Усны нөөц ховортоо бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог

2015-03-22 14:10
Дэлхийн усны өдөрт зориулав. 3 дугаар сарын 22

УСНЫ УХААЛАГ ИХ ХЭРЭГЛЭЭТЭЙ УЛС ХӨГЖИНӨ  

“Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа.

Монгол орон ер нь усны хэр нөөц, чадавхтай улс вэ?

Монгол улс дэлхийн хэмжээнд усны нөөц бага гэсэн ангилалд ордог хориод орны нэг. Гэхдээ цөлөрхөг улс орнуудыг бодвол харьцангуй боломжийн. Би Дундад Азид 5 жил сурахдаа Сырдарья, Амударья мөрний эрэг дээр, Голодная степь /Өлсгөлөнгийн тал/ гэж газар байсан. Усгүй газар ямар хэцүү байдгийг маш сайн мэднэ. Тэдний дэргэд манай орон усгүй газар биш. Харин байгаа усаа ашиглаж чаддаггүй орны номер нэгд орно. Хурмастаас манайд чамлахааргүй усыг илгээдэг. Гэвч усны ихэнх нөөц умард болон зүүн зүгт Хойд мөсөн далай, Номхон далайн ай сав газар тийш хором бүр гадагшилдаг онцлогтой. Монгол орны усны дийлэнх нь Сэлэнгээр дамжаад хойшоо урсаад гарчихдаг. Арван хэдэн гол хойшоо гарч байна. Тодорхой хэсэг нөөц Хэрлэн, Онон, Улзаар дамжаад Номхон далай руу гарчихдаг. Зүүн тийшээ 5-6 гол гараад явдаг. Алт эрдэнэсээс илүүтэй үнэт баялаг маань ийнхүү минут, секунд тутамд гадагшаа тасралтгүй урсан гарсаар байна гэсэн үг.
Усгүй юм уу гэхээр устай. Устай юмуу гэхээр урсаад алга болчихно.Тиймээс гадаргын усаа хуримтлуулж ашиглах ёстой орон. Манай улсын усны нөөцийн бодлого байгаа жаахан усаа хэрхэн хуримтлуулж ашиглахад чиглэх ёстой юм. Ялангуяа усны хэрэглээ маш их нэмэгдэж байгаа өнөө үед. Өмнө нь бидэнд малаа услахаас өөр том хэрэглээ бараг байсангүй шүү дээ.

Усны асуудал маш түвэгтэй. Ялангуяа олон улсын буюу улс дамжсан гол мөрний усыг ашиглах маш түвэгтэй байдаг. Дунай мөрөн гэхэд арваад улсыг дамждаг, маш их хэрүүл, хэл амтай. Уснаас болж дайн ч гарна. Одоо Африкийн орнууд дандаа уснаас болж дайтаж байна. Намайг далан хэдэн онд Дундад Азид сурч байхад усны хаалтыг буутай хүн сахиад хэвтдэг байлаа. Усны асуудал ийм л байдаг. Манайхан л сайн ойлгоогүй байна. Усны хэрэглээ бага, газар тариалан хөгжөөгүй, мал нь худгаас уугаад явчихдаг, үйлдвэр цомхон учраас тэр байх. Сүүлийн үед л ус дутагдалтай говь, тал хээрийн бүсэд усыг ихээр ашиглагч уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болж, усыг шинээр харж, ойлгож эхэлж байна. Усаа дахин ашиглана гэж том ярьдаг, усаа бага хэрэглээч гэж ухуулдаг боллоо. Усыг зөв хэрэглэх нь зөв. Би ч гэсэн аяганд ус хийгээд шүдээ сойзддог.

Гэхдээ улсын хөгжил усны их хэрэглээгээр явдаг. Ухаалаг их хэрэглээтэй байж улс хөгжинө. Маш зөв ухаалгаар ахиу ус хэрэглэсэн улсыг өндөр хөгжилтэй гэж үздэг. Хүмүүс нь ч гэсэн ариун цэвэрч, эрүүл байна. Түүнээс биш шүдээ бага сойзддог, биеэ бага угаадаг улсыг хөгжилтэй улс гэж үзэхгүй.

Монгол орны өмнөд бүс рүү эрдэс баялгаа дагасан том төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа ч усны асуудал шийдвэрлэхэд бэрх байгаа. Өмнөд бүсийн усны асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ? Дагаад уул уурхайн усны бодлого яаж явах ёстой вэ?

Монгол орны үндсэн гурван бүсийн нэг говь тэр чигээрээ усгүй. Тал хээр ерөнхийдөө усгүй талдаа. Ойт хээр буюу уулархаг газраа бороо орсон үед жаахан ус урсана. Гэхдээ урсаад гараад явчихдаг.

Монгол орны өмнөд хагаст хур тунадас маш бага унадаг, дээрээс нь дэлхийн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай явагдаж байна. Гэтэл ус ихээр хэрэглэдэг уул уурхай, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд гол төлөв ус бага, цөлжилт ихтэй говийн бүсэд эхэлчихсэн байдаг. Энэ бүгдийн усны хэрэгцээг говийн газрын доорх уснаас хангаж, их хэмжээгээр авбал нөөц нь хомсдох, давсжих, цөлжилтөд түлхэц өгөх хор уршигтай. Эхний ээлжинд бага хэмжээгээр ашиглаж болох боловч хязгаартай ашиглах хэрэгтэй. Ашиглахдаа гүний усны мониторинг хяналтыг маш сайн хийх хэрэгтэй байна. 1000 метрийн гүн дэх ус ямар ч тэжээгдэл байхгүй учраас хөрсний усыг доош нь шимэн шимсээр, цөлжилтөд хүргэдэг. 

Засгийн газраас 2004 онд “Усны шинэтгэл- XXI” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрөөр газрын доорх болон гадаргын усны нөөцийн хэрэглээний харьцааг 2010 онд 65:35, 2015 онд 55:45, 2025 онд 50:50 болгон тэнцвэржүүлэх зорилт тавьсан юм. Зорилт тавих үед дээрх харьцаа 80:20 байсан бол өнөөдөр газрын доорх болон гадаргын усны хэрэглээний харьцаа эсрэгээрээ 90:10 болсон. Хөтөлбөр хэрэгжээгүй. Бид хэрэглээнийхээ энэ сэтгэлгээг өөрчлөхгүй бол богино хугацаанд хязгаарлагдмал нөөцөө цөлмөөд дуусгах аюултай байдалд хүрээд байна. Говийн бүсийн газрын доорх усыг их хэмжээгээр урт хугацаанд горимгүйгээр авч ашиглахыг зогсоох  хэрэгтэй байна.

Энэ бүхнийг урьдчилан харж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсохгүй юм л даа. Эхлээд усаа төлөвлөчихөөд дараа нь төслөө төлөвлөөч гэж би дандаа хэлдэг. Гэтэл эхэлж ашигт малтмалаа ярьдаг. Усны асуудлаа нэгдүгээрт тавьж шийдсний дараа дэд бүтэц, бүтээн байгуулалтын бусад ажлуудаа усны нөөцийн боломжтойгоо уялдуулан төлөвлөж байх нь манай орны онцлог байх ёстой. Зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн асуудлыг мөнгө байхад ямраар ч шийдэж болно. Харин усны асуудлыг ямар ч их мөнгө байгаад шийдэхэд хэцүү. Тиймээс эхэлж усны нөөц, усны боломжийн асуудлыг шийдэж байж, дараа нь төслийн төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Усны бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Тэгвэл өмнөд бүсийн усны асуудлыг яаж шийдэх вэ?

Усны нөөцийг ашиглах оновчтой шийдэл бүхий төслүүдийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй юм. Гадагшаа урсаад гарч байгаа голуудынхаа усыг хуримтлуулж ашиглая гэсэндээ би “Хэрлэн-Говь” төслийг анх санаачилсан. Багануур хавьцаа усан сан барьж, усаа хуримтлуулаад, хуримтлуулсан усныхаа 4-5%-ийг говийн хэрэгцээнд Чойр-Сайншанд-Замын-Үүд-Цагаансуварга хүртэл явуулах төсөл л дөө. 95-96% нь Хэрлэн голын сав газарт амьдарч байгаа хүн амын нийгэм, эдийн засаг, ахуй амьдралд зориулагдах юм. Улмаар цахилгаан эрчим хүч гарган авч, хот суурин, хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн ус хангамжийг цогцоор шийдвэрлэнэ. Энэ бол Хэрлэн голоо тэжээх, байгаль орчны доройтлоос аврах, нөхөн сэргээх төсөл. Ийм төслийг эхнээс нь улстөржүүлэн, маш том эсэргүүцэлтэй тулгарснаар зогссон. Усны асуудлыг хэн нэгэн өөрийн эрх мэдэл, ашгийн төлөө улстөржүүлэхээ зогсоогоосой гэж хүсдэг.

Энэ төсөл Хэрлэн голдоо, Хэнтий, Дорнодынхондоо юу юунаас илүү ач тустай юм шүү дээ. Гэхдээ өмнөд бүсийн хөгжил, усны хэрэглээтэй холбоотойгоор төсөл цаашаа явах байх. Ард түмэн ч нэг үеэ бодвол ойлгож, дэмждэг болж. Эсэргүүцээд ирэхээр нь би “Хэрлэн-Говь”төслөө хоёр хуваачихсан юм. Нэг бодлын би Бат-Эрдэнэ аваргад “Орхон-Говь”-ийг төрүүлсэнд нь баярлаж талархаж явдаг. “Орхон-Говь” хоёр аймгийн төв, сумдыг усаар хангаад, Оюутолгой, Тавантолгой руу очих, говь руу ус хүргэх төсөл байгаа юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 150 фермерийн аж ахуйг усаар хангана.

“Орхон-Говь” төслийг БОНХАЖЯ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр ажлын даалгавар боловсруулсан. Эхний тендерүүд зарлагдаж эхэллээ. Энэ төслийг улстөржүүлээгүйд талархаж байна. Гол нь хугацаа алдахгүй төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ажлын даалгавар бичих тендерийг 3-4 удаа зарлаад, орох газар олдохгүй болохоор Яамнаас манайхыг бичээч гэсэн юм. Бид өөрсдөө ормоор байна гэхэд, улсаа бодоод, төслөө бодоод хийгээч гэсэн. Бид ч төсөл явж байвал болох нь тэр гээд төслийн даалгаврыг хийж өгсөн. Сайн ч хийсэн.

Одоо бид “Хэрлэн Говь” төслийн урьдчилсан ТЭЗҮ-г өөрсдийн хөрөнгөөр хийгээд, 50%-тай явж байна. Урьдчилсан ТЭЗҮ-гээ хийчихээд би төр засгийн газартай яриад цаашлаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд хандана. Нэн ялангуяа Алтай хотын ус хангамжийн тухай ярих болно. Яагаад гэвэл НҮБ-аас “2015 он гэхэд ундны усны аюулгүй бөгөөд тогтвортой хангамжид хамрагдаагүй, ариун цэврийн наад захын үйлчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүсийн тоог 2 дахин бууруулах, чанартай усаар найдвартай хангах” зорилт тавьсан. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь удаагийн чуулган дээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн усны асуудлаарх хэлсэн үг, УИХ-ын нээлттэй хуралдаан дээр “Цаашдаа гүний биш гадаргын усыг ашиглах хэрэгтэй. Өөрөөр тэнд усны асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж илэрхийлсэн байр суурь зэргээс үзвэл гадаргын усны ашиглалтыг дэмжиж эхэлж байгаа учраас дээрх төслүүдийг явуулах ёстой.


Ямарч байсан НҮБ хүртэл асуудлыг тавиад хаяна. Надад иргэн хүний хувьд нэг ч мал байхгүй, нэг га газар ч байхгүй. Крантаа онгойлгоод усанд орохоос өөр усны хэрэглээ надад байхгүй. Би Увсын Тэсийнх л дээ. Тэсийн голын хүү. Ээж маань, миний хүү есийн есөн жил усны юуг нь үздэг юм бэ гэж надаас асуулаа. Би усжуулах энэ тэр гээд баахан ярив. Юун усжуулах вэ, ус нь ихдээд хавар намартаа нүүж чадахгүй, машин тэрэг усанд суугаад хэцүү байхад гэхэд нь Монгол орон өргөн уудам, усгүй газар зөндөө бий. Устай мөртлөө ус нь маш чанаргүй газар ч зөндөө байдаг гэхэд, иш хөөрхий, тийм хэцүү газар яаж амьдардаг байна аа, энэ их уснаас дөхүүлж өгөх юмсан гэж байж билээ. Би ээжийнхээ энэ үгийг насан туршдаа санаж явдаг.

Энэ төсөл надад биш ч Монгол улсад маш хэрэгтэй. Цаашдаа усны хэрэглээ 50 дахин нэмэгдэх тойм тооцоо бий. Тиймээс усны хэрэглээ дагасан менежментийг одооноос хэрэгжүүлж эхлэх нь усны бодлогын чухал хүчин зүйл юм. Хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Цаг уурын дулаарлын улмаас гадаргын ус маш их ширгэж байна. Цаашид улам л хэцүү болно. Говь гэдэг нэр алга болж, цөл гэдэг нэр гарч ирнэ. Надад итгээрэй, энэ бол энэ шинжлэх ухааны хүний үг шүү.

“Орхон-Говь” болон “Хэрлэн-Говь” төслүүд хэрэгжих боломжтой төслүүд мөн үү? Гол, мөрний урсац тохируулгын арга хэр туршигдсан, үр дүнгээ өгсөн арга вэ? Гол усыг минь ширгээчих вий гэсэн болгоомжлол түгээмэл байна?
 

Хэрлэн, Орхон голыг шууд сэтлээд, суваг татаж говь руу урсгах биш юм. Хиймэл нуур байгуулан, их устай жилийн усыг бага устай жилд нь, их устай улирлын усыг бага устай үед нь тохируулан урсгаж, голоо сэлбэхийг хэлээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, урсацад тохируулга хийнэ гэдэг нь палхийтэл урсаад ирж байгаа үерийг барьж аваад, цаг хугацааны хувьд жигд тарааж, голдоо өгөхийг хэлж байгаа юм. Гол жигд устай байхыг урсац тохируулга гэж ярьдаг. Харин ч урсац тохируулгыг баярлан хүлээж авах хэрэгтэй юм. Монгол улсын нутаг дэвсгэрээс гараад л, Хэрлэн голыг Далай нуурын тэнд хятадууд ямар их ашиглаж байгаа билээ. Монголчуудад бүгдэд нь харуулах юмсан. Хойшоо гараад л Братскийн усан цахилгаан станц, Иркутскийн усан цахилгаан станц усыг яаж ашиглаж байгаа гэж бодно. Үнэхээр гайхмаар. Дэргэд ийм том жишээнүүд байхад яагаад ойлгодоггүйг мэдэхгүй юм. Өнөөдөр XXI зуун шүү дээ.

Уг нь хуурайшилт эрчимтэй явагдаж, гол, горхи хэдэн арваараа ширгэж байгаа өнөөгийн нөхцөлд харин ч усан санг (хиймэл нуур) нэг гол дээр цувуулан аль болох олныг барих нь чухал байна. Нэг өдөр усгүй байна гэж бодъё. Тэгвэл маргааш нь ус маш ихээр үерлэж ирнэ. Тэр үед усаа нөөцөлж аваад хуурай, гандуу жилдээ жигд хэмжээгээр гаргах асуудал шүү дээ. Манай голууд хур бороо элбэг жилд маш их үерлэдэг онцлогтой. Чухам ийм үед түүний зарим хэсгийг савныхаа хэмжээгээр нөөцөлж аваад гачиг устай жил, улиралд нь голоо амьд урсгалаар жигд тэжээж тогтмол урсгалтай байлгах хэрэгтэй байгаа юм.

Хүн төрөлхтөн гол, мөрний урсац тохируулгын аргыг зуу гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж ахуй амьдрал, хөгжил дэвшилдээ ашиглаж ирсэн. Манай нутаг дэвсгэрээс 4-5 дахин бага хэрнээ 10-15 дахин их хур тунадас унадаг Япон, Өмнөд Солонгос, Турк зэрэг оронд 17-25 мянган усан сан байгуулан ашиглаж байна. Тэгэхээр Төв Азийн өндөрлөгт оршдог, жилд 250 мм хур тунадас унадаг манайх шиг хуурайвтар оронд маш олон хиймэл нуур байгуулах шаардлагатай юм. Говьдоо бол 0-50 мм хур тунадас унадаг газар шүү дээ.

Эдгээр орнуудад манай Орхон шиг гол дээр 8-11 усан сан байгуулж, иж бүрэн ашиглаж байгааг газар дээр нь очиж үзээд бахархсан. Усаа далай тэнгист аль болох алдахгүйн төлөө тэмцдэг. Гэтэл бид 1000 гаруй км урт нэг гол дээр ганцхан усан сан байгуулах тухай ярихад бөөн улстөржилт болох юм. XIX, XX зуунд иймэрхүү төслийг эсэргүүцэж, 20-70 жилээр саатуулж байсан түүх Европт байдаг. Харин хэрэгжсэний дараа олон арван жилийг алдсандаа харамсаад барахгүй, эсэргүүцэгчдийг шийтгэж байсан түүх ч байдаг юм билээ.

Энэ төслүүд хэрэгжиж байж л говьд ус хүрэх үү? Өөр ус хүргэх арга хувилбар байдаг уу?

Тэгнэ. Гэхдээ хожмын арга замууд бий. Магадгүй 100 жилийн дараа ч юмуу Сэлэнгээс Орхоныг хангаад, Орхоноос говь руу явуулах төлөвлөлт байж болно. Хэрлэнг Ононгоос хангаж болно. Орхон, Хэрлэнгийн хэрэглээ ихдээд байвал мэдээж хэцүү. Тэгвэл Сэлэнгэ, Онон хоёроос, бэлэн байгуулсан усан цахилгаан станцын усан сангаас шахчихад ямар ч асуудалгүй.

Та өмнө Алтай хотын ус хангамжийн тухай ярина гэлээ. Алтайн усан хангамжийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм уу? Ер нь “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь”-оос өөр ямар томоохон төсөл дээр ажиллаж байна вэ?

Би усны барилга, усны нөөцийн чиглэлээр гурван сургууль төгссөн. 1980 онд сургуулиа төгссөнөөс хойш 34 жил энэ салбарт ажиллаж байгаа инженер хүний хувьд улс эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө дөрвөн төсөл санаачлан, орон сууцаа хүртэл барьцаалж байгаад төслүүдийнхээ урьдчилсан судалгаа, заримынх нь ТЭЗҮ-ийг боловсруулан тэмцэж яваа нэгэн. Дээрх хоёр төслөөс гадна “Тайшир-Алтай”, “Туул-Улаанбаатар” гэсэн хоёр төсөл санаачилсан.

“Тайшир-Алтай” төсөл нь сүүлийн 30-40 жил усны нөөц, чанарын асуудлаас болж “зовж” буй Алтай хотын ус хангамжийг Тайширын УЦС-ын усан сангаас ус шүүрүүлэн авч цэнгэгжүүлэн ариутгаад, хоолойгоор дамжуулан шийдвэрлэх юм. Монголд анх удаа 100 жилийн настай, зэвэрдэггүй, өндөр даралтын хүчитгэсэн шилэн хуванцар яндан хоолойгоор дамжуулна. Энэ шилэн хуванцар хоолойг манай компани оруулаад ирчихсэн байгаа.
 
Би баруун аймгаар гэр бүлээрээ аялж яваад Алтай хотод нэг хоносон юм. Усанд орсон чинь арьс, үс хамаг юм цагаан болчихов. Ус нь тийм давсжилттай газар л даа. Тиймээс элэгний өвчлөл их, Монголын дундаж наслалтаас бараг арваад насаар бага гэнэ. Тэндхийн усны хүмүүстэй уулзахад, усан сан нь хоёрхон худагтай, худгийнх нь түвшин доошлоод алга болчихдог. 20 цагаас усан сангийн ус дуусдаг гэж ярьж байна. Усны чанар муу болохоос нөөц багатай газар биш л дээ. Хажууд чиньТайширын усан цахилгаан станцын бэлэн усан сан байна шүү дээ гэхэд 50 км-ийн цаанаас ус татах хөрөнгө байхгүй, машинаар ус зөөдөг гэж ярьж байсан юм.


Үүнээс үүдэн “Тайшир-Алтай” төслийг санаачилсан. 5 хувилбар гаргаж ирснээс хамгийн дөт хувилбарыг сонгосон. Бид төслийг яаралтай эхлүүлэх үүднээс ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өөрийн хөрөнгөөр германчуудтай хамтран гүйцэтгэсэн. Хамгийн идэвхтэй явж байгаа нь энэ төсөл маань. Германы канцлер А.Меркел Монголд ирэхдээ Ерөнхийлөгчтэй уулзаж, Байгаль орчны яамтай гарын үсэг зурж, баахан юм болсон. Овоо идэвхтэй явж байтал харамсалтай нь шинээр томилогдсон аймгийн Засаг дарга өөрт ашигтайгаар тэнд хувийн үйлдвэр байгуулаад, савтай ус зөөн, усныхаа саван дээр зургаа тавьчихаад, ард түмэндээ өндөр үнээр худалдаж байгаа юм байна.

Германы санхүүгийн байгууллага мөнгийг нь гаргая, жилийн 6%-ийн хүүтэй мөнгийг 12 жилийн хугацаанд өгье. Барилгажилтын эхний 2 жилд хүүгүй зээлүүлье гэсэн. Төр дэмжээд шууд хэрэгжүүлэх боломжийн төсөвтэй төсөл. Ямар ч байсан төслийг санаачлаад, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, батлуулаад, хүлээлгээд өглөө. Одоо төслийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэж ойлгож байгаа.

Дараагийн төсөл нь Улаанбаатарын усны хангамжтай холбоотой. Ямар хүнд байдалд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Маш хүнд байгаа учраас “Туул-Улаанбаатар” төслийг санаачилсан. Энэтөсөл Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Мөн газрын доорх усны хэт хэрэглээнээс үүдэн сүүлийн жилүүдэд хавартаа тасраад байгаа Туул голоо хамгаалах үндсэн зорилготой юм. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг алс хэтэд найдвартай хангах, усны эрчим хүч гарган авах, усны чанар сайжруулах цогцолбор барилга байгууламж барина. Ингэхдээ ямар нэг шахуурга станцгүйгээр байгалийн өөрийн даралтаар шийдэх юм. Нэг ч цахилгаан хэрэглэхгүй, нэг ч насос, нэг ч насосчин хэрэглэхгүй. Байгалийн өөрийн даралтаар унаж ирж байгаа учраас хэчнээн ус хэрэглэсэн ч зардал байхгүй ийм гоё төсөл. Ашиглалтын зардал маш бага учраас дэлхийд №1-ээр үнэлэгдэхээр чухал ач холбогдолтой.

Төсөл хэрэгжсэнээр голын сав газарт экосистемийн таатай нөхцөл бүрдүүлнэ. Сүүлд япончуудтай нийлж хорь гаруй худаг барьсан нь ямар ч үр ашиггүй байрлал. Японы ард түмний татварын хөрөнгөөр Улаанбаатар дундуур урсдаг ганц голыг устгасан гэсэн түүх бичих вий дээ.

“Туул-Улаанбаатар”төсөл хэрэгжсэнээр худгуудын түвшин дээшээ явна. Нэмж худаг барихгүй, харин ч зарим худгийг булаад газрыг нь ашиглах боломжтой учраас Туул голын хөндийд гаргасан худгуудын тоо эрс цөөрнө.
Тэрэлжийн бэлчир, Туул дээр усан сан байгуулах юм. Хоёулан дээр нь байгуулж болно. Эсвэл эхлээд аль нэг дээр нь ч байгуулж болно. Ухаалаг хүн бол хоёуланг зэрэг байгуулна. Маш цэвэр, цэвэр гэсэн категорийнх бөгөөд маш цэврийг унданд, цэврийг үйлдвэрт хэрэглэх юм. Налайх, Төв аймгийн Зуунмод хотоос гадна Майдар хот, Хөшигийн хөндийн нисэх буудал, түүнийг дагасан тэнд шинээр босох 200 мянган хүн амтай “ухаалаг” хот, ТЭЦ-5 зэргийг усаар хангах зорилготой төсөл.       

Бид энэ төслийн урьдчилсан судалгааг хийсэн. Цаашлаад ТЭЗҮ-ийн зардлын эхний хэсгийг өөрсдөө гаргаж, хайгуулын ажлыг эхлүүлэн хугацаа хожих боломж байгаа юм. Өөрсдөө банкнаас зээл аваад, хайгуулын судалгаа, зураг, ТЭЗҮ-г хийж байвал хугацаа хожих боломжтой. Хурдавчлахгүй бол энэ жилийн эхний гурван сар ингээд дуусах нь. 11, 12 дугаар сар хүйтний улирал учраас хайгуул хийж болохгүй. Тендерээ зарлах гэсээр байтал 4, 5 дугаар сар дуусна. Үндсэндээ энэ онд ажил хийгдэхгүй байдалд хүрэх нь. Гэтэл дундуур нь “мөнгө хийх” гэсэн хүмүүс Гачууртын тэнд дээр үед оросуудын хийж байсан юмыг авч ашиглана гэж яриад явж байна. Ичихгүй юм даа.

Энэ дөрвөн төслөө би бүгдийг нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас санал аваад, Монголын оюуны өмчийн байгууллагаар баталгаажуулсан. Энэ дөрвөн төслийг шийдчихвэл би тэтгэвэртээ хурдан гармаар байна гэдэг юм.

Говийн бүс дэх хамгийн том гүний усны хэрэглээ“Оюутолгой”-нх. 870 л/с ус ашиглаж байгаа. Цаашид далд уурхай ашиглалтад орвол усны хэрэглээ 1300 л/с болно гэдэг. Гүний хоолойн ус ТЭЗҮ-гээр 870 л/с гэж батлагдсан. Далд уурхай ашиглалтад орохоор тэр зөрүү усыг яаж хангах вэ? 80%-ийг дахин ашиглана гэдэг нь боломжит зүйл мөн үү?

870 л/с гэсэн төслийн гэсэн зургийг манайх хийсэн юм. “Акуатэрра” усны нөөц, хайгуулыг хийсэн. Бид нөөцөд оролцдоггүй. Бид батлагдсан нөөц дээр зураг төсөл, барилгыг нь хийдэг.
Таны асуултад хариулахын тулд мониторонгийн цооног гаргаж, хянах ёстой. Гэтэл төр засаг үүнийгээ хийгээгүй байна. Мониторинг хийнэ гэдэг маш нарийн ажил. Газрын гүнд байгаа усыг Улаанбаатараас хэмжих асуудал шүү дээ. Энэ ажлыг Байгаль орчны яам өрөөнөөсөө хянах ёстой.


Монгол оронд усны бодлого, нэгдсэн менежмент хэрэгжүүлдэг ямар нэг байгууллага бий юу?

Энэ бол маш хүнд асуудал болчихоод байна. Дэд бүтцийн болон уул уурхайн салбарын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй усны салбар өнгөрсөн жилүүдэд уналтад байлаа. Ялангуяа Усны аж ахуйн яамыг Усны институт болон 18 удирдах газрынх нь хамт татан буулгаснаас хойш энэ салбар бүрэн уналтад орсон. Усны тоног төхөөрөмжийн засвар үйлдвэрийн газар, Усны аж ахуйн бааз байхгүй, Усны  аж ахуйн техникум, ТМС, ШУТИС-ийн усны танхим бүгд байхгүй болсон. Манайх шиг хэдэн усны жижиг хувийн компаниуд л байгуулагдсан.

Монголд одоо усны нэгдсэн менежмент хариуцсан байгууллага огт байхгүй. Эсвэл маш олон байгаа гэж хэлж болно. Усны нөөцийн асуудал БОНХАЖЯ-д, үйлдвэр,хөдөө аж ахуйн ус хангамж АҮЯ, ХААЯ-д, уул уурхай, эрчим хүчний ус хангамж УУЯ болон ЭХЯ-д, хотуудын ус хангамжийг БХБЯ-д тус тус хариуцуулсан. Эндээс харахаар их олон яам хариуцаад сайхан ч юм шиг. Эсвэл огт яамгүй ч юм шиг.

Усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх үүрэгтэй Усны үндэсний хороо гэж байгуулагдсан. Энэ хороо яамдаа нэгтгэн зангидах ёстой байгууллага. Гэвч тэгж чадахгүй байна. Салбар дундын зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа нь усны салбар олон яамтай, эсвэл огт эзэнгүй болж хувирсантай холбоотой. Энэ бүхний завсарт усны барилга байгууламж, усан сан байгуулах, урсац тохируулгыг хариуцах үндсэн үүрэг аль нэг яаманд харьяалагдахгүй эзэнгүй хоцорсон.

Усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах “Монгол Ус” ТӨҮГ-ыг 2012 онд байгуулсан ч төсөв мөнгөгүй, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа. “Монгол Ус” ТӨҮГ-ыг агентлагийн хэмжээнд статусыг нь өөрчлөх юм бол одоо байгаа болон ирээдүйд баригдах усны барилга байгууламжуудыг хариуцсан эзэнтэй болгож чадах юм. Эсвэл БХБЯ-ны бүтцэд Усны барилгын хэлтэс байгуулах санал ч оновчтой байж мэднэ.

Юутай ч усны аж ахуйн салбарыг авч явахын тулд төрийн бус байгууллага байх хэрэгтэй юм байна гээд Усны үндэсний төвийг байгуулсан. 15 гишүүнтэй, төрийн болон төрийн бус байгууллагын хүмүүс Удирдах зөвлөлд байдаг.
Эцэст нь хэлэхэд, манай улс усны нөөцийн хуваарилалтыг зөв бодлогоор зохицуулж байж тогтвортой хөгжих үндэс тавигдана. Өөрөөр хэлбэл, аливаа улс орны усны нөөц ховор байгаадаа бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог. Иймээс гадаргын усаа экологи, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зоригтойгоор хурдхан хэрэгжүүлэх шаардлагатай. Хэдхэн жилийн дараа говь маань цөл болоод хувирчихвал хэчнээн ярьж хөрөнгө хаяад нэмэргүй шүү гэдгийг дахин дахин сануулмаар байна.

Ярилцсан Н.Ариунтуяа

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 21 минутад
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • Уржигдар 10 цаг 08 минутад
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
  • 2019-07-08 12:27
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
  • 2019-07-05 14:19
    Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.