О.Энхбаяр: Нүүрсний давхаргын метан хий хайх 14 хүсэлт ирсэн

2014-12-18 14:34
Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяртай нүүрсний давхаргын метан хийн эрхзүйн орчны талаар ярилцлаа.

Ярилцсан С.Болд-Эрдэнэ

Газрын тосны хуулиа шинэчилж, уламжлалт бус газрын тосны харилцааг зохицуулахаар тусгасан. Уламжлалт бус газрын тос, тэр дундаа нүүрсний давхаргын метан хийн талаар илүү нарийвчилсан зохицуулалт, дүрэм журам байхгүйгээс энэ салбарт ажиллах компаниудад тодорхойгүй байдал бий болж байна. Эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох талаар ямар ажлууд хийж, бас хийхээр төлөвлөж байна вэ?

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн 7 дугаар сарын 1-нд батлагдсан. Шинэ хуулийн нэг онцлог нь газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн болон уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын харилцааг уг хуулиар зохицуулахаар болсон. Гэхдээ уламжлалт бус газрын тосны эрлийн үеийн зохицуулалтыг тодорхой хэмжээгээр хуульд тусгаж өгсөн ч хайгуул, ашиглалтын харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгаж өгөөгүй юм. Яагаад гэхээр уламжлалт бус газрын тос гэсэн ойлголтод занар, нүүрсний давхаргын метан хий, занарын хий, тослог элс гэх мэт шинэ нэр томьёонууд орж ирсэн.

Бид хуулийн төслийг боловсруулах явцдаа бусад улсын туршлагыг нэлээд судалсан. Уламжлалт бус газрын тосны хувьд тодорхой болчихсон зохицуулалт ховор байдаг юм билээ. Газрын тосны хайгуул эрчимжиж, Монгол улс олборлогч орон болсноор шинэ шинэ харилцаанууд бий болсон, 1991 оны хуулийн зохицуулалт хангалтгүй зэрэг шалтгааны улмаас Газрын тосны хуулиа яаралтай батлуулах шаардлагатай байсан учир уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын харилцааг тусгай журмаар зохицуулах, журмыг Засгийн газар батлахаар хуульд тусгасан.

Уул уурхайн сайд, Газрын тосны газрын даргын тушаалаар “Газрын тосны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулах, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан. “Газрын тосны тухай хууль”-ийн дагуу Засгийн газар 4 журам, 2 гэрээний загвар, Уул уурхай, эрчим хүчний яам 8 журам батлахаас өнөөдрийн байдлаар ихэнх журмын төслүүдийг боловсруулж, гэрээлэгчид болон мэргэжлийн холбоодоос санал авахаар хүргүүлээд байна. Бид нэг журам буюу “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журам”-ыг батлуулж, нийтээр дагаж мөрдөх эрхзүйн актын жагсаалтад бүртгүүлсэн. 

Хууль батлагдсанаас хойш уламжлалт, уламжлалт бус газрын тос эрэх, Эрлийн гэрээ байгуулах маш олон хүсэлт ирсэн. “Газрын тосны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдснаас хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын гэрээ байгуулах 28 хүсэлт ирсний 14 нь нүүрсний давхаргын метан хий,  6 нь шатдаг занар, 6 нь газрын тосны, 2 нь байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт байна. Хууль батлагдсанаас хойш Эрлийн ажлын 3 гэрээ байгуулсан. Нүүрсний давхаргын метан хийн Эрлийн ажлын гэрээг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанитай Тавантолгойн нүүрсний уурхайд, “Монголын Алт” (МАК) ХХК-тай Нарийнсухайтын нүүрсний орд газарт тус тус байгуулсан.

Шатдаг занарыг газрын гүнд in-situ аргаар боловсруулж нийлэг хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох Эрлийн ажлын гэрээг АНУ-ын “Жени Монголиа Холдинг” компанитай Чойр XXV хайгуулын талбайн хэсэгт байгуулсан. 

 Нэгэнт гурван компанитай Эрлийн гэрээ байгуулсан болохоор “Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын журам”-ыг яаралтай батлуулах шаардлагатай тул төслөө боловсруулж,  УУЯ, мэргэжлийн холбоод, энэ чиглэлээр гэрээ байгуулсан компаниудын саналыг авахаар хүргүүлээд байна.  Өнгөрсөн 7 хоногт  “Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журам”-ын төслийн талаар АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Худалдааны яамтай хамтран хэлэлцүүлэг, семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Семинарын үеэр нэлээд шинэлэг санаануудыг бид олж авсан. Үүнийгээ журмын төсөлд тусгаж амжаагүй байгаа, ойрын үед журмын төсөл дээрээ дахин ажиллах байх.

12 журам гэж ямар ямар журам байна вэ? Бэлэн болсон нь хэд байна вэ? Ойрын үед нэн шаардлагатай батлах ёстой журам нь хэд байна вэ?

Газрын тосны нягтлан бодох бүртгэлийн журам, Тусгай зөвшөөрлийг хуваарилах, Тусгай сангийн гэсэн санхүүтэй холбоотой гурван журмаас бусад журмын төсөл бэлэн болж, яаманд хүргэгдсэн байгаа. Эдгээрээс нэн яаралтай батлах ёстой журам бол Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар хоёр юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний /БХГ/ загварыг Засгийн газар батлах ёстой. Засгийн газраар батлуулаагүй байгаа энэ үед бид шинээр БХГ байгуулах боломжгүй болчихоод байгаа юм. Тийм болохоор миний харж байгаагаар энэ хоёрыг маш яаралтай батлуулах шаардлагатай. Бусдаар Тайлан хүлээж авах, Буцаагдсан талбайг хүлээж авах, Нөхөн сэргээлт хийх гэх мэт журмууд боловсрогдсон байгаа ч хуучин журам нь хүчин төгөлдөр байгаа болохоор батлагдтал хуучин журмаа дагаж мөрдөөд явж байж болно.

Манайх уламжлалт газрын тос дээр 21 БХГ байгуулсан байдаг. Уламжлалт бус газрын тос, тухайлбал нүүрсний давхаргын метан хий дээр БХГ-г ямар зарчмаар байгуулдаг юм бэ? Уламжлалттай адилхан байх уу? Олон улсад ямар байдаг юм бол?

Олон улсын хэмжээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны үйл ажиллагаа нь Концессийн болон гэрээний гэсэн үндсэн хоёр зарчмаар явагдаж байна. Концессын зарчим нь лиценз, татвар-роялти, гэрээний зарчим нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ, үйлчилгээний гэрээний хэлбэртэй байдаг. Манай улс уламжлалт болон уламжлалт бус газрын тосны харилцааг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулахаар хуульчилсан. Нүүрсний давхаргын метан хийг БХГ-ээр зохицуулж болно. Зохицуулж байгаа улс орнууд ч бий. Гэхдээ үндсэн нөхцөлүүд нь харилцан адилгүй байдаг.

Жишээ нь Газрын тосны тухай хуулийн 17.3-т БХГ-ээр 12 нөхцөлийг тохиролцоно гээд заачихсан. Роялтиг хуульд заасан хязгаарын дотор, бүтээгдэхүүн хуваалт, урамшууллын хэмжээ гэх мэт нь уламжлалт бус дээр хэд байх вэ гэдгийг харилцан тохиролцоно. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр. Зардал багатай, хаягдал багатай, байгаль орчинд эерэг гэх мэтийг харгалзаж, гэрээний нөхцөл өөр байна.

НДМХ-г ашиглах нь өөрөө байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа. Манайд шинэ салбар болохоор энэ чиглэлээр хайгуул, ашиглалт явуулах компаниудад ямар нэг дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

НДМХ-ийг ашиглахгүй бол байгаль орчинд хортой. Аль болох ашиглаж байх нь байгаль орчинд ээлтэй байдаг. Тийм ч болохоор энэ чиглэлийн компаниудад төрийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой. Бидний хувьд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа. Одоо боловсруулаад байгаа журмын төсөлд уламжлалт бус газрын тос дээр эрэл, хайгуулын үед аль болох элдэв урамшууллаас чөлөөлж, ашиглалтын үед бүтээгдэхүүнийг гэрээнд тохирсон хувиар хуваах гэсэн зарчим тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл хайгуулын үед төрд ямар нэг урамшуулал өгөхгүй гэсэн үг. Хуулийн 17.3 дээр төрд гарын үсэг зурсны төлөө урамшуулал өгөх ёстой, орон нутагт урамшуулал өгөх ёстой гэх мэтээр урамшууллыг тусгасан байдаг. Хайгуул хийж байх үедээ буюу ашиг орлого олоогүй байхдаа төрд тодорхой хэмжээний мөнгө төлж байх ёстой байдаг. Үүнээс нь чөлөөлөх, харин нөөц олоод ашиглаад эхлэхэд роялти авах, бүтээгдэхүүн хуваах зарчим баримтлахаар журмын төсөлд тусгасан байгаа. Гэхдээ энэ зарчмаар батлагдах эсэхийг хэлж мэдэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн хувьд бид саналаа тусгасан.

Уламжлалт бус газрын тосыг хайх, ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн Бүтээгдэхүүн хуваах зарчмаар явж байгаа учир ямар нэг орлогын албан татвар авдаггүй. Өнгөрсөн зун Газрын тосны хуулийг батлахад бид Татварын ерөнхий хуульд тогтвортой байдлын заалт оруулсан. Тухайн үеийн татварын орчныг хадгалах буюу татварын тогтвортой орчныг бий болгож байгаа гэсэн үг. Мөн энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах гэсэн үгийг бид хуульд оруулж өгсөн.

Жишээ нь уламжлалт газрын тосны өртөг нөхөлт 40 хүртэл хувь байна гэж тодорхой заасан байдаг бол уламжлалт бусын өртөг нөхөлтийн хувь хэмжээг журмаар зохицуулна гэсэн байгаа. Ямар ч байсан уламжлалт бус дээр өртөг нөхөлт нь 40 хувиас дээш байна гэсэн үг. Өртөг нөхөлт өндөр байх тусмаа компанидаа ашигтай байдаг. Энэ бол уламжлалт бус дээр бид арай уян хатан хандаж байгааг харуулж байгаа юм. Роялти уламжлалт газрын тосны хувьд 10-15 хувь байдаг бол уламжлалт бус газрын тосны хувьд 5-10 хувь байгаа. Хайгуулын хугацааны хувьд уламжлалт газрын тосных 8 жил дээр нэмэх нь 2  жилээр 2 удаа сунгаж байхад уламжлалт бус газрын тос дээр 10 жилээр, нэмэх нь 5 жилээр сунгах боломжтой. Олборлолтын хувьд уламжлалт газрын тосонд 20 жил дээр нэмэх нь 5 жилээр 2 удаа сунгаж байхад уламлалт бус газрын тосонд 30 жил дээр 5 жилээр сунгах боломжтой байх жишээтэй. Энэ мэтчилэн уламжлалт бус газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг уламжлалттай харьцуулахад тодорхой хэмжээгээр дэмжсэн зүйл олон бий.

Эрлийн гэрээ, хайгуулын гэрээ, БХГ гэсэн шат дамжлагатай. Энэ гурван шатанд ямар ямар ажил хийх ёстой байдаг юм бэ?

Уламжлалт бус газрын тосны эрлийн ажил гэж юуг хэлэх вэ гэдэгт геологи, геофизикийн ажил хийнэ гээд хуульд тодорхойлчихсон. Занар дээр бол өрөмдлөг хийж болно. Эрлийн ажлыг хийхэд ямар нэг тусгай зөвшөөрөл авахгүй, зөвхөн Газрын тосны газартай байгуулсан гэрээгээр ажиллах болно. Эрлийн ажлын дараа тухайн талбай сонирхолтой талбай байна, хайгуул хийе гэвэл хайгуулын шат руу орно. Хайгуулын шатанд очих хоёр зам бий. Эхнийх нь Эрлийн гэрээгээр дамжаад давуу эрхтэйгээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуул хийж болно. Удаах нь шууд сонгон шалгаруулалтаар хайгуул хийх эрх авч болно. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” Эрлийн гэрээ байгуулаад эрлийн ажлаа хийлээ гэхэд манайд үр дүнгээ тайлагнаж, Технкийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Эрлийн ажлын үр дүнд эрэл хийсэн компани, манай Техникийн зөвлөл цаашид хайгуул хийх шаардлагатай гэж үзэх юм бол Хайгуулын гэрээ хийх хэлэлцээрийг манай газартай хийх ёстой. Дээр дурдсан 12 нөхцлөөр хэлэлцээр хийж, БХГ байгуулна гэсэн үг.

Уламжлалт газрын тосны компаниуд БХГ-г ойлгодог, мэддэг. Харин Ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж байсан нүүрсний компаниуд БХГ-г сайн ойлгохгүй байгаа бололтой. Нөөцөө тогтоогоогүй байхад юун БХГ, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт яриад байна вэ гэж гайхаж байх шиг байна?

Тийм зүйл байгааг үгүйсгэхгүй. Эрхэлж байсан бизнес нь Ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж байсан бол одоо Газрын тосны хуулиар зохицуулагдахаар болж байна. Бид хөрөнгө оруулагчдад хуулиа таниулах сурталчлах ажлуудыг тогтмол хийж байгаа. Зарим арга хэмжээнээс дурдвал,  2014 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд “Газрын тосны салбарт олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий, Ховд, Говьсүмбэр  аймгуудад орон нутгийн уулзалт зохион байгуулж,  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, салбарын үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийсэн. 

“Эрдэнэс Тавантолгой”  манай хууль батлагдахаас өмнө Солонгосын “Ко Газ” компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байсан.  Энэ нь тодорхой асуудлыг үүсгэж байгаа. Магадгүй Газрын тосны тухай хуулийн заалтуудыг бүрэн ойлгоогүй ч юм уу, манай хууль тогтоомжууд хоорондоо зөрчилтэй байсантай холбоотой байсныг үгүйсгэхгүй.

Газрын тосны өмнөх хуульд хатуу, хий, шингэн төлөвт нүүрс-устөрөгчийн нэгдлийг газрын тос гэж хэлнэ гэж заасан байдаг. НДМХ нь хийн төлөвт нүүрс-ус төрөгчийн нэгдэл тул Газрын тосны хуулиар зохицуулагдаж л байсан. “Жени Монголиа Холдинг” компани өмнөх Газрын тосны хуулийн хүрээнд Газрын тосны газартай гэрээ байгуулаад эрлийн ажил хийж байсан. Хууль батлагдахаас өмнө 1 эрлийн гэрээ байгуулсан, хууль батлагдсаны дараа дахин 1 гэрээ байгуулсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” манай байгууллагад хандалгүй “Когаз”-тай гэрээ байгуулсан байх жишээтэй. Уг гэрээний хүрээнд хууль шинэчлэгдэхээс өмнө өрөмдлөгийн ажил хийчихсэн. Бидний хувьд НДМХ-ийн эрлийн үед өрөмдлөг хийнэ гэж хуулийн төсөлдөө тусгасан байсан ч хууль батлагдах явцад хасагдчихсан. Нүүрс олборлох явцад хий байгаа эсэх нь тодорхой болох учир заавал тусад нь өрөмдөх шаардлагагүй гэсэн тайлбарыг бидэнд өгч байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой”, МАК-тай Эрлийн гэрээ байгуулсан нь тодорхой шалтгаантай. Уг хоёр компани маань нүүрсний лицензийнхээ хүрээнд эрлээ хийчихсэн, шууд хайгуул хийхэд бэлэн болчихсон байсан. Гэтэл Эрлийн гэрээ хийхгүйгээр хайгуул хийнэ гэвэл сонгон шалгаруулалт руу орчих гээд байсан хэрэг. Тийм учраас бид Эрлийн гэрээ байгуулж, эндээсээ давуу эрхээр хайгуулын гэрээ байгуулах боломжийг олгож байгаа юм. Эрхзүйн тодорхой бус байдлаас үүссэн асуудлыг улсад ч, хөрөнгө оруулагч нарт ч хохиролгүйгээр шийдвэрлэх гэсэн бидний гарц энэ.  

МАК компанийн төсөл хэр явж байгаа вэ? Өөрсдийн хэрэгцээгээ хангах хэмжээний багахан олборлолт дээр бас БХГ байгуулах ёстой юу?


Бид Газрын тосны тухай хууль батлуулахдаа Ашигт малтмалын хуульд нэг өөрчлөлт оруулсан. Нүүрс олборлох явцад НДМХ илрүүлбэл уг хийг ашиглах давуу эрхийг нүүрс олборлож буй компани эдэлнэ гэдэг заалт. Энэ утгаараа манай газар МАК-тай Эрлийн гэрээ байгуулсан. МАК-ийн хувьд ямар асуудал тавьж байна гэхээр, манай талбайн хэмжээ бага байна. Нүүрсний тогтоц маань налуу уналттай. Эндээс НДХМ-ийг хайх олборлохын тулд өөрсдийн лицензит талбайгаас 15 км газар сунгаж авъя гэдэг хүсэлт тавьсан. Хуулиараа ингэх боломжгүй. Учир нь яг хажуу талд “Саусгоби Сэндс” гэх мэт хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний эрхийг хамгаалах ёстой.

АНУ-ын мэргэжилтнүүдээс бид талбай нь ямар хэмжээтэй байдаг талаар сонирхож байсан юм. Австралид бол хайгуулын талбай нь 5-8 км2 орчим байдаг юм билээ.

Журам гараагүй байна, та бүхэн эхлээд Эрлийн гэрээний хүрээнд ажлаа хийчих гэж МАК-д хэлж байгаа. Журамд  МАК-ийн тавьж байгаа асуудлыг тусгах талаар ярьж байгаа. Нүүрс олборлох явцдаа олборлосон НДМХ-гээ тухайн нүүрсний уурхайн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд ашиглана гэвэл БХГ байгуулахгүй байж болно гээд журамдаа заачихаж болно л доо. Угаас олон улсын практик тийм байдаг юм билээ. “Петро Чайна Дачин Тамсаг” гэхэд уламжлалт газрын тосоо олборлохдоо тос, хий, усаа салгаад хийгээ тухайн байгууламжаа цахилгаанаар хангахад ашиглаж байгаа. Тиймээс өөрийн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчийг гаргахад хийгээ ашиглавал заавал төлбөр төлж, бүтээгдэхүүн хуваах шаардлагагүй.

Харин тухайн хий, түүнээс үүдсэн эрчим хүчийг борлуулвал БХГ байгуулна гээд журамлачихад болохгүй юм байхгүй. Энэ бол нээлттэй асуудал. Бид журамдаа компаниудаас санал авч байгаа. Шинээр урган гарч ирж байгаа асуудал, нөхцөл байдлыг аль болох төр, хувийн хэвшилд харилцан ашигтайгаар шийдвэрлэх талаар бид журамдаа тусгаж байна.

Нүүрсний компаниуд ашигт малтмалын ашиглалтын лиценз бүхий талбай дээрээ НДМХ хайж байгаа. Ашиглалтын лиценз бүхий талбай маш бага хэмжээтэй байдаг болохоор талбай нь хүрэлцэхгүй байж магад юм. Үүнээс гадна уламжлалт бус газрын тос, НДМХ-ийн хайгуулын лиценз бүхий талбай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайтай хэрхэн зохицох вэ? Маш их давхардал үүсэх, Ашигт малтмал болон Газрын тосны хоёр хууль нэг талбай дээр зэрэг үйлчлэх гэх мэт бэрхшээлүүд гарч ирж магадгүй байх?

Ийм асуудал гарна. Бид үүнийг журамлахаар хичээж байна. Газрын тосны хуулийг дагаад Ашигт малтмалын хуульд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нүүрс олборлох явцад метан хий илрүүлбэл газрын тосны байгууллагад мэдэгдэнэ. Метан хийгээ ашиглахаар болвол Газрын тосны хуульд заасны дагуу ашиглана” гэсэн заалтыг зориуд оруулж өгсөн. А лиценз эзэмшигчид давуу эрх олгочихоод байгаа юм. Энд бас сул талууд гарч ирж байна.

Манайхтай уламжлалт газрын тосны чиглэлээр БХГ байгуулсан 21 талбай эзэмшигчид асуудал тавьж эхэлсэн. Газрын тосны хуучин хуулиар бид хий, газрын тос, занар гурвыг хайх эрхтэй байсан. Манай талбай дээр та бүхэн НДМХ хайх гэрээ байгуулахгүй биз дээ гэж байгаа. Бид Ашигт малтмалын хуулийн А лицензтэй этгээд НДМХ дээр давуу эрхтэй гээд хуулиа хэлэхээр А лицензтэй хүн хий илрүүлээгүй бол бид давуу эрхтэй биз дээ гэдэг. Үүнийг журмын төсөлд тусгаж өгсөн. Юуны өмнө Ашигт малтмал болон Газрын тосны хоёр хуулиар давхцаж байгаа тохиолдолд хөрөнгөө хэн оруулсан байна, тэр лиценз эзэмшигчид давуу эрх олгохоор зохицуулна.

Ийм тохиолдол занар дээр үүссэн. “Жени Монголиа Холдинг” компанийн Эрлийн гэрээ байгуулсан талбай нь уламжлалт газрын тосны XXV талбайд хамаарчихаж байгаа юм. Уг талбайд МАК, “Нарантуул” зэрэг компани ашигт малтмалын хайгуулын лицензтэй, уг лиценз дээрээ занар илрүүлээд АМГ-т нөөцөө өгчихсөн байсан. Ашигт малтмалын хайгуулын лиценз ашигт малтмалын төрлийг нь заадаггүй, хайж байх явцдаа ямар ашигт малтмал илрүүлнэ түүгээрээ явчихдаг. Дээрх хоёр компани хайгуулын явцдаа занар илрүүлсэн. Хэдий занар нь Газрын тосны хуулиар зохицуулагдах хэдий ч Ашигт малтмалын хуулийн дагуу тэнд компаниуд өчнөөн мөнгө зарцуулж нөөц илрүүлснийг бид хамгаалах ёстой. Тиймээс “Женни Монголиа Холдинг” компанид талбай өгөхдөө занар илэрсэн МАК, “Нарантуул”-ын ашигт малтмалын лицензийн талбайг хасаад өгсөн. Хэдийгээр аль аль тал нь давуу эрхтэй харагдаж байгаа ч хэн нь тэнд хөрөнгө оруулалт хийж, үр дүнг нь үзсэн бэ гэдгээс хамаарч бид шийдвэр гаргаж байгаа.

Ингэж хоёр хуулийн дунд гарч байгаа зөрчлийг зохицуулахаар журамдаа тусгаж өгч байна. Давхцах тохиолдол хойшид ч нэлээд гарах байх. НДМХ-н эрэл, хайгуулын ажил явуулъя гэдэг хүсэлт ирвэл АМГ-аас лавлагаа авч, тухайн талбайд ямар лиценз байгаа эсэхийг тодруулна. Хэрэв НДМХ хайх хүсэлт тавьсан талбай дээр ашигт малтмалын лиценз эзэмшигч байвал тухайн этгээдээс НДМХ илрүүлсэн эсэхийг тодруулж, илрүүлсэн байвал нотолгоо авна. Нотолгоо байхгүй бол Газрын тосны хуулийн дагуу НДМХ-ийн эрэл хайгуулын талбай олгогдоод явна гэсэн үг. Энэ салбар манайд шинэ учир тодорхой хэмжээгээр зөрчил гарч байгаа. Бид аль болох бусдыг хохироохгүй, хөрөнгө оруулалтыг нь үнэлж, маргаан үүсгэж шүүхээр яваад байхааргүй   зохицуулж байна. НДМХ-ийн эрлийн ажил явуулах 28 хүсэлтийг түрүүний ярьсанчлан давхцаж байгаа талбай байгаа эсэх гэх мэтээр судалж байна. Ямар ч давхцалгүй ганц хоёрын зэрэг компанитай уламжлалт газрын тос, НДМХ-н эрэл хайгуулын гэрээ байгуулах талаар яригдаж байна.

Ашигт малтмалын Х лицензтэй, төлөвлөгөөгөө батлуулаад хөрөнгө оруулаад алт, зэс, нүүрсний хайгуул хийж байсан этгээд НДМХ илрүүлвэл танайд шууд хандах нь ээ?

Тэгнэ. Ийм байдалд тодорхой хэмжээгээр харгалзаж үзнэ. НДМХ илрүүллээ гээд манайд хандахад нь бид шалгаж үзнэ. Тэр хүнээс түрүүлээд манайхтай НДМХ эрэх хайх гэрээ байгуулаад тухайн талбай дээр нь ажил хийж байгаа хүн байж болно. Тэгвэл түрүүлж гэрээ байгуулсан этгээд нь давуу эрхтэй байх болно.

Бид аль болох талбайнуудыг давхардуулахгүй олгохыг зорино. Уламжлалт, уламжлалт бус гээд аль ч чиглэлээр. Ганцхан уламжлалт газрын тос хайж байгаа этгээд зөвхөн уламжлалт газрын тосоо хайна, хий, занар хайхгүй гэсэн тохиолдолд л түүний талбай дээр занар, хий хайх зөвшөөрлийг өөр этгээдэд өгч болно.

Журмын талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу? Ялангуяа лиценз олгохдоо энэ давхардлыг хэрхэн зохицуулах талаар?

Газрын тосны хуульд уламжлалт, уламжлалт бус газрын тос тус тусдаа гэрээ байгуулна гээд заачихсан байгаа. Одоо бид журамдаа бүр задлаад уламжлалт бус нь төрөл төрлөөрөө гэрээ байгуулна гээд тусгаж байна.

НДМХ-н хэр хэмжээний нөөц байдаг юм бэ?

Яг батлагдаад бүртгэгдсэн нөөц одоогоор байхгүй. Батлуулна гэсэн ойлголт ч байхгүй. НДМХ-н хувьд цооног цооногоор нь ашиглалтад шилжүүлээд явчихдаг юм байна. Уламжлалт газрын тос шиг хайгуулаа хийж дуусгаад нөөцөө бод. Түүний дараа ашиглалтыг нь явуулна гэдэггүй юм билээ. Сая АНУ-аас ирсэн зөвлөхүүдтэй ярилцаж байхад ийм зүйл хэлж байсан. Энэ нь ч зөв. Манайд НДМХ-ийн маш олон, зөрүүтэй тоонууд байдаг. Хуучин манайхтай БХГ байгуулж байсан “Сторм Кат Энержи” гээд компани 21 тэрбум шоо метр ч билүү тийм нөөц илрүүллээ, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж байсан.

Гэхдээ бид энэ талаар илүү их зүйл судалж байгаа. НДМХ-ийн ашиглалттай холбоотой мэдээлэл тийм ч түгээмэл бус байдаг юм билээ.  Америк, Канад 1980-аад оноос л НДМХ-ийг ашиглаж эхэлсэн байх жишээтэй. Гэхдээ занар шиг өргөн тархаж, судлагдсан зүйл биш юм байна. Уламжлалт газрын тосны нөөц багасахын хэрээр уламжлалт бус газрын тос ашиглах эрэлхийлэл хүчтэй байгаа ч зөвхөн занар л яригдаж байна. НДМХ тийм ч их яригдахгүй. Хаана яригдаж байна гэвэл нүүрс ихтэй, дээр нь технологитой улс орнуудад л НДМХ-н талаар ярьж байна. Технологийн хувьд бас тийм ч амар биш.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 5 цаг 54 минутын өмнө
    Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal  уншигчдадаа цувралаар хүргэж байна.  
  • 2019-09-20 15:51
    Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр  хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ. Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм.
  • 2019-09-20 11:11
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон юм. Тус хэлтэс нь  Орхон аймгийн АЖБОГ-тай хамтран дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Баян Өндөр хайрханы Хүрэнбулагийн аманд нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж буй.   
  • 2019-09-20 11:01
    Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчид гэж хэнийг хэлэх вэ? Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна
  • 2019-09-19 16:06
    “Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.