МАК: Бид төслөө өөрсдөө хариуцаж хийнэ

2015-01-05 13:16
Нарийнсухайтын нүүрсний уурхайн метан хийн төслийн талаар “Монголын Алт” компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, Төслийн ахлах инженер М.Базаррагчаа нартай ярилцлаа.  



Төслийн удирдагч Ж.Золжаргал

Төслийн ахлах инженер М.Базаррагчаа


МАК Нарийнсухайтын нүүрсний уурхай дээр метан хийн эрлийн гэрээ зурсан. Төслийг яагаад хэрэгжүүлэх болов? Метан хийн төсөл хэрэгжүүлэх нь Монголд ямар ач холбогдолтой вэ? Төслийнхөө явцын талаар танилцуулаач?
Ж.З:
Метан хий нь байгаль дээр нүүрстэйгээ хамт байж байдаг. Нүүрсний бүхий л ил уурхайд олборлолт явуулах үед агаарт хаягддаг. Тэрхүү агаарт хаягддаг зүйлийг авч ашиглах нь баялгийг иж бүрнээр ашиглах зорилтод нийцнэ. Түүнчлэн хүлэмжийн хийг багасгах, хаягдаж байгаа түлшийг бүрэн ашиглаж байгаа гэдгээрээ байгальд ээлтэй үйл ажиллагаа юм.

МАК том төслүүд хэрэгжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай харьцдаг. Урт хугацааны хөгжлийн хувьд байгальд ээлтэй, баялгийг бүрэн ашигласан, ирээдүйгээ харсан санаачилгыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Бидний хувьд метан хийг зөвхөн өөрийн уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг лицензтэй талбайн хүрээнд судалж байна. Байгалийн хийн том ордын ашиглалт явуулах төсөөлөл бидэнд байхгүй. Зөвхөн уурхайн үйл ажиллагаатай уялдуулаад, олборлолт явуулж байгаа талбай дороосоо хий авч, бага хэмжээний 5-8 мВт цахилгаан үйлдвэрлэн, уурхайн хэрэгцээг хангах зорилготой.

Өнгөрсөн жил Америкийн Байгаль орчны агентлагийн дэмжлэгтэйгээр Америкийн зөвлөх компани “Равен Ридже Ресорсез” Нарийнсухайтын уурхайд урьдчилсан судалгаа хийсэн. Нүүрсний хайгуулын мэдээлэл дээр боловсруулалт хийгээд, Нарийнсухайтын нүүрсэнд метан хийн ашиглаж болохуйц хэмжээний нөөц байна, түүнийг ашиглаад 8 хүртэл мВт эрчим  хүч гаргах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ бол зөвхөн нүүрсний хайгуулын мэдээлэл дээр үндэслэсэн судалгаа. Нарийвчилж судалсны үндсэн дээр Газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулахаар төлөвлөж байгаа. Хайгуулын гэрээ байгуулахдаа БХГ байгуулах ёстой.

Газрын тосны тухай хуулиар метан хийн эрлийн үед өрөмдлөг хийхийг хориглосон байгаа. Өрөмдлөг хийхгүйгээр БХГ байгуулах нь эрсдэлтэй биш үү?
Ж.З:
Нэг хуульч юм уу, улстөрч өрөмдлөг хийхгүйгээр метан хий байгаа эсэхийг мэдэж болно гэж сонссон юм байлгүй дээ. Техникийн хувьд энэ нь ямар ч үндэслэлгүй. Өрөмдлөг хийхгүйгээр юу ч мэдэх боломжгүй.

Гэхдээ Газрын тосны газрынхан мэргэжлийн хүмүүс учраас биднийг сайн ойлгож байгаа. Ямар ч байсан хууль ингээд гарчихсан болохоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Эрлийн ажлаа өрөмдлөггүйгээр, байж болох хэмжээнд хийчихээд, өрөмдлөг хийхдээ хайгуулын гэрээ байгуулна. Тэгэхдээ БХГ байгуулах ёстой. Өрөмдлөг хийхгүйгээр БХГ байгуулах эрсдэлтэй л дээ.

БХГ байгуулна гэхээр нэлээд том талбайтай, том хэмжээний хийн орд байх ёстой. Бидний хувьд төслөө хийн орд гэж харахгүй байгаа. Уурхайн үйл ажиллагаатай уялдуулан, олборлолт явуулж байгаа талбай дороосоо хийгээ авч, бага хэмжээний цахилгаан гарган, цахилгааныхаа хэрэгцээг хангана. Эндээс ямар бүтээгдэхүүнийг хуваах вэ гэдэг бас тодорхойгүй.

Хайгуулын гэрээ байгуулснаар өрөмдлөг болон бусад ажлууд хийгдэнэ. Түүнд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө эдийн засгийн ямар үр ашигтай байх вэ гэдгийг урьдчилж таашгүй. Гэтэл цооног өрөмдөхөөс өмнө БХГ-ний асуудал яригдаж байгаа. Хэдий хэмжээний хий байгаагаа мэдэхгүй, ямар хэмжээний ашиг олохоо мэдэхгүй байж БХГ байгуулах шаардлага хуулиар тавигдаж байна. БХГ байгуулсны дараа хайгуул хийгдээд төсөл ашиггүй байвал компани хөрөнгө оруулалтаар хохирно. Хоёрт, ажлаа зогсооход хүрнэ. Жилдээ нэлээд хэдэн сая тонн нүүрс экспортолдог компанийн хувьд бага хэмжээний хий олборлоод, 5 мВт цахилгаан гаргах нь мөнгөн дүнгээр тийм айхтар ач холбогдолтой биш учраас зогсоочихож болно.
Гагцхүү тогтвортой хөгжлийн бодлого, байгальд ээлтэй үйл ажиллагаа, цаашилбал Монгол улс өөрөө эрчим хүч, нефтийн хамааралтай улс тул аль болохоор нөөц эх үүсвэрээ төрөлжүүлж олон болгох ёстой. Дагаад энэ бүх бодлогод сөргөөр нөлөөлөх талтай юм. Ийм эрсдэл бий. Гэхдээ нэгэнт хууль гарчихсан болохоор хуулийн дагуу БХГ байгуулаад ажиллана гэсэн байр суурьтай байна. Хамгийн гол нь эрсдэлийг яаж хамгийн бага байлгах вэ гэдэг дээр мэргэжлийн зөвлөх компаниудтайгаа хамтраад ажиллаад явах боломжтой гэж бид үзэж байгаа. Газрын тосны тухай хуулийг дагаж журам гарах ёстой. Тэр журмаар асуудлыг зохицуулж өгөх байх гэж найдаж байна.

М.Б: Хүлэмжийн хийг бууруулж байгаа, байгальд ээлтэй технологи, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх шинэ төсөл гэдэг утгаараа анхан шатны төслүүдээ БХГ-ний нөхцөл, нөөц ашигласны төлбөр зэрэг дээр хөнгөлж, дэмжиж өгвөл энэ төслүүд цааш явах бүрэн боломжтой.

Ж.З: Австралид нүүрсний олборлолт явуулж буй компани хийгээ аваад, өөрийн хэрэгцээнд ашиглах юм бол БХГ байгуулдаггүй. Харин олборлосон хийгээ хийн дэд бүтэц, турбин хоолойгоор дамжуулан зах зээлд борлуулах юм бол БХГ байгуулдаг. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг ингэж дэмжиж байна. 

Хятадад метан хий ашиглаж байгаа төсөл юм уу компани 1 куб метр олборлох тутамд орон нутгийн захиргаанаас 0.2 юань, төв засгийн газраасаа 0.2 юань, дээрээс нь НҮБ-ын Байгаль орчны сангаас 0.2 юань, нийтдээ 0.6 юанийн татаас авдаг. Олон улсад ийм дэмжлэг, түлхэж өгдөг жишээнүүд байна. Манайд татаас олгохгүй юм гэхэд татвар хураамжаа хөнгөлж өгөхгүй бол энэ ажил эхэлж өгөхгүй, эхлээд ч амжилтад хүрэхгүй байх магадлалтай.

Урьдчилсан судалгаагаар нөөц дээр ямар тоо яригдаж байна вэ?
Ж.З:
Бид метаны хайгуул хийгээгүй. Нүүрсний батлагдсан нөөцийг үндэслэн энэ төрлийн нүүрсэнд ийм хэмжээний байх магадлалтай гээд нүүрсний хайгуулын явцад авсан дээжээсээ хийн ялгарлыг анхан шатны аргаар ойролцоогоор тодорхойлоод тавьчихсан болохоор одоогоор хэлэх үнэмшилтэй тоо байхгүй байна.
Урьдчилсан ТЭЗҮ дээр урьдчилсан байдлаар хэлсэн тоо байгаа. Гурван янзаар үнэлсний дундаж нь 728 сая м3. Гэхдээ энэ бол таамаг тоо. Үүнийг хайгуулаар баталгаажуулна. Багасч, өсч ч магад.


Метан хий чанарын ямар үзүүлэлттэй гарч байгаа бол?
Ж.З:
Нүүрсний давхаргын метан хий чанарын хувьд аль ч орд дээр өндөр байдаг юм билээ. Үндсэндээ байгалийн хийгээс ялгаагүй. Манай нүүрсний хайгуул 350 метрт гүехэн хийгдсэн учраас тэр хэмжээнд агуулга олон улсын жишгээс доогуур байгаа. Гэхдээ доошоо гүн рүү хийн агуулга үүсэх магадлалтай. Түүнийг судалгаагаар л баталгаажуулна.

МАК төслөө дангаараа хэрэгжүүлэх үү, бусадтай хамтрах уу?
Ж.З:
Бид хөрөнгө оруулагч гэхгүйгээр өөрсдөө хариуцаж хийх төлөвлөгөөтэй байгаа. Уурхайн аж ахуйн зохицуулалтын хүрээнд хавсраад аваад явна. Харин мэргэжлийн судалгаа гүйцэтгэгч гэрээлэгч компаниудын хувьд Америк, Хятадын компаниудаас санал авсан, сонголтоо хараахан хийгээгүй байна.

Метан хийн олборлолт өртөг багатай юу?
Ж.З:
Эхлээд хайгуулын цооног өрөмдөж, ямар хэмжээний хий хаана байгааг тодорхойлно. Мөн давхаргын нэвчилтийн туршилтууд хийнэ. Шингэн хийг хэр эрчтэй дамжуулж цооног руу өгөх вэ, даралт хангалттай байна уу гэсэн судалгаанууд хийгдэнэ. Даралтгүй бол шахаж гаргахгүй шүү дээ. Түүний дараа модель хийгдэж, хоногт ямар хэмжээтэй олборлох, түүнийг ямар насосаар олборлох, хэчнээн хэмжээний ус гарах вэ гэдэг нь тодорхой болсны дараа 1 куб метр хийг хэчнээн төгрөгөөр гаргаж авах нь тодорхой болно. Тиймээс өртөг хямд гэж хэлэхэд эрт байна. Бид эхний хэдэн цооногийг цэвэр хайгуул судалгааны журмаар тавина. Илүү итгэлтэй болоод ирвэл нэмэлт судалгааны цооногийг ашиглалтын болох боломжтойгоор өрөмдөж болно.

Нарийнсухайтын уурхайн нүүрсний метан хийн төсөл дээр Байгаль орчны үнэлгээ хийгджээ. Хэрхэн үнэлсэн бэ?
М.Б:
ЖЭМР компани манай төслийн байгаль орчны үнэлгээг хийсэн. Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн хүрээнд ЖЭМР компани, Австралийн “Cardno Emergin” компанитай хамтран уламжлалт бус газрын тосыг ашиглах хууль эрхзүйн орчин, нөөц гээд бүхий л мэдээллийг боловсруулж байгаа юм билээ. Энэ ажлын хүрээнд хоёр төслийг сонгож байгаль орчны үнэлгээ хийх даалгавартай. Түүний нэгд манай төслийг сонгоод, байгаль орчны үнэлгээ хийх санал тавьснаар бид суурь мэдээллүүдээ өгсөн. Ус, хөрс, агаарын чанар, салхи бүгдийг судлаад суурь үнэлгээ гаргасан байгаа. Энэ үнэлгээгээр хамгийн нөлөөлөлд орж болох зүйл гүний ус гэж гарсан. Метан хийг соруулж авахын тулд нүүрсний уурхайн усыг соруулж авдаг. Тиймээс гүний усанд бага зэргийн нөлөөлөхөөр гарсан.

Ж.З: Байгаль орчны нөлөөллийн хувьд гурван зүйл харагдаж байгаа. Механик нөлөөлөл буюу цооног өрөмдөх, насос суурилуулах зэрэг ажил нь уурхайн ашиглалтын талбайд явагдана. Нүүрс олборлож байгаа экскаваторын хажууд цооног өрөмдөхийг харьцуулахад жижигхэн нүх л байгаа. Тиймээс энэ нь нэг их санаа зовох асуудал биш. Хоёрдугаарт, метан хий нь нүүрс олборлох явцад агаарт ялгардаг. Ялгарч байгаа хүлэмжийн хийн нэг төрөл. Түүнийг авч ашиглах нь байгаль орчинд харин ч ээлтэй. Гуравт, нүүрсний уурхайн усыг Монголын уурхайнууд бүгдээрээ насосаар гаргаад, нуур болгон ууршуулаад хаяж байгаа. Нүүрсний уурхайн усыг ашиглая гэдэг санаа нүүрстэй холбоотой бүх төсөл дээр явдаг. Тэр усыг үйлдвэрт ашиглахаас гадна бусад зориулалтаар ашиглаж болно.

Хий олборлоход цооногоор ус хий хоёр хамт гарна. Эхлээд нэлээд их хэмжээний ус олборлож байгаад, сүүлдээ ус нь багасч, хий нэмэгддэг. Олборлоод гарсан тэр усыг нүүрс угаах үйлдвэрийн төсөлдөө ашиглах төсөөлөл бидэнд бий. Судалгаагаар хэдий хэмжээний ус, хэдий хэмжээний хий байх нь тодорхой болно.

Нарийнсухайтын уурхайн эрчим хүчний хэрэглээ ямар байдаг вэ? Одоо эрчим хүчээ хэрхэн хангаж байна вэ? Ирээдүйд яаж өснө гэж тооцоолж байгаа вэ?
Ж.З:
Одоогоор Хятадаас 35 кВт-ын шугам татаад, хэрэгцээндээ ашиглаж байна. МАК-ийн уурхай, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” болон тэр хавийн бусад уурхай өөр эрчим хүчний эх үүсвэргүй, эрчим хүчний дутагдалтай байдаг. Ер нь Нарийнсухайт орчмын уурхайнуудын үйл ажиллагаа ирээдүйд өргөжихөөс гадна баруун өмнөд хэсэг рүү уул уурхайн нэлээд олон томоохон төсөл төлөвлөгдөж байгаа юм билээ. Тэд бүгдээрээ эрчим хүчний эх үүсвэргүй, шийдэл нь тодорхойгүй байгаа. Тиймээс хийгээр ажиллах бага оврын цахилгаан станц байгуулах төсөөлөлтэй ажиллаж байна. Цаашдаа бохирдолтой хаягдал нүүрсээ ашиглаад цахилгаан станц барих юм бол өөрийн болоод тэр хавийн хэрэгцээг хангах боломжтой. Гэхдээ энэ бүхэн төлөвлөгөөний шатанд байна.

Цахилгаан генератор байгуулахад ямархуу хугацаа орох вэ?
Ж.З:
Судалгаан дээр ямар хугацаа орохыг хэлж мэдэхгүй байна. Судалгааны үр дүн хурдан гарвал 18 сарын дотор барина гэж төлөвлөж байгаа.   

Метан хийн олборлолтыг ордод цогцоор нь явуулахын тулд Нарийнсухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанитай төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа зүйл бий юу?
Ж.З:
Метан хий нь манайд цоо шинэ салбар учраас аль аль талдаа ойлголт бага, мэдлэг мэдээлэл хомс байна. Тиймээс бидэнд том үйл хэрэг яриад явах үндэслэл одоогоор алга. Бага хэмжээнд цахилгаан гаргаж, хэрэглээндээ ашиглаж эхэлсний дараа байдал илүү тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой”-н үр дүн ч гарна. Бид илүү их мэдлэг, мэдээлэлтэй болсны дараа цаашид яаж ажиллах нь тодорхой болох байх.

Монголчуудын хувьд байгалийн хий ашиглах талаар ямар ч туршлагагүй улс. Метан хийн ашиглалтын талаар ярихаар хийн олборлолтын аюулгүй байдал талаасаа хүмүүст нэлээд айдас байна. Олборлолтын технологийн хувьд хэр эрсдэлтэй вэ?
Ж.З:
Байгалийн хий, шатдаг хий нь өөрөө шатамхай тэсрэмтгий бодис учраас анхааралтай ажиллах ёстой. Гэхдээ олон улсад ашиглаж байгаа туршлагатай, стандартууд нь мөрдөгдөөд хэвшчихсэн учраас айх асуудалгүй. Харин ч эсрэгээрээ далд уурхайд хийгээ заавал соруулж ялгаж авч байж, үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхгүй бол тэсрэх аюултай. Ингэснээр хүний хувьд ч, байгаль орчны хувьд ч сөрөг нөлөө багасч байгаа хэрэг.  

CTL, CBM төслийн ялгааг тайлбарлаж өгөөч? Мөн CBM нь байгалийн хийнээс юугаараа ялгаатай вэ? Хольж хутгаж ойлгох тал бий?
Ж.З:
CTL нь нүүрсийг шингэрүүлэх гэсэн үг. Нүүрсний молекулыг өөрчлөөд, шингэн түлш болгохыг хэлж байгаа бол CBM нь нүүрсний давхаргын метан. Байгаль дээрээ нүүрсний нүх сүв дотор ялгарчихсан байгаа бага хэмжээний шатдаг метан хийг цуглуулж ашиглах тухай яриа юм. Өөрөөр хэлбэл, нэг нь нүүрсийг боловсруулж байгаа бол нөгөө нь байгаа хийг цооногоор ялгаж авах тухай асуудал.

Нефть байгалийн хийн ордын хувьд анх үүссэн газраасаа өөр газар руу урсаж ирээд, том нүх сүвтэй чулуун дотор бөөгнөрч хуримтлагдан их нөөцтэй орд үүсдэг тул олборлоход арай хялбар байдаг. Нүүрсний давхарга нь тэгж нүүж бөөгнөрөөгүй, анхны чулуулаг дотроо нүүрсний жижиг нүх сүв дотор байдаг хий учраас адилхан талбайд байх хийн хэмжээ нь байгалийн хийн ордоос олон дахин бага. Тиймээс нүүрсний давхаргын метан хийн ашиглалт хөрөнгө оруулалт өндөртэй, бас байгалийн хийн орд шиг ашигтай биш. Дээрээс нь хийгээ гаргаад ирлээ гэхэд яаж ашиглах нь чухал. Гаргаад ирлээ гэхэд холбочих труба хоолой, дэд бүтэц Монголд байхгүй. Том талбай дээр цэвэр хийг нь ашиглана гэж төсөөлж байгаа тохиолдолд дэд бүтцээ шийдэх ёстой.

Олон улсын туршлагаас харахад нүүрсний лицензтэй компани, эсвэл хөндлөнгийн компани метан хийн ашиглалт явуулах эрх аваад ажиллахын аль нь илүү давуу талтай байна вэ? Энэ харилцаанд асуудал үүсдэг болов уу?
Ж.З:
Мэргэжлийн хувьд ч, салбарын хувьд ч олон улсад газрын тос, байгалийн хийн ашиглалт явуулдаг компани, уурхайн ашиглалт явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн ойлголт нь ч тусдаа, явуулж буй бизнес нь ч тусдаа байдаг. Нүүрсний давхаргын метан хийн судалгаа, хайгуул, ашиглалт явуулах компани түүгээрээ мэргэшсэн   жишгүүд байна. Гэхдээ том бассейнд хэд хэдэн уурхай байж байдаг. Тэр уурхайнуудын олборлолт явуулж байгаа талбай дээр өөр компани орж ирээд, судалгаа хийж, хийг нь ашиглана гэсэн ойлголт байдаггүй. Хоорондоо зөвшилцөж тохиролцох хэрэгтэй. Эсвэл уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компани өөрөө хүсвэл метан хийгээ авч ашиглах, түүнд нь илүү давуу нөхцөл олгодог жишиг олон улсад байна.
 
Манайхан ч үүнийг тодорхой хэмжээнд ойлгоод, Газрын тосны тухай шинэ хуулийг дагаж   Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Түүний нэг нь нүүрсний олборлолт явуулж байгаа компани өөрийн талбай дээрх метан хийг ашиглах бол давуу эрхтэйгээр ашиглах, зөвшөөрлийг давуу эрхтэйгээр олгох заалт юм. Үүнийг зөв зохицуулалт гэж харж байгаа. Тэгэхгүй бол талбай дээр нь өөр компани орж ирээд, хоорондоо тохиролцохгүй бол нүүрсээ ухаад, метан хий нь дэмий хаягдах хэрэг болно.

Ер нь нүүрсний давхаргын метан хийн төслүүд Монголд хэр ирээдүйтэй вэ?
Ж.З:
Дэлхий даяар хийн ашиглалтад түлхүү анхаарч байна. Манайх ч гэсэн эрүүл мэнд, байгаль орчноо бодвол түүн рүү явах нь зөв. Алсдаа нүүрсний станцуудыг хотоос гаргах, эсвэл хийгээр ажилладаг станцууд байгуулах хэрэгтэй. Үүний тулд нүүрсний давхаргын метанаа хоолойгоор татах, дээрээс нь нүүрсээ хийжүүлээд, хийгээ Улаанбаатар руу нийлүүлэх нь ирээдүйд явах чиглэл гэж боддог. Түүний хүрээнд SNG ч хэрэгжинэ, метан ч хэрэгжинэ. Хийн дэд бүтэц байгуулаад, ашиглаад эхлэх юм бол хот утаагүй болно. XXI зуунд хот дотроо нүүрс түлнэ гэдэг хамгийн том хоцрогдол. Метан хийг олборлож эрчим хүч гаргаж авах нь нүүрсний цахилгаан станцтай харьцуулахад шатдаг зуух, тоног төхөөрөмжийнх нь хэмжээ бага учраас хөрөнгө оруулалт бага байдаг талтай.

Хятадад таксинууд CNG-гээр явдаг. CNG (Compressed natural gas) нь метаныг өндөр даралтад оруулаад, савлаад ашиглаж буйг хэлж байгаа юм. Нэгдүгээрт, түүний хэрэглээ бага. Хоёрт метан хийг шингэрүүлсэн баллонтой хийнээс асар олон дахин даралтаар шахаж байж баллонд хийдэг. Тиймээс тусгай тоног төхөөрөмжөөс гадна илүү өндөр шаардлага тавигддаг, илүү эрсдэлтэй. CNG-г дотоод шаталтын хөдөлгүүрт  машинд ашигладаг. Чадал нь дизельд хүрэхгүй л дээ. Гэхдээ жижиг машинд асуудалгүй.

Ирээдүйд том төслүүд хэрэгжээд труба хоолойгоор Улаанбаатарыг хангаад явах бүрэн боломжтой. Ерөөсөө л байгалийн хий шүү дээ. Орост Сибирийн бүх хотууд байгалийн хийгээр амьдарч байна. Хятадын хотууд ч мөн адил. Нүүрсний давхаргын метан хийг олборлоод, ашиглаж байгаа олон улсын жишиг байна.

Манайд их хэмжээний нүүрс байгаа, тэдгээрт нүүрсний давхаргын метан хий байгаа нь тодорхой. Харин аль орд дээр ямар хэмжээгээр байгааг мэдэхийн тулд судалгаа хэрэгтэй. Байгаагаа ашиглах юм бол ирээдүйтэй. Байгаль орчиндоо ээлтэй. Хийн түлш хэрэглэвэл утаа униар нь багасна. Гэхдээ дэд бүтэц алга байна. Ордоос том хэрэглэгч хүртлээ хоолой татна гэдэг асар их хөрөнгө оруулалт. Дэд бүтэц байгуулахад нүүрсний давхаргын метан хий олборлохоос хэд дахин их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүний тулд маш том талбайтай сав газрын хүрээнд метан хийг ашиглах, урт хугацааны том төсөл байх хэрэгтэй. Манайх шиг уурхайн хүрээнд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэр хийг зөөнө гэж байхгүй учраас тэнд нь юм болгох хэрэгтэй.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан салбар учраас алсын ирээдүй байгаа ч ойрын хэдэн жилдээ айхтар метан хий ашиглаад, тэр нь бизнесийн том ашиг өгөх юм харагдахгүй л байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

  • цооногийн усыг зайлуулаж хуурай цооног болгоод
    лборлолт явуулах технологи бий юу судалгаа явуулаж болно
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 18 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.