Хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан зүйлийг орон нутгийн гэрээнд давхар оруулах шаардлагагүй

2015-11-26 10:38
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь:

Hogan Lovells олон улсын хуулийн фирмийн боловсруулсан Уул уурхайн компаниудын орон нутагтай хамтран ажиллах Загвар гэрээтэй танилцсан байх. Ерөнхий агуулга, хамрах асуудлын цар хүрээний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
Загвар гэрээний төсөлтэй танилцлаа. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт учирдаг олон талын асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нь илт харагдаж байна. Тухайлбал, орон нутгийн эдийн засгийн асуудал, нутгийн иргэдийн тухайн төсөлд оролцох боломж, байгаль орчны асуудал, соёлын өвийг хамгаалах зэрэг олон зүйлээр уул уурхайн компанийн хүлээх үүргийг тодорхойлсон байна лээ. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байна. Хууль тогтоомжоор компани нэгэнт хүлээсэн үүргүүдийг орон нутагтай байгуулах гэрээнд давхар үүрэг болгож оруулж өгөх нь учир дутагдалтай санагдсан. Орон нутагтай гэрээ байгуулахаас үл хамааран заавал мөрдөх ёстой хууль, дүрмүүд байгаа шүү дээ. Тухайлбал байгаль орчныг хамгаалах асуудал байна. 

Уул уурхайн компани болон орон нутгийн хоорондын харилцаанд үүсдэг, хамтын ажиллагаанд анхаарах ёстой асуудлууд Загвар гэрээнд бүрэн тусч чадсан уу? Зохицуулалтгүй үлдсэн асуудал байна уу?
Гол асуудлууд туссан гэж үзэж байгаа. Харин ч зарим асуудлыг, тухайлбал хууль тогтоомжоор, эсвэл Засгийн газартай байгуулсан бусад гэрээний хүрээнд зохицуулагддаг асуудлыг гэрээний төслөөс хасах нь зөв байх. Түүнчлэн гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч буй зардал нь тухайн компанийн татвар ногдох орлогоос хасагдахгүй байх зохицуулалтыг хууль тогтоомжид нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй санагдсан.

Гадны хуулийн фирмийн боловсруулсан Загвар гэрээ Монголын хөрсөн дээр хэр буух бол? Орон нутаг болон аж ахуйн нэгжүүд энэ загвараар гэрээ байгуулахад хүндрэлтэй юу? Нөгөө талаар ийм нүсэр гэрээ байгуулах, хэлэлцээр хийх чадавх орон нутагт, тэр тусмаа сумдад хэр байгаа бол?
Монголд 1800 гаруй компани лиценз эзэмшдэг гэсэн тоо байдаг. Тэдгээрийн үйл ажиллагаа мэдээж өөр өөр түвшинд байгаа. Тиймээс гэрээг хялбаршуулах, тохиролцох асуудлыг багасгах нь зөв байх. Ялангуяа хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан зүйлийг орон нутгийн гэрээнд давхар оруулж өгөх шаардлагагүйг дээр хэлсэн.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулахдаа компанийн зүгээс заавал хийх ёстой асуудлууд, тухайлбал нөлөөнд автсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох зэрэг асуудлыг заавал орон нутгийн гэрээгээр шийдвэрлэх шаардлагагүй юм.
Харин гэрээ байгуулахад орон нутгийн зүгээс бэлтгэлтэй байх, хэлэлцээ хийх чадавхиа дээшлүүлэх, иргэдийн оролцоотой хяналт тавих зэрэг асуудалд нэгдсэн журмаар анхаарч, тодорхой ажлуудыг хийх ёстой.

Гэрээг сумтай байгуулах уу, аймагтай байгуулах уу гэдэг бүрхэг байгаа. Таны бодлоор алинтай нь байгуулах нь илүү үр дүнтэй байх бол?
Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээнд нээлттэй үлдээх нь зөв байх. “Оюутолгой” мэтийн томоохон компанийн хувьд сум, аймагтай гэрээ байгуулж болохыг энэ онд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээнээс харж болохоор байна. Харин жижиг, дунд компанийн хувьд сумын удирдлагатай гэрээ байгуулах нь илүү зохимжтой. Учир нь тухайн суманд уул уурхайн үйл ажиллагааны нөлөө илүүтэйгээр тусна шүү дээ.

Мөн нэг анхаарах зүйл нь аймаг ч тэр, сум ч тэр төрийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргээ уул уурхайн компаниудад хэт даатгаж, орон нутгийн гэрээнээс хэт хамааралтай болох нь алсдаа оновчгүй бодлого байх болно.

Зарим хуулийн хязгаарлалтын улмаас орон нутгийн Хөгжлийн санд шууд хөрөнгө оруулалт хийх механизм үгүй болж байна. Тэгвэл компани орон нутгийн санд мөнгөн хэлбэрээр шууд хөрөнгө оруулахгүйгээр орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааг ямар арга замаар хэрэгжүүлэх вэ? Ямар гарцууд байж болох вэ?
Ер нь компани орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй гэж ойлгож байгаа. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр хандив өгч болохоор байгаа. Нөгөө талаас, төрийн байгууллагад, тэр тусмаа төрийн захиргааны байгууллагад хандив тусламж өгөх нь зохимжгүй зүйл. Харин орон нутагт ажиллаж буй төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлээд явахад болохгүй зүйл байхгүй. Гагцхүү ийм дэмжлэг үзүүлэхдээ ил тод байдлыг дээд зэргээр хангах ёстой.

Гэрээний хэрэгжилтийг хянах бололцоо иргэдэд байх ёстой. Тэр боломжийг Загвар гэрээнээс олж харав уу?  
Гэрээний төсөлд ил тод байдлыг хангах заалт орж өгсөн нь сайшаалтай. Цаашид их олон гэрээ байгуулагдах магадлалтай тул гэрээний ил тод байдлыг хангаж, нэгдсэн сан үүсгэж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг иргэдийн оролцоотойгоор өрнүүлэх нь аль аль талдаа их чухал. Гэрээгээ дүгнэж, иргэдтэй хийх нээлттэй уулзалтуудыг компани, төрийн байгууллага хамтран хийж байх шаардлагатай. Иймэрхүү уулзалт ярилцлага хийдэг туршлага сүүлийн жилүүдэд олон газар бий болж байна шүү дээ.

Гэрээг хянах, биелэлтийг үнэлэх, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог компанийн 2, Засаг даргын тамгын газрын 2, Засаг даргаас томилсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 2 гишүүн бүрдүүлнэ гэжээ. Эндээс 6 гишүүний 4-ийг Засаг дарга томилохоор харагдаж байна. Энэ нь зөв төлөөлөл мөн үү? Ялангуяа орон нутгийн иргэдийг төлөөлөхүйц тал байж чадах уу? Иргэний нийгмийн төлөөллийг  Засаг дарга томилох байдлаар төсөлд тусгасныг Та юу гэж үзэж байна вэ?

Ер нь Засаг дарга иргэдийг төлөөлж чадах эсэх нь амьдрал дээр эргэлзээтэй асуудал. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажилд илүүтэйгээр оролцуулах хэрэгтэй юм. Мөн иргэний нийгмийн оролцоог хангах нь чухал. Ингэхдээ хэнийг тус хороонд оруулах нь иргэний нийгмийнхний өөрсдөө шийдэх асуудал байх ёстой. Өөрсдөө хуралдаад нээлттэй сонголт хийгээд явах нь илүү зохимжтой. Түүнчлэн иргэний нийгэм нэрийн дор бүх төрийн бус байгууллагыг оруулах эсэхийг ч шийдэх ёстой.

Ер нь орон нутагтай харилцах харилцааг гэрээгээр стандарт тогтоож загварчлах нь зөв үү? Гэрээний эрх чөлөө байх ёстой юу?
Стандарт гэдэг нь хамгийн наад захын тавигдах шаардлагыг тусгасан баримт байх ёстой байх. Нөгөө талаас хууль тогтоомж, Засгийн газартай байгуулсан гэрээний зохицуулалтыг орон нутагт нэмж зохицуулах шаардлагагүй юм. Орон нутгийн хувьд гэрээ байгуулах чадвараа сайжруулах ёстой. Орон нутаг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас компаниуд байгаль орчин, нийгмийн хариуцлага, хөдөлмөр эрхлэлт зэрэгтэй холбоотой үүрэг хариуцлагаас зайлсхийх нөхцөл үүсгэж болохгүй. Цаашилбал, нутгийн иргэд тухайн төсөлд ямар нэг байдлаар саад хийх, шүүмжлэх зэргийг хориглосон заалтуудыг өнөөдөр байгуулагдсан зарим гэрээнд тусгасан байдаг. Энэ бол байж болохгүй зүйл юм.  

Сэтгэгдэл байхгүй байна

  • засаглалтайгаа тонил найз аа
    2016 оны 08 сарын 12 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 12 цаг 46 минутад
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
  • 2020-03-20 16:30
    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.