Далд уурхайг бүтээх боломжит түншүүд хуран чуулав

2015-12-14 13:38
Б.Төгс

Ердөө хагас жилийн өмнөхөн буюу өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр Дубай хотноо “Рио Тинто”, Монголын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурцгаасан билээ. Тэгвэл Улаанбаатар хотноо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум 11 дүгээр сарын 4-нд болсон нь дотоод гадаадгүй чих тавин удтал хүлээсэн “Оюутолгой” төслийн явц мухардмал байдлаас гарч эрчимжих нь гэсэн найдварын гэрэл асаалаа. 

Далд уурхайн боломжит хамтрагчдыг даллан дуудсан томоохон хэмжээний хурал нь зөвхөн төслийн ирээдүй төдийгүй Монголын эдийн засгийн ирээдүйн өөдрөг төлөвийг давхар илтгэсэн үйл явдал боллоо. Форумд нийтдээ шинээр 29 орны 600 орчим компани оролцсон бол урьд нь тус компанитай түншилж байсан мөн тооны компанийн төлөөлөл хүрэлцэн ирснийг “Оюутолгой” мэдээлсэн юм.

Эдгээр компанийн төлөөлөл Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтад дараах 16 ангилалд хамтран ажиллахаар хүрэлцэн иржээ.

Үүнд доорх бараа үйлчилгээ багтаж байна.  

1.   Их хэмжээгээр хэрэглэх материалууд
      /bulk materials/    
2.   Үйлдвэрлэлийн болон иргэний барилга     
      байгууламж    
3.   Өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж,
      хэрэгсэл    
4.   Цахилгааны болон харилцаа холбооны
      хэрэгсэл    
5.   Галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног
      төхөөрөмж    
6.   Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах
      үйлчилгээ    
7.   Тээвэр зууч, ложистик    
8.   Түлшний систем    
9.   Далд уурхайн тулгуур бэхэлгээний материал
10. Хоолой, шахуурга
11. Боловсруулалт болон материалын дэд бүтэц
12. Мэргэжлийн үйлчилгээ
13. Далд уурхайн хоргодох байр
14. Уурхайн үйлчилгээ
15. Метал хийц, төмөр
16. Агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах
      үйлчилгээ

Ханган нийлүүлэлтийн форумын нээлтэд “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэй, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Төмрийн хүдэр болон Зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис, “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон, Төслийн хангамжийн менежер Эндрю Арнет нар илтгэл тавилаа.

“Оюутолгой”-н Хангамжийн мене­жер Эндрю Арнет “Бид өнгөрсөн хэсэг хугацаанд худалдаанаас бага зэрэг холдоод байсан. Харин одоо ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэх болно” хэмээн мэдэгдсэн бол “Оюутолгой” компанийн далд уурхай хариуцсан захирал Крис Айчисон хэдийгээр далд уурхайн бүтээн байгуулалт ил уурхайнхаас хавьгүй өөр, нарийн түвэгтэй ажил ч гэлээ Монголын хувьд үүнд шаардлагатай зарим чадавх аль хэдийнэ бүрдсэнийг дуулгасан юм. Далд уурхай мэдээж монголчуудын хувьд цоо шинэ туршлага шаардсан ажил учир эндээс цаашид суралцаж, чадавхижих боломж бидний өмнө нээгдэж байна хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолсон.

“Оюутолгой” Монгол компани болохыг тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэй илтгэлийнхээ эхэнд тодотгосон юм. Түүний илтгэлд дурдсанаар бол энэ оны эхний 3 улирлын байдлаар ханган нийлүүлэлтийн чиглэлээр “Оюутолгой” төсөл 885 компанитай хамтран ажилласны 576 нь дотоодынх байж, нийт худалдан авалтын 52%-ийг эдгээр дотоодын компанид зарцуулжээ. Дотоодын хамтрагч компаниудад нийтдээ 35 мянган хүн ажиллаж буй бол “Оюутолгой” төсөлд одоогийн байдлаар 6000 хүн ажиллаж буйн 95% нь Монгол ажилчид, тэр дундаа 21,6% нь Өмнөговь аймгийнх юм байна. Харин далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн нийт 3000 шинэ ажлын байр бий болох төдийгүй дийлэнх нь монгол ажилчид байх төлөвийг “Оюутолгой” компани итгэл  дүүрэн  мэдэгдэж буй юм.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ханбогд сумын Бизнесийн зөвлөлийн дарга Б.Эрдэнэ-Очирын тайлбарлаж буйгаар Ханбогд суманд нийт 50 гаруй аж ахуйн нэгж уг төсөлтэй идэвхтэй хамтран үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид орон нутгийн ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг илүү өргөн хүрээнд бэхжүүлэн ажиллахыг зорьж буйгаа форумын үеэр дуулгалаа. Өмнөговь аймгийн хэмжээнд оны эхний гурван улирлын байдлаар “Оюутолгой”-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт 44.3 сая ам.долларт хүрчээ.

Тус форумын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы тайлбарласнаар далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 6 тэрбум орчим ам.долларын 4 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг энэ оны сүүлээр бүрэн шийдвэрлэхээр олон улсын банк санхүүгийн 20 орчим байгууллагатай яриа хэлэлцээр өрнүүлж буй гэж байсан нь одоо 12 дугаар сарын сүүлээр шийдэгдэхээр тов гараад буй билээ.

Санхүүжилт шийдэгдэгдэх мөчийг угтан ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэхээр форум зохион байгуулсан нь “Оюутолгой” компанийн хувьд тун ч ухаалаг, дорвитой алхам болсныг гадна, дотны компанийн төлөөлөл ярьж байсан юм. Үүний нэг төлөөлөл болох Испанийн инженеринг, нийлүүлэлт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 155 жилийн түүхтэй “Duro Felguera” компанийн Худалдаа хариуцсан захирал Саул Паунеротай ярилцсан юм.



“Манай компани эрчим хүчний генератор, газрын тос, байгалийн хий, уул уурхай, эрдсийн тээвэрлэлт зэрэг олон төрлийн төсөл дээр ажилладаг туршлагатай. Манай салбарууд Африк, Өмнөд Америк, Европын олон улс орон болон Канад, АНУ-д бий. Миний хувьд компанийнхаа уул уурхай, материал тээвэрлэлттэй холбоотой хэсгийг хариуцаж ажилладаг.

Өнгөрсөн жилээс Монголын талаар судалж эхэлсэн. 2014 оны Mines and Money Hong Kong хуралд оролцож, тус хуралд танай улсын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы илтгэл тавихыг сонссон. Гэхдээ тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчид ч тэр, миний хувьд ч тэр танай улсын тухайд тийм ч өндөр итгэлтэй биш байсан. Харин одоо “Рио Тинто”, Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх талд нэгдсэн ойлголцолд хүрсний дараа болж буй энэхүү  хуралд оролцсоны хувьд, бодол маань эерэг тал руу хувирч өөрчлөгдлөө.

Бидний хувьд “Рио Тинто” компанийн хамтын ажиллагаандаа тавьж буй нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй урт хугацааны түншлэл, дэлхийд өрсөлдөхүйц дотоодын ур чадвар гэсэн дөрвөн зарчим нь манай компанийн ч үйл ажиллагааны зарчимтай нийцэж байна. Бид энэ хуралд оролцон хамтран ажиллах боломжтой Монгол компаниудтай үр дүнтэй яриа хэлэлцээр өрнүүллээ. Монголын компанитай хамтран ажилласнаар бидний хуримтлуулсан туршлага Монголд нутагших тул дотоодын ур чадварыг бэхжүүлэх юм. Бид далд уурхайн тухайд арвин туршлагатай компани гэдгийг хэлэхэд таатай байна. Манай компанийн төв байрладаг Испанийн Астур мужийн хувьд уул уурхайн чухал бүс нутаг бөгөөд далд уурхай элбэгтэй хэсэг юм. Иймд бид далд уурхайн арвин туршлага дээрээ тулгуурлан “Оюутолгой” төсөлд өөрсдийн чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллахыг зорьж байна.”

Тус форумд оролцсон компанийн төлөөллийн дийлэнх нь Монгол, Хятад, Канад, Австрали, АНУ-ынх байсны зэрэгцээ Австрали, Канад, Чех, БНСУ, АНУ, Британийн Элчин сайдын яамд, Монголын бизнесийн зөвлөл, Олон улсын санхүүгийн корпораци, Монголын хөрөнгө оруулалтын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг тал талын байгууллага тусгай талбай, танилцуулгатайгаар оролцсон юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нийтдээ 5-7 жилийн хугацаанд өрнөх бөгөөд далд уурхайн нүсэр бүтээн байгуулалтын хүрээнд газар дор 200 км урт хөндлөн хонгил байгуулахаас одоогоор 16 км хэсгийг байгуулж амжжээ.

Түүнчлэн 10 км урт туузан дамжуурга, нийтдээ 6 км урт 5 босоо ам болон тэдгээрт шаардагдах дагалдах бүтээн байгуулалт өрнөх юм. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох үед уг ордоос уурхайн баяжмал бүтээгдэхүүний гарцын хэмжээ одоогийн 700 мянган тонн байгаагаас 1.8 сая тонн баяжмал болж нэмэгдэж, улмаар жил бүр 1 тэрбум ам.долларын орлого Монголд шууд орох тооцоо байгаа. Ил уурхай болон далд уурхайн одоогийн батлагдсан нөөцөөр 2050 он хүртэл баяжмал үйлдвэрлэн ажиллах боломжтойг “Оюутолгой” компанийн захирал Эндрю Вүдлэй мэдэгдлээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хангамж үйлчилгээнд тэгш өрсөлдөөний зарчим үйлчлэх ч эн тэнцүү өрсөлдсөн тохиолдолд Монгол компаниудыг түлхүү оруулах чиглэлийг “Оюутолгой” барихаа амлалаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 13 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 16 цаг 1 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.