Оросын Засгийн газарт Монголын төлөвлөгөөний талаар бүрэн мэдээлэл байхгүй

2015-11-11 12:22


ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын  Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаин: 

Оросын Засгийн газарт Монголын төлөвлөгөөний талаар бүрэн мэдээлэл байхгүй



Mонгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтаар БНХАУ-аас “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ-аас Евроазийг холбосон транзит тээврийн зам болоод Монгол улсын зүгээс “Талын зам” зэрэг мега төслүүдээ танилцуулсан бөгөөд төслүүдийн зорилго үндсэндээ нэг цэгт огтлолцож буй учир Ази-Европ тивийг холбосон “Орос-Монгол-Хятад” эдийн засгийн коридор байгуулах саналд Талууд нэгдээд буй. Монгол улсын “Талын зам” нь газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, авто болон төмөр зам, эрчим хүч дамжуулах шугам бүхий үндсэн 5 төслөөс бүрдэж байгаа юм. Энэхүү “5 босоо шугам”-аас авто болоод төмөр замын төслүүд хамгийн ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх боломжтой хэмээн манай төр засгийн хэмжээнд тодорхойлж байгаа.

Дээрх төслийн хүрээнд 997 км автозам барих ажлыг “Чингис Лэнд Девелопмент” групп гүйцэтгэхээр сонгогдсон юм. Тус групп нь 2014 оны 3 дугаар сард Засгийн газартай концессийн гэрээ байгуулахдаа 2015 оны 5 дугаар сард “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу 5 дугаар сарын 29-нд Замын-Үүд суманд төслийн ажлыг албан ёсоор нээсэн.

Энэ оны 9 дүгээр сарын 20-23-нд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис Лэнд Девелопмент” групп нь хурдны авто замын төсөлд Оросын “Дальстроймеханизация” компанитай Хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм. Төслийн ажлын явц, нөхцөл байдлын талаар “Чингис Лэнд Девелопмент” группын мэргэжилтэн, удирдлагуудаас тодруулга авахыг удаа дараа хүссэн боловч тодорхой хариулт өгсөнгүй. Тэгвэл Оросын талаас төслийг хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаинаас тодруулав.


Ярилцсан Э.Оджаргал   

ОХУ-ын “Дальстроймеханизация” компани, Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп хурдны зам бай­гуулах төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулсан. ОХУ-ын Засгийн газраас төсөлд хэр анхаарч байна вэ?
Хятад болон ОХУ-ыг холбосон орчин үеийн зам харилцаа, түүний дотор Монголын газар нутгаар дамжин өнгөрөх өндөр хурдны авто зам нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг улам идэвхжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг яриангүй мөн. Ялангуяа ирээдүйд Монголын газар нутгаар дайруулан Орос, Хятадын тив дамнасан эдийн засгийн хонгил бий болгох боломж бололцоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор төслийн ач холбогдол бүр ч нэмэгдэж байгаа юм. Оросын тал энэ чиглэлээр хийгдэж буй бүх алхамыг дэмждэг. Гурван талын ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Энэ төлөвлөгөө гурван улсын ашиг сонирхлыг хөндөж байгаа тул төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл нь бусад оролцогч буюу Орос Хятадын талуудтай нэгдмэл ойлголтод хүрэх явдал  юм.
 
Ийм өндөр өртөгтэй /12 тэрбум ам.доллар/ төслийг Орос, Хятад хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ерөнхийд нь найдаж, хөрш орнуудынхаа ачаа бүрдүүлэлт болон дэд бүтцийн тодорхой ямар нэгэн хамтарсан тооцоо хийлгүйгээр олон нийтэд мэдээлсэн нь биднийг гайхшралыг төрүүлж байна.

Энэ тодруулгыг өгөхийн өмнөх өдөр “Чингис Лэнд Девелопмент” группын менежментийн багтай уулзаж ярилцах үеэр Оросын ч, Хятад талынхаа ч түншийг нэрлэж чадахгүй, “энэ мэдээллийг одоогоор зарлаж болохгүй байна” гэсэн тайлбараар асуултаас бултаж байсан.

“Чингис Лэнд Девелопмент” группын хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар Монгол улсын эрх бүхий байгууллагууд болох Гадаад хэргийн яам болон Зам тээврийн яамнаас Оросын талд албан ёсоор мэдээлээгүй. Тиймээс Оросын Засгийн газарт Монголын төлөвлөгөөний талаар бүрэн гүйцэд мэдээлэл байхгүй гэж хариулах байна.

Хөрш 3 орныг холбох тус зам эдийн засгийн ямар үр өгөөжтэй гэж Та харж байна вэ?
Ямар ч төсөл шинэ барилга байгууламжийн техникийн боломж, эдийн засгийн ач холбогдол зэргийг тодорхойлох зорилготой эрэл хайгуул дээр суурилдаг. Түрүүн хэлсэнчлэн, төслийн эдийн засгийн үр ашгийн талаар хөрш орнуудтай хамтарсан тооцоо, үнэлгээ хийгдээгүй. Мөн группын төлөөлөгчидтэй уулзахад барилга инженерийн бүрэн гүйцэд судалгаа байхгүй байна. Үүнгүйгээр төслийн ТЭЗҮ-ийг дуусгах талаар   ярихын ч хэрэггүй юм. Ийм учир “Чингис Лэнд Девелопмент” группыг шинээр байгуулах замаар ирээдүйд ачаа бараагаа тээвэрлэх хэн нэгний төлөвлөгөө тодорхой болсон тохиолдолд л энэхүү төслийн эдийн засгийн үр өгөөжийн бодитой тоог би танд хэлж чадах байна.

Үүний зэрэгцээ тээврийн бусад төрлүүдтэй хэрхэн зохицуулах тухай асуудал ч төсөлд гарч ирнэ. Жишээлбэл, Монголын газар нутаг дээрх гол ачаа тээвэрлэгч болох Улаанбаатар төмөр зам өнөөдөр бүрэн хүчин чадлынхаа 60%-ийг ашиглаж байна. Тэгэхээр ямар ачаа бараагаар шинэ авто зам өөрийн өртгөө нөхөх билээ?
“Чингис Лэнд Девелопмент” групп ОХУ-ын Хабаровск мужийн “Дальстроймеханизация” компани­тай хийсэн гэрээ тохиролцооны хувьд Улаанбаатар хотноо 2014 оны 10 дугаар сард болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар компа­ниуд хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаас хойш энэ хүрээнд тодорхой ахиц гараагүй. Үүнийг үл харгалзан энэхүү Санамж бичгийг группын төлөөлөгчид Оросын талаас төрийн хэмжээнд уг төслийг дэмжиж байгаа мэтээр харуулах сурталчилгааны зорилгоор ашиглаж байна. Гэвч тийм биш гэдгийг онцлон хэлье. Оросын тал өөрийн байр сууриа боловсруулахын тулд дор хаяж төслийн цар хүрээний талаар хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай.

Өнгөрсөн 9 дүгээр сард Москва хотноо “Дальстроймеханизация” компанитай байгуулсан шинэ гэрээний тухайд Оросын түншүүдийг төөрөгдөлд оруулахаас гадна Монгол улсын өндөр хэмжээний зочны айлчлалын дор “Чингис Лэнд Девелопмент” групп нь өөрсдийн төслийг хууль ёсны гэж тодотгох гэсэн шударга бус оролдлого гэж харж байна. Энэ гэрээний хувьд өндөр хурдны замын төслийг үргэлжлүүлэн Хиагтаас Эрхүү хүртэл Оросын газар нутаг дээр баригдах замын хэсгийн ажилд хамтрахаар төсөлд шинээр орж ирж байгаа компани болохыг Монголын групп тайлбарлаж байгаа. Санхүүжилтын хувьд зардал нь 3,5 тэрбум ам.доллар бөгөөд хөрөнгө оруулагч нь “Чингис Лэнд Девелопмент” групп байх юм байна.  

Төсөл хэрэгжүүлэхэд талуудад учрах ямар нэгэн саад бэрхшээлийг Та харж байна уу?
Оросын ЗСТИСИЗ компани гэрээнд заасны дагуу Улаанбаатар-Алтанбулагийн хэсэг дээр инженерийн судалгаа хийсний төлбөр 8 сая орчим ам долларыг “Чингис Лэнд Девелопмент” группээс авч чадахгүй байгаад бид санаа зовниж байна. Шаардлагатай материа­луудаа авсны дараа “Чингис Лэнд Девелопмент” группын менежментийн баг уг төлбөрийг гэрээнд зааснаас тав дахин бууруулах ажил хийж эхэлсэн. ЗСТИСИЗ компанийн тэргүүнийг Монголын компа­нийн хуучин удирдлагатай үнийн талаар хуйвалдсан хэмээн буруутгаж, Монголын Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргасан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь илт. Ийм тохиолдолд гадаадын түншүүдээ хүчний байгууллагаар дарамтлуулах оролдлого хийх нь цөөнгүй бий.
Бид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна. Нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээ авах болно.

Одоогоор “Чингис Лэнд Девелоп­мент”-ийн энэ үйлдэл ажиглагчид болон Оросын ажил хэрэгч хүрээнийхний нүдэнд ойлгомжгүй хоёрдмол утгатай харагдаж байна. Бидэнд төрсөн эргэлзээтэй байдлаас энэ компанийн үйл ажиллагаа Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин болоод ажил хэргийг сайжруулахад хувь нэмэр оруулж чадахгүй нь гэсэн бодол төрж байна.     

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 22 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • 9 цаг 36 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • 9 цаг 57 минутын өмнө
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Өчигдөр 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо. 
  • Өчигдөр 16 цаг 02 минутад
    УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.