С.Цэвэгжав: Том үйлдвэр барих бол хөрөнгө оруулагчдыг хэрхэн оролцуулах вэ гэдэг асуудал тулгарч байгаа

2015-01-07 12:40
Ярилцсан Н.Ариунтуяа


“Эрдэнэс Тавантолгой” компани метан хийн төслийг яагаад хэрэгжүүлэх болов? Төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
Монгол улс хүлэмжийн хийг бууруулах тухай Киотогийн протоколд нэгдсэнээр тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Манай компанийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ТЭЗҮ-ийг батлахдаа метан хийн судалгааг давхар хийх үүрэг хүлээлгэсэн. Энэ үүргээ биелүүлэхийн тулд ашиглалтын хайгуул хийх компанийн сонгон шалгаруулалтын нөхцөлд тодорхой заалт оруулсан юм. Энэ тендерт “Элгэн” компани шалгарсан. 2013 оны 8 дугаар сараас метан хийн судалгааг “Элгэн” компаниар дамжуулж бодитоор хийж эхэлсэн.

“Элгэн компани” 3-4 цооног өрөмдөөд, Солонгосын “Ko Gas” компаниас лаборатори оруулж ирсэн. Өмнө нь “Ko Gas”-тай хамтарч Налайх дээр метан хийн судалгаа явуулж байсан туршлагатай компаниуд юм билээ. Лаборатори оруулж ирснээр анхан шатны судалгаануудаа хийгээд, нарийвчилсан судалгаагаа “Ko Gas” компани руу явуулсан. Судалгаагаар CBM буюу нүүрсний давхаргын метан хий баталгаатай байна, байхдаа агуулга маш өндөр, 91-ээс дээш хувьтай гарлаа. Энэ нь хэрэглэх боломжийн түвшинд байгаа учраас үргэлжлүүлж судлах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан л даа. Энэ ажлаа үргэлжлүүлэхээр  ТУЗ-ийн гишүүд ч санал нэгдсэн.

Тиймээс бид “Ko Gas” болон “Элгэн” компанитай хамтран ажиллах Санамж бичгийг 2014 оны 2 дугаар сарын 24-нд байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд “Ko Gas” компани туршилтын үйлдвэр, лаборатори, дээж авахтай холбоотой бүх ажлыг өөрийн зардлаар хариуцаж ажиллах болсон. “Элгэн” компанийн хувьд өрөмдлөг болон талбай дээр хийгдэх ажлуудыг хариуцах бол “Эрдэнэс Тавантолгой” ажлын талбайгаар хангаж, геофизик болон геохимийн судалгаанууд дээр хамтарч ажиллах юм.    

Санамж бичгийн хүрээнд бид маш их ажил амжуулсан. Хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаад, өрөмдлөг, хайгуулын ажлаа зэрэг эхлүүлсэн. “Ko Gas” компани туршилтын үйлдвэр барих компаниа шалгаруулж сонгосон. Солонгосын “Hanyang Engineering” компани сонгогдоод одоо туршилтын үйлдвэрийг угсраад дуусч байна. Метан хийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм билээ.

Бид төслийг хоёр Засгийн газрын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх, Солонгосын Засгийн газрын дэмжлэгээр явуулчих зорилготой, харилцаа ч тийм түвшинд явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь Солонгос Монголын бизнес форумын дэд ерөнхийлөгч. Тиймээс төслийг Солонгос Монголын бизнес форумын үндсэн ажил болгоод явж байгаа. “Ko Gas” ч Солонгос талаасаа Бизнес форумын гишүүн. Хоёр талаасаа идэвхтэй ажиллаж байна. Бид туршилтын үйлдвэрийг амжилттай ажиллуулаад, нөөцөө баталж чадвал цаашдын ажил хүндрэлгүй явчих боломжтой. Шинэчилсэн хуулиас өмнө ажлаа эхлүүлсэн гэдэг утгаараа бидэнд дараа дараагийн ажлаа явуулах давуу эрх нээгдчихсэн байгаа.

Төсөл бодитоор хэрэгжээд ирэхэд амьдрал дээр ямар асуудал, бэрхшээлүүд тулгарч байна вэ?
Бидэнд Газрын тосны тухай шинэ хуульд нийцүүлж ажиллах шаардлага тулгарч байгаа. Хууль өнгөрсөн 7 дугаар сард батлагдсан учраас манай ажилтай зөрчилдөх зүйлс гарч байна. Үүнийг хуульд нийцүүлэхийн тулд ажиллаж байна. Газрын тосны тухай шинэчилсэн хуулиар Эрлийн гэрээний үед цооног өрөмдөхгүй гэсэн асуудал үүссэн учраас газар дээрх ажлаа түр зогсоосон. Хууль гарахаас өмнө бид цооног өрөмдөх, туршилтын үйлдвэр байгуулах ажлуудаа хийчихсэн байсан юм. 

Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулсны дараа газар дээрээ өрөмдлөг хайгуул хийж, туршилтын үйлдвэр барих заалттай юм байна. Тэр нь манай компанийн хувьд хоёр талтай болчихоод байгаа. Бид дангаараа энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй. Туршлага, хөрөнгө санхүүгийн чадавх алга байна. Тиймээс БХГ байгууллаа гэхэд хамтрагч компаниуд яаж хандахыг мэдэхгүй. Дараа нь том үйлдвэр барих бол хөрөнгө оруулагчдыг яаж оролцуулах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. “Ko Gas”-тай үргэлжлүүлэх талаар ярих гэхээр, бид судалгааны ажил хийж байгаа, судалгаагаар хийнийхээ гарц бусад бүх зүйлийг тодорхойлж, баталгаажуулж байж дараагийн хөрөнгө оруулалт, БХГ-г ярина. Наана нь тийм зүйл ярих боломжгүй гэдэг. Эрлийн гэрээний үед зөвхөн геофизикийн судалгаа хийх ёстой.

Гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлэх боломж Газрын тосны тухай хуульд байгаа юм билээ. Гэхдээ ингэхийн тулд маш их мөнгө төгрөг төлөх болно. Мөн цаг хугацааны хувьд ч хүндрэлтэй. Эсвэл тусдаа охин компани байгуулах ёстой юу. Энэ байдал бидний ажлыг сааруулаад, гацаанд орчихоод байна. Метан хий манай улсын хувьд харьцангуй шинэ учраас Газрын тосны тухай хуулийг дагаж гарах журмаар энэ асуудлыг зохицуулах байх гэж хүлээж байгаа.  

“Эрдэнэс Тавантолгой” төрийн компани учраас энэ компаниудтай цаашид хамтарч ажиллах эсэхийг төр хуулийнхаа дагуу шийднэ. Бид мөнгө гаргаагүй ч хууль эрхзүйн хүрээнд ажиллах нөхцөлийг хангаад, хамтрагч компаниудынхаа итгэлийг алдахгүй ажлаа үргэлжлүүлэхийн төлөө явж байна.

Гацаанаас гарчихвал цаашдын төлөвлөгөө тань юу байх вэ?
Нэн тэргүүнд туршилтын үйлдвэрээ ажиллуулна. Тэндээс цаашдын бүх ажил тодорхой болно. Туршилтын үйлдвэр барьснаар хийн нөөцөө баталгаажуулна. Тиймээс үйлдвэрээ ажиллуулж байж дараагийн том төлөвлөгөөг ярих хэрэгтэй болно.   

Туршилтын үйлдвэрийн хувьд “Hanyang Engineering” компанийн инженерүүд газар дээр ирж, суурийн зураг зэргийн гэрээг Монгол талын гэрээлэгч компанитай хийгээд явсан. Угсралтын талаарх бүх мэдээллийг бидэнд өгч байгаа. Үйлдвэрийг 12 дугаар сарын дундуур угсарч дуусаад туршилтад оруулна. Тэр үеэр Солонгост очиж, үйлдвэрээ хүлээж аваад Монгол руу ачуулах юм. Туршилтын үйлдвэр учраас тэндээ угсарч, ажиллагааг нь шалгаад, задлаад, энд авчирч угсарна. Гагнуур, трубаны хийн даралт зэргийг тооцож хийдэг учраас Монголын нөхцөлд газар дээр ирээд хийх ажлыг бага байлгахаар ажиллаж байгаа. Үйлдвэрийн угсралт 20 хоногт хийгдэнэ. Үйлдвэрээ 4 контейнерт багтааж байгаа. 3 дугаар сарын 20-ноос угсралт эхлэх төлөвлөгөөтэй.  4 дүгээр сарын 10-наас ажиллуулж эхлэх бөгөөд 7 хоног ажиллуулаад, “Элгэн”, “Ko Gas”-д хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөө бий.  

Энэ бүх ажилд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?
“Ko Gas” туршилтын үйлдвэрт 9 сая доллар зарцуулсан. “Элгэн” өрөмдлөг, цооног тоноглох ажилд бараг 2 сая гаруй доллар зарцуулчихаад байгаа. Цооног тоноглох насос болон тоног төхөөрөмжүүдээ гэрээ хийгээд бүгдийг захиалчихсан. Ойролцоогоор энэ хоёр компаниас 10 гаруй сая доллар гарган судалгаа хийгээд явж байна. Бид эзэн компанийн хувьд талбайгаар хангаж, Монгол талын бүх ажлыг зохион байгуулж байгаа.    

5 цооногийн өрөмдлөгөөр ямар үр дүн гарч байна вэ?
Тавантолгойн ордын судалгааг “Норвест” компани хийхдээ метан хийн 30-аад тэрбум куб метр таамаг нөөцтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ таамаг нөөцийг боломжтой гэж тогтоосон.  

Метан хийн олборлолтыг нэг орд дээр цогцоор явуулахыг үр дүнтэй гэж үздэг. Тавантолгой орд дээр 3-4 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Метан хийг цогцоор ашиглахын тулд “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК-д төсөлд оролцох сонирхол бий болов уу?
Одоогоор тийм зүйл яригдаагүй. Бид эхлээд нотлох хэрэгтэй. Бодитоор нотлохын тулд туршилтын үйлдвэр ажиллуулах гэж байгаа.  

Туршилтын үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ?
Цагт 50 метр куб хий боловсруулна. Туршилтын үйлдвэр 50х60 харьцаатай хашаанд л багтчихна.  

Боловсруулсан хийг хаана, яаж турших вэ?
Тавантолгойн метан хий агуулгын хувьд байгалийн хийтэй дүйцэж очиж байгаа. Тиймээс байгалийн хий ашигладаг тэр журмаар л ашиглана.     

Улаанбаатарыг хийгээр хангах хэтийн төсөөлөл байгаа биз дээ?
Солонгосчууд хий хэрэглэж байж л агаарын бохирдлоос салсан юм билээ. Эхэлж цахилгаан станцууддаа хийг ашиглаад, дараа нь айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай.

Метан хийн онцлог нь байгаль дээр бэлэн байгаа учраас цооногуудаа өрөмдөөд, үйлдвэрээ барьчихвал өртөг багатай. Гол нь дэд бүтцийн зардал гарна. Ашиглалтын хувьд нэг цооногийг ойролцоогоор 15 жил ашигладаг. Метан хийг янз бүрийн хэлбэрээр ашигладаг юм байна.

“Ko Gas”-ын хувьд хийн боловсруулалт, түгээлтийн чиглэлээр дэлхийд нэлээд туршлагатай, эхний тавд ордог компани. Борлуулалт нь жилийн 192 тэрбум доллар. Улсаа хийгээр хангадаг төрийн компани төдийгүй гадны олон улс оронд төсөл хэрэгжүүлдэг. Хятад, Индонези, Австралид төсөлтэй. Саяхан Германд Олон улсын хийн холбооны их хурал боллоо. Энэ үеэр “Ko Gas”-ын ерөнхийлөгч Олон улсын хийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж, тэргүүлэхээр болж байна. Бид тэр хуралд оролцсон. 70 орон санал өгөх эрхтэй оролцож, их ч өрсөлдөөнтэй болсон.        

Энэ нь бидний төсөлд ч эерэг үр дүнтэй юм. Метаны туршилтын үйлдвэр, судалгаа амжилттай болвол дараагийн хөрөнгө оруулалт, технологийг Олон улсын хийн холбооны шугамаар Монголд нэвтрүүлэхэд их дөхөмтэй болно. Олон улсын хийн холбоонд 143 орон гишүүнчлэлтэй. Ямар ч хийн нөөцгүй орон хүртэл тэнд гишүүнээр элсдэг юм байна. Гишүүн болсноор бүх мэдээллийг авдаг, технологиор хангагдах боломжтой болдог юм билээ.

Хэрвээ нөөцөө зөв тогтоогоод, ажлаа амжилттай эхлүүлчихвэл манай төсөл их бодитой. Нефть шиг боловсруулах шаардлагагүй. Хийгээ цэвэршүүлээд шууд хэрэглэгчид рүүгээ түгээнэ.

Улаанбаатарын хэрэглээг хэрхэн тооцож байгаа вэ?
Бид “Ko Gas”-тай хамтран Улаанбаатарын хэрэглээг тооцож үзсэн. Улаанбаатар жилд ойролцоогоор 5 сая тонн нүүрс түлдэг юм байна. Түүнийг хийнд шилжүүлээд үзэхэд жилд 2 сая тонн гэж гарч байгаа. Цахилгаан станц, автобус, авто машин, айл өрх гээд хэдэн том хэрэглэгчээ бүгдийг оруулж тооцсон. Бидний тогтоосон боломжит нөөц 60 сая тонн. Тэгэхээр Улаанбаатарын хэрэгцээг 30 жил хангах урьдчилсан таамаг тооцоо гаргасан. Хийн хоолой, хий боловсруулах үйлдвэрийн урьдчилсан тоонууд байгаа л даа. Туршилтын үйлдвэрийн үйл ажиллагаагаар баталгаажуулсны дараа тэдгээр тоог хэлэх боломжтой болно.

Монгол Хятадын нүүрс хийжүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжих гэж байгаа. Хэдийгээр экспортын зорилготой ч үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр Монголын дотоодын хийн хэрэглээг залгуулах төсөөлөл бий. Энэ нь CBM-ийн төслүүдтэй өрсөлдөх талтай юу?
CBM бол нүүрсний давхаргын метан хий. 10 тэрбумаас дээш болохоор ордын хэмжээнд авч үздэг юм билээ. Манайхыг хийн орд гэж үзэж байгаа. “Синопек”-ийн хэрэгжүүлэх хүрэн нүүрсийг шингэрүүлэх төсөлтэй өрсөлдөх юм байхгүй. CBM-ээс сайн чанарын дизель түлш хүртэл үйлдвэрлэдэг. Тэр туршилтыг солонгосчууд хийсэн байсан. Солонгост автобусыг хийгээр ажилладаг болгоод шийдчихсэн туршлага бий. Монголд машин цэнэглээд байгаа шиг хий түгээх станцууд тавьчихдаг юм билээ. Ер нь бүтээгдэхүүний хувьд маш олон сонголт байж болно. Урагшаа нийлүүлсэн ч болно шүү дээ.  

Тавантолгойн ордыг түшиж байгуулагдах Тавантолгойн цахилгаан станц дээр метан хийг ашиглах хувилбар байж болох уу?  
Тавантолгойн цахилгаан станц зөвхөн эрчим хүчний нүүрсээр ажиллана. Гэхдээ нүүрсний цахилгаан станцыг хийнд шилжүүлэхэд зөвхөн уурын зуухыг сольдог юм билээ. Уурын зуух нь нүүрсээр ажилладаг, хийгээр ажилладаг хоёр янз байдаг. Улаанбаатарын цахилгаан станцуудыг хийнд шилжүүлбэл яах вэ гэдгийг бид тооцоолж үзсэн. Турбин нь хэвээрээ, уурын зуухыг л солих юм билээ. Хэрвээ цахилгаан станцуудыг хийгээр ажилладаг болгох юм бол том боломж, шинэ технологи юм даа. Гол нь түүхий нүүрс Улаанбаатар руу орохоо болино. Түүхий нүүрсийг түлэхэд гардаг үнс гэж асар их талбай эзэлсэн зүйл байхгүй болно. Энэ бүхнийг дагасан олон шат дамжлагатай ажлууд байхгүй болж, хэмнэгдэнэ. Нүүрсний ашигт үйлийн коэффициентээс хий ашиглаж дулаан ялгаруулах нь хамаагүй өндөр, бүтээмж ихтэй.      

Хийн дэд бүтцийн асуудал бидэнд их хол, хэцүү төсөөлөгддөг. Хийн түгээлтийн туршлагатай компанийн хувьд “Ko Gas” Монгол дахь дэд бүтцийн асуудлыг яаж төсөөлж байгаа бол? Ялангуяа Тавантолгойн ордоос Улаанбаатар руу татвал багагүй замыг туулах болно. Зардал, аюулгүй байдал, бусад эрсдэлийг тооцоолж үзсэн байх?
CBM-ийн хувьд шингэрүүлж байж, баллонд хийдэг. Тэр шингэрүүлэх үйлдвэр нь маш үнэтэй. Тиймээс хэрэглэгчдэд хоолойгоор хүргэх асуудал яригддаг. “Ko Gas” тэр талаар асар их туршлагатай компани. “Hanyang Engineering”-ийн инженерүүд, манайд нийлүүлэх тоног төхөөрөмжүүдийг солонгос стандартаас олон улсын стандарт руу шилжүүлж, зураг төслийн ажил сараар хойшилсон гэж тайлбарласан. Энэ нь өндөр технологи, өндөр стандартаар хэрэгжинэ.

Дэд бүтцийн хувьд “Ko Gas”-аас гадна хоёр хөрш маань ч гэсэн маш их туршлагатай учраас санаа зовохгүй байгаа. Хот руу хоолой татаад аваад ирж болох юм билээ. Харин айл өрхүүдийг яаж хангах вэ гэдэг л гол асуудал болох байх. 

Метан хийгээр зөвхөн Улаанбаатарын хэрэгцээг хангана гэвэл Бүтээгдэхүүн хуваах ёстой юу, үгүй юу сайн мэдэхгүй байна. Төрийн компаниараа дамжуулаад хотын нигмийн асуудлыг шийдэж байгаа гэдэг утгаараа арай өөр хэлбэрээр явах уу? Журмаар тодорхой болох байх. Хэрвээ гадаад зах зээлд борлуулалт хийвэл БХГ болох байх л даа. Манай хувьд асар их нөөц биш. Энэ төслийн ирээдүйг Улаанбаатарын нийгмийн асуудлыг шийдэх утгаар нь харж байгаа.  

Бусад орны хууль эрхзүйн орчинд метан хийтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулсан туршлага, жишээ байна вэ?
Нүүрсний уурхай ажиллуулахын тулд эхлээд метан хийг нь ашиглах үүрэг өгдөг, метан хийгээ ашигласны дараа ордыг ашигладаг жишиг нийтлэг байна. Яагаад гэвэл метан хийг ашиглах нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахад нэн чухал болж байна. Хятадад энэ чиглэлээр нэлээд уурхай ажиллаж байна. Метан хийгээр ажилладаг цахилгаан станц барьж, 400 гаруй хүн амтай хотыг хийгээр хангаж байгаа бодит жишээтэй бид танилцсан.
       


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00