Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Монгол улс говийн гүний усаа хянах эхлэл тавигдлаа

Монгол орны говийн бүс нутгийн гүний усны нөөцийг хянах зорилго бүхий  “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.

БОНХАЖЯ-ны захиалгаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (УУДБХОДТ ) /MINIS/ төсөл, Дэлхийн банкны 21 сая доллар, Австралийн засгийн газрын 4 сая долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийгдсэн говийн бүс нутгийн газрын гүний усыг хянах орчин үеийн тоног төхөөрөмжийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 99 цооногт суурилуулжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр говийн бүс нутгийн газрын доорх усны менежмент, мэдээллийн бааз суурьтай болж усны нөөц, хөрсний өөрчлөлт, усны шилжилт, усны төвшингөө хянахын зэрэгцээ говийн бүсэд хамгийн ихээр эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай эрчим хүч дагасан усны асуудлыг бүрэн хянах боломжтой болох юм. Газрын гүний усыг хянах төхөөрөмжүүдийг 25 метрээс эхлүүлэн байгалийн тогтоц газар зүйн байрлалаас шалтгаалан 70 метр хүртэл гүнд байршуулсан бөгөөд эдгээр аппарат  нь 7-14 хоног, сарын хугацаатайгаар мэдээллээ төв сервертээ шууд дамжуулан хүргэх боломжтой.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
: Говийн бүс нутагт гарсан маш том хэмжээний газрын гүний усны мониторинг хийх, усны мониторингоор дамжуулан Монгол Улс гүний усныхаа нэгдсэн бодлогыг явуулах, ийм бололцоог олж авах боломжтой болж байна. Энэхүү мэдээллийн санг харахад 20 цооног дээр бүрэн автоматчилагдсан, 99 цооног дээр хагас автоматчилагдсан байдлаар ажиллаж байгааг программаас харлаа. Цаашид усны найрлага, гүнийн усны төвшингийн талаар бүрэн мэдээлэл өгч байх зорилттойгоор энэхүү төсөл хэрэгжиж байна. БОНХАЖЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү төслийн нийт үнийн дүн 25 сая ам.доллар юм. Ойрын хоёр жилд 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр ажиллаж байна. Цаашид нийт Монгол орныхоо газар доорх усны нөөцийн хэмжээг мэддэг болно. Одоо хаана уул уурхай ажиллаж байна, хаана ус ашиглаж байгааг зураглалд гаргаж, нэгдсэн том зураг гаргах том зорилт тавин ажлаа эхлээд байна.

БОНХАЖЯ говийн бүс нутгаа бүхэлд нь хамарсан газрын доорх усны хяналтаа бэхжүүлснээр цаашид Монгол орныхоо нийт нутгийн газрын доорх усны дээд болон доод бүхий л үет усны гадаргыг хянах сүлжээг бүрдүүлэх суурь нь тавигдаж байгаа бөгөөд цаашид энэхүү төсөл үргэлжлэн хэрэгжих юм.

Төслийн нээлтэд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Австрали улсаас манай улсад суугаа Ерөнхий консул Брандон Койне, Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Энхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, “Шивээ-Овоо” ХК-ийн тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар, КПМ ХХК-ий гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаатар нар оролцлоо хэмээн БОНХАЖЯам мэдээллээ.