Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эмгэнэл илэрхийлсээр байна

ЭМГЭНЭЛ

Лунтангийн БОЛОРМАА

Монголын сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-нд зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгсөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд мэргэжил дээшлүүлж улмаар Washington Post, Grand Forks Herald зэрэг сонины редакцид туршлага судалсан юм.

Тэрээр 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Л.Болормаа 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгч, 2008 оноос эдийн засаг, уул уурхайн The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байлаа.

“Өнөөдөр” сониныг удирдаж байхдаа Монголын сэтгүүл зүйд үндэсний өдөр тутмын сонины сонгодог хэв загварыг анхлан нутагшуулах, орчин цагийн сэтгүүл зүйн бичлэгийн өнгө төрх, ур чадварыг төлөвшүүлэхэд билиг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ.

Тэрээр амьдралынхаа сүүлийн найман жил ардчилсан, чөлөөт, хараат бус, бие даасан сэтгүүлзүйн мэргэшсэн редакцийг бий болгож төлөвшүүлсэн нь Монгол улсын хөгжлийн хамгийн гол салбар болсон уул уурхай, баялагийн сэдвээр англи, монгол хэлээр бүтээлээ түгээж буй “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олон юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг үүсгэж төлөвшүүлэх Media council Mongolia клубийн үйл ажиллагаанд оролцон санал, зөвлөмжөө өгч үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Монголын шинэ сэтгүүл зүйд тохиолдож байсан сорилт, туршлага, хэвлэлийн шинэ менежментээс эхлээд эдийн засаг, боловсрол, уул уурхай, нийгмийн хамгаалал гэх мэт хөгжлийн өргөн сэдвээр сурвалжилсан түүний далайцтай бүтээлүүд нь асуудал бэрхшээлийг хэрхэн шийдэж урагшлах гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад нээж байлаа.

Баримт, үйл явдалд дүн шинжилгээ хийснээр баялаг бүтээгчдэд хэрэгцээтэй байгаа хөгжлийн төлөө ашигтай зөвөлгөө, мэдээллийг боловсруулж нийлүүлдэг орчин цагийн сэтгүүлзүйн шинэ чиглэлийг тэрээр түрүүлж хэрэгжүүлж байв.

Л.Болормаа нь Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар болох эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ыг ажиллуулдаг байлаа.

Түүний баримтыг эрэлхийлж нягтлан шинжилсэн, баталж нотолсон нийтлэл, сурвалжлага, ном бүтээл нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хойч үе болсон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурайл болохуйц сонгодог гарын авлага болж үлдэх болно.

Л.Болормаагийн Монголын сэтгүүлзүйн хөгжил дэвшлийн төлөөх гэгээн үйлсийг мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, хамтран зүтгэгч анд нөхөд бид үргэлжлүүлэн залгамжлах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Media council Mongolia клуб, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл ТББ, Mонголын Үндэсний Пресс Клуб, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монгол ТВ, www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn,

Улаанбаатар хот. 2015.11.22




ЭМГЭНЭЛ


Монголын мэргэжлийн сэтгүүлзүйн салбарын ноён оргил “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болормаа нь эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг шилдэг сэтгүүлч, нийтлэлч төдийгүйхараат бус сэтгүүлзүйн гол төлөөлөл байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд бие даасан сэтгүүлзүйн мэргэшсэн редакцийг бий болгож төлөвшүүлсэн нь уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр англи, монгол хэлээр хэвлэгддэг “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүл бөгөөд уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан.

Тэрээр “Уул уурхайн сэтгүүлзүй” хэмээх цоо шинэ салбарыг Монгол Улсад үүсгэн байгуулагч байлаа. Түүний эхлүүлсэн ажил үйлс унтарч бөхөх учиргүй.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын хамтран зүтгэгчид, найз нөхөд, түүний уншигчдад нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

“Эрдэнэс Монгол” ХХК

2015.11.23 








ЭМГЭНЭЛ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгссөнд уул уурхайн салбарын хөгжлийн төлөө зорилго нэгтэй зорьж явсан анд нөхөд, салбарын төлөөлөл бид гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Л.Болормаа бидний хувьд зөвхөн сэтгүүлч, нийтлэлч төдий байсангүй. Тэрээр бодит байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, цаг үе, хэтийн төлвийг өгүүлсэн сурвалжлага, нийтлэлүүд, асуудал дэвшүүлж, баримтад тулгуурласан хурц, тод бүтээлүүдээрээ уул уурхайн салбарыг сэрээн сэнхрүүлэгч, хөгжилд чиглүүлэгч, үнэн бодит мэдээллээр хангагч баттай эх сурвалж байлаа. Түүний үүсгэн байгуулж, эрхлэн гаргаж ирсэн The Mongolian Mining Journal сэтгүүл дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн мэргэжилтнүүдийн гарын авлага, чиг баримжаа, үнэ цэнэтэй эх сурвалж болж, Монголын уул уурхай, эдийн засаг,  нийгмийн бодит байдал, өсөлт хөгжлийг дэлхийд сурталчлан таниулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн. Дан ганц сэтгүүлчийн хувьд бус уул уурхай, эдийн засгийг танин мэдэгч, судлан шинжлэгч, нийгмийн зүтгэлтний хувиар санаачилж, зохион байгуулж, уриалан дуудаж байсан бүхий л ажил үйлсээрээ тэр энэ салбарт өөрийн гэх уудам орон зайг үлдээсэн билээ. Ёс зүйг өндөр түвшинд баримталж, тэнцвэртэй, хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн тод төлөөлөл болон гялалзсанаараа тэр зөвхөн уул уурхайн салбар төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжилд өгүүлж баршгүй их хувь нэмрийг оруулсан юм. 

Уул уурхайн салбарт тэрээр шударга үнэний толь, цагийг заагч луужин, хөгжилд хөтлөгч түүчээ, мэдээллийн маргашгүй эх сурвалж байсан бөгөөд эрүүл, саруул нийгмийг цогцлоож, эдийн засгийн бодитой хөгжилд далласан их үйлсийнх нь гэгээн зам тасрахгүй гэдэгт гүнээ итгэнэ. Салбарт хүчин зүтгэж буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ойр дотныхон, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Цуцашгүй их хөдөлмөр, мятаршгүй тууштай тэмцлээрээ энэ цаг үеийн баатар, үнэний гэрэлт цамхаг байсан Та минь эх орныхоо хөрс шороонд амгалан нойрсч, энх мөнхийнхөө оронд тухлан саат даа. Ум сайн амгалан болтугай.

 

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mонгол Нүүрс Ассоциаци

Mонголын Геологийн Холбоо

Mонголын Маркшейдерийн Холбоо

Mонголын Өрөмдлөгийн Холбоо

Монголын Уул Уурхайн Клуб

Энержи Ресурс ХХК

Монголын Алт (МАК) ХХК

МЕРА ХХК

Элгэн ХХК

Гложекс ХХК

MINING.MN



 



ЭМГЭНЭЛ



Сэтгүүлч, нийтлэлч, бидний анд найз, хамтран зүтгэгч Лунтангийн Болормаа нь 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л. Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгсч, 1998 онд  “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлж байв. Тэрээр тус сонинд орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг 2001-2008 оноос хашихдаа өдөр тутмын сонины хөгжлийг шинэ шатанд авчран, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүлзүйд нутагшуулахад өөрийн билэг оюунаа дайчлан ажилласан энэ салбарын тэргүүний сэтгүүлч байлаа.

Л. Болормаа нь  нийгэм, улстөр, бизнес, уул уурхайн сэвдээр дагнан бичиж ирсэн бөгөөд 2008 онд эдийн засаг, уул уурхайн чиглэлээр хэвлэгддэг “Mongolian Mining Journal” сэгтүүлийг үүсгэн байгуулж, уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад дуу хоолойгоо хүргэн ажиллаж ирсэн билээ.

Тэрбээр “Mongolian Mining Journal” сэтгүүлээрээ дамжуулан уул уурхайн салбар, тэр дундаа алт олборлогчдын өмнө тулгамдаж буй хууль эрх зүйн орчныг  боловсронгуй болгох, нийгэм төр засагт зөв ойлголт, бодлогод эерэгээр нөлөөлөх чиглэлээр идэвхи зүтгэл гарган ажиллаж, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг шийдвэр гаргагчдад болон олон нийтэд хүргэж, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Түүний хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу, ухаалаг, хамтач, нийтлэг эрх ашгийг хамгаалагч,  зарчимч зан чанар нь бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.


Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо






ЭМГЭНЭЛ



The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа зуурдаар таалал төгссөнд гүнээ харамсаж байна. Тэрээр ардчилсан, чөлөөт, хараат бус, бие даасан сэтгүүл зүйн мэргэшсэн редакцийг бий болгож төлөвшүүлсэн нь Монгол улсын хөгжлийн хамгийн гол салбар болсон уул уурхай, баялагийн сэдвээр англи, монгол хэлээр бүтээгдэн олонд хүрч, түгээгдэж байсан нь Mongolian Mining Journal байлаа.

Л.Болормаа нь баримт,  үйл явдалд дүн шинжилгээ хийснээр баялаг бүтээгчдэд хэрэгцээтэй байгаа хөгжлийн төлөө ашигтай зөвлөгөө, мэдээллийг боловсруулж нийлүүлдэг орчин цагийн сэтгүүл зүйн шинэ чиглэлийг хэрэгжүүлэгч бусдад үлгэр дуурайлал үзүүлэгч, манлайлагч байсан.

Түүний баримтыг эрэлхийлж нягтлан шинжилсэн, баталж нотолсон нийтлэл, сурвалжлага, ном бүтээл нь Монголын төдийгүй гадны улс орнуудын хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нарт өнөөгийн Монголын нөхцөл байдлыг үнэн зөвөөр хүргэдэг шударга дуу хоолой байсан нь бидэнд үлгэрлэн үлдэх болно.

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, нэрт нийтлэлч Л.Болормаагийн гэр бүл, төрөл төрөгсөд, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 



Элгэн ХХК