Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй

Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын 30-наар Оюутолгойн далд уурхайд олгох зээлийн хугацаа дуусгавар болсон юм. Гэхдээ санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээрээ үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм байна. Монголын төлөөлөл зээлийн хугацаа дууссан асуудлыг нааштайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй бөгөөд зээл олгох байгууллагын зарим нь зээлийн хугацааг сунгах боломжтойгоо мэдэгджээ.

Хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд далд уурхайн санхүүжилтийг батлах зөвшөөрлөөс гадна хувь нийлүүлэгчдийн хооронд шийдэгдээгүй асуудлуудыг эцэслэх, уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг хувь нийлүүлэгчид болон Монголын эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах болон бусад зөвшөөрлийг авах ажил үлдсэн хэвээр байна.

Өчигдөр Оюутолгойн ТУЗ-ийн хурал болсон ч, албан ёсны мэдээллийг тус компани хийгээгүй байна.

Turquoise Hill компанийн удтал хүлээлгэсэн далд уурхайн техник, эдийн засгийн судалгаагаа өнгөрсөн сард танилцуулсан юм. Үүнд далд уурхайн санхүүжилт 4.9 тэрбум ам.доллар байна гэж тусгажээ. Энэ нь 2013 оны Оюутолгойн техникийн тайланд 5.1 тэрбум доллар далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдана гэж дурдсантай бараг адил байгаа юм. Гэхдээ өргөтгөлийн ажилд өнгөрсөн 2013 он болон энэ онд зарцуулсан 500 сая долларыг энд оруулаагүй болохыг тэмдэглэжээ. Техник, эдийн судалгааны талаарх товч мэдээлд дурдсанаар Оюутолгойн ил болон далд уурхайн нийт ашигтай нөөцийн хувьд 11.3 сая тонн зэс (3.7 сая тонн- ил уурхай, 7.6 сая тонн-далд уурхай), 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгө агуулж буйг бичжээ. Уурхайн нийт ашиглалтын хугацаа 41 жил, 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө гэжээ. Татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь 7.43 тэрбум доллар, хөрөнгө оруулалтын өгөөж нь 29%-тай байна гэж тусгагджээ. Блокчлон олборлолтоор далд уурхайгаас өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох юм байна. Далд уурхайн хүдрийн агуулга ил уурхайнхаас бараг гурав дахин өндөр ажээ. Ил уурхайн хүдэр дэх зэсийн агуулга дунджаар 0.45%, алт 0.31 гр/тн, мөнгө 1.33 гр/тн байгаа бол далд уурхайн хүдрийн зэсийн хувь 1.66, алт 0.35 гр/тн, мөнгө 3.4 гр/тн гэж техникийн судалгаанд өгүүлжээ.

Компани нөөцийн тухайд хоёр байр суурь бүхий мэдээллийг техникийн судалгаанд тайлбарлажээ. Хоёр дахь хувилбарт ирээдүйд ашиглах боломжтой ордыг багтаасан байна. Оюутолгойн нөөцийн эхний хувилбарт ил уурхай буюу Өмнөд Оюу, далд уурхайн Hugo North-ийн лифт 1-ийг оруулан тооцсон бол хоёр дахь хувилбарт дараагийн шатны далд уурхайнууд болох  Heruga, Hugo South, Hugo Dummet-ийн лифт 2-ыг хамруулжээ. Гэхдээ энэ нь дээрхи баталгаажсан нөөц бүхий хувилбартай харьцуулахад таамаг шинжтэй болохыг онцолжээ.


Энэ тооцоогоор Оюутолгой орд нь 25.6 сая тонн зэс, 27.9 сая унц алт, 195.2 сая унц мөнгөний нөөцтэй ажээ. Уг хувилбарт ашиглалтын хугацааг 91 жил гэж тэмдэглэжээ. Энэ хувилбараар ашиглах эсэх нь ирээдүйн шийдвэр, технологийн боломж болон бусад байдлаас хамаарах юм байна.

Өнөөдрийн байдлаар Turquoise Hill-ийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 3.75 доллар буюу 1.63%-ийн өсөлттэй байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тус компанийн хувьцааны үнэлгээ 11%-иар дээшлээд буй юм. 



Б.Төгс