Уламжлалт бус газрын тосыг зохицуулсан заалт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа

2014-12-19 14:13
УИХ-аас Газрын тосны шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг энэ оны долдугаар сард баталсан. Уг хуулийн дагаж мөрдөх журмуудыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, эрчим хүчний яам  дээр байгуулагдан ажиллаж байна. Энэ талаар тус яамны  Түлшний бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэвтэй ярилцлаа.

 
Ярилцсан Г.Идэр


Таныг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр нэлээд чамбай ажиллаж, өргөн цар хүрээтэй судалгааны ажил дээр гардаж суусан гэж  мэргэжлийн хүмүүс үнэлж байсан. Та энэ салбарын бэлтгэгдсэн мэргэжилтэн үү?
Би ОХУ-ын Уфа хотын Газрын тос, хийн их сургуульд газрын тосны олборлолт, орд ашиглалтын чиглэлээр суралцаж инженер, мастераар төгсөөд, Москва хотын И.М.Губкины нэрэмжит Газрын тос, хийн их сургуульд “Өтгөн газрын тос болон битумын олборлолтыг дулааны аргаар нэмэгдүүлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Монголд ирээд Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Уул уурхайн яаманд мэргэжлээрээ ажилласан.
2009 оноос Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж эхлэхэд, Ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар нь тус яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв ажиллаж байсан юм.

2012 онд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж дахин Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ажиллаж эхэлсэн.

Би эдгээр Ажлын хэсэгт  орж, хуулийн төсөл, үзэл баримтлал дээр нэлээд ажиллалаа. Ер нь бол Газрын тосны хуулийн үзэл баримтлал хоёроос гурван ч удаа өөрчлөгдсөн. Нэлээн судалгаа ч хийгдсэн, олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажилласан, олон улсын туршлага судалсан, мөн сонгууль болж Засгийн газар шинэчлэгдсэн гэх мэт  цаг хугацаа   нэлээд алдсан.

Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг,  Ажлын хэсгийнхэн гээд  олон хүн хуулийн төсөл дээр эрчимтэй, шуурхай ажиллаж  шинэчилсэн найруулгыг УИХ-аар   баталлаа.

Энэ хуулийн гол зорилгыг товчхоноор илэрхийлбэл?
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь 2017 он хүртэл мөрдөх Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж, салбарын олон асуудлыг зохицуулахад чиглэж байгаа.

Нөгөөтэйгүүр, 1991 оны Газрын тосны тухай хуулийг татварын болон бусад хуультай нийцүүлэх,  өнөөгийн шаардлага, стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм.  Мөн  уламжлалт газрын тосны салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилгоор шинэчлэн найруулсан. 

Уламжлалт бус газрын тос гэдэг нь байгалийн битум, занар, тослог элс, нүүрсний давхаргын метан хий юм. Огт хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл,  хайгуул, ашиглалт зохицуулалттай болж байна.  

1991 оны Газрын тосны хууль, одоогийн шинэчлэн найруулсан Газрын тосны хуулийн гол үзүүлэлтүүдийг харьцуулбал дэвшилттэй ямар шинэ зүйл, заалтууд гарч ирсэн бэ?
1991 оны Газрын тосны хууль 3 бүлэг, 15 зүйлтэй. Шинээр батлагдсан хууль 9 бүлэг, 45 зүйлтэй.  Газрын тосны хайгуулын үндсэн хугацаа  5 жил байгаад хоёр жилээр хоёр удаа,  5 жилээр нэг удаа сунгадаг байсан. /5+2+2+5/ Харин шинэ хуулиар газрын тосны хайгуулын эхний үндсэн хугацаа 8  жил, үүнийг хоёр жилээр хоёр удаа сунгаад /8+2+2/ нийтдээ 12 жил болж байгаа. Түүнчлэн уламжлалт бус газрын тосны хайгуулын эхний үндсэн хугацаа  10 жил, үүн дээр 5 жилийн сунгалт, нийтдээ 15 жил болсон.

Уламжлалт бус газрын тосны тухайд өмнөх хуульд хайгуул, ашиглалтын хугацаа  байгаагүй. Энэ нь  харьцангуй олон жил шаарддаг ажил юм байна.

Ашиглалтын хугацааны тухайд?
Газрын тосны ашиглалтын үндсэн хугацааг өмнө нь  20 жил, үүнийг тав таван жилээр хоёр удаа сунгаад /20+5+5/  нийтдээ 30 жилийн хугацаа олгодог байсан.
Тэгвэл шинэчилсэн найруулгад  уг хугацааг   25 жил, үүнийг таван жилээр 2 удаа сунгаад /25+5+5/ нийт 35 жил болж байгаа. Харин уламжлалт бус газрын тосны тухайд ашиглалтын хугацаа 30 жил дээр, таван жилээр нэг удаа сунгаад /30+5/ нийт 35 жил болж байгаа. Нэмж хэлэхэд, нөөц ашигласны төлбөрийн асуудал 1991 оны Газрын тосны хуульд тусгагдаагүй. Үүнийг гэрээгээр зохицуулдаг байсан ч зарим гэрээнд нь байгаагүй. Харин Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад роялтийг 5-15%-д хэлбэлзэж байхаар тусгасан.

Уламжлалт бус газрын тосны тухайд нөөц ашигласны төлбөр 5-10%-д хэлбэлзэхээр байна.  Гэрээ хийхдээ энэ интервалд хэлэлцээ хийж тохиролцоно гэсэн үг.

Өмнөх хуулиар зөвхөн Монгол улсад байрладаггүй компаниуд орлогын албан татвар төлдөггүй байсан. Ийм  татваргүй байсан гэсэн үг. Үүнийг  Монголд байрладаг дотоодын компаниуд  л орлогын албан татвар төлдөг,  гадаадын компаниуд төлдөггүй гэж ойлгож болно.

Шинэчилсэн найруулгад газрын тосны салбарт орлогын албан татварыг байхгүй болгосон. Нэгэнт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, роялти авахаар болж байгаа болохоор орлогын албан татвар шаардлагагүй юм. Орлогын албан татвар нь бүтээгдэхүүн хуваалтаар Засгийн газарт ногдох хэмжээнд орсон гэж ойлгож болно.

Хуульд маш олон шинэ зохицуулалтууд оржээ. Тухайлбал төслийн агуулга нь үлэмж томорч, хамрах хүрээ нь ч өргөжиж?
Хэд хэдэн гол, томоохон зохицуулалтууд орсон. Тухайлбал, Уламжлалт бус газрын тосны  асуудал,  мөн гэрээлэгчийг сонгон шалгаруулах үндсэн нөхцөлүүдийг хуульчиллаа.  Өмнө нь энэ асуудал зөвхөн гэрээн дээр л байсан. Тэгвэл одооноос хөрөнгө оруулагчид Газрын тосны хуульд орсон 12  үндсэн нөхцөл дээр тулгуурлан, сонгон шалгаруулалтад оролцоно гэсэн үг юм.

Түүгээр зогсохгүй, гэрээ байгуулах гэж Засгийн газрын хуралдаанаар 3 удаа хэлэлцүүлдэг байсныг 1 удаа болгож  цөөрүүлсэн. Гэрээ байгуулахын тулд хэд хэдэн шат дамжлага дамжиж хэлэлцдэг, тодорхойгүй хугацаагаар саатдаг гэхчлэнгээр  хүнд суртал  үүсгэдэг байлаа. Ийм шат дамжлагад тодорхой хугацаа тавьж өгсөн нь аль аль талдаа тодорхой болж, төрийн байгууллагуудын чиг үүрэг ч ойлгомжтой болсон.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газар батална гэж шинэчилсэн найруулгад орсон. Энэ нь газрын тосны салбарт хэрэгжиж байсан янз бүрийн гэрээний загваруудыг нэгтгэж,  нэг загварт оруулсан хэрэг үү?
Өмнө нь ийм батлагдсан загвар байгаагүй. Шинэ хуулиар Засгийн газрын баталсан загвар гэрээн дээр үндсэн нөхцөлүүдээ тохироод, хэлэлцээр хийж, гэрээ байгуулна.

Ажлын хэсэг энэ загвар гэрээний төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй эцэслэгдэх байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг боловсруулахын тулд Олон улсын валютын сан болон олон улсын газрын тосны мэргэшсэн,  хуулийн болон эдийн засгийн зөвлөхүүдээс  зөвлөгөө авч байна. Зарим улс орны сайнд тооцогдох Бүтээгдэхүүн хуваах гэрээний загваруудыг судалж байна.  

Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах нэг заалт орж ирсэн нь анхаарал татлаа. Үүнийг жаахан тодруулна уу?  
Шинэчилсэн найруулгад орсон бас нэг чухал заалт нь Улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, орд тогтоогдсон тохиолдолд Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах асуудал бий. 

Ер нь бол улсын хил, блок дамнасан газрын тосны хуримтлалууд Монголд мэдээж байгаа. Хайгуулын хоёр талбай дамнасан байдаг ч юм уу, эсвэл Хятад, Монголын хил дамнасан байдаг ч юм уу. Ийм тохиолдолд хоёр улсын Засгийн газар хоорондын “unitization agreement” буюу “хамтарсан гэрээ” байгуулдаг юм байна. Тиймээс олон улсын энэ жишгийн дагуу хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуурт маш нухацтай хандах ёстой болж байгаа.

Улсын хилийн зурваст газрын тосны нөөц илэрвэл яах вэ?
Улсын хилийн зурваст газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар тусгасан. Энэ бол чухал заалт.

Хилээс 2 км-т газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахыг Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрдөггүй. Гэхдээ  БНХАУ хилдээ тулгаад ашиглалтын маш олон цооногууд өрөмдөн, олборлолт хийж байна. Бид хил орчимдоо юу байгааг, ямар бүтэцтэй, ямар хураагуур, хуримтлал байгааг мэдэх нь маш чухал.  Өнөө үед технологи  өндөр хөгжиж байна. Манайх газрын тосоо доод, дээд Зүүн баян, Цагаан цав формацуудаас ойролцоогоор 900-2600 метрээс олборлож байна.

Тэгэхээр  хилийн цаанаас энэ хэмжээний гүнд хэвтээ цооногоор өрөмдөөд олборлолт хийх бүрэн боломжтой. Бид судлаагүй,  юу ч мэдэхгүй байхад нөгөө талаас судлаад, олборлолт хийж байвал яах вэ гэж хардаж болох юм. Ийм явдал гарахгүй ч энэ нь онолын хувьд  боломжтой гэсэн үг. Тийм болохоор хий дэмий хардахгүйн тулд судалгааг сайн хийх шаардлагатай.

“Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах давуу эрхийг уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ байгуулсан этгээд л эдэлнэ гэж хуульд тусгажээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад  том боломж олгож байх шиг?  
Газрын тос, уламжлалт бус газрын тосны Эрлийн гэрээг  гурван жил хүртэл хугацаагаар олгохоор тусгасан. Тухайн компани судалгаагаа гурван жилийн хугацаанд явуулаад, эндээс бид газрын тос олж, ашиглах магадлал байна, цааш нь үргэлжлүүлж хайгуул хийж, ашиглалт явуулъя гэх юм бол  Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах давуу эрх эдэлнэ гэсэн санаа. Хууль батлагдсанаас хойш олон хөрөнгө оруулагч эрлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан нь үүнтэй холбоотой.

Шинэчилсэн найруулгад мөн “Газрын тос, уламжлалт бус газрын тосны үйл ажиллагааг бүтээгдэхүүн хуваах зарчмаар зохицуулах” гэсэн заалт бий.  Олон улсад тус салбарт нийтлэг ашигладаг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, “Үйлчилгээний гэрээ”, татвар роялтийн гэсэн гэрээний зарчмууд байна.

Харин манай улсын хувьд Засгийн газарт эрсдэлгүй, одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой нь  Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Хөрөнгө оруулагч 100% эрсдэлээ үүрнэ,  юм олбол Засгийн газартай хуваадаг зарчимтай.  Монгол Улс нь  газрын тосны  хувьд бүрэн судлагдаагүй. Ийм судлагдаагүй талбай руу орж ажиллаж байгаа учраас Монгол Улс эрсдэл үүрэхгүй байх нь хамгийн чухал  гэж би ойлгож байна. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь манай улсын өнөөгийн нөхцөлд хамгийн боломжийн хувилбар.

Харин 20-30 жилийн дараа хайгуул, судалгаа хангалттай хийгдсэн тохиолдолд бусад төрлийн гэрээнүүдийг ашиглаж болох юм.

Шинэчилсэн найруулгын хуулийн төсөл дээр үндэсний компаниудаа дэмжсэн заалт байсныг  хасчихсан байсан. Үүнийг яагаад өөрчилсөн юм бэ? Хуульд “Гэрээлэгч өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгоно” гэж оржээ?
Энэ тухайд үндэснийхээ компаниудад давуу эрх олгоё гэсэн заалт хуулийн төсөлд  анх  байсан. Гэхдээ энэ заалт Засгийн газар, УИХ гээд олон шат дамжиж хэлэлцэгдэх үеэр хэт үндэсний компани гэж туйлширч болохгүй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд шаардлага хангаж байгаа эсэхээс шалтгаалаад “Монгол улсад бүртгэлтэй татвар төлөгч” гэх нь зүйтэй  гэж үзсэн юм билээ.

Ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг Гэрээлэгч тэгш тогтооно гэсэн заалтыг ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ?
Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад цалин хөлсний асуудал, маргаан их гардаг. Монгол инженер, гадаадын инженерүүд өөр цалингийн түвшинтэй байх нь элбэг. Шинэчилсэн найруулгад орсон энэ заалтад Гэрээлэгчид тийм ч таатай хандахгүй байгаа.  Гэхдээ  уг заалтыг Гэрээлэгчийн үүрэгт зайлшгүй оруулж өгсөн юм. Бас туйлширч болохгүй. Үнэхээр гадаад, дотоодын хоёр мэргэжилтэн яг адилхан чадвартай тохиолдолд шүү дээ. Чадвартай гадаадын мэргэжилтнүүдийн хэмжээнд хүрэхийн тулд боловсон хүчнийг үе шаттайгаар  бэлдэх хэрэгтэй.

Одоо Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгчид сургалтын сангийн урамшуулал гэж тодорхой хэмжээний мөнгө төсөвт төвлөрүүлдэг. Үүнээс салбарын боловсон хүчнийг бэлдэх зорилготой сүүлийн жилүүдэд гадаадад баклавар, магиструудыг сонгон шалгаруулж, суралцуулж байна. Мөн дотооддоо ШУТИС, МУИС, Дорнод аймгийн техникийн коллежид мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Төгссөн хүмүүсээ мэргэшүүлэх шаардлагатай.

Тухайн ордыг  ашиглаад, нөхөн сэргээлт ч хийлгүй орхиод явдаг  компаниуд нэлээд байдаг.  Гэхдээ сүүлийн жилүүдэд алтны компаниуд үлгэр жишээ үзүүлэхүйц нөхөн сэргээлт хийж байгаа. Газрын тосны орд дээр энэ заалтыг хэрхэн тусгаж өгөв?
Энд тухайд  шинэчилсэн найруулгад тусгасан нэг заалтыг онцолж хэлье. “Байгаль орчныг нөхөн сэргээх, хайгуул ашиглалтын байгууламжийг татан буулгах баталгаа болгож, тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3%, ашиглалтын үед гэрээлэгчийн ашигт тосны 1%-тай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр “Эскроу данс”-нд байршуулж байх” гэсэн заалт гол зохицуулалт болж  байгаа.

Уурхайн хаалтыг газрын тосны орд дээр “татан буулгалт” гэж  нэрлэдэг. Үүнийг барьцаа болгож, “Эскроу данс”-нд мөнгөн хөрөнгө байршуулна гэж оруулсан.

Газрын тосны компани байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй, хаяад явлаа гэхэд “Эскроу данс”-нд байршуулсан хөрөнгөөр нь төр өөр нэг компанийн тусламжтайгаар нөхөн сэргээлт хийлгэж болно. Харин тухайн компани өөрсдөө нөхөн сэргээлтээ хийгээд, уурхайгаа татан буулгасан тохиолдолд “Эскроу данс”-нд байршуулсан үлдсэн мөнгөө өөрсдөө  авах юм.

Газрын тосны салбарт “Талбайн давхцал”-тай холбоотой янз бүрийн асуудал их гардаг. Шинэ хуульд үүнийг хэрхэн зохицуулсан бол?

Шинэчилсэн найруулгад  энэ талаар нэлээд заалт оруулж өгсөн.
“Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхцсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биеийнхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана” гэсэн заалт тодорхой хариулт болно. 

Хэрвээ хуулийн этгээдүүд хоорондоо хэл амаа ололцохгүй бол Засгийн газар төслийн үйл ажиллагааг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлээд зөвхөн нэгнийх нь үйл ажиллагааг л явуулна. Сонгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөгөө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нүүрс олборлож байгаа компани байгалийн хий илрүүлбэл яах вэ? Нэгдүгээрт, Газрын тосны газарт мэдэгдэнэ, хэрэв бид энэ хийгээ өөрсдөө ашиглана гэвэл олборлолтоо явуулж болно. Гэхдээ үүн дээр тусдаа тусгай зөвшөөрлийн асуудал гарч ирж байгаа учраас  байгалийн хийгээр тусгай зөвшөөрлийг авах ёстой. Харин өөрсдөө хийг олборлох боломжгүй бол өөр компаниар гүйцэтгүүлж болно.  Журам  дээр энэ талаар бас нарийн зохицуулалтууд орж ирнэ.

Энд анхаарал татсан бас нэг чухал заалт нь “Дотоодод газрын тосны үйлдвэр барьсан гэрээлэгчийн  газрын тосыг Засгийн газар олон улсын зах зээлийн жишиг үнэ, нөхцөлөөр тэргүүн ээлжинд худалдаж авна” гэсэн   байна?
Ашигт газрын тосны ногдох хувь нь гэрээлэгчид 60%, Засгийн газарт 40% байна гэж бодъё.  Тэгвэл гэрээлэгчээс бид 60%-д нь ногдох газрын тосыг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхтэй гэсэн үг.

Гэрээлэгчийг сонгон  шалгаруулах үндсэн нөхцөлүүдийг  хуульчилсан тухай ярианы эхэнд  дурьдсан. Үүнийг жаахан тодруулаад хэлэхэд, 12 үндсэн нөхцөл гэдэгт Ашигт газрын тосны Засгийн газрын ногдох хувь,  нөөц ашигласны төлбөрийн хувь, өртөгт газрын тосны хязгаарын хувь,  хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээ, сургалтын урамшууллын хэмжээ, гэрээнд гарын үсэг зурсны урамшууллын хэмжээ, олборлолт эхэлсний урамшууллын хэмжээ, олборлолт нэмэгдүүлсний урамшууллын хэмжээ, орон нутгийг хөгжүүлэх урамшууллын хэмжээ, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг, Засгийн газарт санал болгох бусад ашигтай нөхцөл гэхчлэн 12  үндсэн нөхцөлийг хуульчилж өгсөн.

Эдгээр 12 үндсэн нөхцөл дээр хөрөнгө оруулагч тоо хэмжээгээ тавиад сонгон шалгаруулалтад орно. Шалгарсан этгээд Засгийн газартай тохиролцож, хэлэлцээр хийн, улмаар гэрээ байгуулна гэж ойлгоно.

Шинэчилсэн найруулгын төслийг батлагдах хүртэл хөрөнгө оруулагчид чих тавин хүлээж байсан. Батлагдсаны дараа тэдний зүгээс ямар нэгэн гомдол ирж байна уу?
Хөрөнгө оруулагчид шинэчилсэн найруулгад нэлээд итгэл тавьсан, хүлээлттэй байгаа нь ажиглагдаж байсан. Ялангуяа өмнөх хуульд огт хөндөгдөж байгаагүй уламжлалт бус газрын тосны тухай зохицуулалт шинэ хуульд орж ирсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан болов уу. Уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ байгуулах хүсэлт ч нэлээд ирж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид хуулийн шинэчилсэн найруулгад сэтгэл дундуур байгаа нь төдийлөн харагдахгүй байна. Гэхдээ 100%-ийн сэтгэл ханамжтай байна гэж байхгүй.

Зөвхөн нэг талыг барьж туйлширч болохгүй. Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулахын тулд Засгийн газар, хөрөнгө оруулагч тал, орон нутаг, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас их зүйл шалтгаална. Тийм учраас аль аль талын эрх ашгийг харах нь чухал шүү. Миний хувьд аль аль талын эрх ашгийг нэлээд харсан хууль болжээ  гэж үзэж байгаа.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг өмнө нь тогтвортой байдлын гэрээ гэж үздэггүй байсан. Тэгвэл Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үеийн татварын нөхцөлийг хадгалахаар туссан. Энэ заалт хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хамгаалсан  заалт болсон.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн нэг зүйл бол Гаалийн тариф, гаалийн татварын болон НӨАТ-ын тухай хуульд “Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын хугацаанд, ашиглалтын эхний 5 жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодисууд, сэлбэг хэрэгсэл, зөөврийн сууцыг гааль НӨАТ-аас чөлөөлнө” гэсэн заалт. Хайгуул дуусаад, ашиглалтын эхний жилүүдэд бүтээн байгуулалтын ажил их явагддаг болохоор “ашиглалтын эхний 5 жил” гэж оруулж өгсөн юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад томоохон дэмжлэг болох байх.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай хүлээж авахааргүй зүйлийг хуульчилж өгсөн байсан. “Гэрээлэгч хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах” гэсэн зохицуулалтыг хэлээд байна л даа?
Тийм ээ.  Энэ заалтыг хөрөнгө оруулагчид таатай хүлээж аваагүй.  Гэрээлэгчид ихэнх  санхүүгийн гүйлгээгээ гадаадад явуулж байна. Үүнийг хянах зорилготой л оруулсан заалт юм. Бид гэрээлэгчийн гаргасан тодорхой зардлуудыг тосоороо нөхөж өгч, зардлыг баталгаажуулж байна. Иймд өртөг нөхөх зардалтай холбоотойгоор бүх гүйлгээнүүдийг нарийн хянах шаардлагатай байгаа юм.

Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тухайн компани үйл ажиллагааны зардлаа аль болох тодорхой болгож, бүхий л үйл ажиллагаагаа санхүүгийн тайландаа ил тод, нээлттэй  тусгаж байхыг хуульчилсан. Энэ заалт хэр хэрэгжихийг мэдэхгүй ч  энэ нь бидний хувьд анхны алхам болж чадсан гэж ойлгож байгаа.

Орон нутгийг дэмжсэн заалтуудад бодитой дэвшил гарав уу?
Тодорхой заалтууд байгаа. Тухайлбал нөөц ашигласны төлбөрийн орлогын 30%-ийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70%-ийг улсын төсөвт тус тус төвлөрүүлэхээр тусгасан.
Мөн Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10%-ийг тухайн зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20%-ийг аймаг, нийслэлийн, 70%-ийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Түүнчлэн  ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж ажиллахыг Гэрээлэгчийн үүрэгт оруулж өгсөн. Энд хандив тусламж хэзээ хэдийд  ямар үе шаттайгаар өгөх, байгаль орчны асуудал, нөгөө талаас үйл ажиллагаа явуулахад орон нутагтай үл ойлголцох, үйл ажиллагааг дэмжихгүй гэх мэт асуудлуууд байна. Тэгвэл үүнийг анхнаас нь гэрээ байгуулаад бүх зүйл тодорхой болох юм. Талууд гэрээнд заасан үүргээ л биелүүлж ажиллана гэсэн үг.

Орон нутаг газрын тосны ордын татан буулгалт нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комиссын үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах боломжийг хуулиар олгосон байгаа.

Шинэчилсэн найруулгад нэлээд тод томруунаар туссан заалт нь газрын тосны салбарт хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх. Ялангуяа 44 дүгээр зүйл бүхлээрээ хариуцлагын асуудалд чиглэсэн байсан?
Өмнөх Газрын тосны хуульд хариуцлагын асуудалтай холбоотой зүйл, заалтууд  байгаагүй.  Тиймээс 44 дүгээр зүйлд захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол хууль бусаар цуглуулсан судалгааны материал, эд зүйлийг хурааж, өндөр торгууль ногдуулна.

Мөн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол олсон орлогыг хурааж торгох заалт  бий.

Тайлан, мэдээгээ төрийн захиргааны байгууллагад хугацаандаа хүлээлгэж өгөөгүй бол, ашиглалтын 180 хоног хэтэрсэн бол орлогыг нь мөн хураахаар байгаа. Чулууны дээж болон анхдагч материалыг үрэгдүүлсэн, устгасан бол эдгээрийг нөхөн бүрдүүлж, тухайн этгээдийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтыг бас тусгаж өгсөн. 

Түүнчлэн эрх үүрэг шилжүүлэхтэй холбоотой заалтууд хэд хэд бий. Эрлийн гэрээ байгуулсан этгээдийн эрх үүргийг өөр этгээдэд шилжүүлэхгүй. Эрлийг гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ, чадахгүй бол  гэрээг дуусгавар болгоно гэсэн үг.
Өртөг нөхөх зардлыг баталгаажуулах асуудал ч бас чухал. Үүнийг хуучин Газрын тосны газар хянаж, баталгаажуулдаг байсан юм. Гэвч энэ нь хардалт их дагуулдаг. Одоо үүнийг Үндэсний аудитын газар баталгаажуулна. Шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллага хийж болохоор тусгасан. 

Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газар байгуулдаг учраас эрх үүрэг шилжүүлэх асуудлыг ч мөн Засгийн газар хариуцна. “Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг бүхлээр нь, эсхүл гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй” гэсэн  тодорхой заалттай.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хуульд зайлшгүй журмаар зохицуулах шаардлагатай зохицуулалтууд нэлээд бий байх. Одоогоор ямар журмуудыг боловсруулж байна вэ?
Хуульд гол заалтуудаа тусгаад, хуулийг хэрэгжүүлэх журам байх шаардлагагүй гэж Хууль зүйн яам үзсэн. Гэхдээ мэдээж мэргэжлийн гэж хэлж болох зарим асуудлыг журмаар  зохицуулах нь зүйтэй л дээ. Одоогоор  шинэчилсэн найруулгыг дагаж гарах 15  журам, гэрээний загварыг боловсруулж дуусгах шатандаа явж байна. Засгийн газрын түвшинд 3-4 журам гарч ирнэ. Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлт, хуваарилалт, зарцуулалтын журам, газрын тосны бүртгэл тооцооны журам гээд.

Санхүүтэй холбоотой,  нөөц, тайлан хүлээж авах, мэргэжлийн зэрэг дэв олгох гэх мэт маш олон асуудлыг дан ганц хуулиар зохицуулах боломжгүй учраас журам боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад зарим нэг маргаан шийдвэрлэхтэй холбоотой зүйл заалтууд бүрхэг байгаа учраас журмуудаар тодруулж өгөх хэрэгтэй гэж Америкийн хуульчид зөвлөсөн. Үүн дээр нэлээд нухацтай ажиллах шаардлага бий.

Түүнчлэн уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах журмыг Засгийн газраар батлуулахаар орууллаа. Үүн дээр нэмж хэлэхэд, Газрын тосны салбарыг хөгжүүлэх санг Засгийн газрын тусгай сан гэдэгт нэмэлт байдлаар тусгаж өгсөн. Газрын тосноос олсон борлуулалтын орлогын 3% нь энэ санг бүрдүүлэх учиртай.

Энэ сангийн тусламжтайгаар газрын тосны эрэл, хайгуул хийж, үндэсний чадавхиа бэхжүүлэх юм.  Хэдийгээр шинэчилсэн найруулга дээр үндэсний компаниа дэмжинэ гэсэн заалт  батлагдах явцдаа нэлээд өөрчлөгдсөн ч ядахнаа энэ салбарын хүмүүсийг дэмжиж сургах, тодорхой ажлуудыг өөрсдөө хийж гүйцэтгэдэг байхад энэ сан туслах юм.

Манай газрын тосны салбарт Монголын өрөмдлөгийн баг байхгүй  Хятадаас өрөмдлөгийн баг ирж өрөмддөг. Цооногийн перфораци хийх, цооногийн каротажийн судалгаа хийх, цооногийн олборлолтыг нэмэгдүүлэх, давхаргын даралтыг тогтворжуулах гэх мэтчилэн бараг бүх  ажлыг монголчууд хийж чадахгүй байна. “Перточайна” компанид ажиллаж байгаа монгол ажилчид ихэвчлэн олборлолт юм уу, нэгдсэн байгууламж дээр ажилладаг. Нарийн мэргэжлийн ажлууд дээр монголчууд ажиллаж чадахгүй байна. Газрын тосны салбарт боловсон хүчнийг тодорхой хэмжээгээр бэлдэж байгаа. Гэхдээ мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Үндэсний компани, үндэсний ажилчдаа дэмжих зорилгоор байгуулах Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан хэрхэн ажиллахыг одоогоор хэлж мэдэхгүй ч бид байнга гаднаас хараат байдлаар ажиллах нь буруу гэсэн бодолтой явдаг.
Газрын тосны салбарт ажиллах хүчний квот нь 75:25% гэсэн харьцаатай. 75% нь гадаад ажилтан, 25% нь дотоодын ажилчид гэсэн үг. Тиймээс энэ 75%-ийг аажмаар багасгах шаардлагатай. Мэдээж  энэ квотыг одоогоор шууд бууруулъя гэхэд боломж муу байгаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд гадаад ажилчдын тоог үе шаттайгаар бууруулахаар тусгаж өгсөн ч энэ нь дан ганц Газрын тосны хуулийн асуудал биш тусдаа хуулиар зохицуулагдана гээд хасагдсан. Тэгэхээр одоо Газрын тосны салбарыг хөгжүүлэх сандаа л ач холбогдол өгөх шаардлагатай.  Сангийн журмыг боловсруулж байгаа.

“Петрочайна” компани арван хэдэн жил туршилтаар олборлолт явууллаа гэж баахан яригдсан. Тиймээс шинэчилсэн найруулгад цооногийн олборлолтын туршилтын хугацааг 180 хоногоос хэтрэхгүй байхаар заасан. Тэгэхээр туршилтаар олборлож байна гээд олон жил үйлдвэрлэл явуулахгүй гэсэн үг.

180 буюу гурван сарын хугацаанд туршилтын олборлолтоо явуулаад, энэ хугацаанд хэр өгөөжтэй ажиллав, олборлолтын хэмжээ ямар байв, геофизикийн судалгаа бүрэн хийгдсэн үү гэхчилэнгээр цооногийн потенциалыг тогтооно. Үүнийг хугацаандаа багтааж хийгээд, туршилтын олборлолтоо зогсоох ёстой. Гэхдээ энэ нь уламжлалт бус газрын тосны тухайд арай өөр. Хэдийгээр хуульд тусгаагүй ч уламжлалт бус газрын тосны туршилтын олборлолтыг журамдаа тусгаж өгнө.

Ер нь уламжлалт бус газрын тосны хувьд хайгуул, олборлолт хоёр зэрэгцэж явах тохиолдол байдаг юм байна. Харин уламжлалт газрын тосны хувьд хайгуул дууслаа, нөөцөө өглөө, одоо  ашиглалтдаа шилжинэ гээд явдаг. Уламжлалт газрын тосон дээр хайгуулын хөрөнгө оруулалт их байдаг бол уламжлалт бусынх дээр хайгуулын хөрөнгө оруулалтаасаа ашиглалтын, олборлолтын үеийн хөрөнгө нь маш их байдаг юм байна. Тиймээс энэ талаар журамдаа тодорхой тусгах,  анхаармаар, эргэж харах асуудлууд бий.

Эцэст нь хэлэхэд газрын тосны салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 29 минутын өмнө
    Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.  Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ? Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ.