Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Хятад улс импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулна

Хятадын Санхүүгийн яам энэ сарын 15-наас импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь тус улсын дотоодын нүүрс олборлогч компаниудаа дэмжих бодлоготой нь холбоотой юм.

Хятад улсын хувьд өнгөрсөн оны 8 дугаар сард хүрэн нүүрсний импортод 3%-ийн татвар ногдуулж эхэлсэн ч одоо нүүрсний бүхий л төрөлд татвар тогтоож байна.

Коксжих нүүрснээс бусад төрлийн нүүрсний татвар 6% байх бол коксжих нүүрс, антрацитад 3%-ийн татвар ногдуулах юм байна. Тус улс 2007 онд цуцалсан нүүрсний импортын татвараа ийнхүү 7 жилийн дараа сэргээлээ. Энэ шийдвэр Австрали, Оросын нийлүүлэгчдэд ихээхэн хүндээр тусна гэж шинжээчид тайлбарлаж байна. Харин Хятад руу нүүрс нийлүүлэлтээр эхнээсээ хоёрт бичигдэх Индонезийн хувьд татвар хэрхэн үйлчлэх нь тодорхойгүй байгаа ажээ. Учир нь АСЕАН-ы улс орнууд өөр хоорондоо нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд импортын татвар тавьдаггүй дүрэмтэй юм байна.

Хятадын дотоодын нүүрсний томоохон компаниуд Засгийн газартаа хямд нүүрсний импортыг хориглох тухай жил гаруй шахалт үзүүлсний дараа гарч буй шийдвэр гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж тайлбарлажээ.

Энэ жилийн байдлаар Хятадын дотоодын компаниудын 70% нь ашиггүй ажиллаж, талаас илүү нь ажилчдынхаа цалинг хугацаандаа тавьж чадахгүй байсан ажээ. Тус улсын дотоодын нүүрсний үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд буй юм. Өнгөрсөн сарын сүүлээр Цинхуандао боомт дээр эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутам нь 77-79 ам.доллартай байжээ.

Нөгөөтэйгүүр Хятад улс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх оноос эхлэн хүхэр, үнслэг ихтэй нүүрсний импортод хориг тавих шийдвэр гаргаад буй юм. Энэ нь Австралийн нүүрс экспортлогчдод маш хүндээр тусна гэж үзэх шинжээчид буй ч уг шийдвэрийн дагуу нүүрсээ боловсруулаад чанарыг нь сайжруулаад илүү өртөгтэй нүүрс нийлүүлэх сонголт бий. Гэвч Индонезийн хямд нүүрс илүү эрэлттэй болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.  

Манай улсын хувьд ихэвчлэн коксжих нүүрс экспортолдог ч 3%-ийн татвар нь компаниудад хангалттай дарамт юм.



Б.Төгс