Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Зэсийн баяжмалын экспорт 1.5 тэрбум долларт хүрэв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 8 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5.8 тэрбум доллар болж, тэнцэл 704.8 сая долларын ашигтай гарсан байна. Гадаад худалдааны эргэлт 1.35 тэрбум доллар буюу 37.8%-иар буурчээ. Экспорт 324 сая доллар буюу 9%-иар буурч, 3 тэрбум 251 сая доллар, импорт 1 тэрбум доллар буюу 28.7%-иар буурч 2 тэрбум 547 сая доллар болжээ.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10%-иар өсч, 930 мянган тонн болжээ. Харин экспортын орлого 8%-иар өсч, 1 тэрбум 567 сая доллар болсон байна. Зэсийн экспорт нийт экспортын бараг талыг нь буюу 48.2%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед 40.5% байсан бол энэ оны эхний 7 сарын байдлаар 48% байсан юм.

Нүүрсний экспортын биет хэмжээ 9.6 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.6 сая тонн буюу 21.5%-иар буурчээ. Экспортын орлого 402.1 сая доллар болж, 186.4 сая доллар буюу 31.7%-иар буурсан байна. Нүүрс нийт экспортын 12.4%-ийг эзэлж байна. Өнгөрсөн онд уг үзүүлэлт 16.5%-тай байсан юм.

Газрын тосны экспортын хэмжээ 5.2 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 17%-иар өссөн байна. Гэхдээ экспортын орлого нь 263.6 сая доллар болж, 180 сая доллар буюу 40.6%-иар багасчээ. Газрын тос нийт экспортын 8.1%-ийг бүрдүүлж байгаа бол өнгөрсөн оны мөн үед 12.4%-ийг бүрдүүлж байсан юм

Алтны экспортын хэмжээ 7 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2 тонн буюу 36%-иар, экспортын орлого 263.3 сая доллар болж 23%-иар тус тус өсчээ. Алт нийт экспортын 8%-ийг бүрдүүлж, Монголын экспортын 4 дэх том бүтээгдэхүүн болж байна.

Төмрийн хүдрийн экспортын хэмжээ 3 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 0.7 сая тонноор, экспортын орлого 150.3 сая доллар болж, 138 сая доллар буюу 48%-иар буурсан байна. Төмрийн хүдрийн экспорт нийт экспортын 4.6%-ийг бүрдүүлжээ.


С.Болд