Маттью Каннингхам: Уул уурхайгаас гадна барилга, дэд бүтцийн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна

2015-12-31 11:11


“Глобал Вэйлдинг Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Маттью Каннингхамтай ярилцлаа.

Та компанийнхаа үйл ажиллагааны талаар эхлээд товчхон танилцуулна уу?

Манай компани 2010 оны тавдугаар сараас  Монголд үйл ажиллагаа  явуулж эхэлсэн. Гагнуурын тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгсэл, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны бүх төрлийн хувцас, багаж, өргөх татах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.

Австралийн “Global Welding Supplies” нь  танай толгой компани. Энэ компани  дэлхийн томоохон уурхайнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэж сонссон юм байна?
“Global Welding Supplies” компани нь Австралийн зүүн хойд хэсгийн  Квийнсланд мужид байрлаж, гол үйл ажиллагаагаа тэндээ  явуулдаг юм.   Квийнсланд мужид  зургаан салбар нь тархаж байрласан. Австралийн уурхайнуудаас гадна Индонези, Папуа Шинэ Гвинейн томоохон уурхайнуудад тоног төхөөрөмж,  сэлбэг хэрэгслүүдээ нийлүүлж байна.

2010 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ханган нийлүүлэгч компанийн хувьд уул уурхайн салбарт нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулж байна вэ?
Байгуулагдсан эхний жилдээ бид  бараа бүтээгдэхүүнээ Монголд авчрах, үйл ажиллагаагаа тогтмолжуулах гээд олон ажилд анхаарлаа хандуулсан. Мэдээж ашиг, орлоготой ажиллаж байлаа. Монголын эдийн засаг өндөр цэгтээ хүрсэн 2011-2012 онд манай компанийн борлуулалтын график өсөлттэй явж байгаад 2013 оноос буурч эхэлсэн.
Монголын улс төрийн байдлаас шалтгаалж эдийн засгийн өсөлт буурахын зэрэгцээ  гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан нь уул уурхайн зах зээлд муугаар нөлөөлсөн юм.

2014, 2015  оны хувьд байдал муу байна. Саяхан намайг  “Risk management forum” хуралд оролцох үед Монголын гадаадын хөрөнгө оруулалтын   хэмжээ 1 хувьтай байна гэж ярьж байсан. Энэ нь   Монголд гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг  харуулж байна. 2016 онд УИХ-ын сонгууль болно. Үүний дараа л байдал сайжрах байх гэж найдаж байна.

Танай компани эдийн засгийн    хүндрэлтэй үед  ямар менежментээр ажиллаж байна вэ?
Манай хамгийн том харилцагч бол “Оюутолгой” компани. Мөн “Трансвест Монголиа”, “Баян Айраг”, “Вагнер Ази” групп, “Монголын Уул уурхайн Үндэсний олборлогч” зэрэг томоохон харилцагч нараа нэрлэж болно. Нэр нь  дурдагдаагүй олон компани бидэнтэй хамтран ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. 

Манай төв оффис  дэргэдээ  дэлгүүртэй. Өөрөөр хэлбэл, харилцагч нар маань эндээс  бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг юм. Эдийн засаг харьцангуй гайгүй байхад “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Саус Гоби Сэндс” зэрэг компани манайхаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл захиалж авдаг байсан. Одоогоор ямар нэгэн  нийлүүлэлт байхгүй.

“Глобал Вэйлдинг Монголиа” компани хамгийн сүүлийн үеийн, чанартай техно­логи бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүү­лэгч гэдгээрээ бусдаас ялгардаг. Бараа бүтээгдэхүүний  хувьд үнэтэйд тооцогддог ч   Австралиас оруулж ирдэг  гэдэг утгаараа эрэлт хэрэгцээ ихтэй. Улаанбаатар хот дотроо худалдан авалт хийсэн тохиолдолд бид  харилцагчдадаа  үнэгүй хүргэж өгдөг.

Бид харилцагчидтайгаа  аль болох ойр дотно холбоо тогтоож ажиллахыг эрмэлзэж байна. Эхний үед тухайн байгууллага бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг бол сүүлдээ зээлээр борлуулах гэрээ байгуулан хамтран ажиллах өргөн боломжийг  олгож байгаа.  Манайхаас бараа бүтээгдэхүүн захиалж авчруулаад хүлээж авснаас нь хойш 14-30 хоногт бид тухайн байгууллагад нэхэмжлэхээ өгдөг юм. Өөрөөр хэлбэл, 30 хоногийн дотор төлбөрөө төлөх боломжтой гэсэн үг.

“Глобал Вэйлдинг Монголиа” компани төв оффис дээрээ дэлгүүртэйгээс гадна томоохон агуулахтай. Ийм агуулахтай ханган нийлүүлэгч компани Монголд цөөхөн?
Дэлгүүр буюу Үзүүлэнгийн өрөө бол агуулахаас  тусдаа. Манай компани Монголд анх үйл ажиллагаагаа явуулахад ижил төстэй компаниуд олон байсан. Гэхдээ тэд  өөрийн агуулахгүй, бараа бүтээгдэхүүнээ ингэж олноор нь захиалж авчраад, хадгалах боломжгүй байлаа.  Тиймээс “Глобал  Вэйлдинг Монголиа” компани шинийг санаачилж, агуулахдаа их хэмжээний бүтээгдэхүүнийг байршуулсан. 

Улаанбаатар дахь агуулахаас гадна Өмнөговь аймгийн Ханбогд суманд, “Оюутолгой” компанийн уурхайгаас 40 орчим километрийн зайд оршдог агуулах бий. Нийслэлээс тэр хол газар руу бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөх, цаг хугацаа алдахгүйгээр шууд уурхайд нийлүүлэх боломжийг манай агуулах олгож байгаа.    

Танай компани гагнуурын тоног төхөө­рөмж, дагалдах сэлбэг хэрэгсэл ний­лүүлэхээс гадна харилцагч нартаа мэргэж­лийн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг уу?
Ихэвчлэн тухайн бараа бүтээгдэхүүнээ мэддэг   гагнуурчид, мэргэжлийн хүмүүс ма­най­хаас худалдан авалт хийдэг болохоор бидний зүгээс сургалт явуулдаггүй.  Гагнуурын технологийн коллеж зэрэг  мэргэжил дадлага олгох сургалтад хамрагдаад, мэргэжлээрээ дөрвөөс таван жил ажилласан хүмүүс манай бүтээгдэхүүнийг ашигладаг.  Гэхдээ бид бүтээгдэхүүнийг зөв горимоор ашиглах зөвлөгөө, мэдээллийг харилцагч нартаа өгч байгаа.

 Ганц уул уурхайн салбар бус, дэд бүтцийн, барилгын салбарт та бүхэн бүтээгдэхүүнээ  нийлүүлдэг үү?
Тийм ээ. Зөвхөн уул уурхайгаар зогсохгүй барилга, машин засвар, автобус үйлчилгээний  компаниуд манайхаас бүтээгдэхүүнээ авдаг. Мөн Улаанбаатар  болон бусад аймгууд дахь Технологийн коллежиудтай хамтран ажиллаж байна.

Монголд олдоц муутай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийг бид Австралиас авчирдаг.  Австралиас пицца хийдэг тоног төхөөрөмжийг хүртэл бид нэг компанийн захиалгаар нийлүүлсэн байгаа. Салхин цахилгаан станцад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бас ханган нийлүүлж байна.  

Харилцагч нартаа зориулсан бүтээг­дэхүүний хямдрал үзүүлж байгаа гэж сонссон?
Харилцагчдыг  олон ширхэгээр  бараа бүтээгдэхүүн авах тохиолдолд бид  хөнгөлөлт үзүүлж байгаа.  Мэдээж хөнгөлөлтийн үнэ тухайн барааны үнийн дүнгээс хамаардаг. “Оюутолгой” компанитай бид гагнуурын тоног төхөөрөмж бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Тухайн гэрээн дээр бараа бүтээгдэхүүний үнийн жагсаалт, хямдралын хувь хэмжээг тусгасан. 

Мөн “Транвест Монголиа” компанид хөдөл­мөр, хамгааллын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхдээ хямдрал үзүүлж байгаа. Ийм боломжийг бусад компаниудад үзүүлж болно.  Бид зарим нэр төрлийн бараан­даа агуулах чөлөөлөх супер хямдралтай худалдааг эхлүүлээд байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Компанийн цаашдын зорилго юу вэ?
Дараа жилээс “Оюутолгой” компани гүний уурхайдаа илүү анхаарал хандуулж ажиллана. Бид  энэ чиглэлээр гүний уурхайд шаардлагатай тоног, төхөөрөмж бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх зорилготой байна.  “Оюутолгой” компани гүний уурхайгаа  ашиглалтад оруулбал Монгол улсын эдийн засагт төдийгүй бидний  ажилд ч томоохон дэмжлэг болох нь гарцаагүй.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00