Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

АМНАТ-ын орлого 119%-иар өсчээ

Оны эхний 5 сарын байдлаар улсын Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2.1 их наяд төгрөг болж, төлөвлөснөөс 452 тэрбум төгрөгөөр тасарч, өмнөх оны мөн үеэс 94 тэрбум төгрөгөөр буурсан хэмээн Сангийн яамны төсвийн гүйцэтгэлийн мэдээнд дурджээ. Төлөвлөсөн орлого тасрахад татварын орлого 226.2 тэрбум төгрөгөөр тасарч, 1 их наяд 846 тэрбум төгрөг болсон нь голлон нөлөөлсөн байна. Гэхдээ татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим тэрбум төгрөгөөр л буурсан байна. Голлох татварын орлогуудын гүйцэтгэлийг харвал,

-ААНОАТ-ын орлого 218.1 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 50.8 тэрбум төгрөгөөр тасарсан бол өнгөрсөн оны мөн үеэс 22.8 тэрбум төгрөгөөр буурчээ.

-Хувь хүний ОАТ-ын орлого 198.6 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 11.7 тэрбумаар тасарсан бол өнгөрсөн оны мөн үеэс 6 тэрбум төгрөгөөр өсчээ.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 180 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 22.8 тэрбум төгрөгөөр тасарчээ. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 98 тэрбум төгрөг буюу 119%-иар өссөн байна.

-Дотоодын барааны НӨАТ-ын орлого 207.3 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 45.3 тэрбум төгрөгөөр буюу 23%-иар давж биелжээ. Харин өнгөрсөн оны мөн үеэс 27 тэрбум төгрөгөөр буурсан байна.

-Импортын барааны НӨАТ-ын орлого 219.6 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 154.5 тэрбум төгрөг буюу 41%-иар тасалджээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс ч 127.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

-Суудлын автомашины онцгой албан татварын орлого 20.2 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөнөөс 19.8 тэрбум төгрөг буюу 49.5%-иар тасарчээ. Мөн өмнөх оны мөн үеэс 17.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

С.Болд