Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үг

2015-01-05 12:17

2014.12.19

 

Парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвсэл хамтран байгуулсан Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад яг 9 хонож байна. 9 хоног гэдэг бол бусад бүх Засгийн газрын хувьд ажилтайгаа дөнгөж танилцаж эхэлж байдаг хугацаа. Харин манай засгийн хувьд эрс шийдэмгий шийдвэр гаргах, энэ замаар явах уу үгүй юу, энэ ажлаа хийх үү үгүй юу гэдэг ээдрээт асуудлуудын хариуг өгөх тулгамдсан үе болоод байна. Их хүн Шекспирийн Орших уу, эс орших уу гэдэг алдарт ишлэлийг энд сануулахад ч хэтрүүлсэн болохгүй болов уу.

 

Бид өнөөдөр яг ямархуу байдалтай байна, Монгол гэдэг айл маань яажшуухан аж төрж байна гэдгээ одоо илэн далангүй нэг ярьж авцгаая. Ингэж ярихын тулд эхлээд элдэв улс төрөө хойш тавья, хойтонгийн хойтон их хурлын сонгуультай гэдгээ түр мартацгаая, хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё. Асуудлуудаа эрүүл саруулаар, элдэв эмоцигүйгээр нэг ярьцгаая.

 

Хүндрэлийн асуудлууд маань эрт дээрээс улбаатай. Энд нэг хоёр Засгийн газар, хуруу дарам хэдхэн улс төрчдийг чичлэх гэвэл дахиад л буруу зам руугаа орно. Бид 25-хан жилийн хугацаанд бусад улсуудын хоёр, гурван зуун жилийн түүхийг, бас түүний алдаа оноог нь товчилж, монтажилж яваа ард түмээн. Парламентийн зургаахан сонгуулийн ард гарсан хэдий ч сонгууль бүрийн үр дүн нь байж болох бүх хувилбараар биднийг туршин, бид жинхэнэ утгаараа шалгуур бүрээр нь шүүлтэд орж, сонгуулиас сонгуульд хэрсүүжиж л явна. 

 

Шуудхан асуудалдаа ороход өнөөдөр бид нарын өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна. Энэ бүхнээ зохицуулж чадахгүй бол эдийн засгийн хямралтай шууд нүүр тулна. Тэр үеийн хямрал дэлхий даяар явсан мөнгө санхүүгийн бодлого, үл хөдлөх хөрөнгийн болон хоёр дахь зах зээлийн хөөсөрсөн үнэ цэнэ, түүхий эдийн үнийн огцом бууралтаас шалтгаалсан, гадаад хүчин зүйлээс улбаатай байсан.

 

Харин энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл  улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан. Бонд зээл хичнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч, нөгөө гараа тайрвал, бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа.

 

Өнөөдөр Монгол гэдэг энэ айлын маань халаас, түрүүвч нь хэр зузаан байна вэ?

 

ДНБ оны үнээрээ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16,5 их наяд төгрөг байна.

 

Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна.

 

Төсөв, мөнгөний тэлсэн бодлого явуулж, Засгийн газрын бондыг гадаад, дотоод зах зээлд их хэмжээгээр худалдаалах, Монголбанк болон Хөгжлийн банкнаас эдийн засагт их хэмжээний мөнгө оруулах замаар эдийн засгийн өсөлтийг 2013 онд хоёр оронтой тоонд хадгалж чадсан боловч, энэ инерци нь гадаад валютын орох урсгал төдийлөн нэмэгдээгүй үед эргээд төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, 2014 оны эхний 10 сарын байдлаар алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж, одоогоор нэг ам.доллар 1900 орчим төгрөг байна.

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү суларсан нь импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин инфляцийн түвшинг өсгөж, 2013 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл хоёр оронтой тооноос буурахгүй байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувь байна. Инфляцийн түвшин 15 хувиас ингэж буусан нь нааштай үзүүлэлт боловч эдийн засгийн зөв бодлого гэхээс илүүтэйгээр түүний агшилтаас үүдэлтэй байна.

 

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл 4 их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна.

 

Төсвийн алдаатай бодлогын хажуугаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт зэрэг мөнгөний бодлогын арга хэмжээнүүд савлагаа ихтэй, эдийн засгийн мөчлөг дагасан, тодорхойгүй, эдийн засгийн зарим сегментийг дэмжих байдлаар чиглэгдэж ирсэн. 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн байна. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.

 

Монгол Улс маань байгалийн хичнээн баялагтай ч, хөрөнгө оруулалтгүй бол хүн хүч, техник технологигүй бол хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан чигээрээ манай үеийнхэн үлдэх юм байна гэдгээ ч харлаа.

 

Гэрээ баримт шийдвэр дээрээ мутраа хайрласан андгай үүргээ байтугай бариа зөрөөн дээрээ бусдыг үргээсэн хууль, шийдвэр гаргаад байвал биднийг хэн ч тоохгүй, эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө өө.

 

Тоон үзүүлэлт буурах, тооцоо судалгаа муудах нэг хэрэг, харин үнэт зүйлийн үнэлэмж дордож, хандлага зарчим алдагдах түүнээс илүү аюултай.

 

Жилдээ 2 сая шоо метр ой мод хулгайлж байгаа хууль бус үйлдлийг зогсоох эдийн засгийн сонирхолгүй, хуурамч байгаль хамгаалагчдыг татвараа төлөөд хөрөнгөө оруулаад, байгаль орчны дахин сэргээлтээ хийж байгаа хууль сахигч, хувийн бизнесүүд рүүгээ буу сумтай уулгалан дайрч байхад нь болиулж зүрхлэхгүй төр засагтай болсон байна, бид.

 

Монголд хөрөнгөө оруулахаар ирсэн бизнесийнхнийг тайлбар нөхцөлгүйгээр хөл хорьдог тухай мэдээ дэлхий даяар Монгол орны маань нэрийн хуудас болоод байхад бид таг дуугай харсаар, битгий хөрөнгөө оруул гэж байгаа юм шиг ажигласаар л сууна.

 

Өнөөдөр долларын ханш унаж, улсад нэг нь нэг гэлтгүй тонн алт чухал байхад газар дээр нь ганц ч очиж хараагүй байж уурхайн олборлолтын үйл ажиллагааг байнгын хорооны хуралдаан дээр ганц хашгираад л бүтэн жилээр гацааж байна. Монгол төрийн бодлого ингэтлээ эрэмбээ алдсан, ингэтлээ төрийн дархлаа сульдаж доройтсон бол бид өнөөдөр үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нийгэмд байгаа хүлээлтүүдээ болиулах хэрэгтэй.

 

 

Одоо гишүүд ээ, зовлонтой ч гэсэн заавал шийдвэрүүдээ гаргах цаг нэгэнт болжээ.

 

Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй.

 

Долларын ханш одоогийнхоосоо хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэж, монгол төгрөг яаж үнэгүйдэхийг харах хүсэл мэдээж хэнд ч байхгүй байгаа. Энэ хэдэн банкны хэд нь ч дампуурч, хичнээн мянган хүн ажлын байраа алдахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Энд бие биенээ айлгах ямар ч бодол алга. Зүгээр л төсөв, мөнгөний энэ бодлого цаашаа хэвээр үргэлжилбэлийм нөхцөл байдал биднээс шалтгаалахгүйгээр бий болноо гэдгийг л гол нь хэлэх гээд байна.

 

Одоо бид огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь сүүлийн 2 жил гүн хямралд оруулсан шиг тийм нөхцөл байдал үүсэхээр байна.

 

Холоос ч жишээ хайгаад хэрэггүйээ. Хойд хөрш маань манайхаас шалтгаан нь арай өөр ч яг бидэнтэй адилхан хөрөнгө оруулагчид орж ирэх боломжгүй болсон, ханш валютын хомсдолд орсон, үндэсний мөнгөн тэмдэгт нь үүнээс болж үнэгүйдсэн, дээрээс нь үндсэн экспортын бүтээгдэхүүн нефтийн үнэ огцом унасан гээд бидний танил аялгуу сонсогдсоор байна. Өнөөдөр гадны бүх хэвлэл Оросын эдийн засаг хямралын ангал дээр ирснийг дуу дуугаа авалцан шуугиж эхэллээ. Эдийн засаг нь хичнээн том ч зөвхөн түүхий эдээс хамааралтай зах зээл хэрхэн хурдан хямрах боломжтойг бидэнд сануулсаар, том дохио өгсөөр байна.

 

Дараагийнх нь бидний ээлж гэж үү?

 

Бид ийм байдлаараа удаан тэсэхгүй ээ. Хүндхэн өвчин туссан өвчтөний ар гэрийнхэнд эмч хэцүү ч гэсэн үнэнийг нь хэлдэг. Бид одоо хэцүү ч гэсэн үнэнээ хэлцгээж, үйл ажиллагаагаа нэгтгэх ёстой.

 

Бидэнд нэг сайн, нэг муу мэдээ байна. Муу мэдээ нь бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Энэ нь арга хэмжээ авахгүй бол одоогийн нөхцөл улам муудна гэсэн үг. Харин сайн мэдээ нь бидний өвчний онош нь тодорхой, эмчлэгдэх боломжтой, хамгийн гол нь бидний гарт, бидний мэдэлд хяналт нь байсаар байна.

 

Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн  магадлал бий болох гээд л байна. Байдал ийм байхад Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр, нэгдсэн хүчгүйгээр, нэгдмэл үйл ажиллагаагүйгээр энэ эрсдэлийн ард гарахгүй ээ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг зөвшөөрч, улс төрийн их эрсдэлийг огоорон, улс үндэстнийхээ эрх ашгийг өмнөө тавьж, Их эвслийн Засгийн газрыг байгуулах аргагүй бас амаргүй сонголтыг хийсэн парламентад суудалтай намууд болох  АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д гүн талархлаа илэрхийлж байна.

 

Нэгдэж эвсэх нэг хэрэг. Харин нийлээд зүтгэх нэлээд хэцүү боловч амаргүй шийдвэрүүд гаргах цаг хугацаа яалт ч үгүй ирлээ. Бид одоо хийхгүй бол хэн ч, хэзээ ч хийж чадахгүй. Энэ шалгуурыг хамтдаа туулаад гарцгаая.

 

Хасъя, багасгая, тэсье, тэвчье гэдэг зүйлүүдийг ярих хэлэх байтугай бодох хүсэлтэй улс төрч л лав байхгүй байх. Тэр тусмаа ийм зүйл хийх хүсэлтэй Ерөнхий сайд байна гэдэг, нуугаад яахав, хүсээд байх зүйл биш. Гэхдээ гашуун ч гэсэн эм. Гачлантай хяслантай ч, гарцаагүй хийх ёстой ажлыг барьж авахаас өөр сонголт энэ удаагийн Ерөнхий сайдад, Засгийн газарт байхгүй байна аа.

 

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар санхүү төсвийн бодлогодоо цоо шинээр хандахаас өөр аргагүй боллоо. 2014 оны төсвийн тодотголыг цаг хугацаагүй учир зөвхөн бүтцийн өөрчлөлтийн хэмжээнд л өргөн барьсан. Олон гишүүн хэзээ бодит байдалд суурилсан үнэн төсөв оруулж ирэх тухай зөв шүүмжийг ч өрнүүлсэн. Одоо бидний өргөн барих 2015 оны төсвийн тодотгол та бүхний шаардлагыг хангасан байх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

Эхний гол өөрчлөлт бол төсөв нэгдсэн төсөв гэдэг утгаа агуулна. Хөгжлийн банкин дээрх төсвийн эргэн төлөлттэй холбоотой зардлууд төсөвт нэгтгэн суугдаж бид жинхэнэ утгаараа нэгдсэн нэг төсөвтэй болно.

 

Ингэсэн тохиолдолд бидэнд төсвийн хариуцлагын хуулин дээр байгаа зарим шаардлагыг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ ОУВС, ДБ-с ирүүлж байгаа зөвлөмжийн дагуу ойрын 2-3 жилийн хугацаанд тус хуулийн заалтуудыг эргэн биелүүлэх шаардлагыг тусгасан шилжилтийн үеийн зохицуулалттай хуулийн төслийг төсвийн тодотголтой хамт өргөн барина. Энэ асуудлыг улс төргүйгээр, улс орны эрх ашгийн үүднээс шийдэж өгнө гэдэгт итгэж байна.

Бодит байдлаа тусгах дараагийн том өөрчлөлт бол орлого, зарлагаа зөв тооцох асуудал.

 

Сүүлийн хэдэн жил дараалан төсвөө бид хүслийн жагсаалтаараа баталдаг тэгээд сүүлд нь бодит байдалдаа шахагдан оны төгсгөлд тодотгодог болсоор удлаа.

 

Бид хүслээ бодит байдал болгодог буруу практикаа одооноос өөрчлөхгүй бол “чөтгөрийн тойрог”-оосоо хэзээ ч гарахгүй ээ. Энэ жилийн хөрөнгө оруулалтын дутуу санхүүжилт 320 тэрбум төгрөгийг ирэх жил шийдэх шаардлага уламжлал ёсоор дахиад үүслээ.  Энэ түүх дараагийнх нь жил бас давтагдана. Энэ эцэс төгсгөлгүй хууралтаасаа энэ жилээс эхлэн бүгдээрээ татгалзъя. Энэ жилийг он удаан жилүүдийн алдааг засах он болгоцгооё. Гэртээ шинэ тавилгаа оруулахын өмнө айл гэр олон жил хурсан хог шорооноосоо салдагтай адил одоо хүртэл он дамжин дуусаагүй объектуудаа цэгцлэх он болгоцгооё. Шинэ барилгын тухай огт ярилгүй нэгхэн жил тэсье. Эхлүүлсэн барилгуудаа дуусгах боломжтойг нь энэ жил шийдье. Дуусах боломжгүй, эсхүл дууссан ч хэргээ гаргахгүй, хувийнхан аваад явчих боломжтойг нь дуудъя, худалдъя, менежмэнтээр шилжүүлье.

 

Дараагийн том асуудал бол мөрөөдлийн жагсаалтаа батлуулахын тулд орлогоо худлаа төлөвлөдгөө зогсооё. Сүүлийн хэдэн жил дараалан орлогын төлөвлөгөө огт биелээгүйг бүгдээрээ бэлээхнээ мэднэ. Энэ 2015 оны хувьд ч гэсэн бүхэл бүтэн нэг их наяд төгрөгөөр орлогоо хумихгүй бол бид суурь өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Бид нэг их наяд төгрөгөөр орлогоо хумих болохоор нэг их наядаар зарлагаа танахаас өөр аргагүй болно.

 

Бид жил бүрийн төсвийн орлогоо ч тэр, зарлагаа ч тэр 16-18 хувиар шат шатандаа нэмэгдүүлсээр баталсан болдог. Гэхдээ бодит амьдрал дээр орлого зарлага аль аль нь дунджаар 3-6 хувийн л өсөлттэй  гарч байна. Эндээс л он жил дамжсан олон олон дуусаагүй барилгууд жилээс жилд өртөг үнэ нь өссөөр байдаг олон объектууд төрж гардаг бичигдээгүй хуулийг бид нэгэнт үйлдвэрлэсэн.

 

Сонгууль болгоноор бие биенээсээ өрсөн амалж, уралдаж явсаарбид нийгмээ нэгэнт халамжийн болгон хувиргажээ. Өнөөдөр бизнес хийж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхэд аль аль нь хүүхдийн 20 000 төгрөгийг бэлнээр авч байна. Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиж,хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрүүдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгоё.

 

Өнөөдөр арван жилээ төгссөн сурагчид бараг толгой дараалан оюутан болж байгаа. Унтах цагаа хугаслан мэргэжил мэдлэгийн төлөө зүтгэж яваа оюутан, урд шөнөжингөө баардаж бүжиглэсэн ангийн андтайгаа адилхан 70 000 төгрөгөө аваад л явж байна. Одоо ядаж сайн онц сурч байгаад нь цалин урамшууллыг нь өгье. Бодлогын гажуудлаас үүдэн оюутны цалингаа аваад  сураад л байдаг, сургуулиа төгсөж өгдөггүй бүхэл бүтэн давхарга яваандаа бий болох гэж байна.

 

Нийгмийн шилжилтийн эхэн үед Төрийн албанд ажиллах хүний нөөц хомс үед мэргэжилтэй боловсон хүчнээ төрд ажиллуулахын тулд олон хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын тогтолцоог тухайн үедээ бий болгосон. Одоо боломжтой заримыг нь өнөөдрийн бодит байдалтайгаа уялдуулах шаардлагатай байна. Жишээлбэл, ТАХ-н тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна. Энэ ажлыг одоо хийхгүй бол ирэх жилээс эхлэн энэ зориулалтаар зарцуулах хөрөнгө хүүхдийн нийт мөнгөний хагастай тэнцэхээр их болоод байна. Энэ мэтээр эдийн засгийн даацаа тооцсон, хөнжлийнхөө хэрээр хөдөлсөн нийгмийн бодлогод шилжье.

 

Дараагийн асуудал бол бидний хувьд мөнхийн хориотой сэдэв, төрийн хамгаалалтад Үндсэн хуулиар оруулсан асуудлыг хөндье. Малаа махны чиглэлээр бэлддэг бусад орны мэргэжилтнүүд манайхны малаа, махыг нь хатууртал нь  хариулаад, хадгалаад байдгийг ойлгодоггүй. Бид үл хөдлөх, хөдлөх бүх хөрөнгө дээр татвараа тавьж, бодлогоо явуулдаг хэрнээ малчиддаа таалагдах уралдааны дүнд малаасаа татвар хэзээ ч авдаггүй, харин ч эсрэгээрээ ноосны, ноолуурны, арьс ширний, махны баахан татаас төсвөөс нэмж өгдөг болсоор бүхэл бүтэн нэг тогтолцоог бий болголоо. Угаасаа нүүдлийн гэдгээрээ зардал харьцангуй багатай, дээрээс нь татвар төлдөггүй,татаас арвинтай ийм бодлогын үр дүнд үр ашгийн төлөө бус, тоо хөөцөлдсөн тогтолцоог хөхиүлж дэмжсээр дэлхийн тэрбумтнуудаас илүү олон мянгат малчинтай болох гэж байна, бид.  60 сая толгой мал тоолуулсан атлаа,  махаа ахиухан экспортолъё гэхэд бидэнд үүнийг хүсэх малчин нь, бас мах нь ч алга.

 

Одоо малчиддаа хандсан олон татаасаа нэг цэгцэлж,малын хөлийн татварыг нь ядаж орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох цаг болжээ.

 

Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон  дүрэмт хувцас өмсөн төрийн нэрийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх нь хаана ч байдаг зүйл. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан төрөөр, төсвөөр дүрэмт хувцас нэртэйгээр өмсөж зүүхээ бэлдүүлэн жил тутам шинэчилж төсөвлөж байх нь дэндүү цамаан гэхээс өөр тайлбар алга. Үүнийг одоо шууд зогсооё. Төрийн сүрийг үзүүлэн зүгээр ч нэг дүрэмт хувцсаар ижилсэхгүй, бие биетэйгээ уралдан бизнес эрхлэгчдийн хаалгыг өшиглөсөөр, төлөвлөсөн төлөвлөөгүй шалгалт хийсээр, материал баялаг бүтээгчдийн тал нь “X” тайлан гаргаж, тэр хэмжээгээрээ үүд хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлэхэдтөрийнхөн жинтэй хувь нэмрээ оруулсаар байна.

 

Бид дандаа яам агентлаг гээд дээгүүр нь хэрүүлээ хийгээд байдаг ч Төрийн өмчит,төрийн өмчийн үйлдвэрийн,төсвийн,төсөвт үйлдвэрийн,аж ахуйн тооцоот гээд л иргэд байтугай дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө толгой нь эргэм олон, төсвөөс цалинждаг, төсвөөс үйл ажиллагаа нь санхүүждэг, тогтмол зардлаа даалгадаг байгууллагуудыг бий болгожээ.

 

Хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн судалгааны институт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төвд нэгдэж болно. Үйл ажиллагаа нь ойролцоо ийм байгууллагуудын олон жишээг дурдаж болно. Одоо салбаржаад байлгүй зоригтой өөрчилж нэгтгэх цаг нь нэгэнт болжээ. Байнгын орон тоотой, ажлын албадыг татан буулгах, орлогоороо өөрийгөө санхүүжүүлээд явах бололцоотой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах саналыг Засгийн газар оруулах болно.

 

Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах,тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

 

Бид зөв менежмент хийвэл бололцоо нөхцөл байнга байдаг гэдгийг харуулахын тулд манай Засгийн газар 3 шийдвэр гаргалаа. Хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүүхэд эх,сахиурууд хонгилд гудсан дээр унтаж,эмчлүүлж байгаа учраас хуучин ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энхтайвны гүүрний доорхи гаднаа зогсоолтой том байрыг богино шахуу хугацаанд хүүхдийн шинэ эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ. Мөн оффисийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Ордны ар дахь шинэ барилгын зориулалтыг өөрчилж шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг ХЗ-н сайдад үүрэг болголоо. Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жил дараалан эзэнгүй, балгас болон хувирсан, төсвөөс дахин арав хоринтэрбум төгрөг нэхэж байгаа эмнэлгийн дуусаагүй барилгыг хувийн компаниар концессоор дуусган цаашид хувийн менежментээр, зориулалтаар нь эх нялхсын болон нэгдсэн шинэ эмнэлгийг байгуулах зохих шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна. Шинэ зуун гараад нэг ч шинэ эмнэлэг барьж чадаагүй байгаа бидэнд гурван ч шинэ эмнэлэгтэй болох бололцоо ийнхүү гарч байна гэсэн үг. Бодлого нь зөв зарчим дээр суурилсан байхад жаахан сэтгэл, зүтгэл, ойлголцол гурвыг нэмээд өгөхөд бид олон асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна аа гэдгийг л энд гол нь жишээ болгох гээд байна. 

 

Алтан дээр тавьсан татварыг бид хэлэлцэж байгаад 2,5-хан хувиар л бууруулсан.  Үр дүнд нь Монгол банкинд тушаасан алт өнгөрсөн жилээс бараг 3 дахин нэмэгдэж байна.

 

Бид бодлого, зохион байгуулалтын олон ажлыг хамт хийх ёстой. Эхний ээлжинд төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж багш, эмч нараа төрийн албаны ангиллаас чөлөөлж,төртэй гэрээний үндсэн дээр үүрэг, үйлчилгээг нь хариуцаж байхаар хуульчилъя. Ингэснээр төрийн албан хаагчийн цалингийн шатлал, хүснэгтэд баригдсан байдлаас чөлөөлж, тэдэнд  ажлын үр дүнгээсээ шалтгаалан илүү цалин хөлс авах боломжийг нь нээж өгөх юм.

 

Төрийн, төсвийн байгууллага болгонд тусдаа жолооч, үйлчлэгч, цахилгаанч, сантехникч ажиллаж байгаа. Бусад улсын жишгээр төр зөвхөн үйлчилгээ авсны хөлсөө төлье, энэ ажлыг хувийн хэвшлийн төрөлжсөн байгууллагад хариуцуулъя. Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, Засгийн авто бааз хоёр эхний ээлжинд ийм зарчмаар ирэх нэгдүгээр сараас ажиллаж эхлэх гэж байна. Хувийн хэвшлийнхэнд ч өрсөлдөх боломжийг нь энэ чиглэлээр бий болгоцгооё.

 

Сумын түвшинд татвар, даатгал, халамж, хөдөлмөрийн байгууллагын үйлчилгээг, тогтолцоог эргэн оновчтой болгох ажлыг шинэ тодотголоор зохицуулна.

 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр одоогийн хэмжээнд нь үргэлжлүүлж олгоё. Гэхдээ үр хүүхдийнхээ хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эхчүүд тал мөнгийг нь бас дээрээс нь нэмэрлэдэг болъё.

 

Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжье.

 

ХАХНХЯ-с хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монгол Улсын бүх хүн ам, өрхийн судалгаагаа сүүлийн 2 жилд үр дүнтэй хийж дуусгалаа. Өөрөөр хэлбэл Монгол төр Монгол хүнээ таньдаг болсон гэсэн үг. Халамжийн хавтгайруулсан бодлого бус хэнд халамж, мөнгө хэрэгтэй байна, тэр хүнээ олж таньж, төрийн халамжийн үйлчилгээгээ үзүүлдэг зорилтот, чиглэсэн тогтолцоондоо одооноос шилжье.

 

Төсвийн хатуу хэмнэлтийн бодлого явуулах хэдий ч бид халамж анхаарал шаардлагатай нийгмийн тэр хэсгээ огтхон ч орхиж болохгүй ээ.

 

Төрийн данхайсан бүтэц бий болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Засгийн газраас төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг бууруулах зорилгоор багш, эмч нараас бусад албан хаагчдыг 15 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн 10-аад мянган албан хаагчид чөлөөлөгдөх тооцоо гарч байна. Хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед 10 мянган хүн ажилгүй болох амаргүй. Хямрал хүндрэлээс гарсан бусад орны туршлага ч аль болох ажлын байраа хадгалж ажлаар хангах чиглэлийг баримталж, хямралыг давсан байдаг. Иргэд, эдийн засагчдын саналыг үндэслэн одоохондоо ажлын байрыг цөөлөхөөс илүүтэй ажлын байраа хадгалан харин цалин хөлсийг ганц жилдээ нэмэхгүй, тэвчиж ойлгож хандах нь эдийн засагтаа илүү өгөөжтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгааг бас бодолцохгүй өнгөрч болохгүй байна. Өөрөөр хэлбэл хүнээ хөндөж гудамжинд гаргаснаас хэсэг хугацаанд цалингийн нэмэгдлээ тэвчих нь дээр гэсэн бодлогыг хямралын үед зөв гэж үзэж байна. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хүндрэлтэй энэ үед хувийн хэвшлийнхнийг ч хөлдөө чирэхгүй, хүнд хэцүү энэ үед тэдэнд бас амьсгаа авах боломж олгох юм.

 

Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид  гээ олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий.

Төр засаг нь бий болоод байгаа нөхцөл байдлыг зөв үнэлэн алдаатай бодлогоо хүлээн зөвшөөрье, засаж янзалъя, ард иргэд нь ч амьдрал ахуй хичнээн хүнд байгаа ч тэсэж тэвчиж болох хэсэгхэн цаг хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдалд ойлгож хандах сэтгэл, хүлээцийн тухай энд харьцуулан хэлэх гэсэн юм.

 

Бид хүнд хэцүү ч гэсэн орлогоо үнэнээр нь төлөвлөж, зарлагаа зохистой танаж чадвал төсвөө эрүүлжүүлнэ. Төсвийн бодлоготойгоо уялдуулж, мөнгөний бодлогодоо зөв тохиргоо хийж чадвал мөнгөний бодлого эрүүлжинэ. Эдгээр дээр нэмээд хөрөнгө оруулалтын орчноо эрүүлжүүлбэл төлбөрийн тэнцлээ эрүүлжүүлнэ. Эцэст нь энэ бүгд нийлээд эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого болох учиртай.

 

Мөнгөний бодлогодоо дэм өгөх үүднээс нилээдгүй шүүмжлэл дагуулсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хамгийн том бүрдэл нь болох шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ойрын үед бүрэн гарах шийдлээ Засгийн газар Монгол банктай хамтран гаргалаа.

 

Өнөөдөр би зориудаар эдийн засгаа эрүүлжүүлэх, тэлэх чиглэлээр авч явуулах арга хэмжээнүүдээ ярилгүй орхилоо. Энэ чиглэлээр Их хурал дээр Ерөнхий сайдаар томилогдонгуут ерөнхий чиглэлүүдээ тогтож бас ярьсан. Мөн ирэх долоо хоногоос хүндрэлээс гарах төлөвлөгөөгөө хийх,  хэрэгжүүлэх ажлын жагсаалттайгаа УИХ-д эргэн танилцуулах боломж гарна гэдэгт найдаж байна.

 

Одоо ажил хийсэн ч, популизм ярьсан ч аль аль нь өөр өөрийн үр дагавар авчрах цаг үе ирлээ гэдгийг л шууд хэлье. Бид хүмүүст таалагдахгүй ч авах ёстой арга хэмжээ, хийх ёстой шийдвэрүүдээ гаргаад эдийн засгаа, төсөв мөнгөө цэгцлээд явах нэг зам байна, эсвэл бие биенээ үргэлжлүүлж хуурсаар, зориг ажлыг мохоосон популизмдаа бууж өгсөөр бүхнээ тавьж туух нөгөө зам байна.

 

Гэхдээ эдийн засгийн ямар ч зөв шийдвэр, шинэ боломж,шинэ хөрөнгө оруулалт бидний төсвийн бодлогоо засах,орлого зарлагын зөв төлөвлөлт, хуваарилалтаа хийгээгүй, бий болгоогүй нөхцөлд хөгжлийн үр дүнгээ өгөхгүй, хүмүүст наалдахгүй, урьдын байдлаа, алдаагаа давтсаар байх болно.

 

Маргааш манай эдийн засаг хөгжих нь, тэлэх нь ойлгомжтой. Харин өнөөдөр бид нар хэсэг хугацаанд бүсээ чангалж, маргаашийн хөгжлийнхөө замыг зөв тавьж, зарчмаа зөв суурилуулж чадахгүй бол хөгжлийн хугацаагаа хойш татсаар байх болно.

 

Бид нийлсэн үедээ улс орноо бодсон зарчмын том шийдлүүдийг гаргаж ирсэн. Сонгуулийн ахиу санал авахын тулд ДНБ-тэйгээ бараг тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгөний амлалт өгч өрсөлддөгөө хамтарсан үедээ хуулиар зохицуулж хориглож чадсан. Хамтарсан энэ үедээ ч төсвөө эрүүлжүүлэх бодлогоор дамжуулан эдийн засгаа эрүүлжүүлэх эх орноо хөгжүүлэх бодлогынхоо үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байна.

 

Би Ерөнхий сайдын хувьд Монгол төрийн түшээдийн холч, голч ухаанд итгэж байна. Манай ард түмний, тэр дундаа Монгол хүний цөлх ухаанд итгэж байна. Монгол эх орныхоо тэнгэр хувь заяанд бас итгэж байна.

 

Хүндрэл бэрхшээл болгоны ард боломж нь бас байдаг. Боломжоо хөгжил дэвшил болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 13 цаг 41 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • Уржигдар 14 цаг 28 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Уржигдар 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Уржигдар 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • 2019-11-18 16:08
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.