Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шинэ дугаарт

The Mongolian Mining Journal уншигч Танаа улиран одож буй оны сүүлийн дугаараа зул сарын баяр, шинэ жилийн гэрэл гэгээт өдрүүдээр хүргэж байна. MMJ-ийг сонгож, долоон оны турш хамт байсан, цаашид ч олон оныг угтах Уншигч, Захиалагч, Харилцагч та бүхэндээ Зул сарын гэгээн мэндийг хүргэж, хөдөлмөрлөж бүтээх их үйлст тань тод, саруул зам мөрийг хүсье. Бэрхшээл сорилтыг туулж, хүч хөдөлмөрөөрөө бүтээж босгож буй хүн болгонд хүндэтгэл өргөе. Довтолгон ирэх он жил бүр өөдрөг байж, хөдөлмөрлөж бүтээх цаг үе юм.   

Арвантаван он уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хувьд алгуурхан уруудсаар ёроолдоо унасан жил болов. Улирч буй онтой хамт үнийн хамгийн доод мөчлөгийг үдэх итгэл найдвараар арванзургаан оныг дэлхийн уул уурхайн салбар тэг чигээрээ цэгнэсэн харцаар болгоомжлонгуй угтан харж байна. Эрдсийн зах зээлд өсөлт, уналтын аль нь ирэхийг хэн ч яг таг хэлж чадахгүй. Ерөнхий төлөв байдлаар амаргүй цаг үе үргэлжлэх хандлагатайг MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт 2016 оны эрдсийн түүхий эдийн зах зээлийн анализдаа онцолжээ. Гэвч урд хөрш болон АНУ, Европ, Азийн эдийн засаг харьцангуй сайн байх төлөв хэтдээ итгэл найдварын очийг хадгалж байна. Харин тэр болтол Монголын уурхайчид тэсч үлдэх бүхий л арга чарга, ур ухаанаа шавхах шаардлагатай амаргүй цаг хугацааг дахин туулах хэрэгтэй болжээ.  

Том төсөл тойрсон бодлогод орж буй өөрчлөлт, хандлага бүрийн талаар MMJ сэтгүүл цаг алдалгүй байр сууриа илэрхийлж ирсэн билээ. Монголчууд тэр аяараа талцан, нэмэх хасах хоёр туйлын хооронд савлуулан буй Оуютолгой төслийг “мөрөөдлөөс” газарт буулгаж, ажил хэрэг болгон өрнүүлэх хариуцлагатай цаг ирлээ. Монгол улс бизнесийн зарчмаар тогтвортой явж чадвал олон улсын хөрөнгө оруулагчид нээлттэй байгааг, мөнгө олдохоор байгааг, түүний хувь хэмжээ, жишгийг харуулж Оюутолгой төсөл санхүүжилт татаж чадав. Харин одоо энэ санхүүжилт Монгол улсыг бүхэлд нь хариуцлагатай болгох ёстой юм. Уг сэдвээр MMJ сэтгүүлийн байр суурийг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ уншигчдадаа хүргэж байна.

“Талын таван зам” буюу Орос-Хятад-Монгол гурван улсыг транзит шугамаар холбох таван төрлийн төслийн нэг бол 10-12 тэрбум ам.долларын өртөгтэй автозамын аварга том төсөл. Энэ чухал бүтээн байгуулалтын талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаин The Mongolian Mining Journal-д өгсөн ярилцлагадаа, “Чингис  Лэнд Девелопмент” группын хэрэгжүүлэх гэж буй “Чингисийн автозам” төслийн талаар Монгол улсын эрх бүхий байгууллагууд болох Гадаад хэргийн яам болон Зам тээврийн яамнаас Оросын талд албан ёсоор мэдээлээгүй. Тиймээс Оросын Засгийн газарт Монголын төлөвлөгөөний талаар бүрэн гүйцэд мэдээлэл байхгүй” гэснийг Уншигч та санаж буй бизээ. ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд, ноён И.К.Азизов сар гаруйн дараа MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргалтай ярилцахдаа төслийг хэрэгжүүлэх явцад Монголын компанитай холбоотой ноцтой хэд хэдэн асуудал үүссэн гээд эл асуудлаар Элчин сайдын яамны байр суурь ММJ-д 10 дугаар сард нийтлэгдсэнийг давтан сануулав.       

Энэхүү ярилцлагын дараа төслийн явцыг оролцогч талуудаас тодруулахаар Ерөнхий гүйцэтгэгч “Чингис лэнд девелопмент” группын захирал Ц.Гантулгад MMJ хүсэлт тавьсан ч тодорхой хариу авч чадсангүй. Харин аварга том төсөл дээр хоёр улсын Чингис лэнд девелопмент” групп, ЗСТИСИЗ  компани хооронд үүссэн маргаан цаашид олон улсын эдийн засгийн маргаан болж улам ужгирч болзошгүй нөхцөл байдлыг ЗСТИСИЗ  компанийн Ерөнхий захирал Н.Г.Робулец MMJ-д дэлгэрэнгүй ярьсан юм.

Уул уурхайн яам “Алт 2025” хөтөлбөрийг хоёр жил дуншин байж боловсруулж байгаа. Уг хөтөлбөрийн ерөнхий концепци, зарчим, тодорхой заалтууд, Монголын алтны салбарын ирээдүйн хандлагын төсөөллийг сэтгүүлч Г.Идэрхангай тоймлов. Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил алтны салбарын олборлолттой салшгүй холбоотой. Өмнөд хөршийн алт олборлолтын түүх бол гадныхныг үзэн яддаг дотогш чиглэсэн бодлоготой, техник технологийн хувьд хоцрогдсон орноос асар их алт үйлдвэрлэгч болсон Хятадын төрийн бодлогын түүх юм. Энэ түүхийг MMJ онцлохыг хүсэв.   

Парис нүүрсний ирээдүйг хэрхэн шийдсэн бол? Хоосон маргаж, хий цэцэрхэлгүй нөхцөл байдлыг тунгааж үзье. Парисын хуралд оролцсон улс орнууд голчлон эртний технологитой нүүрсний цахилгаан станцуудаа хааснаа сүр бадруулан мэдээлчихээд түүнээс хэд дахин олон шинэ станц барих төлөвлөгөөгөө дотроо хадгалж үлдэв. Энэ нь нүүрс моодноос гарах болоогүйн дохио юм гэж MMJ-ийн сэтгүүлч О.Хосцэцэг дүгнэжээ. Ялангуяа өмнөд хөрш хязгаар нутгууддаа, манай улсын хилд хамгийн ойр мужуудад нүүрс боловсруулж хий гаргах үйлдвэрүүд босгох ухаан сийлж буйгаас харахад зөвхөн коксжих бус эрчим хүчний нүүрсний зах зээл ч ойртон иржээ.

MMJ эдгээрийг, өөр бусад цогц мэдээлэл, тодруулгуудыг агуулсан шинэ дугаараа Уншигч таны алган дээр тавилаа. Тухлан уншина уу. Арванзургаан онд ертөнцийн уул уурхайн хөгжлийг эх орны эрдсийн салбартай холбох гүүр болон дахин уулзъя.



Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа