Тусгай зөвшөөрлийн хүсэлтийн 60%-д татгалзсан хариу ирүүлээд байна

2015-07-07 17:14


Хайгуулын тусгай зөвшөөрлийг  цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү онлайн дугаар олголтын ажлыг  арав гаруй жилийн өмнө  Дэлхийн банкны төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж оролдсон түүх бий. Гэвч уг ажил сунжирсаар 2015 оноос анх удаа ийнхүү туршиж эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд цахим дугаар олголтын үр дүнд улсын төсөвт их хэмжээний орлого орсон тухай олонтаа мэдээлж ирсэн. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн онлайн дугаар олгох ажиллагаа аж ахуйн нэгжүүдийг хэрхэн чирэгдүүлж байгаа, цахим нэртэй боловч хүний хүчин зүйл   нөлөөлдөг тухай маш бага мэдээлж ирлээ.
Түүнчлэн зөвшөөрлийн дугаар авч нэг давааны ард гарсан аж ахуйн нэгжүүдийн өргөдөлд тухайн орон нутгийн Засаг дарга нар татгалзсан хариу өгөх, хуулийн хугацаанд хариу өгөхгүй байх явдал хавтгайрч байгаа юм.
Эдгээр асуудлыг Mongolian Mining Journal зургаа, долдугаар сарын дугаарууддаа цувралаар хөндөх болно. Энэ удаа  Ашигт малтмалын газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Үүрийнтуяагаас тодруулга ярилцлага авахыг оролдов. Сэтгүүл хэвлэгдэн гарсан долоон жилийн хугацаанд хамгийн хүнд сурталтай төрийн албан тушаалтан Д. Үүрийнтуяа дарга байсныг энд онцлоод, бичгээр авсан доорх хариулт манай уншигчдын асуултад бүрэн хариу өгч чадаагүйд хүлцэл өчье.




Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш хэчнээн лиценз олгогдоод байгаа вэ?
2015 оны 1 дүгээр сарын 26 –ны өдрөөс эхлэн өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 201 хайгуулын зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлээд байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хэд нь дотоодын хөрөнгө оруулалттай, хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай, хэд нь хамтарсан компаниуд байна вэ?

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 876 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай,  12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд БНХАУ 17, Сингапур 9, Австрали 4, Канад 3, Люксенбургийн вант улс 3, бусад улсаас 9 аж ахуй нэгжүүд байгаа.

VPN төхөөрөмжөө авсан, системд нэвтрэх эрхтэй хэчнээн компани бүртгүүлээд байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлснээс хойш одоогоор нийт 933 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байгаагаас 765 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Тусгай зөвшөөрлийн хүсэлтэд орон нутгаас ямар хугацаанд эргүүлэн хариу өгч байна вэ? Ямар тохиолдолд татгалзсан хариуг өгч байгаа бол?
Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар тухайн талбай  байрлах аймгийн Засаг даргаас санал авахаар 511 мэдэгдлийг хүргүүлээд байна. Засаг дарга нар нэг сарын дотор хариу ирүүлэх ёстой. Одоогоор ирсэн хариултын 60% орчим нь татгалзсан хариу ирүүлээд байна.

Ямар шаардлага, журмын дагуу  120 дугаар бүртгэн авч байгаа юм бэ?
Кадастрын хэлтсийн албан хаагчдын ачааллыг харгалзан Даваа гариг бүрт 120 дугаар тарааж байгаа. Тус хэлтэс нь өдөрт тусгай зөвшөөрөл хүссэн 30 өргөдөл хүлээн авч шүүлт хийх боломжтой  гэж дүгнэсэн. Иймд ажлын 4 хоногт өргөдлийн шүүлт болон бусад холбогдох ажлыг хийж, үлдсэн нэг хоногт нь дотоод ажил гүйцэтгэнэ. Ингээд долоо хоногт 120 дугаар хүлээж авч байгаа юм.  

Өргөдөл хүлээн авах програм нь кадастрын бүртгэлийн програмтай холбогдсон уу? Өөрөөр хэлбэл өргөдлийн талбайн давхцаж байгаа эсэхийг компьютероор бус, гараар шүүдэг гэх гомдол их гарч байна?
Өргөдөл хүлээн авах програм нь кадастрын бүртгэлтэй цахимаар холбогдоогүй. Талбайн давхцалыг Кадастрын хэлтсийн ажилтнууд шүүж байна. Кадастрын бүртгэлийн системтэй холбох өргөтгөлийн ажил хийгдэж байгаа.

Онлайн бүртгэлийн кибер аюулгүй байдлыг хангахын тулд Ашигт малтмалын газар ямар  арга хэмжээ авч байна вэ?
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй ажиллагааны газар болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тогтмол танилцуулж, тодорхой санал зөвлөмжийг авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тухайлбал Кибер аюулгүй байдлын газраас өгсөн системийн интернэтийн орчин дахь аюулгүй ажиллагааг хангах, Системийн найдвартай ажиллагааг хангах, дотоод хяналт хэрэгжүүлэх зэрэг санал, зөвлөмжүүдийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Онлайн системээр тусгай зөвшөөрөл олгох олон улсын туршлагуудаас харахад давуу тал ба эрсдэл  нь ямар байна вэ?
Олон улсын туршлагаас үзэхэд тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах нь нийтлэг бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг. Тус систем дээр ажиллахад цахим ертөнцийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь чухал.

Онлайн дугаарыг ажлын таван өдрийн ажлын цагуудад нээлттэй байлгах боломжийг судалж үзсэн үү?
Даваа гаригт 120 дугаар тараана. Дээр хэлсэнчлэн ажлын ачаалал, зохион байгуулалтын үүднээс нэг өдөр 120 өргөдөл хүлээн авч, долоо хоногийн турш өргөдлийн шүүлтийг хийж байна.

Хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай нийт нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг хамарч байна вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд өргөдлийн журмаар тусгай зөвшөөрлийн талбайгаа бүхэлд нь болон хэсэгчлэн буцааж өгсөн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд нь бүрэн төлөөгүйн улмаас цуцлагдсан, эсвэл өмнө нь тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй талбайд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үлдсэн газар нутгийн хувьд 71.5 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарласан, харин хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй талбайн эзлэх хувь 7.6% байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээн авах үйл ажиллагааны дарааллыг  тодорхой  тайлбарлана уу. Аж ахуйн нэгжүүд энэ дарааллыг буруу ойлгох, будилах явдал гарч  байна?
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ–т бүртгүүлээд, VPN төхөөрөмжөө худалдаж авна. Дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн хураамжийг төлж, Кадастрын хэлтэст бүртгүүлэн нэвтрэх эрхээ нээлгэх ёстой. Долоо хоног бүрийн Даваа гаригийн өглөө 9:00 – 11:00 цагийн хооронд өргөдлийн дугаар олгох системд нэвтэрч өргөдлийг бөглөнө.  
Дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох заавар манай цахим хаяг  www.mram.gov.mn дээр байгаа. Дугаар олгохтой холбоотой бүх мэдээллийг энд цаг тухайд нь байршуулдаг.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 44 минутын өмнө
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • Уржигдар 17 цаг 24 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • Уржигдар 16 цаг 45 минутад
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
  • Уржигдар 10 цаг 54 минутад
    Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
  • Уржигдар 10 цаг 47 минутад
    Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.