“Шүрэн”-гийн усан цахилгаан станц ба “ногоон” даалгавар

2015-05-19 12:35
Б.Төгсбилэгт

Цахилгаан эрчим хүч хүн бүрийн, айл бүрийн амьдралд яг л ус агаар мэт хэрэгцээтэй болсон тийм эринд бид амьдарч байна. Цахилгаан тасармагц гэрэл, гэр ахуйн цахилгаан бараа бүгд ажиллахгүй. Цаашлаад томоохон үйлдвэрүүд, албан газрын ажлын байран дахь үйл ажиллагаа тог цахилгаангүй бол хэрхэхийг ярих ч юм биш. Яг үнэндээ бол эрчим хүчийг тасралтгүй залгуулах энэ чухал үүргээ Монгол улс арай чамай л биелүүлж буй нь бид өнөөдөр оргил ачааллын үед ОХУ-аас зарим тохиолдолд даруй 255 МВт цахилгаан авч буйгаас тод харагдана. Манай дотоодын нийт цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал 900 гаруй МВт байдаг. Уул уурхай, хүнд аж үйлдвэр манайд хөгжиж буй энэ цаг үед хэрэглээ асар хурдацтайгаар тэлж байна, тэлсээр ч байх болно. “Оюутолгой” шиг ердөө ганцхан төслийн үйлдвэр, үйл ажиллагаанд 100-200 гаруй МВт-ын цахилгаан зарцуулах нь энүүхэнд.  Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нь улс орны хөгжлийн гол суурь нөхцөл билээ. Ийм ч учраас Монгол улс тавдугаар дулааны цахилгаан станц болон бусад хэд хэдэн “нүүрсээр галладаг” станцын төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа билээ.

Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлт газар авсаар буй өнөө үед эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол улам бүр өсч буйг дэлхийн улс орнуудын бодлого, хийж буй ажил харуулна. Өөрөөр хэлбэл байгаль орчиндоо ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгаралгүй, бас тэгээд эдийн засаг талаасаа илүү үр ашигтай хувилбарыг дэлхийн улс орнууд эрчим хүчний гол бодлогодоо тусган идэвхтэйгээр хэрэгжүүлж байна. Монголд чөмөг царцам хүйтэн улирал жилийн багагүй хэсгийг хамардаг нь илчит нүүрсээр галладаг станцыг бидэнд цаагуураа илүү ойр дотно санагдуулдаг. Гэвч угтаа нүүрсний станц улс орнуудын эрчим хүчний гол бодлого байхаа больж эхэлжээ. Сэргээгдэх эрчим хүч, аль эсвэл хүлэмжийн хийн ялгарал багатай технологийг улс орнууд нэн тэргүүнд тавьж, түүгээр цахилгаан төдийгүй дулааны асуудлаа шийддэг байдал түгэн дэлгэрч байна.

АНУ-ын Засгийн газар хилийн чанад дахь нүүрсний станцуудад хийх хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэрийг 2013 онд гаргаж байсан бол Дэлхийн банк ч мөн адил энэ чиглэлийн төсөлд санхүүжилт олгохоо хязгаарлах бодлого баримтлах болсон. Үүнээс өмнө буюу 2012 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) нүүрсний станцуудын хүлэмжийн хийн ялгарлын түвшинг үлэмж бууруулах журам баталсан юм. Европын сэргээн босголт хөгжлийн банк ч 2013 оны сүүлээр нүүрсний станцуудыг санхүүжүүлэхэд хөрөнгө гаргахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Нүүрсний мангас гэгдэх Хятад улс хүртэл нүүрсний хэрэглээгээ хумих бодлого гаргаад буй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа санаанд оромгүйгээр хурдацтай тэлж чадаж буй нь гайхалтай. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өнгөрсөн онд 430 ГВт-д хүрч, нийт цахилгаан үйлдвэрлэлийн чадамжийнх нь 32%-ийг, нийт цахилгаан хэрэглээнийх нь 22%-ийг эзэлжээ. Энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлтүүдийн тоонд орж байна.



Манай улсын хувьд хамгийн сүүлийн үеийн технологид түшиглэсэн нүүрсний хэд хэдэн станц ашиглалтад оруулахаар зэхэж буй нь чамлахааргүй үзүүлэлт мөн. Гэвч нүүрсний станц ажиллаж байгаа цагт нүүрс олборлолт, тээвэрлэлт, шаталт, утаа (хүлэмжийн хийн ялгарал), үнс, хаягдал гэсэн шат дараатай үйл явц өрнөж л таарна. Мэдээж шууд сэргээгдэх салбараар одоогийн станцуудаа нэгмөсөн солих нь боломжгүй бас оновчгүй. Харин бид нүүрсний станц гэх “хуучин анд”-аа түшихийн хажуугаар сэргээгдэх эрчим хүчний салбараа давгүй сайн хөгжүүлэх үүргээ умартаж таарахгүй. 2008 онд Дөргөн, Тайширын жижиг хэмжээний усан цахилгаан станцыг ажиллуулж эхэлсэн нь манайд сэргээгдэх эрчим хүчний түүхийн шинэ хуудсыг нээсэн. Бүр сайн мэдээ гэвэл 2013 оны дундуур Салхитын 50 МВт-ын салхин станц ашиглалтад оруулсныг дурдаж болно.

Гэвч сэргээгдэх чиглэл рүү нэвтрэх хурд одоо ч гэсэн хангалтгүй хэвээр байсаар. 2005 онд манай улс энэ чиглэлийн үндэсний хөтөлбөр, 2007 онд тусгайлсан хууль баталсан билээ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн дагуу бол Монгол орны нийт эрчим хүч хангамжид эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 2020 он гэхэд 20-25%-д хүргэнэ гэсэн давгүй сайн зорилт тусгалаа олжээ.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр манай улсад ногоон талаасаа гадна эрчим хүчний найдвартай байдалд эргэлт гарах сайн талтайг эрчим хүчний эрдэмтэд сануулдаг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний өөр өөр эх үүсвэрийг хослуулан ашиглах нь найдвартай, үр ашигтай үйл ажиллагааг баталгаажуулдаг байна. Энэ ч утгаар Монгол улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний тухайд нар, салхины эх үүсвэрээс гадна хэд хэдэн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр бодлогодоо тусгасны нэг чухал төсөл нь Шүрэнгийн усан цахилгаан станц юм.

Энэхүү цахилгаан станцын төсөл хэрэгжих үе шат эхлэхэд улам бүр ойртсоор. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны урьдчилсан судалгааг Монгол, Германы аж ахуйн нэгж буюу “Монгол менежмент төв” болон “Klenwasserkraft GmbH” компаниуд хамтран боловсруулж дуусгажээ. Энэхүү урьдчилсан судалгааг Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд (MINIS) хийж гүйцэтгэжээ. Харин одоо төслийн “сүүлийн шатны” техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн нийт 19 сарын хугацаанд тухайн компани ажлаа хийж дуусгах шаардлагатай юм. Тодруулбал, судалгааг ойролцоогоор 3 сая долларын төсвөөр 2016 оны сүүлээр боловсруулж дуусгах төлөвтэй байна. Судалгааг бүхий л шатанд нь Дэлхийн банкны стандартын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хэрэв эцсийн ТЭЗҮ-ийг боловсруулж, улмаар төслийг Дэлхийн банкны стандартыг хангаж байна гэж үзвэл томоохон хөрөнгө оруулагчдыг татах, бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Шүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан судалгааг 1970-аад онд Оросын “Gidroenergioproikt” хүрээлэн болон Монгол улсын Хөдөө аж ахуйн яамны хийж боловсруулж байсан судалгаанд үндэслэжээ. Хоёр компанийн судалгаагаар Шүрэнгийн усан цахилгаан станцыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр барих нь хамгийн тохимромжтой гэж үзсэн бөгөөд нийт хүчин чадал нь 244 МВт байх ажээ. Энэ нь дээхнэ үед хийсэн тэрхүү Орос, Монголын талын судалгааны дүнгээр Шүрэнгийн усан цахилгаан станцын хүчин чадлыг мөн л 245 МВт гэж тогтоож байсантай дүйж буй юм. Тухайн цэгт 65 метрийн өндөртэй, 1230 метрийн урттай далан байгуулах төлөвлөгөөг судалгаанд тусгажээ.

Станцыг хэдий хугацаанд ашиглалтад оруулах боломжтойг урьдчилсан судалгаанд дурдаагүй. Төлөвлөгөө ёсоор Шүрэнгийн УЦС жилдээ 50-60 сая долларын цахилгаан борлуулах боломжийг дэвшүүлжээ. Харин төсөлд зарцуулагдах нийт хөрөнгө оруулалт 780 гаруй сая ам.доллар байна гэж гарчээ. Уг УЦС-ын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуулах бөгөөд энэ бол үлэмж том усан сан үүснэ гэсэн үг юм. Тэр хэрээр 20300 га талбай усанд автахаар байгаа ажээ. Уг УЦС-ын ус хуримтлуулах талбай нь Сэлэнгэ аймгийн гурван (Баруунбүрэн, Хушаат, Цагааннуур) сум, Булган аймгийн хоёр (Хангал, Сэлэнгэ) сумыг  дайрах юм байна.
Гэхдээ уг төслийг сайтар судалж, төлөвлөгөөтэйгээр барьж байгуулж чадвал Монгол улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад тун чухал алхам болохыг Шүрэнгийн УЦС төслийнхөн тайлбарладаг. Төслийн эцсийн шатны техник, эдийн засгийн судалгаа болоод Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2016 онд боловсруулж дуусах төлөвтэй байна. Гэхдээ судалгааг дуусгахад наана нь хийх ажил тун арвин бий.

Манай улс дотоодын цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул ОХУ-аас жил бүр олон арван тэрбум төгрөгийн эрчим хүч импортолж авдаг бөгөөд 2014 онд ОХУ-аас нийтдээ 287 сая КВт.цаг эрчим хүчийг 57 тэрбум төгрөгөөр импортолжээ. 1997 оноос хойш ОХУ-аас нийтдээ 320 сая долларын өртөг бүхий эрчим хүч авчээ.

Ер нь Шүрэнгийн станцыг аль 1970-аад оноос ашиглалтад оруулах боломжийг судлах зөвлөмжийг тухайн үеийн Түлш, эрчим хүчний яам­наас гаргаж байсан бөгөөд мөн үед зөв­хөн дулааны станцаар эрчим хүчээ залгуулах бодолгүй байсан нь ажиглагддаг. Манай улсын Ховд, Сэлэнгэ, Эг, Орхон, Туулын сав газарт нийтдээ 1.5 ГВт усны эрчим хүчний боломж бийг Gidroenergioproikt хүрээлэн, Монголын ХААЯ-ны судалгаагаар тогтоож байжээ. Харин Монголын Цаг уурын хүрээлэнгээс орон даяарх нийт 3800 гаруй том, жижиг голд үндсэндээ 6 ГВт гаруй хүчин чадлын боломж  бий гэсэн тооцоо бий.

Усан цахилгаан станцын сэдэв манайд экологи, эдийн засгийн ач холбогдол, харьцангуй өргөн нөөц боломж талаасаа үнэхээр сайхан сонсогдох авч байгаль орчны зарим байгууллагын саналыг авч үзэхэд баярлахад эрт байгаа нь шууд ойлгогдоно.

Шүрэнгийн УЦС байгаль орчны хувьд үнэхээр боломжтой төсөл мөн үү?

Уг төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал харгалзах зүйл байгаль орчны асуудал байх нь дамжиггүй юм. Сэргээгдэх эрчим хүч буюу байгальд ээлтэй энэ салбар   өөрөө эко байхгүй юм бол өөр ямар салбар эко байх сан билээ.  Угтаа төслийн байгаль орчны асуудлыг авч үзэх цагт Шүрэнгийн УЦС-ын төсөл нь харагдаж байгаагаасаа хавьгүй ярвигтай болох нь улам бүр тодрох ажээ. Ус хуримтлуулах талбайд асар их хэмжээний усыг Сэлэнгэ мөрний сав нутагт хурааж, томоохон нуур үүсгэх нь өнгөц харахад экологийн хувьд харин ч   чийглэг уур амьсгал бүрдэх нь гэсэн сайхан бодол олон хүнд төрүүлж болох юм. Гэвч уг төслийг Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбоо, Хил хязгааргүй гол мөрөн зэрэг байгууллага хүчтэй эсэргүүцэж байна. Монголын Зөгийчдийн нийгэмлэгийн ТББ ч тодорхой шүүмжлэлтэй саналаа илэрхийлжээ. Гэвч энэ бол төслийг шүүмжлэх, эсэргүүцэх бүлгийн зөвхөн зарим төлөөлөл хэсэг болохыг энд цохон тэмдэглэе. Байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх усан цахилгаан станцыг тэд юунд үгүйсгэх болов? Учир нь Сэлэнгийн ай сав бол Монголын байгаль орчин төдийгүй нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн   чухал бүс нутаг билээ. Энэхүү бүс нутгийн байгаль, цаг уурыг хамгаалж үлдэх нь үнэн хэрэгтээ Шүрэнгийн станцыг байгуулж, ашиглахаасаа хавьгүй илүү үнэ цэнтэй, үр ашигтай гэсэн санааг тэд дэвшүүлж байгаа юм.

Товчхондоо бол Шүрэнгийн станц байгуулагдсанаар тэнд ургадаг маш ховор нандин эмийн ургамлууд устаж үгүй болох, биологийн төрөл зүйлийн тэнцвэр алдагдах, цаашлаад Байгаль нуурын бүрэн бүтэн байдалд хортойгоор нөлөөлж болзошгүй байгаа ажээ. Нөгөө талаас Шүрэнгийн станц байгуулагдах хэсэг нь газар хөдлөлийн идэвхтэй бүс буюу 8 баллын эрсдэлтэй хэсэгт оршдог нь ихээхэн түгшүүр дагуулж байгаа юм. Түүнчлэн тухайн хэсгийн хөрс нь харьцангуй сэвсгэр хурдастай, шүүрэлт ихтэй тул ойр орчмын хөрсний болон худгийн усны чанарт нөлөөлөх, цаашлаад Эрдэнэтийн худгийн усны чанарт аюултайгаар нөлөөлж болзошгүйг Туул голын сав газрын захиргаа сануулж байсан юм.

Хил хязгааргүй гол мөрөн байгууллагын тухайд (ХХГМ) хил дамнасан гол мөрөн түүний экосистемийг хамгаалах зорилготой дотоодын болон олон улсын ТББ, мэргэжилтнүүдийн эвсэл юм байна. Тэдний үзэж буйгаар Шүрэнгийн төсөл нь Дэлхийн банкны өөрийнх нь бодлого болох OP 4.04 буюу Байгалийн нутаглах газар (Natural Habitats)-ын тухай бодлогоо огоорон нэн ховордсон, устах аюулд өртсөн ан амьтан бүхий голуудын сав газарт усан далан барих төсөл боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлж буй явдал болжээ.  Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол, Буриадын хил дамнасан томоохон гол болох Сэлэнгэ мөрний экосистемд ноцтой аюул учруулаад зогсохгүй ЮНЕСКО-гийн Дэлхийн өв санд бүртгэгдсэн Байгаль нуурт сөргөөр нөлөөлөхөөс гадна гидрологийн горим ба цаг уурыг өөрчлөх болон бүсийн газар хөдлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Дэлхийн банк өөрийн мэдээллийг ил тод байлгах бодлого, төсөл хэрэгжүүлэх явцын хяналт, байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлогуудаа үл ойшоож байна хэмээн тус байгууллага шүүмжилжээ.

Сэлэнгэ мөрний хувьд Байгаль нуурт цутгадаг голын усны эх үүсвэрийн бүхэл бүтэн 50%-ийг эзэлдэг учир ОХУ-ын эрдэмтэд, судалгааны байгууллагууд үүнд ихээхэн анхаарал хандуулдаг. Нөгөө талаас Сэлэнгэ мөрөн, түүний сав газар буюу Монгол орны экосистемийн хамгийн чухал хэсгийг хэвээр нь хадгалах асуудал монгол эрдэмтдийн санааг чилээж буй.

Монголын Зөгийчдийн нийгэмлэгийн ТББ ховор ургамал устах аюулын талаар шүүмжилсэн зөвлөмж гаргажээ. Тус байгууллагын тооцоолж буйгаар Сэлэнгэ мөрний ай савд баригдах уг станцын нутаг дэвсгэрт нэн ховор, Улаан номд орсон цөөнгүй ургамал тархсан учир төслийг хэрэгжүүлэхээс урьтаж тэдгээрийн зүйлийн бүрдэл тархац, арвийг нарийвчлан судалж, шилжүүлэн суулгаж үржүүлэх шаардлагатай гэжээ. Тэдгээрийн заримыг дурдвал дэлхийн хэмжээнд устах аюулд ороод буй том цэцэгт саадган цэцэг, шар саадган, эгэл годил, дагуур сараана, алтангагнуур, хонин арц, манж гандигар, том навчит дэгд, бужгар сараана, алтантэрэлж, монгол хундгана, фуксын цахирам; ховор ургамалд орох ягаан цээнэ, одой сараана, дагуур арц, игүүшин, их шүүдэргэнэ, анхил сонгино, азийн төлөгч зэрэг 100 орчим зүйл тархсан байх магадлалтай гэжээ. Төслийн ус хуримтлуулах талбайн нэг хэсэг болох Булган аймгийн Хангал суманд тэдний хийсэн балт ургамлын судалгаагаар 300 орчим зүйлийн ургамал бүртгэгджээ. Тэгэхээр төслийн хамрах талбайд ямар их үнэ цэнтэй ургамлууд бий нь тус байгууллагын судалгаанаас илэрхий ажиглагдана.
Дээрх анхааруулах саналуудыг сонсоход энэхүү сэргээгдэх эрчим хүчний төсөл ногоон үр ашиг гэхээсээ илүү сөнөөгч үр дагавартай байх вий гэсэн эргэлзээ эрхгүй төрнө. 

Гэхдээ Шүрэнгийн УЦС-ын төслийнхний тайлбарлаж буйгаар станц ашиглалтад орсноор Байгаль нуурын усны түвшинг хэвийн барих боломжийг бүрдүүлэх, Сэлэнгэ мөрний ОХУ-ын талд учруулах үерийн эрсдэлийг бууруулах, дотооддоо усны томоохон нөөц бүхий сантай болох, хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын таатай орчин бий болох, аялал жуулчлал, загасны аж ахуй хөгжих гэх мэт олон давуу талыг нэрлэж буй юм. Төсөл хэрэгжсэнээр зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүчний оргил ачааллыг хаах, аваарын эрчим хүчний нөөцтэй болох, бусад төрлийн эрчим хүчний станцын тогтвортой ажиллагааг хангах, цахилгааны импортыг бууруулах гэх мэт олон чухал эдийн засгийн давуу талыг хэлдэг.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зүгээс энэ төслийг урагшлуулах талд бүрэн зогсож буй. Төслийг хэрэгжүүлэх ногоон шийдлийг тал бүртээ судлан тогтоож, харилцан ойлголцож, хэрэгжүүлэх боломжтой нь тогтоогдвол Шүрэн монголчуудад жинхэнэ ашиг авчирна. Гэхдээ байгаль орчинд нөлөө багатай байж чадах тухай баталгаа өгсөн цагт, бүх тал байгаль орчин, эдийн засгийн үр ашгийн талд нэгдсэн шийдэлд хүрч харилцан ойлголцсон цагт л.

Үүнээс гадна уг төсөлд хил дамнасан голын маргааныг шийдвэрлэхэд ОХУ-тай тохиролцоход ихээхэн хүндрэлтэй гэгддэг ч хоёр улсын тал үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтойг Шүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч Г.Ёндонгомбо тайлбарлаж буй юм. 2012 онд хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн ажиллагааны протоколд ОХУ-аас тус станцын төсөлд байгаль орчны болзошгүй эрсдэлийг судлах тухай тусгасан байдаг. Энэ чиглэлээр ОХУ-ын холбогдох байгууллагуудтай судалгаа хийгээд явах учир төсөл хэрэгжүүлэхэд асуудал гарахгүй ажээ. Хамгийн гол нь техник, эдийн засгийн болон байгаль орчны эцсийн судалгааны дүнгээр уг төсөл хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэх тул өнөөдөр шууд дүгнэлт хийхэд эрт байна.

Сэлэнгэ мөрний экологийн тэнцвэрт байдалд аюул учруулбал бид өөрсдөө өөрсдийгөө хөнгөхөн хорлочихож буйтай агаар нэг болно. Дээр нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны дундаж хэм хоёроос дээш хэмээр нэмэгдээд байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин өндөр байгаа нь усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн хэмжээ урт хугацаандаа боломжит түвшиндээ хүрч чадах эсэхэд эрсдэлгүй гэх баталгаа үгүй болохыг гэрчилнэ.  Гэвч боломж байсаар байтал ашиглахгүй өнгөрчих нь тэнэглэл. Хэрхэх нь зүйтэйг эцсийн судалгааг зөв сайн хийснээр шийднэ.

Монгол улс боломжийнхоо хэрээр ногоон шийдлийг эрэлхийлж буй нь зөв алхам. Хэн ч сэргээгдэх эрчим хүчийг үгүйсгэж чадахгүй. Гагцхүү тэр нь манай орны нөхцөлд тохиромжтой, байгальд ээлтэй хийгээд үр ашигтай ажиллахуйц байвал монголчууд бүгд хожих билээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 11 минутын өмнө
    Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт-2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • 16 цаг 35 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • Уржигдар 15 цаг 04 минутад
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 25 минутад
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.
  • 2020-01-20 10:41
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна.