Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Moody’s: Монголын нүүрсний компаниуд санхүүгийн хүндрэлтэй байна

Засгийн газар, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох эрх бүхий олон улсын санхүүгийн байгууллага Moody’s  Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт муудаж, түүхий эдийн үнэ буурч буй нь Монголын салбарын компаниудад хүндээр тусч байгааг мэдээлжээ. Тус байгууллага ирэх оны хоёрдугаар хагаст коксжих нүүрсний тонн тутмын үнэ 125-140 ам.доллар болж өснө гэж үзэж байна. Харин тэр хүртэл дэлхийн нүүрс олборлогч компаниуд хүндрэлтэй тулгарсан хэвээр байна гэж өгүүлжээ.

Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний үнэ 113 ам.доллар/тонн байгаа юм. Гэхдээ энэ үнээр компаниудын хувьд тоног төхөөрөмжийн зардлаа нөхөж, зээлээ төлөх боломжгүй тул компаниуд дансан дахь бэлэн мөнгөө шавхаж дуусахад хүрч буй талаар онцолжээ.

Ялангуяа Хятадаас өөр сонголтгүй зах зээлийн нөхцөлд өрсөлдөж буй Монголын компаниудад энэ нь хамгийн их хамаатай ажээ. Монгол улсын тухайд гадаад валютын зээл, Засгийн газрын өр нэмэгдэхийн хэрээр үнэ ханшийн савлагаанд эмзэг эрдэс баялгийн орлогоос ихээхэн хамааралтай байгааг мөн тэмдэглэжээ.

Moody’s Ухаахудагаас нүүрс олборлогч “MMC”-ийн өрийн бичгийг Caa2 буюу хөрөнгө оруулахуйц гэсэн ангиллаас 8 түвшин доогуур хэмжээнд үнэлсэн бөгөөд тус компани оны эхний хагасын байдлаар 28 сая ам.долларын алдагдалтай ажилласныг тэмдэглэжээ. Харин Овооттолгой уурхайд олборлолт хийж буй “Саутгоби Ресорсез” нэмэлт хөрөнгийн эх үүсвэр хайж буй бөгөөд ирэх 12 дугаар сар гэхэд бэлэн мөнгөгүй болж мэдэхээр байгаа ажээ. Тус компани нь “China Investment Corporation”-ээс авсан зээлийн хүүг барагдуулах, “Turquoise Hill Resources”-оос авсан богино хугацааны зээлийг эргүүлэн төлөх шаардлагатай байгаа юм. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Винсвэй” компанийн хувьд зээлээ бууруулахаар   Канадын Grande Cache компанид эзэмшдэг хувьцаагаа худалджээ. Үүнээс гадна Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Mongolian Energy Corporation" 445 сая ам.долларын өрийг барагдуулах хугацаагаа дахин бонд гаргах замаар 5 жилээр сунгахаар төлөвлөж буйгаа зарлажээ.


Б.Төгс