Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав

2015-09-18 13:51

Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ. Тус банк энэ онд уурхайгаас нийлүүлэх зэсийн хэмжээ 18.9 сая тонн байх бөгөөд нийлүүлэлт эрэлтээс ялимгүй давах тооцоо гаргажээ. Харин ирэх жил нийлүүлэлт эрэлтээсээ 280 гаруй мянган тонноор бага байна гэж үзжээ. Улмаар нийлүүлэлтийн хомсдолтой байдал 2019 он хүртэл хэвээр үргэлжлэх гэнэ. Энэ жилийн хувьд цаг агаарын таагүй байдал хийгээд уурхайн ажилчдаас үүдсэн асуудал 1.5 сая тонн нийлүүлэлтийг танаж амжсан талаар Citigroup онцолжээ.

Ийнхүү Хятадын зэсийн эрэлт буурах сөрөг төлвийн улмаас зах зээлд үүсээд байсан үнийн бууралтыг нийлүүлэлт багасах чимээ хазаарлаж, улмаар цаашид үнэ буурах биш харин өсөх найдвар давамгайлсан долоо хоног болж байна. Гэхдээ Goldman банк нийлүүлэлтийн илүүдэл ирэх жил 673 мянган тонн байна гэж үзэж байгаа юм. Учир нь Хятадын эрэлт сул, нийлүүлэлтийн эрчим нэмэгдэнэ гэж тооцжээ.

Зэсийн үнэ сүүлийн саруудад эрчимтэй доошилж өнгөрсөн 8 дугаар сарын сүүлд 4887 ам.доллар/тонн болоод байсан. Чухамдаа зах зээлд үнийн бууралт ноёлох хандлага давамгайлах агшинд Glencore, Freeport, Codelco зэрэг томоохон үйлдвэрлэгч төслийн өргөтгөлөө хойшлуулах, борлуулалтаа бууруулах зэрэг арга хэмжээ авах болсон нь нийлүүлэлтийг эрчимтэй бууруулах үндэслэл болсон билээ. Зөвхөн Glencore гэхэд Африк дахь хоёр уурхайн төслөө жил хагасын хугацаанд хаахаар болсноор зах зээл дэх нийлүүлэлтийн төлөвөөс 400 мянган тонн хасагдаж буй юм. Одоогийн нөхцөл байдал нь эрэлтээс давсан хэт илүүдлийг бүрэн арилгах дүр зургийг хөрөнгө оруулагчдад тод харуулж байна.

Дээр нь лхагва гаригийн шөнө Чилийн эрэг орчмоор болсон 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын зэсийн зарим уурхайг түр хугацаанд хаасан нь ханш өсөхөд нэмэр болжээ. Гэхдээ уурхайнуудын аюулгүй ажиллагаанд хяналт хийсний дараа эргээд нээж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 5369 ам.доллар/тонн байна. Гэхдээ мөн өдөр биржийн арилжааны эхэн үеэр зэсийн үнэ 5440.5 ам.доллар/тоннд хүрсэн нь сүүлийн хоёр сар орчмын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт байв. Зэсийн үнэ оны эхэнд 6000 гаруй ам.доллар/тонн байсантай харьцуулахад одоогийн үнэ доогуур хэдий ч хүрэн металын ханшийн ерөнхий төлөв нийлүүлэлтийн эрсдэлээс үүдэн сайжирч эхэллээ.


Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.