Нүүрс арваны ёроолдоо хүрч, Тавантолгойн гэрээ Тамгын газарт дарагдав

2015-07-29 11:24
Пийбоди Энержи Корпорац энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэдээ эцэслэн танилцуулах гэж байна. Долдугаар сарын 28-нд танилцуулах алдагдлын хэмжээ нь өмнө, зургадугаар сарын 30-нд олон нийтэд гаргасан мэдээллээс илүү “хар” байх болов уу хэмээн шинжээчид тэмдэглэжээ.

Moody’s нь тус компанийн ойрын ирээдүйг  өөдрөгөөр төсөөлөхгүй байгаагаа, 2016 оны сүүл хүртэл ямар ч сэргэлт ирэхгүй гэдгийг саяхан зарласан. Пийбоди Энержи корпорацийн хувьцаа сүүлийн нэг жилийн турш 92.65 хувиар унаад байна. Монголын Тавантолгой ордын олон улсын тендерт Пийбоди компани ёс төдий оролцсон учир нь ч санхүүгийн хүндрэлтэй нь холбоотой юм. Тавантолгой ордод хөрөнгө оруулагчдад тавьсан Монголын Засгийн газрын нөхцөлийг хангах хэмжээний санхүүжилтийг Пийбоди хийх эрмэлзэлгүй байсан учир төмөр замын бүтээн байгуулалтын тухай тендерийн саналдаа дурдаагүй билээ.

Компаниуд өдгөө 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргаж байна. Нүүрсний компаниудын хувьд хувьцааных нь үнэ улаан шугам хүртэл хэдийнэ унаж, алдагдлын хэмжээгээ томруулсаар байна. Дэлхийд коксжих нүүрсний олборлолтоор тэргүүлэгч BHP Billiton-ийн нүүрсний салбарын захирлаар энэ оны нэгдүгээр сард томилогдсон Майк Хенри “Байдал хүнд хэдий ч оны эхнээс 20-25 хувиар үнэ унана гэж төсөөлөөгүй” хэмээн The Weekend Australian сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Коксжих нүүрсний үнэ ойрын үед мэдэгдэхүйц сэргэхгүй хэмээн ноён Хенри дурдаад, Хятадын импортын бодлогоос үүдэн ийм дүгнэлт хийж байгаагаа хэлжээ.

BHP Billiton-ын эзэмшдэг Күинслэндийн уурхай энэ оны эхэнд нэг тонн коксжих нүүрсээ 113 ам. долларын боомтын үнээр борлуулж байсан бол эдүгээ тонн нь 85 ам. доллар болоод байна.

Долдугаар сарын 18-нд Хятадын Эрчим хүчний агентлаг мөн оны эхний хагасын статистикийн мэдээгээ зарласан юм. Тус улсын статистикийн мэдээгээр эхний зургаан сард импортолсон нүүрсний хэмжээ 38 хувиар багасчээ.

Нүүрс сүүлийн арван жилийн хамгийн доод үнэдээ хүрэв. Шалтгаан нь Хятад импортоо огцом багасгасан, экологийн стандартын шаардлага дэлхий дахинд өндөр болсоор байгаатай холбоотой. Хэдий ойрын үед нүүрсний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэхгүй гэсэн таамаг гарсаар байгаа боловч дэлхийн коксжих нүүрсний томоохон орд Моатайзаас далайн шинэ боомт Накала-Вэла хүрэх ложистикийн коридор долдугаар сард нээгдэв. Мозамбик улс ийнхүү Моатайз ордынхоо нүүрсийг Хятад, зүүн хойд Азийн зах зээлд нийлүүлэх гарцыг нээж байна. Долдугаар сард туршилтын ачилт хийсэн ба есдүгээр сараас ажил жигдэрнэ хэмээн Platts мэдээлжээ. Моатайз ордоос тус улсын хойд эргийн Накала-Вэла шинэ боомт хүрэх 900 км төмөр замыг байгуулсан ба ложистикийн бүтээн байгуулалтад Бразилийн Вале компани гол хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Бразилийн Вале нь  Монголын Тавантолгой ордын эхний тендерт 2010 онд оролцож байсан. Харин Тавантолгойд хөрөнгө оруулагч шалгаруулах ажил сунжирч, Монголын улстөрчдийн дотоодын хэрүүлд Тавантолгой орд улам бүр үнэгүйдэх нь тодорхой болсныг мэдэрсэн олон улсын цөөнгүй компанийн адил манайхаас хэдэн жилийн өмнө гарч явсан юм. Вале нь Моатайз ордод хөрөнгө оруулагчаар ажиллан, тус ордын нүүрсийг зөөх 900 км төмөр замыг эзэмшигч ложистикийн компанийн 80 хувийг мөн эзэмшиж байна.

Моатайз ордоос жилд 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. 2017 он гэхэд экспортыг 22 сая тонн болгох төлөвлөгөөтэй.

Монголын Тавантолгой ордын хувьд коксжих нүүрсний үнийн супер уналтын өмнөхөн буюу өнгөрсөн оны аравдугаар сард олон улсын тендерийг зарласан билээ.  Үнийн тодорхой санал өгөх боломжгүй Пийбоди хийгээд, зөвхөн төмөр замын сонирхолтой “Оросын төмөр замууд” нь Тавантолгойн тендерийг зүгээр л өөлөгч болон өөрсдөө хойш суусан юм. Харин хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын коксжих нүүрсний брэндийг таван орны зах зээлд хүргэх  бодит боломж бүхий нэгдсэн Консорциумыг унагаах ажиллагаа төрийн ордонд үргэлжилсээр байна.

Хөрөнгө оруулалтын эхний гэрээг өөлөх ноцтой шалтгаан олдоогүй ба эцсийн дүндээ УИХ-ын дарга З. Энхболдын санал болгосон дундын хувилбараар Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх  тулгалтыг Засгийн газар хүлээн авсан юм. Засгийн газар анхны гэрээгээ УИХ-аас татан авсныхаа дараа З. Энхболд нартай тохиролцсон дундын хувилбарыг УИХ-ын Тамгын газарт наадмын өмнө дахин хүргүүлсэн. Уг дундын хувилбарыг хүлээж авахгүй хэмээн УИХ-ын дарга З. Энхболд ээлжит муур хулганаа эдүгээ тоглож байна.  2015 оны эхнээс унасан нүүрсний үнийн уналтын хэмжээ нь Монголын улстөрчдийн “муур хулганы” дэргэд хамаагүй ойлгомжтой, бодит шалтгаантай, таамаглах прогнозтой үйл явц юм.

Нүүрсний үнийн ёроолд хүрэхээс наана зарлаж, шалгаруулж чадсан олон улсын тендерийг үнс болгох сонирхол нь Монголын төрийн ордон дахь мөнгөний тэмцэл, УИХ хэмээх бизнесийн тод тусгал юм. УИХ-ын танхимд ганц олигтой хуулийн төсөл оруулж үзээгүй гишүүд энэхүү мөнгөний тэмцэлд оройлж байгааг та төвөггүй хараарай.



Л. Болормаа

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Өчигдөр 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Өчигдөр 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.