Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Өндөр хүүтэй зээл авахын зэрэгцээ хуримтлал үүсгэхийг оролдох нь аюултай

Ирээдүй хойч үедээ хөрөнгө санхүүгийн хадгаламж хуримтлуулж, баялгийн зөв хуваарилалтын механизм тогтоох зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг Монгол улсын Ерөнхийлөгч 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Анхны төслийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ч Ерөнхийлөгч төслөө татах санал гаргасныг УИХ ёсоор болгож, буцаагаад байсан юм. Дахин өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сан хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг энэ Намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулж магадгүй бололтой.

Хуулийн төсөл батлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд Ирээдүйн өв санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед орлогыг шинээр байгуулагдах Баялгийн санд хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа. 

Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар олон улсад зөвлөж байсан, туршлагатай шинжээчдээс дээрх хуулийн төслийн талаар MMJ байр суурийг нь сонсов.  
 



Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Эдийн засгийн ахлах шинжээч Эндрю Бауэр

Эндрю Бауэр нь ББЗХ-нд ажиллахаас өмнө Их долоо/найм болон Их 20 дахь оролцоог хангах Канад улсын багт Сангийн яамны олон улсын эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд Канад улс тус байгууллагыг удирдах үед эдийн засгийн бодлогын зөвлөгөө өгч байжээ. Ноён Бауэр ББЗХ-д макро эдийн засгийн удирдлага, байгалийн баялгийн орлогын хуваарилалт, засаглалын болон хариуцлагын тогтолцооны талаар Засгийн газар, Парламентад зөвлөж иржээ. Үндэсний баялгийн сангийн засаглалын талаар Канад, Гана, Индонези, Мексик, Монгол, Мьянмар, Зүүн Тимор, Уганда зэрэг олон улс оронд Засгийн газрын болон Парламентын гишүүдэд зөвлөгөө өгч байсан. Канадын Монреал хотын уугуул ноён Бауэр Оксфордын их сургуулийг Хөгжлийн эдийн засгийн магистр, Макгилийн их сургуулийг эдийн засаг, олон улсын хөгжил судлалын чиглэлээр бакалавраар төгсчээ.  


Монгол Улс байгалийн асар их баялагтай. Энэхүү үндэсний заяагдмал баялгаа одоо байгуулахаар төлөвлөж буй Ирээдүйн өв сангаар дамжуулан найдвартай хамгаалах түүхэн боломж бий болж байна. Санг зөв удирдаж чадвал үндэсний баялгийн тодорхой хэсгээр хуримтлал үүсгээд зогсохгүй түүгээр илүү сайн боловсрол, эрүүл мэнд болон аюулгүй байдлын үйлчилгээ зэргийг бий болгож, хойч үеийнхэндээ үлдээх боломжтой юм. Харин буруу ажиллуулвал Монгол Улсын ирээдүйд сөргөөр нөлөөлөх төдийгүй улсыг өрийн хямралд хүргэж, үндэсний баялгийг санхүүгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх замаар үрэгдүүлэх эрсдэлтэй.

Миний бие сайн засаглалын чиглэлээр мэргэшсэн олон улсын бодлогын хүрээлэн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнд Ахлах эдийн засагчаар ажилладгийн хувьд үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар арав гаруй улс орны Парламент, Засгийн газрын албан тушаалтнуудад зөвлөгөө өгч байсан билээ. Ийм сангийн үр шимийг ард иргэд нь хүртэж чадсан гайхалтай үр дүнг би харсан. Мөн эсрэг үр дүн гарсан олон жишээтэй учирч байлаа. Тиймээс Баялгийн санг буруу удирдвал ямар үр дагаврууд учирч болох талаар өөрийн бодлоо хуваалцъя. Түүнчлэн эрдэс баялгаас олсон орлогын үр шимийг ирээдүй хойч үедээ хүртээх явдлыг баталгаажуулахад шаардлагатай өөрчлөлтүүдийг УИХ-ын зүгээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд оруулахыг дэмжиж байна.

Үндэсний баялгийн сангуудын ихэнх нь төсвийн ашгаас санхүүждэг бөгөөд улсын өрийн түвшин бага, эсвэл буурч байгаа нөхцөлд байгуулагдсан байдаг. Харин Монгол Улсын хувьд Ирээдүйн өв сан байгуулах асуудлыг төсвийн ихээхэн алдагдалтай, мөн улсын өрийн хэмжээ их, цаашид ч нэмэгдэх хандлагатай нөхцөлд хэлэлцэх гэж байна. Монгол Улсыг “өрийн хямралд автах өндөр эрсдэлтэй улс орон” гэж ОУВС тэмдэглэсэн.

Сангийн дүрмийг хуулийн төсөлд одоо тусгагдсанаар батлах юм бол уул уурхайн орлогыг тус санд хуримтлуулж, гадаадад байрлах активт хөрөнгө оруулах замаар 2-4 хувийн бодит өгөөж (бага буюу дунд зэргийн эрсдэл хүлээдэг үндэсний баялгийн сангуудын өнөөгийн дундаж бодит өгөөжийн түвшин) хүртэхийн зэрэгцээ олон улсын санхүүгийн зах зээлээс Засгийн газар зээл авч, 5-10 хувийн бодит хүү (өнөөгийн түвшин буюу улам өсөх боломжтой) төлөх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. 

Дээрхтэй төстэй нөхцөл байдал Аргентин, Гана, Венесуэл зэрэг улс оронд үүсэхийг бид харсан. Эдгээр улс оронд бодлогын ижил төстэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн бөгөөд улсын өрийн ачааг бууруулах, зарлагаа санхүүжүүлэхийн тулд төсвийн дүрмээ зөрчин, үндэсний хуримтлалаас татан авч зарцуулж ирсэн юм. Ийм шийдэл нь хөрөнгө оруулагчид болон олон нийтээс Засгийн газарт итгэх итгэлийг бууруулсан билээ. Аргентины улсын тэтгэврийн сан ANSES нь 2013-2014 оны хооронд нийт 14 тэрбум долларын бага хүүтэй зээлийг Засгийн газарт гаргаж өгснөөр ахмад настнуудын хуримтлалыг эрсдэлд оруулсан. Гана улс нь газрын тосны орлогоос санхүүждэг Тогтворжилтын санд дээд хязгаар тогтоосон хуулийн дутагдлыг ашиглан тус санг хоосолсон төдийгүй өнөөдөр ч нэмж зээл авсаар байна. Үр дүнд нь улсын салбар дахь ажлын байрыг цөөлөх зэрэг арга хэмжээ бүхий хямралаас гарах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ОУВС болон Засгийн газар нь саяхан тохирсон. Венесуэл улсын хувьд 2001 онд 7.1 тэрбум доллартай байсан Макро эдийн засгийн тогтворжилтын санг Засгийн газар нь хоосолсон. Тус улс төсвийн хямралд орж, гудамжинд нь эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцсэн тайван бус жагсаал цуглаан гарсаар байна.

Бодлогын эдгээр шийдэл үр дүнгээ өгөх нь тухайн улсуудад тулгарсан төсвийн сорилтуудаас хамаарах нь тодорхой. Гэхдээ нэг л зүйл тодорхой байгаа нь өндөр хүүтэй зээл авахын зэрэгцээ хуримтлал үүсгэхийг оролдох нь аюултайг харуулж байна. Монгол Улсад ийм нөхцөл үүсвэл хуримтлал бий болгох дүрмээ эхнээсээ зөрчихөд хүрч, Ирээдүйн өв санд итгэх итгэлийг бууруулан, үе хооронд тэнцүү хуваарилж тэгш байдлыг хангах, ирээдүй үе хойчдоо зохих хувийг үлдээх гэсэн зорилгоо биелүүлэх боломжийг үгүйсгэх юм. Үүнээс сэргийлэх бодлогын хувилбар нь Монгол Улсад тулгараад буй зарлага, өр зээлийн асуудлыг өнөөдөр шийдэхийн зэрэгцээ хуримтлал үүсгэх шаардлагыг илүү урт хугацаанд шийдвэрлэж чадах хууль батлах явдал юм.

Хоёр дахь асуудал нь сангийн хийх хөрөнгө оруулалтын хүлээх эрсдэлийн хязгаарыг олон улс оронд хуулиар тодорхойлсон байдаг. Ингэснээр Москва хотын үл хөдлөх салбарт хөрөнгө оруулах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдэд хөрөнгө оруулах зэрэг дэлхийн санхүүгийн хямралд нөлөөлсөн хэрэгслүүдэд Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулж, нийтийн мөнгөөр үндсэндээ мөрийтэй тоглохоос сэргийлдэг. Түүнчлэн олон улс оронд үндэсний баялгийн сангийн санхүүг хянах, батлах чиг үүргийг хууль тогтоогч байгууллагад тусгайлан олгодог. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг тусгайлан хянах, мөн ерөнхий төсвийн хяналтыг хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хуралд олгосон албан ёсны чиг үүрэг өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд тусгагдаагүй байна.

Ирээдүйн өв санг байгуулах зайлшгүй шалтгаан бий. Төсвийн тодорхой зарцуулалт, эсвэл бэлэн мөнгө тараахад уул уурхайн орлогыг шилжүүлдэг Хүний хөгжил сан, мөн эдийн засгийн уналтын үед төсвийг санхүүжүүлэх зорилготой Төсвийн тогтворжуулалтын сангаас тус сан нь ихээхэн ялгаатай. Ашигт малтмалын шавхагдах орлогыг ирээдүй хойч үедээ зориулан хадгалах зорилгоор байгуулагддагаараа Ирээдүйн өв сан бусад сангуудаас ялгаатай юм. Ингэхдээ байгалийн баялгийн орлого нь эдийн засагт давамгайлж, бусад салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг үзэгдэл болох Голланд өвчнөөс сэргийлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Тиймээс шинэ санг зөв байгуулж чадвал Монгол Улсын ашигт малтмалын баялгийн удирдлагын ил тод байдлыг нэмэгдүүлж, нийтийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх юм.

Зөв дүрэм журам тогтоох нь Ирээдүйн өв сангийн амжилтын үндэс байх болно. Сангийн дүрмийг оновчтой тогтоож чадаагүй, эсвэл санг байгуулахаас өмнө эдгээр дүрмийг улстөрчдийн олонх дэмжихгүй байвал тогтоосон дүрмүүдээ биелүүлж чадахгүйд хүрдгийг олон улсын туршлагаас харж болно. Дүрмээ биелүүлэхгүй бол төр, засагт итгэх итгэл суларна. Муугаар төсөөлбөл авилга хээл хахуулийн асуудал гаарч, Монголын байгалийн баялаг үрэн таран болно.