Дэлхий нүүрсийг дахин шинээр нээж байна

2014-09-19 12:00
Нүүрсний өнөө ба ирээдүй

Монголын амьдралыг нүүрсгүйгээр төсөөлөхөд дэндүү бэрх гэлтэй. Учир нь нүүрс Монголын амьдралыг эрчим хүч, дулаанаар хангах бараг цорын ганц эх үүсвэр маань болж байгаа билээ. Дэлхийд ч нүүрсний энэ чанар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр Дани, Норвеги зэрэг улс эдүгээ сэргээгдэх эрчим хүчгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөөргүй тийм түвшинд хүрсэн ч дэлхийд нүүрс давуу байраа хадгалсан хэвээр л байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тооцоолж буйгаар 2012 оны байдлаар дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 37 хувийг нүүрсний станц, 30 хувийг байгалийн хийн генератор, 16 хувийг цөмийн, 12 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байжээ.
 
Тэгвэл энэ үзүүлэлтэд 2040 он гэхэд огцом өөрчлөлт гарахгүй болохыг тус агентлаг тооцож гаргажээ. Сэргээгдэх салбар эрчим хүчний үйлдвэрлэлд зэрэглэл ахиж 16 хувь, харин нүүрснийх ялимгүй буурч 32 хувийг эзлэх ч үнэндээ дэлхийн эрчим хүчний хэрэглээ тухайн үед одоогийнхоос 26 хувиар өсөхийг тооцож үзвэл нүүрс халаагаа өгөхгүй нь бололтой. Гэсэн ч дэлхийн томоохон банкууд нүүрсний станцын төсөлд хөрөнгө оруулахаа зогсоосноо шил шилээ даран тунхаглах болов. Нүүрс үнэхээр моодноос гарч эхлэв үү? Нөгөө талд нүүрс дэлхийг эрчим хүчний хямралаас гэтэлгэх аврагч гэж зарим эрдэмтэн тайлбарлаж байна. Газрын тос, байгалийн хийн нөөц ойрын 50-60 жилд шавхагдах айдас түгшүүрийн зураглалыг нүүрсний хэдэн зуун жилийн хэрэглээг өлхөн залгуулах нөөцийн тухай эерэг таамаглал хөнгөхөн “дараад” авч буй юм. Тэгвэл нүүрс дэлхийг ирээдүйн болзошгүй хямралаас аврах эрчим хүчээр дахин нээгдэх тийм шинэ эрчим хүч үнэхээр мөн үү? Цаг уурын өөрчлөлтөд хувь нэмэр оруулагчийг яагаад дэмжих ёстой билээ гэсэн байр суурь нийгэмд бий. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр бид нүүрстэй “найзлах” хэрэгтэйг хийсвэр бус харин бодитой олон судалгаа “учирладаг”. Хамгийн гол нь нүүрсний хэрэглээг боловсруулалтын дэвшилтэт технологитой уялдуулж гэмээнэ ногоон хөгжлийн хариулт болох боломжтой ажээ.

Сэргээгдэх эрчим хүч ямар ч бохирдол, хаягдалгүйгээрээ агуу гайхалтай боловч технологийн шийдлийн  үнэ өртгийн хувьд нүүрстэй харьцуулахад хамаагүй их юм. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил тун ахицтай байгаа ч хүртээмжийн асуудал 2040 он өнгөрсөн ч тулгамдсан хэвээр байна. Нөгөө хэсэг буюу ядуу болон дунд орлоготой улс орон эсвэл сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх байгалийн нөөц боломжгүй улс орон эрчим хүчээ хаанаас авах вэ? Газрын тос, байгалийн хий, ураны сонголт нь байж болох ч нүүрс илүү урт хугацаанд бидний итгэлтэй анд байх болно.

Өнөөдөр цаг уурын өөрчлөлт аюулын харанга дэлдэж буй ч түүний аюулын гал дээр тос нэмж буй хүлэмжийн хий, хаягдлын асуудлыг боловсруулалтын технологиор нүүрсний салбарт шийдэж эхэлжээ. Байгальд хортой нөлөөлгүй, ногоон хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь зүйтэй ч нүүрсийг ад үзэн амьдралаасаа ор тас аваад хаячихвал дэлхий даяараа тэр дороо эрчим хүчний хямралд живнэ. Эрчим хүчний хямрал санхүүгийн хямралаас хэд дахин хүнд тусч мэдэх юм. Энэ зуур нүүрсний хэрэглээний уламжлалт ашиглалт шинэ шинэ нээлтүүдээр хавьгүй боловсронгуй болсоор байна. Нүүрсний боловсруулалт шинэ түвшинд хөгжиж түүний байгальд ээлтэй, үр ашигтай түлш, эрчим хүч болохыг илүүтэй батлах болсон нь нүүрсний ирээдүйн гэрэлт дүр зургийг харуулна. Өөрөөр хэлбэл, XXI зуун мэдээллийн технологийн эрин гэгддэг ч үүнтэй зэрэгцээд нүүрс ашиглалтын шинэ шинэ агуу нээлтийн үе байх нь бараг тодорхой байгаа юм. Энэ тал дээр хэрэв зөв бодлого, хүч хаях аваас манай Монгол улс ч мөр зэрэгцэн хөгжих боломжтой.

Өнөөдөр Долоон буудлын Дорж Налайх эсвэл Багануурынхаа нүүрсийг түлсэн хэвээр байгаа ч тэр нь харин ямар ч боловсруулалтгүй байгаа билээ. Гэхдээ сайхан нь сүүлийн жилүүдэд нүүрсийг боловсруулах талаар манайхан дээр дооргүй ярих болж, гадаадын “технологичид”-той дотоодын компаниуд маань хамтран ажиллаж, чамгүй үр дүнд хүрч байна. Чухамдаа нүүрс хэмээх нефтиэс огтхон ч дутахгүй хар алтыг бид гүйцэд танилгүй урт замыг туулжээ.



Нүүрсний үүсэл, хэрэглээ, төрөл

Нүүрс нь эрт галавын үед газрын гадаргын ургамлан бүрхүүл геологи, химийн үйл явцын нөлөөгөөр ялзарч чулуужин 20-300 сая жилийн өмнө энэ төлвөө олж эхэлжээ.  Хэдийгээр манай эриний өмнөх хэдэн мянган жилийн тэртээд хүн төрөлхтөн нүүрсийг мэддэг, ашигладаг байсан гэх ч өргөн хэрэглээнд нэвтэрсэн нь ердөө сүүлийн 200 жилийн хугацаанд хамаарах ажээ. 20 дугаар зуунд хүн төрөлхтөн нүүрсний бүр ч илүү нарийн үнэ цэнийг тодруулж амжжээ. Нүүрс нь зөвхөн илч, цахилгаан гаргадаг эд биш бөгөөд сайжруулсан карбон, карбон утас, силикон метал зэргийн үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болдог байна. Үнэндээ нүүрс оролцсон бүтээгдэхүүн хэдэн мянган төрлөөр тоологдоно. Аж үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, тариалангийн бордоо, ус агаар цэвэршүүлэх технологи, цементийн үйлдвэрлэл, хөнгөн цагааны боловсруулалт, гангийн үйлдвэрлэл, шингэн түлш үйлдвэрлэх зэрэг олон үндсэн үйлдвэрлэлд нүүрсний оролцоо амин чухал.

Нүүрс нь дотроо хэд хэдэн төрөл байх бөгөөд хүрэн, чулуун, антрацит болон бусад төрөлд ангилж болно. Лигнит буюу хүрэн нүүрсийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд голцуу ашиглах бөгөөд хийжүүлэх, шингэн түлш гарган авах, бордоо хийхэд ч түлхүү ашиглаж буй. Харин чулуун нүүрсний хувьд дотроо битүм, хагас битүм, коксжих, хагас коксжих гээд олон төрөлд хувааж болно. Бидний сайн мэдэх коксжих нүүрсийг шатаах явцад өндөр илчлэг гардаг тул гангийн үйлдвэрлэлд ашиглаж буй. Гэхдээ коксжих нүүрсний чанарын үзүүлэлтэд бөсөх чадвар, үнслэг, хүхэрлэгийн агуулга гээд олон зүйлийг харгалзан үзнэ. Манай улсын экспортын нүүрс бараг бүхэлдээ коксжих нүүрс байдаг (энэ нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, дэд бүтцийн хөгжил, үр ашигтай байдалтай холбоотой юм). Дараагийн төрөл бол антрацит. Энэ төрлийн нүүрс бол бараг бүхэлдээ карбоноос тогтсон тул хамгийн их хувирч, өөрчлөгдсөн нүүрс гэж үздэг ажээ. Бусад төрлийн нүүрснээсээ хамгийн хатуу ч шатаахад өндөр илчлэг гардаг байна. Иймд дулааны цахилгаан станцад ашигладаг төдийгүй гангийн үйлдвэрлэлд авч хэрэглэх нь бий. Гэвч энэ төрлийн нүүрс нь өндөр үнэтэй тул станцууд хэдий антрацитийг бодвол бага илчлэгтэй ч харьцангуй хямд үнэтэй хүрэн нүүрсийг сонгодог байна.

Эндээс харахад нүүрсний гол ид шид нь тэрбээр өөртөө асар их хэмжээний эрчим хүчийг хураан хуримтлуулсанд оршино. Тиймээс түүнийг шатаахад үлэмж хэмжээний цахилгаан, дулаан үйлдвэрлэх боломжтой байдаг билээ. Гэвч энэ үйл явцад хорт хий, үнс агаарт дэгдэнэ. Дээр нь маш их хэмжээний үнс хаягдал станцуудын дэргэд бий болсон байдгийг бид мэдэх билээ. Тэдгээр үнс цацраг идэвхтэйн зэрэгцээ олон тооны хүнд метал, хортой элементүүдийг агуулсан байдаг. Гэхдээ нүүрсний үнсийг ашиглан цемент үйлдвэрлэх технологийг олон орон амжилттай нэвтрүүлээд байгаа нь түүнийг зөвхөн ландфиллийн аргаар газарт булдгийг өөрчилжээ. Хүлэмжийн хийн ялгаралгүй нүүрсний цахилгаан станцын шийдлийг ч олон оронд нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Нүүрсний ашиглалтыг илүү ногооруулахад олон ажил хийх шаардлагатай байгаа ч дэлхийн нүүрст хандах хандлага   эерэг тал руу шилжжээ. Энэ итгэлийг нүүрсний боловсруулалтын технологи “бадрааж” буйг дахин онцолъё.

Нүүрсний боловсруулалтын технологи

Нүүрсийг боловсруулах технологи нь өнөөдөр хэдэн арван ботид ч багтахгүй тийм зузаан баялаг сантай болжээ. Өнгөрсөн ХХ зуунд нүүрс боловсруулалт эрчимтэй хөгжиж эхэлжээ. Энэ явцад нүүрсийг баяжуулан үнслэг, хүхэрлэгийн агуулгыг багасгаж үр ашгийг нь дээшлүүлэхээс гадна кокс-химийн үйлдвэрлэл, нүүрсийг хийжүүлэх, улмаар шингэрүүлэх боловсруулалтыг ч олж нээн хөгжүүлжээ. Зөвхөн нүүрс боловсруулалтыг хөгжүүлээд зогсохгүй цахилгааны станцын хорт утааны ялгарлыг ч үлэмж хэмжээгээр бууруулж чаджээ. Коксын хувьд XIX зууны сүүлээр кокс гарган авах үйлдвэр хөгжсөнөөр гангийн үйлдвэрт ашиглагдах болсон ч ХХ зуунд кокс-химийн үйлдвэр болон өргөжин хөгжжээ. Энэ бол коксжуулах үйл явцын дүнд коксоос гадна давирхай, тос, хий, бензин түлш зэрэг олон төрлийн дайвар бүтээгдэхүүн гарган авч болдог химийн цогц бөгөөд их нарийн түвэгтэй технологи бүхий үйлдвэрлэл юм.

Өнөөдөр манай улсын экспортын нүүрс бүхэлдээ коксжих нүүрс буйн зэрэгцээ шатахуун түлшний нийлүүлэлт зөвхөн импортын бүтээгдэхүүнээс хараат байна. Иймд бидэнд коксжих нүүрсээ өртөг шингэсэн баяжмал бүтээгдэхүүн болгон экспортлохоос гадна дотоодын нөөцөө ашиглан нүүрсийг шингэрүүлэх ажлыг бодитоор биелүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Бид энэ удаад нүүрсийг баяжуулах технологи болон нүүрсийг шингэрүүлэх технологийн товчтой танилцуулахаар бэлтгэлээ.

Нойтон аргаар баяжуулах

Эрчим хүчний нүүрсийг тэр бүр боловсруулж баяжуулдаггүй. Харин коксжих нүүрсний хувьд коксын болон гангийн үйлдвэрлэлд үр ашигтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд боловсруулах хэрэгцээ илүү их байдаг. Дэлхийн худалдаанд ч борлуулалтын нүүрсний чанарын үзүүлэлтийн тодорхой стандартыг мөрддөг байх юм. Чухамхүү үнслэгийн хэмжээ болон бусад хортой бодисын хэмжээ багатай, илчлэг өндөртэй нүүрс эрэлттэй бас өндөр үнэд хүрнэ. Нүүрсийг боловсруулж баяжуулах янз бүрийн арга бий ч тэдгээрийг үндсэнд нь нойтон эсвэл хуурай аргаар баяжуулах технологид ангилдаг.

Нойтон аргаар баяжуулахын давуу тал нь нүүрсний үнслэг болон хүхэрлэгийн агуулгыг маш бага хэмжээнд хүртэл бууруулахад оршдог бөгөөд дэлхийд энэхүү арга зонхилж буй юм. Нүүрсийг нойтон аргаар баяжуулахад үнслэгийн хэмжээг 60-80 хувиар, хүхэрлэгийн хэмжээг 50-70 хувиар бууруулж чаддаг байна. Гэвч энэ арга нь хуурай аргыг бодвол усны зарцуулалт өндөртэй юм. 2008 онд Хятад улс 3.5 тэрбум тонн усыг нүүрс баяжуулахад ашигласан бөгөөд дунджаар нэг тонн нүүрсийг угаахад 2.5 тонн ус зарцуулагддаг гэсэн тоо баримтыг HSBC-ийн шинжилгээний баг 2013 оны судалгаандаа дурджээ. Гэхдээ орчин үед усыг дахин боловсруулах технологи сайжрахын хэрээр нойтон баяжуулалтын усны зарцуулалт багасч буй юм.

Нөгөөтэйгүүр нэг тонн нүүрс баяжуулахад ашиглах усны хэмжээ бусад улс оронд түүхий эдийн чанар, технологиос хамааран харилцан адилгүй байх ажээ. Дэлхийд 2006 оны байдлаар ойролцоогоор 2300 орчим нүүрс угаах үйлдвэр ажиллаж байжээ.

 
Дээрх хэсэгт АНУ-ын “Arch Coal” компанийн нойтон аргаар баяжуулах технологийн схем харагдаж байна. Нойтон аргаар баяжуулах нь дэлхийд зонхилдог ч үндсэндээ технологийн горим нь илүү олон шат дамжлагатай байдаг. Нүүрсийг баяжуулахад олон шат дамжлага байх агаад том, дунд, жижиг нүүрсийг тус тусад нь тохирсон аргаар угааж гарган авдаг. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг эхлээд бутлаад, улмаар шламгүйжүүлэх буюу хог шавраас нь салгах эхний шигшүүрт оруулсны дараа том, дунд, жижиг буюу нунтаг хэсгийг тус тусад нь ангилдаг байна.

Баяжуулах үйл явцын хамгийн энгийн энэ шат дамжлагын дараа ангилсан нүүрсээ хүнд орчны гидроциклонд оруулдаг ажээ. Хүнд орчны гидроциклон гэдэг нь төвөөс зугтаах хүчийг ашиглан ангилан ялгах үүрэгтэй төхөөрөмж юм. Тодруулбал энэ нь усны даралтын хүчийг ашиглан хуй салхи хэлбэрийн эргэлт үүсгэх замаар цэвэр нүүрсийг үр ашиггүй чулуулаг бүхий хэсгээс нь салгах бас нэгэн багаж-дамжлага ажээ. Ингээд гидроциклоны дээд хэсгээр цэвэр нүүрс, доод хэсгээр нь хаягдал хэсэг гарах юм. Ийнхүү ялган авсан хэсгүүдийг дахин өөр шигшүүрүүд хүлээж буй. Том хэмжээний нүүрсийг баяжуулах нь харьцангуй энгийн байдаг нь дээрх бүдүүвчээс (схемийн дээд хэсэг буюу coarse хэсэгт) харагдаж байна. Ийнхүү гарч ирсэн нүүрсийг дахин шигшүүрт оруулаад бутлаад, зарим хэсгийг усгүйжүүлэх дамжлагад оруулан бэлэн бүтээгдэхүүн буюу баяжмал гарч ирж байна. Дунд зэргийн нүүрсний баяжуулалт ч мөн гидроциклоны дамжлагын дараа угаах, шүүрүүлэх зориулалтын шигшүүрээр (Drain & Rinse screen) дамжаад центрифуг буюу хатаагч төхөөрөмжид боловсруулагдан баяжуулсан буюу угаасан нүүрс болох ажээ. Гэвч энэ явцад бид нунтаг болон хэт нунтаг нүүрсийг яаж боловсруулахыг бүдүүвч загварын зүүн болон доод хэсгээс (ultrafine болон fine хэсгээс ) харж болно. Жижиг нүүрс циклоноор дамжин нунтаг болон хэт нунтаг гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Нунтаг хэсэг нь мушгиа сепаратораар дамжихдаа хог хаягдлаасаа ангижран дахин циклонд орно. Дараагаар нь нойтон шигшүүрээр дамжина. Ингээд хамгийн сүүлд центрифугээр (Screen-Bowl) ороод баяжуулсан нүүрс болон гарч ирнэ. Харин хэт нунтаг хэсгийг флотацийн буюу хөвүүлэн баяжуулах аргыг ашиглан гаргаж авах ажээ. Гэхдээ эдгээр баяжуулалтын үйл явцыг бүдүүн тоймоор тайлбарлахад ийм байгаа боловч нүүрсний бүтээгдэхүүний чанар, ангилалтай яг таг тохируулан үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлж ашиглалтад оруулах нь компаниуд болон технологи нийлүүлэгчдийн хувьд хамгийн чухал бөгөөд хүндхэн ажил байдаг нь дамжиггүй юм. Энэ бол нүүрсийг нойтон аргаар буюу гравитацийн аргаар баяжуулах үйл явцын нэг хэлбэр байлаа.

Хуурай аргаар баяжуулах

Одоо нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн товчтой танилцъя. Энэ нь байгаль орчинд ээлтэй, ус огт ашигладаггүй төдийгүй өргөн хүрээний дэд бүтэц шаарддаггүй тул эдийн засгийн хувьд үр ашигтайд тооцогддог байна. Учир нь энэ үйлдвэрлэлд ус ашиглахгүй тул усыг зөөж тээвэрлэх болон дахин боловсруулах байгууламж шаардлагагүй юм. Түүнчлэн хүйтэн цаг ууртай орчинд ашиглахад ихээхэн тохиромжтой ажээ.

Сүүлийн 25 жилийн хугацаанд Хятадад усны нөөц багасахын хэрээр нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи хөгжиж буй бөгөөд нийт 1000 гаруй ийм төрлийн үйлдвэр дэлхий дээр ажиллаж буй гэсэн тойм судалгаа бий. Одоогийн байдлаар Хятадын “FGX Septech”, Норвегийн “CommodasUltrasort” болон Австралийн “Karbine”, Германы “All Minerals”, Японы “Japan Coal Energy Center”болон “Nagata Engineering” болон бусад олон улс орны компаниуд энэ төрлийн үйлдвэрийн технологийг бүтээж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Японы дээрх хоёр байгууллагатай хуурай аргаар нүүрс баяжуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Доорх бүдүүвчид Хятадын “Tangshan Shenzhou Manufacturing” группын “FGX Septech” компанийн хуурай аргаар баяжуулах технологийн бүдүүвчийг харуулсан бөгөөд энэ нь агаарын тунаах технологид үндэслэсэн үйлдвэр юм. Хуурай аргаар баяжуулах нь нойтон баяжуулах технологийг бодвол харьцангуй энгийн технологи ажээ. Уг үйлдвэрт тоосжилтыг бууруулах хоёр ч төхөөрөмжийг суурилуулсан нь энэ технологийг байгаль орчинд илүү ээлтэй болгожээ. Хуурайгаар баяжуулах технологийг зөвхөн нүүрс гэлтгүй бусад эрдэст туршихаар судалж байгаагаа ч тус компани хэдийнэ зарлажээ. Уг компанийн FGX-12 үйлдвэрийг “Монголын Алт” компани Элдэвийн уурхайдаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж буйг салбарынхан сайн мэдэх билээ.

FGX-ийн хуурай аргаар баяжуулах үйлдвэр нь 76*6 мм-ийн хэмжээтэй нүүрсийг боловсруулдаг. Тиймээс томоохон хэмжээний нүүрсийг үйлдвэрт оруулахаас өмнө бутлуурт оруулан тохиромжтой хэмжээнд хүргэж бутлах шаардлагатай байна. Уг үйлдвэрийн агаарын тунаах машинаас баяжмал, завсрын бүтээгдэхүүн, хаягдал гарч буй нь дээрх бүдүүвчээс харагдаж байна. Энэхүү үйлдвэрийн хуурай сепараторын машинд тусгай нүхнүүд бүхий чичиргээт ширээ ажиллах бөгөөд агаарын шингэн төлөвт урсгалыг байнга нэвтрүүлэх зохицуулалттай ажээ. FGX хуурай аргаар баяжуулах нүүрсний үйлдвэрт үндсэндээ агаарын хуурай сепаратор, тоосжилтыг шүүх хоёр шүүлтүүр болон агаар үлээгч ажилладаг. Үүнийг нэг шүүлтүүр нь үйлдвэрээс гадаад орчин руу гаргаж буй агаарын тоосжилтыг дарах бөгөөд нөгөө нь агаарын сепаратор руу үлээх агаарын тоосжилтыг шүүнэ. Хуурай сепаратор руу үлээх тэрхүү агаарын урсгалын нөлөөгөөр цэвэр нүүрсийг буюу баяжуулсан нүүрс болох хэсгийг тодорхой хэмжээнд чийгшүүлж ялгаад, үлдсэн илүү нягт хүнд хэсгийг хоёр ангилан завсрын бүтээгдэхүүн, хог хаягдал болгон гаргана.
 
Нүүрсийг шингэрүүлэх буюу Coal to Liquids технологи

Нүүрсийг шингэрүүлэх технологийн талаар “Mongolian Mining Journal” сэтгүүлийнхээ өмнөх дугааруудад бичиж байсныг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. Сүүлийн үед Монгол улсад аж үйлдвэр хөгжих эхлэл тавигдаж буй ч дотоодын шатахууны хэрэглээ зөвхөн импортын бүтээгдэхүүнээс шууд хамааралтай байгаа нь нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг барих гол шалтгаан болж буй юм. Энэ талаар дотоодын хэд хэдэн компани тодорхой төсөл эхлүүлэн, ажлаа урагшлуулсаар байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газар нүүрснээс хий, шингэн түлш гарган авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ХБНГУ-ын “Тиссенкрупп Үдэ” компанийн технологийг нэвтрүүлэхээр сонгон, хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Тус компанийн хувьд нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх технологиор дэлхийд тэргүүлдэг. Тиссенкруппийн хувьд өөрсдийн PRENFLO хийжүүлэлт хэмээх энэхүү боловсруулалтын технологийг нүүрсийг хийжүүлэхэд ашигладаг. Уг боловсруулалтын үр дүнд нүүрснээс нийлэг хий (synthesis gas) гарган авах юм. Нүүрсийг шингэрүүлэх технологийн үндэс нь юун түрүүнд хийжүүлэхэд орших бөгөөд чухам эндээс бензин, дизель, бусад төрлийн хийн түлш болон дайвар бүтээгдэхүүнийг гарган авах боломж бүрддэг ажээ.

Тиссенкруппын доорх бүдүүвчид метанолоос бензин гаргаж авах технологийн бүдүүвч харагдаж байна. Гэхдээ энэ нь тус компанийн зөвхөн нэг л арга ажиллагаа бөгөөд нүүрсийг шингэрүүлэх Фишер-Тропшийн аргыг ч нэвтрүүлдэг байна. Гэхдээ Фишер-Тропшийн аргаар нийлэг хийг боловсруулахад бензин бус харин дизель түлш, онгоцны түлш, хийн түлш (ахуйн зориулалттай) , давирхай болон бусад дайвар бүтээгдэхүүн гарах боломжтой ажээ. Одоо эргээд метанолоос түлш гарган авах тухай доорх бүдүүвч зурагт анхаарлаа хандуулъя. Энд боловсруулсан нүүрсийг Prenflo хийжүүлэх үйлдвэрт оруулан, улмаар syngas (synthesis gas) буюу нийлэг хий гаргана. Энэ шатыг давсны дараа нийлэг хийнээс метанол гаргаж авна. (Метанолоос түлш гаргаж авах технологи (MTG) нь 1970-аад оноос хойш хөгжиж ирсэн бөгөөд Фишер-Тропштой адил маш түгээмэл технологи юм.) Метанолыг дараагаар нь түлш болгож хувиргах реакторт (MTG Reactor) оруулна. Ингээд гарсан бүтээгдэхүүнийг хий, шингэн түлш болгон ангилах дамжлага-үйлдвэрт оруулна. Эндээс LPG буюу шингэрүүлсэн хийн түлш эцсийн бүтээгдэхүүн болж гарах ч түүнээс үлдсэн арай хүнд түлшийг нь боловсруулах өөр хэсэг рүү дамжуулан дахин боловсруулна. Бензин түлш гарган авах хамгийн сүүлчийн дамжлага болох холих хэсэгт (blending) тэрхүү боловсруулсан хүнд түлшийг ангилах хэсгээс дамжуулсан бүтээгдэхүүнтэй холино. Бензин гаргах үйл явцыг бүдүүн тоймоор тайлбарлахад энгийн сонсогдох ч энэ нь нүүрс баяжуулах үйлдвэрийг бодвол тус тусдаа хэд хэдэн үйлдвэр ажиллуулдаг нүсэр том химийн цогцолбор үйлдвэрлэл гэдгээрээ ялгагдана. Дээр нь доорх зурагт боловсруулалтын явцыг энгийн товчоор харуулсан тул MTG технологийн зарчим нь илүү олон шат дамжлагатай болж задрахыг энд тэмдэглэе.

Фишер-Тропшийн аргыг 1923 онд анх Германд Фишер, Тропш нарын эрдэмтэд нээж, улмаар 1934 онд анхны шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэрийг байгуулж, хоёр жилийн дараа ашиглалтад оруулан нээж байжээ. Энэ аргаар нийлэг хийг боловсруулахад онгоцны түлш, дизель түлш болон бусад дайвар бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг тул ихээхэн чухалд тооцогддог. Гэхдээ метанолоос түлш гаргах, Фишер-Тропшийн аргын аль аль нь зөвхөн нүүрснээс бус биомасс, хий, хог хаягдал, газрын тосны кокс зэрэг олон түүхий эдийг ашиглан түлш үйлдвэрлэх боломжтой байдаг ажээ. Үндсэндээ MTG болон Фишер-Тропшийн арга нь нүүрсийг шууд бусаар шингэн түлш болгох технологид тооцогддог. Газрын тосны тасралтгүй нэмэгдсээр буй үнийн өсөлт эдгээр технологийг улам илүү ач холбогдолтой болгож буйг судлаачид тэмдэглэдэг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэг баррель нь 40 доллараас доош орохгүй нөхцөлд энэ төрлийн үйлдвэр нь ашигтай ажиллах боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо бий. Эдгээр технологийн бас нэг үр ашигтай тал нь эцсийн бүтээгдэхүүний шаталтын түвшин илүү сайн байх агаад маш цэвэр, хүхэрлэггүй, машины дотоод шаталтат хөдөлгүүрээс гарах азотын исэл, нүүрстөрөгчийн исэл болон бусад хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулдаг нь батлагджээ.

2009 оны байдлаар нийт 70 гаруй улсад нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр нэвтрүүлсэн байсан тухай Дэлхийн нүүрсний институтын тайланд дурджээ. Нүүрсийг шингэрүүлэх технологийн хүрээнд нэг тонн түлш үйлдвэрлэхэд дунджаар 4-5 тонн нүүрс, 4-8 тонн ус зарцуулагддаг ажээ. Харин нүүрсийг шингэрүүлж боловсруулах үйл явцын сул тал гэвэл газрын тосыг боловсруулж түлш гаргахтай харьцуулахад илүү их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Сүүлийн үед байгаль орчны чиглэлээр компаниуд маш эрчимтэй ажиллаж буй бөгөөд үйлдвэрээс ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад CCS буюу хийн ялгарлыг ангилан хадгалах технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Судалгааны байгууллагууд төдийгүй, олон улс орон нүүрсийг шингэрүүлэх технологийг хөгжүүлэх цаг ирснийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх болжээ. 



Нүүрсний талаар баримтлах улс орнуудын бодлого эерэг сөрөг давхцаж байгаа ч түүний боловсруулалтын технологийн дэвшилтэй уялдаад уг түүхий эдийн ашиглалтыг хумих бус харин өргөтгөх тал руу хандаж байна. Учир нь нүүрсний боловсруулалтын технологийн хөгжил улам дээшилсээр. Эрчим хүчний асар их боломжийг амлан, ирээдүйг баталгаажуулж буй эх үүсвэр нь нүүрс, түүний үр ашгийг “солонгоруулж” буй технологи болон хувирчээ.  Харин энэ чухал цаг үед манай улсад юу байна нүүрс л байна. Юмтай хүн байгаагаа зөв ашиглах цаг хэдийнэ ирчихжээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 12 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 6 цаг 22 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 11 цаг 31 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.