Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б. Ганжигүүр: ХАБЭАБО-ы онооны систем нэвтрүүлэх томоохон ажил бэлтгэл шатандаа явж байна



Г.Идэрхангай

“Трансвест Монголиа” ХХК-ийн  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин /ХАБЭАБО/ хариуцсан газрын дарга Б.Ганжигүүртэй ярилцлаа.  

“Трансвест Монголиа” ХХК нь ХАБ-ын чиглэлээр дотооддоо ямар бодлого, зарчим, стандарт  баримталж ажилладаг вэ?
Бид “Safety by Choice, not by Accident” буюу “Аюулгүй байдал бол аз биш, сонголт юм” гэсэн уриатай ажилладаг. Өөрөөр хэлбэл  тухайн ажилтан  аюулгүй байдлаа хангахын тулд зөв сонголт хийх ёстой.  Ажлын байран  дээрээ  яаж зөв сонголт хийхийг компаниас зааж өгдөг гэсэн үг.  Мэдээж буруу сонголтын үр дүн нь осол аваар л байна.

Жишээ нь, гарцгүй газраар зам хөндлөн гүйх үү, үгүй юу,  суудлын даруулгын бүсээ зүүх үү, үгүй юу гээд өдөр тутмын сонголтыг хувь хүн өөрөө хийдэг. Зөв сонголт хийсэн үед осол гардаггүй.  Энэ ойлголттой уялдаад бид  ХАБЭАБО-ы загвараа боловсруулсан юм.



Юуны түрүүнд нийт ажилтан ажиллагсдынхаа  ХАБЭАБО-ы  мэдлэгийг сайжруулах, бусдад нөлөөлөх үлгэр жишээч байдлыг нь хөгжүүлэх,  эрсдэлийг үнэлэх, бууруулах арга аргачлалыг нэвтрүүлэх,  эцэст нь мэдээллийн урсгалыг хүн болгонд хүргэх ажлыг  зохион байгуулахаар бид  зорьж байна.

Энэхүү Үл буруутгах менежментийг нэвтрүүлснээр  ажилтан, ажиллагсад ХАБЭАБО-ы асуудлаар илэн далангүй, нээлттэй мэдээлэл солилцох боломжийг нээж өгч байгаа юм.

Алдаа гаргасан хүүхэдтэйгээ аав нь ярилцахгүй, загнаад байвал хүүхэд  болсон явдлыг нуугаад өнгөрөхийг боддог.  Тиймээс ХАБЭАБО-ы  асуудал дээр сахилгын арга хэмжээ тооцохдоо болгоомжтой,  ухаалаг хандах ёстой.
Бүх ажилдаа аюулыг мэдээлэх, ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг, ээлжээр наряд хийх системүүдийг үр дүнтэй нэвтрүүлснээр Хугацаа алдсан гэмтлийн давтамж 0,27 хүртэл буурч  /Австралийн уул уурхайн салбарын дундаж үзүүлэлт 3,1 байдаг/, нийт гарч буй ослын давтамж 0,58 хүртэл багассан.
Ойрын хоёр жилийн хугацаанд  бид  ослын үзүүлэлтүүдийг 0 болгоно гэдэгтээ  итгэлтэй байна.  Ажилчдын   ажлын шалгуур үзүүлэлт дээр уг зорилтыг  жил тутамд  тусгаж, жилийн эцсийн урамшууллын системтэй уялдуулж өгсөн. Өмнөх туршлагуудаас анзаарахад  ХАБЭАБО-ы  удирдлагын систем аливаа байгууллагад бүрэн төлөвшихдөө хамгийн багадаа 3 жил зарцуулагддаг юм билээ.
Удирдлагын ХАБЭАБО-ы манлайлал, үлгэр жишээч байдал, дэмжлэгээс бүх зүйл шалтгаалдаг.  Харин удирдлагуудын анхаарлыг ХАБЭАБО-ы  асуудалд хандуулахын тулд ХАБЭАБО-ы   ажилтан өөрөө  маш сайн ойлгуулж  чаддаг байх хэрэгтэй.

ХАБЭАБО-ы чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байгаа юм байна.  Үр дүнгээ хэрхэн дүгнэж, хянаж байна вэ?
Сүүлийн нэг жилд ажилтан бүрийг  ХАБЭАБО-ы  ажилд татан оролцуулахын тулд 7 хоногт хамгийн багадаа 1 удаа хэлтэс болгон ажлын байрны үзлэг хийдэг болсон.
Жишээ нь,  баасан гариг бүр  Хүний нөөц болон Санхүүгийн хэлтсийн ажилтнууд сонгож авсан талбайгаараа ХАБЭАБО-ы ажилтантай  хамт үзлэг хийж, илэрсэн аюулуудаа зургаар баримтжуулан, үзлэгийн тайлангаа өгдөг.
Тайлангаас  илэрсэн аюулуудыг Засах арга хэмжээний бүртгэлд оруулаад  даваа гариг болгонд  энэ  бүртгэлээ бүх захирал болон менежерүүдэд явуулдаг. Бүртгэлийн дагуу авч хэрэгжүүлсэн  арга хэмжээнүүдийг шалгаж, бүртгэлээсээ  хасах зарчмаар ажилладаг.

Ингэснээр  мэдээлэгдсэн аюул заавал арилдаг.  Ийм зарчмаар ажиллах нь бүх хэлтсийн ажилтан  ажлын байран дээрх аюулгүй байдлаа дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах бөгөөд  үзлэг болгон дээр аюулыг илрүүлэх арга барилд суралцаж байдаг.
Сургалтыг 2013 онд Хөдөлмөрийн яамнаас баталсан А/53 тушаалын дагуу боловсруулж, MNS4969:2000  стандартын дагуу жилд 6-гаас доошгүй удаа явуулж байна. Үүнээс гадна ХАБЭАБО-ы  манлайлал, Ослын судалгаа хийх зэрэг нэмэлт сургалтыг зорилтот бүлгүүдэд жилдээ 5-аас доошгүй удаа явуулдаг.
Сургалтаар өгсөн мэдлэг, амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг байнга нягтлан, жил бүрийн тавдугаар  сард сургалтын агуулгаа сайжруулдаг юм.


Танай компанийн мэргэжлийн баг  2012 онд өвлийн хүйтэнд “Комацу”-гийн хүчирхэг техникүүдийг  гэрээт хугацаанаас нь өмнө амжилттай, осол авааргүй  угсарсан.  Бас Тавантолгойн Баруун Цанхийн уурхай дээр Комацу PC2000 гидр экскаваторыг хоёрхон  долоо хоногийн дотор амжилттай угсарч байлаа. Төслөө амжилттай явуулахын тулд шаардлагатай бүх ажлуудаа 100 хувь төлөвлөж  бэлтгэдэг үү?
Аливаа том төслийн өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, төслийг амжилттай явуулахын тулд шаардлагатай бүх нөөцийг бэлтгэдэг. Төлөвлөлт,  бэлтгэл ажил нь амжилтын үндэс.
Жишээ нь, хаана, ямар ажил дээр 1.5 м-ээс дээш өндөрт ажиллах эрсдэл бий болох вэ, эрсдэлийн талаар бүх хүн мэдээлэлтэй байгаа юу,  хэрэглэгдэх хамгаалах хэрэгслийн чанар ямар байх вэ, тоо хэмжээ нь хэд байх вэ, бэхэлгээний цэг хэт өндөрт байвал ямар татлага ашиглах вэ гээд бүх эрсдэлийг төслийн багийнхан хэлэлцэж тохирон, нэг ойлголттой болдог.

Ур чадвартай, мэргэжлийн ажилтан ажиллагсадтай болохоор ХАБЭАБО-ы  журмыг яагаад мөрдөх шаардлагатай вэ гэх мэтийн анхан шатны зүйл ярьж сургалтын цагаа үрдэггүй. Үндсэн гол эрсдэлүүд дээрээ төвлөрөөд, эрсдэлийг хэрхэн бууруулж, аюулгүй ажиллах арга барилаа шууд ярилцаад явдаг.



Цаашид  танай ХАБЭАБО-ы   хэлтэс хөдөл­мөрийн аюулгүй ажиллагааны талаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Ирэх зургаан  сарын хуга­цаанд   ХАБЭАБО-ы  онооны систем нэвтрүүлэх томоохон ажил бэлтгэл шатандаа явж байна.  ХАБЭАБО-д хийж байгаа бүх ажлаасаа оноо цуглуулж, сар болгон хүн бүр 100 оноо цуглуулна. 100-аас илүү оноо авсан бол сайн байна гэсэн үг.
Тухайн  компанийн хэн гэдэг ажилтан ямар  ХАБЭАБО-ы гүйцэтгэл гаргаж,  ур чадвар нь ямар байдлаар илүү хөгжиж, тухайн хүнд ямар зөвлөгөө, тусламж хэрэгтэй байгааг хэмжих боломжгүй байдаг. Харин онооны системийг хэрэгжүүлснээр Бат 129 оноо, Дорж 95 оноо, Туяа 76 оноо гэх мэтчилэн нарийн хэмжих үзүүлэлттэй болсноор хүн болгоны гүйцэтгэлд хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
Нөгөөтэйгүүр стандарт 100 онооноос бага авсан хэн хэн байна, тэдгээр ажилтнууддаа илүү анхаарал хандуулах боломжтой болно. Тусламж хэрэгтэй ажилт­нуудаа тодорхойлж, ямар ур чадварыг нь хөгжүүлэх шаард­лагатай талаар нарийн мэдээлэлтэй болно гэсэн үг.

Та  ХАБ-ын чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
Би анх 2005 онд BHP Billiton компанид ХАБЭАБО-ы ажилтнаар ажлын гараагаа эхэлж байсан.  Дараа нь  “Саусгоби Сэндс”, “Энержи Ресурс” зэрэг уул уурхайн компанид энэ мэргэжлээрээ    10 гаруй  жил ажилласан. Одоо “Трансвест Монголиа” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан газрын даргаар ажиллаж байна.


  • munkhbat (202.21.116.162)
    mundag zalyy
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Ж.Оюунцэцэг (112.72.13.173)
    Их өгөөжтэй мэдээлэл өгдөг чадварлаг залуучуудын нэг шүү Ажлын амжилт хүсье
    2015 оны 05 сарын 12 | Хариулах