Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Петр Марки: Ашигт малтмалын үнэ 4-5 жилдээ өсөх хандлага харагдахгүй байна



“Эрнст энд Янг Монголия Аудит”  ХХК-ийн Удирдах партнер, Хятад ба Монголын уул уурхай, металын салбарын тэргүүн Петр Маркитай ярилцлаа.


С.Болд-Эрдэнэ

“Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК байгуулагдаад хэр удаж байна вэ?
Манай компани 2001 онд байгуулагдсанаас хойш 15 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж ирлээ. Дэлхийн 4 том аудитын компаниас Монголд салбараа нээсэн анхдагч компани. Энэ хугацаанд Монголын томоохон компаниудад аудитын үйлчилгээ болон татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайлбал, Монголбанк, “Мобиком”, “Ньюком”, “Хас” банк,  Голомт  банк,  Төрийн банк  болон “Эрдэнэт”, “Энержи ресурс”, “Алтайн хүдэр”, “Шарын гол” гэх мэт уул уурхайн олон компанийг нэрлэж болно. Манай компани 80 ажилтантай. Ихэвчлэн аудит болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг. Манай хамт олон мэргэжлийн өндөр түвшин, баялаг туршлагатай дотоод болон гадаадын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн.
2010 оноос хойш манай татварын үйлчилгээ өргөжиж, 2012 онд батлагдсан Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дагуу “Эрнст энд Янг ТМЗ” ХХК-ийг байгуулж, Сангийн яамнаас татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан.


Та Хятад болон Монголын уул уурхайн салбарын тэргүүн. Тиймээс Хятадад өрнөж буй эдийн засгийн нөхцөл байдлын учир шалтгааныг асуумаар байна?   
Сүүлийн үед Хятадад өрнөж байгаа бодлогын өөрчлөлт нь хэрэглэгч зах зээлээс үйлдвэрлэгч, экспортлогч, үйлчилгээ үзүүлэгч зах зээл рүү шилжих процесс юм. Хятадын хувьд энэ нь маш том сорилт. Худалдан авагч биш худалдагч болж байгаа болохоор Хятадын зах зээлд бараа материалын үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Одоо Хятад улс авто зам, төмөр зам, үйлдвэр, барилга байгууламж гээд дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтынхаа ихэнхийг барьж дуусгаж байна. Тийм болохоор хэдэн жилийн өмнөх шиг бүх юмыг худалдаж авдаг улс байхаа аажмаар больж байна гэсэн үг. Одоо тэд дэлхийн бусад улс руу аль болох ихийг зарахыг хичээж байна.

Уул уурхайн салбарынхны хувьд Хятад ашигт малтмалын түүхий эдийн том худалдан авагч хэвээр байх уу гэдгийг хамгийн их  сонирхож байгаа? 4-5 жилийн өмнө Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой удаан үргэлжилж, түүхий эдийн хувьд хэзээ ч ханахгүй зах зээл гэсэн ойлголт хүчтэй байсан. Одоо бол эргэлзэж эхэллээ?
Тэр мэдээж. Хятад улс ашигт малтмалын түүхий эд худалдаж авахаа зогсоогоогүй. Одоо ч худалдаж авсаар байна. Гэхдээ таны хэлсэнчлэн 2010 оны үед таамаглаж байсан шиг Хятадын эдийн засгийн өсөлт байхгүй болсон. Эдийн засгийн өсөлт буурахын хэрээр түүхий эд худалдаж авах нь багасч байна. Хятадын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд түүхий эдийн үнийг өндөр хэвээр байлгана хэмээн ярьж байх үед буюу 2008-2014 онд дэлхийн өнцөг булан бүрт томоохон үйлдвэрүүд ашиглалтад орсон. Тэд Хятадын өсөлтийг ашиглахын тулд цаг хугацааны хувьд өрсөлдөж байлаа. Хамгийн тод жишээ бол “Оюутолгой”. Дэлхийн зэсийн хэрэглээний талыг нь шахуу хэрэглэдэг Хятадын хэрэглээ нэмэгдэнэ гээд зэсийн хэд хэдэн томоохон уурхай, үйлдвэр ашиглалтад орсны нэг нь “Оюутолгой”. Одоо юу болж байна гэхээр түүхий эдийн үнэ өндөр байх үед баригдаж эхэлсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор хэрэглээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Энэ нь эргээд үнэ буурах үндсэн шалтгаан болж байгаа юм.

Энэ уналт хэр удаан үргэлжлэх бол? Монгол гэлтгүй дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн их сонирхож байгаа асуулт бол түүхий эдийн үнэ хэзээ эргээд өсөх вэ? Энэ асуулт танай компанийн үйл ажиллагаатай ч бас холбоотой байх?
Мэдээж түүхий эдийн уналтаас болж манайхаар үйлчлүүлдэг уул уурхайн компаниудын тоо цөөрсөн. Байгаа цөөн компаниуддаа бид төлбөрөө бууруулж үйлчилгээ үзүүлж байна. Тэдний ашиг буурч байхад биднийх бас буурах нь зүйн хэрэг. Ажилчдынхаа цалинг нэмэх, нэмж ажлын байр бий болгох нь манай төлбөрийн чадварт нөлөөлж байгаа учир тэгэх бололцоо муу байна. Гэхдээ бид алдсан орон зайгаа нөхөхийн тулд өөр салбарууд руу анхаарлаа хандуулан ажиллаж бай­гаа. Тухайлбал барилгын компаниуд, хөдөө аж ахуйн компаниуд, худал­даа­ны компаниудад зөвлөгөө өгөх зэр­гээр дутуу орон зайгаа нөхөж байна.

Өмнө хэлсэнчлэн уул уурхайн түүхий эдийн үнэ ирэх 4-5 жилд өсөх хандлага харагдахгүй байна. Монголын хувьд үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж их хэмжээгээр экспортлох, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах замаар зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэх боломжтой. Нэгэнт ойрын жилүүдэд үнэ өснө гэсэн таамаг байхгүй болохоор зах зээлд үлдэхийн тулд ийм л замаар явах болно.

Танай сайтаас “Ашигт малтмалын түүхий эдийн топ 10 эрсдэл” гэсэн судалгааг харлаа. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, алт, зэсийн хувьд үр ашгаа нэмэгдүүлэх болон нийгмийн зөвшөөрөл нь гол эрсдэл гэж тодорхойлжээ. Манай компаниудад эдгээр эрсдэлийг даван туулах боломж хэр байна вэ? “Эрнст энд Янг”-ийн зүгээс энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

Манай компанийн зүгээс 9 дүгээр сард болох “Дисковер Монгол” хөрөнгө оруулалтын чуулган дээр бид уул уурхайн салбар хариуцсан том партнер, мэргэжилтнээ  оролцуулна. Тэр хүн энэ талаар зөвлөгөө  өгнө. Бидний гаргасан энэ 10 эрсдэл улс улсаасаа хамаараад өөр байж болох юм. Хэдэн жилийн өмнө уул уурхайн компаниуд аль болох ихийг үйлдвэрлээд аль болох хурдан зарахыг зорьдог байсан. Одоо бол аль болох үр ашгаа нэмэгдүүлэх, үргүй зардлыг багасгах, тоног төхөөрөмжийн ашигт ажиллагааг дээшлүүлэх, ажиллах хүчний зөв хуваарилалт хийх зэргээр менежмент талдаа анхаарлаа илүү хандуулж ажиллах хэрэгтэй. Мэдээж бид энэ чиглэлээр уул уурхайн компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Монголын томоохон компаниудад аудитын үйлчилгээ үзүүлдгийн хувьд Монголын компаниудаас ямар сул тал олж харав?
Монголын уул уурхайн компаниудад нэг том бэрхшээл байна гэж хардаг. Монголын аль ч уул уурхайн томоохон компани Хятадын хэрэглээний 1%-ийг ч хангаж чадахгүй жижигхэн компанид тооцогдох  учир тэдний хэлсэн, тогтсон үнээр л бүтээгдэхүүнээ борлуулдаг. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд Хятадын том зах зээлд жижиг тоглогч учир хэлсэн үнээр нь л бүтээгдэхүүнээ зарж байна. Өөрсдөө үнээ тогтоож чадахгүй байна гэсэн үг. Үнэ унаж байгаа энэ үед ашигтай ажиллаж, үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулах ёстой. Жижиг компани учир үйлдвэрлэлээ ч нэмж чадахгүй, өртөг зардлаа ч бууруулж чаддаггүй. Гэтэл олон улсын том компаниуд хүссэн хэмжээгээр үйлдвэрлэлээ нэмж, борлуулахын зэрэгцээ өртгөө бууруулж чадаж байна.

Манай улсын хувьд энэ том асуудал. Үүнийг шийдвэрлэх ямар гарц байна гэж Та харж байна вэ?
Түрүүн хэлсэнчлэн Монголын компаниуд хүчээ тарамдаж байна. Тусдаа жижиг компаниуд хүний аманд орж байгаагаас ялгаагүй. Хэрвээ би байсан бол Монголын нүүрсний компаниудыг бүгдийг нь нийлүүлж нэг том нүүрсний корпораци байгуулна. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, МАК, “Саусгоби сэндс”, “Шарын гол”, “Шивээ-Овоо”, “Багануур” гээд том гэх бүх компанийг нэгтгээд улс төрийн нөлөөнөөс ангид, зөв засаглалтай корпораци болгохын төлөө ажиллана. Ингэж нэгтгэвэл үйлдвэрлэлийн хэмжээ маш их болж, үйлдвэрлэлийн өртөг буурах бүрэн боломжтой. Ядаж л  хүнд машин үйлдвэрлэгч томоохон компани  дээр очоод бид ийм том уурхай, 60 том машин авъя гэхэд үнэ нь одоо авч байгаагаас илт хямдарна шүү дээ. Одоо бол нийлээд авчих 60 машинаа тус тусдаа хоёр хоёроор худалдаж авч байгаа болохоор өндөр үнэ төлж байна. Ийм байдлаар дэд бүтцийн асуудлаа ч шийдвэрлэх боломжтой.

Танайх Монголын томоохон компаниудад аудит хийгээд олон жил болж байна. Манай компаниуд үр ашгаа нэмэгдүүлэх, зардлаа бууруулах хэр боломжтой байдаг бол? Олон улсын томоохон компаниудтай харьцуулбал ямар зардал нь илүү өндөр байдаг юм бол?

Түрүүн хэлсэнчлэн зах зээлд тогтож үлдье гэвэл Монголын компаниудад зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэхээс өөр сонголт байхгүй. Ойрын хэдэн жилд ашигт малтмалын үнэ өсөх магадлал байхгүй. Үнэ өсөхийг хүлээгээд өндөр зардалтай ажиллаад байвал дампуурна. Бидний ажиглаж байгаагаар зарим компани зардлаа бууруулах тал дээр тодорхой алхмууд хийгээд эхэлсэн. Үүнийгээ цаашид үргэлжлүүлэх байх. Гэхдээ зөвхөн компани дотроо л үүнийгээ ярьж байгаа болохоос биш том компаниуд нэгдээд нийлээд зардлаа бууруулъя гэж ярьж байгаа зүйл алга. Уг нь энэ зам руу явбал илүү өгөөжтэй.  

Манай компаниудын засаглал хэр хөгжиж байна вэ?
Янз бүр байна.  Ерөнхийдөө компанийн засаглалын хувьд сайн биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд хувийн компаниуд засаглалаа сайжруулах чиглэлээр нэлээд анхаардаг болсон нь анзаарагдсан. Компанийн сайн засаглалтай байх нь чухал юм байна гэдгийг ойлгодог болсон.  

Танай компани уул уурхайн салбарын уналттай уялдуулаад үйл ажиллагаагаа өөр салбар руу тэлэх бодлого баримталж байна. Манай улстөрчид үүнийг эдийн засгаа солонгоруулах гэж томьёолдог. Эдийн засгаа солонгоруулах талаар багагүй хугацаанд ярьж байгаа ч дорвитой өөрчлөлт гарч, үр дүнд хүрээгүй л байна. Ер нь манай улсад уул уурхайгаас өөр салбарыг хөгжүүлэх боломж хэр байгаа гэж Та үздэг вэ?

Монгол улсад уул уурхайгаас өөр салбар хөгжих бүрэн боломжтой. Хөдөө аж ахуй, газар тариалан гэхэд ийм том газар нутагт хөгжих ёстой салбарын нэг. Аялал жуулчлал, технологи, харилцаа холбооны салбар, сэргээгдэх эрчим хүчний салбарыг бас хөгжих бүрэн нөөц бололцоотой гэж харж байгаа. Анхны салхин цахилгаан станц ашиглалтад орчихсон, эрчим хүч үйлдвэрлэж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө Эрдэнэтэд ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаас “30 жилийн дараа “Эрдэнэт үйлдвэр” хаагдахад энэ хот яаж амьдрах талаар та бүхэнд бодож төлөвлөсөн зүйл бий юу” гэж асууж байсан юм. Тэгэхэд эрүүл мэндийн төв  хот болно гэж хариулсан. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, Сибирь, Казахстан гээд ойр орчмын бүс нутгаас хүмүүс ирж үйлчилгээ авдаг олон улсын жишигт хүрсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хот болгоно гэж ярьж байсан юм. Тухайн үед энэ талаар сонсвол зарим хүнд гайхмаар байж магадгүй. Гэхдээ ингэж холыг харж, тодорхой хэмжээгээр төлөвлөж тооцоолж байх хэрэгтэй. Биелэхгүй ч байж магад. Өнөөдөр Эрдэнэт хотод том эмнэлэг ашиглалтад орсон гэж сонссон. Цаашдаа ч энэ чиглэлээр хөгжих байх гэж бодож явдаг.

Ярилцсанд баярлалаа.

The Mongolian Mining Journal. 2015.08 №008 /081/