ч юм уу баяр наадмын амьсгал дор  олны анхаарлыг татахгүйхэн шиг  баталчихаж магад юм. Гацуурт хөдөлвөл 200 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаас эхлээд валютын нөөц жилд 5 тонн алт буюу 800 сая доллараар нэмэгдэнэ гээд ирэх оны эдийн засгийн төлөвийг өөд татахад чамгүй нэмэртэй төсөл.

Аз байвал улс төр, сонгуулийн шоунаас холуур өнгөрч, ирэх хавар бүтээн байгуулалт нь эхлэх хэд хэдэн төсөл бий. Цагаансуваргын ордыг ашиглах бүтээн байгуулалт ирэх хавраас эхэлж магадгүй. Саяхан Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ, Германы компанитай баяжмалаа нийлүүлэх гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Л.Цогийн “буянаар” 8 сар гацаж, ЕСБХБ-ны амласан байсан 250 гаруй сая долларын санхүүжилт замхарсан. Одоо дахин санхүүжилтийн эрэлд гарч, гадны банкуудыг “царайчилж” яваа. Ямар ч байсан Германы  Засгийн газрын дэмжлэг, өөрсдийн хүчин чармайлтаар 700 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаа босгоод ирэх жил барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Дахиад сонгуулийн шоу орчих вий гэсэн болгоомжлол бас байгааг дурдах нь зөв биз.

Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын ажил ирэх жил эхлэх хүлээлт бий. Бүх тооцоо судалгаа нь бэлэн гэгдээд байгаа Эгийн голын станцын санхүүжилтийг УИХ бараг шийдчих шиг боллоо. Хятадын Эксим банкнаас авах тэрбум долларын зээлийн 700 саяыг Эгийн голын УЦС-д зарцуулахаар яригдаж байна. Зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталсан ч зээл авсны дараа ямар төсөлд зарцуулахаа УИХ дахиад шийднэ. Тэр үед Эгийн голын УЦС “жийгдэж” ч магадгүй.

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн барилгын ажил ирэх хавар эхлэх боломжтой. Есдүгээр сард төсөл хэрэгжүүлэгч “Бодь”-ийнхон Хятадын “Пауэр чайна” компанитай хамтран хөрөнгө оруулах Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Төслийн судалгааны ажлыг аль 2011 оноос “Цэцэнс Майнинг” компани хийж дуусгаад байгаа. Хөрөнгө оруулалтын дүн нь 1 тэрбум ам.доллар. Судалгаа тооцоо, шаардлагатай гэрээ зөвшөөрлүүд бэлэн болсон ч санхүүжилт хараахан шийдэгдээгүй бас нэг том төсөл бол Тавантолгойн цахилгаан станц. “Оюутолгой” ХХК-тай эрчим хүч нийлүүлэх гэрээгээ хийчихсэн. Гэвч төслийг санхүүжүүлэх банкуудаас ганц нэг нь нэрээ татсан байгаа. Санхүүжилт хэзээ шийдэгдэх талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Ямартаа ч ирэх жилийн эдийн засгийн төлөв улстөрчид сонгуулийн шоу хэр хийхээс ихээхэн хамаарахаар байна. Багахан шиг шоудвал том төслүүд урагшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж хангалттай л байна.

The Mongolian Mining Journal сэтгүүл. 2015.11 сар /084/


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 39 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.