Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов

Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.

“Оюутолгой” ХХК 2014 онд ойролцоогоор 733.7 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, борлуулалтын орлого нь 1.6 тэрбум доллар болжээ. Борлуулалтын орлогыг ашигт малтмалын төрлөөр нь ангилвал зэс 1 тэрбум, алт 620 сая, мөнгө 170 сая ам.доллар болсон байна. Харин үйл ажиллагааны зардал нь 905.6 сая доллар болжээ. Зөвхөн 4 дүгээр улиралд 262.7 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 634.1 сая долларын орлого олсон нь өмнөх улирлаас 19.2 хувиар өссөн дүн юм.

“Туркойз Хилл Ресурс”-ын мэдээлэлд далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлыг ч дурдсан байна. Татварын маргаан тэргүүтэй хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудал, шинэчилсэн ТЭЗҮ-ийг хувь нийлүүлэгч талууд болон ЭБМЗ хүлээн авах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах, Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг 4 асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ хэмээн дурджээ. Үүнээс шинэчилсэн ТЭЗҮ-ийг нь ЭБМЗ-д хүргүүлээд байгаа юм.

“Оюутолгой” ХХК 2015 онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

С.Болд