Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Гурвалсан шинэ түншлэл Монгол улсад хамгийн их ашигтай



Э.Оджаргал

Хамгийн том эдийн засагтай Орос, Хятад болоод эдгээр гүрний дунд орших жижиг эдийн засагтай Монгол улсын стратегийн шинэ түншлэлийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Хэдэн зууны түүхтэй гурван улс дэлхийн шинэ түүхэнд хөрш орнуудын төгс харилцаа, хамтын ажиллагааг бий болгож байна хэмээн олон улсын шинжээчид тодорхойлж буй.

Өдгөө нягт харилцаа бүхий стратегийн хамгийн ойрын түншүүд болсон Орос, Хятад улс нь эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхдээ урьд хожид сонстоогүй мөнгөн дүнтэй, улс дамнасан төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Эдийн засгийн  харилцан ашигтай энэ хамтралд газар зүйн хувьд хил залгаа, басхүү эрдэс баялгийн арвин нөөцтэй Монгол улс нэгдэн орох боломж бий. Далайд гарцгүй Монгол орны хувьд гарцаагүй хөрш хоёр орны газар нутгаар дамжин дэлхийн зах зээлд хүрэх “хувь тавилантай”.
 
Энэ ч утгаараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүнүүдийн 3 талт уулзалт зохион байгуулагдах болсон билээ. 2014 онд Душанбе хотноо болсон анхны уулзалтаар БНХАУ-аас “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ-аас Евроазийг холбосон транзит тээврийн зам болоод Монгол улсын зүгээс “Талын зам” зэрэг мега төслүүдээ танилцуулсан юм. Гурван улсын хөгжлийн стратеги үндсэндээ нэг цэгт огтлолцож буй учир Ази-Европ тивийг холбосон “Орос-Монгол-Хятад” эдийн засгийн коридор байгуулах саналд талууд нэгдэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг 3 жилд 1 удаа зохион байгуулах санал дэвшүүлсэн ч Оросын Төрийн тэргүүн Владимир Путин жил бүрийн ШХАБ-ын чуулганы үеэр зохион байгуулахыг илүүтэй үзсэнийг Хятадын дарга Си Жинпин дэмжсэн юм.    

Ийн өнгөрсөн 7 дугаар сард Уфа хотноо зохион байгуулагдсан 2 дахь удаагийн  уулзалтын хүрээнд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах Ойлголцлын санамж бичиг, хилийн гарцуудыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Зөвшилцөл, худалдааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх Санамж бичгийг тус тус үзэглэв. ОХУ-аас эрчим хүчийг Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэх, 3 талт тээвэр-логистикийн компани байгуулах асуудлыг энэ удаагийн уулзалтаар онцлон ярьсан юм. Тээвэр-логистикийн компанийг УБТЗ-ын бааз суурь дээр суурилан байгуулж тээврийн коридор байгуулах асуудлыг судлахаар төлөвлөлөө.     

Аль 2003 онд ШХАБ-ын /Хятад, Казахстан, Орос, Тажикстан, Киргиз, Узбекстан/ хүрээнд “Торгоны зам”-ыг сэргээх гэсэн Хятад улсын оролдлого зарим гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулгарснаар намжсан байдаг. Тухайн үед гишүүн орнууд эдийн засаг нь “made in China” бараанаас хэт хамааралтай болно гэдгээс эмээж байжээ. Харин 2013 онд БНХАУ-ын дарга Си Жинпин нь “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах болсноо дэлхий дахинд тунхаглав. Томоохон амбицтай энэ төслөө бодит ажил болгохоор шуудран, гадаад, дотоодод хөрөнгө “хаяж” байна.

Өнгөрсөн онд байгуулагдсан “Silk Road Fund” хөрөнгө оруулалтын сангийн нийт 40 тэрбум ам.долларын “Торгоны замын эдийн засгийн бүс”-тэй холбоотой, хамааралтай дэд бүтцийн төслүүдийг дэмжин хөрөнгө оруулахад зориулах юм. Зөвхөн 2015 онд 1.2 их наяд юань зарцуулах тооцоотой. Москвагаас ердөө 2 цагийн хугацаанд Казахстанаар дамжин Бээжин орох боломж бүрдэх хурдны төмөр зам байгуулах 242 их наяд ам.долларын төслийн тодорхой хувийг “Silk Road Fund”-аас санхүүжүүлнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр тус сан нь байгалийн хий боловсруулах “Ямал” үйлдвэрийг байгуулах Орос, Франц, Хятадын хамтарсан төслийн 9.9%-ийг ойролцоогоор 900 сая ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд буй. 

“Торгоны замын эдийн засгийн бүс” нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудыг хамран цаашлаад Европ тивд хүрэх стратегийн зорилготой. Тиймдээ ч энэ том бүтээн байгуулалтад нэгдэн, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх сонирхолтой орнуудыг нэгтгэн AIIB буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ байгуулан Монгол, Орос зэрэг хөрш орнуудаа багтаан дэлхийн 57 улсыг албан ёсны гишүүнээр элслүүлээд байна. АДБХОБ-ийг байгуулснаар “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүжилт олон улсын эдийн засгийн байдлаас шууд хамаарахгүй байх бас нэг нөхцөл бүрдэж байгаа юм.

Банкны дүрмийн сан 100 тэрбум ам.долларыг гишүүн орнууд тодорхой хувь хэмжээтэй нийлүүлэх учиртай. Банкны нийт хувьцааны хамгийн их буюу 30.34%-ийг эзэмшигч Хятад улс 29.78 тэрбум ам.доллар, 7.5%-ийн эзэмшилтэй ОХУ нь 6.54 тэрбум ам.долларын хөрөнгийг дүрмийн санд оруулах ёстой. Хөрөнгийн 20%-ийг шууд төлөхөөр банкны дүрэмд тусгасан ёсоор хойд хөрш одоогоор 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Монгол улс нийт 41 сая ам.долларын хөрөнгө оруулах ёстой бөгөөд 0.3013%-ийн саналын эрхтэй. Банкны үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй. 
 
Шинээр байгуулагдсан тус банкны Ерөнхийлөгчийг сонгох гишүүн орнуудын санал хураалт 8 дугаар сард явагдан Азийн хөгжлийн банк болоод Дэлхийн банкинд Хятад улсыг төлөөлөн сууж байсан, тус улсын гадаад хэргийн сайдын орлогч асан Цзинь Лицюн тодров. Энэ албанд Орос улсаас “Норникель” компанийн дэд Ерөнхийлөгч Андрей Бугров өрсөлдсөн юм.

Оросуудын хувьд АДБХОБ-ны гуравдагч томоохон хувьцаа эзэмшигчээс гадна БРИКС-ийн гишүүн орнуудтай хамтран Хөгжлийн шинэ банкийг байгуулаад 2 сарын хугацаа өнгөрч байна. Эдгээр банкны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр нэн түрүүнд байгалийн нөөц баялагтай Алс Дорнод, Хятадтай хил залгаа бүс нутгаа хөгжүүлэх багц баримт бичгийг 7 дугаар сарын 2-нд Оросын Засгийн газар баталлаа. Алс Дорнодын бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл цаашлаад Ази-Номхон далайн орнуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдөр Орос, Хятад улс стратегийн сайн түншийн хувьд өөрсдийн зах зээлийг холбох, худалдаа наймаагаа ойртуулах бүхий л зам тээвэр, гарц, боломжийг судлан, эхнээсээ  ч ажил хэрэг болж байна. Хятадын зүүн хойд хэсгээр Оростой хиллэх Суйвэнхэ хот рублийг чөлөөт гүйлгээнд албан ёсоор оруулсан анхны бүс боллоо. Мөн энэ бүс нутгаар хиллэх Оросын Амур мужид дэлхийн хэмжээнд хамгийн том хүчин чадалтай буюу жилд 8 ГВт эрчим хүч үйлдвэрлэх Ерковецкийн ДЦС-ыг барих нийт 15 тэрбум ам.долларын өртөгтэй 2 улсын хамтарсан төслийн ТЭЗҮ энэ оны сүүлч гэхэд хийгдэж дуусах төлөвтэй байна. Одоогоор талууд эрчим хүч нийлүүлэлтийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны 1 дүгээр улиралд эхлүүлэхээр яригдаж байна.

Тун удахгүй 9 дүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар 2 улсын эдийн засаг, дэд бүтэц, банк санхүүгийн салбарыг хамарсан нийт 22 баримт бичиг үзэглэхээр төлөвлөж байна. 30 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш нийлүүлэх “баруун чиглэл” буюу “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэх гэрээг “Газпром”, CNPC компаниуд байгуулна гэсэн хүлээлт оросуудад бий. Гэсэн ч дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч буйн улмаас энэ удаад байгалийн хийн гэрээг үзэглэхгүй бололтой.

Өнөөгийн байдлаар Оросын Urals маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 45 ам.доллараар худалдагдаж, байгалийн хийн өнөөгийн зах зээлийн үнэ 200 ам.доллараас өсөхгүй байна. Энэ үнэ 2 дахин илүү байж “Сибирийн хүч 2” төсөл Хятадын талд ашигтай байх юм. Гэхдээ талууд наймаагаа доллараар бус рубль, юанийн аль нэгээр тооцохоор хэлэлцэж байна. Монгол улс байгалийн хийн транзит орон болоход бэлэн гэдгээ Орос, Хятадын талд төрийн бүхий л шатандаа мэдэгдэж байгаа ч одоогоор тодорхой алхмууд хийгдээгүй байна. Харин хоёр улсыг холбох хамгийн дөт зам Монгол улсаар дамжин өнгөрөх боломж, нөхцөлийг хөрш орнууд харзнасаар л ...

Тодорхой бодлогоор ч тэрүү оросууд төдийлөн ач холбогдол өгч мэдээлэхгүй байгаа дэд бүтцийн нэгэн төсөл бол “Элегест-Кызыл-Курагино” төмөр зам юм. Ердөө 410 км урттай салаа зам боловч Монгол улсын хувьд өндөр ач холбогдолтой. Тодруулбал, манай улсын Завхан аймгийн нутаг дахь Арцсуурийн боомтоос урагшаа Шивээхүрэнгийн боомтоор гарч БНХАУ-д хүрэх юм бол 2 том эдийн засгийг “учруулах” хамгийн дөт транзит зам болох учиртай. Оросын алслагдсан бүс нутгийн эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээх “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын төслийг Хятадын тэрбумтан, “Alibaba” группын эзэн Жек Ма сонирхож, 8 дугаар сард Тувад өөрийн биеэр зочиллоо. Уг төмөр замыг дангаар барихад 156 тэрбум рубль, түүнтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 218 тэрбум рубль шаардлагатай. Төслийн хөрөнгө оруулагч ирэх 9 дүгээр сард тодрох хүлээлт бий.

Хятадын “Жэнмин Жибао” сонинд Монгол улсыг тодорхой­лохдоо “Гурвалсан  түншлэлд Монгол улс хүн ам, газар нутаг болоод эдийн засгаараа хамгийн бага нь юм. Гэсэн хэдий ч энэ түншлэлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Улаанбаатар, Москва, Бээжин гурвын ажил хэрэгч хамтын ажиллагааны зарим зам тээвэр, логистик, эрчим хүчний эх үүсвэр нь Монгол улсын газар нутагт төвлөрөх буюу эсвэл дамжин өнгөрдөг. Энэ бол маш чухал элемент юм. Энэ үүднээс гурвалсан шинэ түншлэл Монгол улсад хамгийн их ашигтай” гэж бичжээ.

2015 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас Монгол улсын газар нутгаар дамжин БНХАУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний  хэмжээ 815.7 мянган тонн бол БНХАУ-аас манай улсаар дамжин ОХУ руу   136.8 мянган тонн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Хөрш орнуудын хувьд Монгол улсыг транзит орон болгон хамтран ажиллахад бэлэн. Гагцхүү байгалийн хий, газрын тос ч бай, уул уурхайн бүтээгдэхүүн ч бай Монгол улсын дамжин өнгөрүүлэх дэд бүтцийн нөхцөл байдал хангалтгүй, улс төрийн бодлого нь тогтворгүйд учир байгаа болов уу. Өөрөөр хэлбэл үүнд чиглэсэн тодорхой, шийдвэртэй ажлууд хийх, эхлүүлэх хэрэгтэй. Монгол улсын зүгээс дэвшүүлээд байгаа “Талын зам” төслөө Орос, Хятадын талд хамгийн анх 2014 онд дуулгаж байв. Одоогоор зөвхөн “цаасан дээр” төлөвлөгдсөн энэхүү төсөл хэрэгжсэнээр урд, хойд хөрш орнуудыг шууд холбосон 997 км авто зам, 1100 км цахилгаан шугам сүлжээ, төмөр зам, байгалийн хий болоод газрын тос дамжуулах хоолой зэргийг бүтээн байгуулах юм. Энэхүү “5 босоо шугам”-аас авто болоод төмөр замын төслүүд хамгийн ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх боломжтой.

Төслийн хүрээнд 997 км автозам барих ажлыг “Чингис Лэнд Девелопмент” групп гүйцэтгэхээр сонгогдсон билээ. Тус групп нь 2014 оны 3 дугаар сард Засгийн газартай концессын гэрээ байгуулж энэ оны 5 дугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байдаг.  Гурвалсан шинэ түншлэлд Монгол улс чухал үүрэгтэй байх эсэх нь монголчууд биднээс маш их хамааралтай. Орос, Монгол, Хятад улсын Төрийн удирдагчдын 3 дахь удаагийн уулзалт хүртэл харилцан ашигтай, чухал түнш гэдгээ харуулах их ажил хүлээж байна.
  • Зочин (103.229.121.10)
    Mongol eronhiilogchoo adilhan hemjetei taviachee unuudur jijig baij baij bolno Mongol Gutenberg ene 2 Iim bi bolgohod tuuh bi shuu mining journal setguulchiin oromtsogoo chi lab mongol bish
    2015 оны 10 сарын 04 | Хариулах