Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Шатдаг занар Монголын эрчим хүчний салбарт “битүү морь” болон айсуй

Б.Төгсбилэгт

Түлш болох “ид шидтэй” нэгэн чулууны төрлийг монголчууд шатдаг занар хэмээн нэрийддэг.   Занарыг өнгөц харвал байдаг л нэг чулуу мэт. Энэ чулуу нь улаан шаргал, бор саарал зэрэг янз янзын өнгөтэй боловч ерөнхийдөө харьцангуй цайвар хэрнээ гандуу харагдана. Угтаа түүнээс гардаг шим бодис буюу кероген нь нефтьтэй мөн чанарын хувьд харьцангуй төстэй, бүл нэг ахан дүүс ажээ. Өөрөөр хэлбэл, нефтийн шинж чанартай тун төстэй органик нэгдэл занарт агуулагддаг. Нэвтэрхий тольд занарыг кероген агуулсан тунамал чулуу гэж тодорхойлсон нь бий. Чухамдаа керогенийг тодорхой хэмээр халаахад газрын тостой тун төстэй бодис үүсдэг байна.

Тэгвэл түүний ахан дүүс болох нефть дэлхийд хэдийнэ түлшний голлох эх үүсвэр болон алдар нэрээ цуурайтуулан мандсан атал занар харин саяхныг болтол мартагдсан дуулийн гол баатар болсны гол учиг нь юу вэ гэж та гайхаж болох юм. 1684 онд Англид шатдаг занараас тос гаргаж авах технологийн патентыг Бекер, Серле нарын эрдэмтдэд олгож, улмаар 1837 онд анх Францад шатдаг занарыг ашиглах орчин үеийн технологийн үндсийг тавьж байснаас үзэхэд тэрбээр бидний хуучин танил ажээ. Эстон улс одоо занар ашиглах салбарт 100 гаруй жилийн туршлагатай хэмээн эрэмшиж буй нь уг түүхий эдийн хэрэглээний түүх чамлахааргүй баялаг сантайг илэрхийлнэ.



Занар ашиглах технологи эдүгээ 200 орчим жилийнхээ ойн босгон дээр эргэн сэргэж хөгжих хандлагатай болж буй нь АНУ-ын занарын хувьсгалын нөлөөгөөр улам тодорхой болсоор байна. Занарын салбарт хошуучлагч АНУ 2005 онд газрын тос, түлшний хэрэглээнийхээ 60%-ийг гадаадаас импортолж байсан бол 2011 онд энэ тоо 35% болж буурчээ. Улмаар 2020 он гэхэд АНУ-ын занарын түлш импортыг бүрэн орлоно гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. Одоогоор занар ашиглах чиглэлд АНУ-ын Shell, ExxonMobil, AMSO, Genie Energy, Red Leaf Resources, Shale Technologies, ConocoPhillips, Natural Soda, Францын Total S.A., Эстонийн Enefit болон бусад компани үйл ажиллагаа явуулж байна.  Ерөнхийдөө АНУ, Эстон зэрэг улс занар ашиглалтаар дэлхийг манлайлж буй бол түүний араас манай хоёр хөрш, Австрали, Саудын Араб, Энэтхэг болон бусад олон улс орон занарыг ашиглахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.

Өнгөрсөн зуунд занараас түлш үйлдвэрлэх технологийг хөгжингүй улс орнууд төдийлөн  авч ашиглалгүй явж ирсэн нь газрын тосны бүтээгдэхүүний хямд үнэтэй холбоотой байв. Занарыг боловсруулах технологи нь газрын тосны хямд үнэ, түүний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалтай өрсөлдөж чадахааргүй байжээ. 1970 оноос АНУ-д занарыг ашиглах талаар ихээхэн сонирхох болжээ. Гэвч тухайн үед газрын тосны үнэ буурсан тул энэхүү түүхий эдийг боловсруулан түлш гаргах ажиллагааг хойш тавьсан байдаг. Бараг дөчин жилийн дараа буюу 2008 онд газрын тосны үнэ дэлхийн зах зээлд түүхэнд байгаагүйгээр тэнгэрт цойлж, нэг баррель нь 150 ам.доллар болсны дараа занарыг олборлож ашиглах ажил эрчимжиж эхэлжээ. АНУ-ын шатдаг занараас шатахуун гаргаж авах хувьсгал ердөө тав, зургаахан жилийн нүүрийг үзэж буй нь ийм учиртай.

Харин одоо занар ид хүчээ авч байна. Занар угтаа дэлхийд арвин нөөцтэй. Тойм судалгаагаар дэлхийд 760 тэрбум шоо метр (4.8 их наяд баррел) тос бүхий шатдаг занарын  (oil shale) нөөцтэй гэсэн баримт бий. Монголын нутагт ч занарын арвин сан бий.

Одоогоор Монголд “Жени ойл” гэх АНУ-ын компани Төв аймаг дахь занарын ордыг түшиглэн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж буй. Тус компани өдөрт 6700 тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 4 тэрбум доллараар байгуулахаар судалж буйгаа илтгэлдээ дурджээ. “Жени Ойл” газрын гүнд занарыг боловсруулан ашиглах технологиор олборлолт явуулахаар судалгааны ажлаа ахицтай явуулж байгаа. “Монголын Алт” компани ч Хөөтийн ордыг түшиглэн занараас түлш гаргах төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Мөн өөр бусад компани  энэ чиглэлээр ажиллаж байна. Уул уурхайн яамны тооцоолж буйгаар Монголд нийтдээ 700 тэрбум гаруй тонн шатдаг занарын нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь Монгол улс занарын хувьд чамлахааргүй нөөцтэйг харуулна.

Нөөцийн хувьд занарын технологийн хөгжлөөр тэргүүлэгч АНУ-д ч маш том орд бий. Ойролцоогоор 1.2-1.8 их наяд баррель тос  бүхий шатдаг занарын нөөцийг Вайоминг, Юта, Колорадо мужийн нийт 17 мянган бээр хавтгай дөрвөлжин нутгийг хамарсан Green River Formation хэсэгт тогтоожээ. Энэхүү нөөц нь дангаараа АНУ-ын дотоодын хэрэглээг 400 жил залгуулах боломжтой ажээ.
Гэвч нэг асуулт байсаар байна. Занар одоо хэр нь АНУ-д маргаан дагуулсаар байгаа. Сүүлийн үед занарыг ашиглахад байгаль орчны хувьд хэтэрхий эрсдэл дагуулна гэсэн агуулга бүхий өгүүллүүд олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдэх болсныг Монгол дахь занарын төслүүдэд сайтар анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр шатдаг занарыг ашиглан түлш үйлдвэрлэх технологийн талаарх ойлголтыг одоо хэр нь монголчууд төдийлөн сайн авч чадаагүй байсаар. Иймд энэ удаад шатдаг занар ашиглах технологи гэж чухам юу болох тухай, энэ нь Монголд хэрэгжих нь хэр зохистой талаар танин мэдэхүйн мэдээллийг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Шатдаг занарыг ашиглаж, түлш үйлдвэрлэх технологийн ерөнхий тойм

Сүүлийн үед нүүрс, занар хоёр газрын тостой “барьцан”, шингэн түлшний зах зээлд хүч үзэх болж, тэр нь ч ихээхэн амжилтад хүрч буй нь   гайхмаар явдал биш юм. Үүсэл түүхийн хувьд аваад үзэхэд энэ гурван “эрдэнэ” мөн чанарын хувьд тун адил төстэй нь хэнд ч тодорхой. Бүгдээрээ   адилхан галав юүлэх үеэс амьтан, ургамлын масс газрын гүнд он удаан жил ялзарч, урвалд орж задарсны үр дүн билээ.Тэгэхээр газрын тосноос шингэн түлш гаргаж болж байгаа юм чинь, нүүрс, занараас тийм түлш гаргах боломжтой нь тун баараггүй, логиктой гэсэн бодол хэнбугайн ч толгойд бууна.

Үнэхээр ч нүүрс, занараас түлш шатахуун үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлсэн нь харин ч илүү эко түлш болж буй давуу тал нь өнөөдөр нүүрс, занарын технологийн гол PR болж байна.
Гэхдээ чухам яаж, ямар технологиор шатдаг занарыг түлш болгоно гэж? Тэгээд тэр нь байгаль орчинд аюулгүй байж чадах болов уу? Эдгээр асуулт эхний ээлжинд бидэнд илүү сонин.

Бид одоо нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх технологийг харьцангуй сайн мэдэх болсон. Эхлээд эрчим хүчний нүүрсээ хийжүүлээд, дараа нь шингэрүүлэх горим бүхий олон үйлдвэрээс бүрдсэн цогцолборын тун ч нарийн төвөгтэй технологи бий. Тэгвэл энэхүү технологийн горим занарыг түлш болгон хувиргахад мөн адил ашиглагддаг ажээ. Гэхдээ занарынх зарим талаараа арай   нарийн   гэж хэлж болно.

Занарын нөөцийг ашиглаж болох эсэхийг тухайн нөөцийн керогений агуулгыг тогтоох ажлаар эхэлдэг. Дээр дурдсанчлан занарт агуулагдах органик нэгдэл буюу керогений агуулгын хэмжээнээс хамааран тухайн нөөцийг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадаж гэмээнэ их ажил өрнөх суурь болно. Дараа  нь занарыг ил аргаар олборлох уу, эсвэл түүнийг гүнд нь далд боловсруулан ашиглах уу гэдгийг шийддэг.

Хэрэв занарыг ил аргаар олборловол түүнийг буталж шигшээд боловсруулах үйлдвэрт пиролиз буюу халуун задралд оруулна. Халуун задралд занарыг оруулахад зүгээр   нэг том зуух бус хэдэн арван метр үргэлжилсэн маш урт хоолой хэлбэрийн зуух шаардлагатай. Занарыг шатах хий ашиглан халуун задралд оруулна. Ингээд түүнээс давирхай (занарын тос) буюу нүүрсустөрөгчийн хий, ус, шатах хий гаргаж авдаг. Мөн үнс буюу хагас кокс хэмээх үлдэгдэл үүснэ. Улмаар давирхайг дахиж боловсруулан шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох нийлэг хий (syngas) үйлдвэрлэх үйлдвэрт дамжуулан өгнө. Нийлэг хийг дараагийн үйлдвэрт оруулан автобензин, дизель түлш, мазут үйлдвэрлэнэ.

Ил аргаар олборлолгүйгээр шатдаг занарыг гүнд боловсруулах арга нь дээрхээс илүү нарийн технологи шаардана. Учир нь газрын гүнд буй занарын нөөц хүртэл өрөм тавьж пиролизын үүрэг бүхий халаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад тавина. Ийнхүү халаах төхөөрөмжөөр керогенийг халуун задралд оруулан давирхай гаргах үйл явцыг түргэтгэнэ. Тэндээс гарсан давирхайг дээш дамжуулах цооногоор соруулж авна. Энэ үйл явцыг in-situ conversion process (далд боловсруулах) арга гэж нэрийднэ. Ингээд газрын гүнд пиролизоор гарган авсан давирхайгаа боловсруулах цогцолбор үйлдвэрт нийлүүлэн түлш болгох үйл явц өрнөнө.

Газрын гүнд буюу занарыг in-situ аргаар ашиглахад технологийн битүү горимыг нарийн чанд мөрдөж чадвал байгаль орчинд үзүүлэх хохирлыг маш бага, арилгаж болох түвшинд барих боломжтой ажээ. Хэрэвзээ газрын гүнд боловсруулалт хийх үед керогенийг халаан задралд оруулах явцад үүсдэг усны уур, давирхай, шатах хийг чулуулгийн аль нэг ан цаваар алдах аваас энэ нь байгаль орчинд хөнөөл учруулах юм. Гэвч орчин үеийн технологи битүү горимыг нарийн чанд сахиж чаддаг төдийгүй технологийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, эвслийн зохицуулалт нарийвчлал сайтай болсон юм. Энэ төрлийн технологийг байгальд хоргүй байх боломжтой гэж АНУ 2006 онд батламжилжээ.



Занарын тухай маргаан...


Дэлхийд шатдаг занарын үндсэн гурван төрөл буйг тогтоосон байдаг. Үүнд битумт занар, пиробитумт занар, завсрын үеийн занар орно. Эдгээрээс тос, хий гаргаж авах технологи нь харилцан адилгүй юм. Манай оронд тогтоогоод буй шатдаг занарыг олон улсад oil shale гэж дуудна.

Харин үүнээс гарал үүслийн хувьд өөр shale oil гэж олон улсад нэрлэдэг занар нь дээр дурдсан битумт занар ажээ. Энэ төрөлд АНУ-ын Калифорнийн Monterey, Хойд Дакотагийн Bakken Shale, Техасын Eagle Ford зэрэг хэсгийн ордуудын занар хамаарна. Дэлхийд битумт занарын нөөц тун ч арвин бий. Shale oil буюу битумт занарт тодорхой хэмжээний нефть, мөн хий агуулагдана. Гэхдээ энэхүү уламжлалт бус газрын тос, хий хоёрыг олборлоход шуудхан л өрөмдлөг хийгээд цооногоор дээш “соруулах” боломжгүй юм. Ийм төрлийн занарт агуулагдах тос, хийг гарган авахад пиролизын аргаас огт өөр арга техник ашигладаг байна. Битумт занарын давхарга ихэвчлэн газрын гадаргаас доош хоёр км орчим, түүнээс ч илүү гүнд оршино. Тиймээс эхлээд босоо өрөмдлөг хийгээд занарын судлыг дагуулан хөндлөн өрөмдлөг хийж, улмаар чулуун давхаргад агуулагдах тос, хийг олборлоход hydraulic fracturing буюу ус, химийн бодисын холимгийг цооногоор дамжуулан өндөр даралтаар шахах аргыг хэрэглэдэг ажээ. Үүнийг хөндлөн өрөмдлөг болон гидро задралын аргаар олборлох гэнэ. Хэвтээ цооногоор даралт бүхий ус, элс болон химийн бодис шахах бөгөөд гидро задрал нь судал хоорондын ханыг өргөтгөж газрын тос болон хийг олон босоо цоног өрөмдөхгүйгээр шахаж гарган авна. Хэвтээ өрөмдлөг хийснээр тос болон байгалийн хийн гарц, хэмжээг эрс нэмэгдүүлэх төдийгүй газрын гадарга дээр олон өрөм тавихгүй зэрэг давуу талтай байдаг аж.

Тойм байдлаар тайлбарлахад ийм ч гэлээ, үүнд маш чамбай судалгаа бүхий, нарийн төвөгтэй үйл ажиллагаа шаардагдах нь дамжиггүй юм. АНУ-д анх 1940-өөд оноос эхлэн эдүгээ нэг сая орчим цооног өрөмдөн дээрх аргаар занарыг боловсруулан газрын тос, хий гарган авч буй ажээ. Яг одоогийн байдлаар АНУ-д fracturing-ийн аргаар олборлолт хийж буй 34 мянган ширхэг занарын цооног бий. Нэг цооногоос олборлолт хийхэд дунджаар 4.5 сая галлон (1 галлон=~3.78 литр) ус ашигладаг байна. Тэдгээр цооногт нэг бүрт нь дунджаар 40 мянган галлон химийн нэгдэл ашигладаг байх юм.

АНУ-д энэ аргаар занараас тос, хий олборлоход хэрэглэдэг химийн бодисын жагсаалтад 600 гаруй бодис ордог байна. Жирийн цооногт дунджаар 10 гаруй химийн бодис оролцдог ч, нөөцийн чанараас хамааран химийн нэмэлт бодисыг харилцан адилгүй байдлаар устай хольж ашигладаг.  Гэхдээ үүний зарим нь ихээхэн хортой бодис байдаг аж. Тухайлбал эдгээрт хар тугалга, формалдегид,  хүнцэл, цууны хүчил, хүхрийн хүчил, метанол, гидрохлорын хүчил, этилен гликол зэрэг маш олон тооны хортой химийн бодис орно. Түүнчлэн цооног бүрт арай өөр арга технологи ашиглах шаардлага гардаг. Иймд энэ салбарынхан үргэлж шинэ зүйлтэй тулгарч хөгжсөөр байна. Гэхдээ занар олборлогчид технологио улам сайжруулж, байгаль орчинд хоргүй болгох чиглэлд хөгжүүлж буй хэмээн мэдээлж буй ч байгаль орчны хөдөлгөөнийхөн тэдний энэ аргыг огтхон ч сайшаадаггүй.

Хэдийгээр АНУ-д занарыг боловсруулах энэ төрлийн (fracturing) технологи нь улам бүр хөгжсөөр байгаа тухай салбарын мэргэжилтнүүд нь ярьж буй ч уг технологи нь эхнээсээ ард иргэд, байгаль орчны төрийн бус байгууллага, тэр ч бүү хэл АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн (EPA) “гүний усны бохирдол дээрх аргын олборлолттой холбоотой байж болзошгүй” гэсэн дүгнэлт бүхий судалгааны тайлантай тулгарч эхлээд байна. Хэргийн учир нь занарыг газрын гүнд боловсруулан тос, хий гарган авах явцад асар их хэмжээний бохирдол үлдэж, тэр нь тодорхой хэмжээгээр нэвчиж, гүний усыг бохирдуулж болзошгүйг тэд тэмдэглэжээ.

Занарын ордын цооног бузгай гүнзгий буюу хоёроос гурван мянган метр гүн байх агаад түүгээр дамжуулан химийн хорт нэгдэл бүхий усыг шахдаг. Сонсоход амархан ч, энэ явцад асар их хорт шингэн тухайн цооногоор газрын гүнд үлдэж, гүний усыг бохирдуулах аюултай байдаг ажээ. Компаниуд тухайн цооногт ашигласан шингэнийг цэвэршүүлэн эргүүлэн ашиглахаар соруулж авдаг төдийгүй хөрс, гүний усыг бохирдуулахгүй байхуйц ган хоолой болон цементэн ханаар хаалт тавьдгаас гадна геологийн зузаан үе давхарга нь гидро задралд ашигладаг шингэний бохирдлоос найдвартай хамгаалж буй гэж тайлбарладаг. Гэвч АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн үзэж буйгаар геологийн үе давхаргууд нь хорт бодисыг гүний усанд нэвчихгүй байх баталгаа болохгүйг тэмдэглэжээ. Нэг цооногт хэрэглэх ус, химийн холимог бүхий шингэний бараг тал хувь нь цооногтоо үлдэж, үлдсэн хувийг дахин боловсруулж ашигладаг болохыг тус улсын байгаль орчны зарим шинжээч онцолж буй юм. Газрын гүнд үлдсэн шингэн гүний усыг бохирдуулахаас гадна тухайн цооног орчмынхоо агаарыг ч бохирдуулах аюултай байдаг. Гүний ус, орчны агаар бохирдсон гэсэн иргэд, байгууллагын гомдол санал АНУ-д 1000 гаруй бүртгэгджээ.

АНУ-ын Техас, Виржиниа, Калифорни болон бусад хэд хэдэн мужид яг энэ аргаар занарын олборлолтыг эрчимтэй хийж байна. Энэ арга бол занарын нөөцийн хувьд ч тэр, олборлолтын технологийн хувьд ч тэр Монголд хамааралгүй болохыг энд тэмдэглэе. Монголд shale oil буюу битумт занарын нөөцийн судалгаа огт хийгдээгүй байгаа юм. Харин Монголд байдаг занар нь шинжлэх ухааны нэр томъёогоор пиробитумт шатдаг занарын төрөлд хамаарах юм.

Монголын шатдаг занарыг олборлоход их хэмжээний өрөмдлөг шаардлагагүй, hydraulic fracturing-ийн аргыг огтхон ч хэрэглэхгүй болохыг энэ салбарт мэргэшсэн доктор, профессор С.Батхуяг, Г.Ёндонгомбо нар урьд нь манай сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тодорхой дурдаж  байсан.



Занарын технологийг Монголын хөрсөнд буулгахад урт хугацаа орно

Ерөнхийдөө занарын хувьд найрлагаасаа хамаараад харилцан адилгүй технологи шаардагддаг бөгөөд шатдаг занарыг пиролизын аргаар ашиглахад ус ашиглахгүйн зэрэгцээ, байгальд харьцангуй хохирол багатай байдаг. Одоогийн байдлаар Уул уурхайн яамны хүсэлтээр Монголын занарын холбоо АНУ-ын судлаачидтай хамтран энэхүү нөөцийг байгаль орчинд хоргүйгээр, мөн эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглах боломжийг судалж байна. Үнэхээр ч энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эхлээд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох ёстой нь дамжиггүй юм.

Саяхан батлагдсан Газрын тосны тухай хуульд уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэр буюу занарыг ашиглах тухайд тодорхой зохицуулалт оруулж өгсөн. Одоо үүнийг дагасан дүрэм журмыг олон талаас нь судалж байж гаргах нь зүйн хэрэг. Ингэснээр манай занарын төслүүдэд томоохон хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой болох юм. Мэдээж энэ салбарт боловсон хүчнээ бэлтгэх нь маш чухлыг Салбарын яам, Занарын холбооны төлөөлөл мэдэгдэж буй. Нөгөөтэйгүүр занарыг олборлож ашиглах ажил яг өнөөдөр шууд хэрэгжчихгүй. Энэ бол урт хугацааны судалгаа шинжилгээн дээр    тулгуурлаж эхлэх төсөл юм. Манайд занарыг олборлож ашиглах хүртэл  цөөнгүй жилийн ажил байна. АНУ-д ч занарыг ашиглах хууль эрх зүйн зохицуулалт, технологийн тал дээр тус улсын ард иргэдийн төлөөлөл, зарим ТББ хангалттай боловсронгуй бус байгааг шүүмжилдэг.

Манай улс занарыг ашиглахдаа өнөө үед дэлхийн олон оронд ашиглаж буй занарын шатахууны хамгийн орчин үеийн үйлдвэр, түүний технологи, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгон авч чадсанаар байгаль  орчинд хоргүй, нийгэм, эдийн засагт үр ашигтай   үйлдвэрлэлтэй болох боломжтой.


Сэтгэгдэл (2)

  • Ерөнхий сайд (66.181.161.36)
    Маш мундаг
    2022 оны 11 сарын 13 | Хариулах
  • Уул уурхайн сайд (66.181.166.158)
    2020 он чинь бараг болчлоо
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Түвшин (203.194.118.20)
    Дахин олон мэдээлэл оруулж байгаарайбаярлалаа
    2015 оны 09 сарын 12 | Хариулах
  • Алтжин (103.23.51.1)
    баярлалаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Алтжин (103.23.51.1)
    баярлалаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • гео (202.70.41.50)
    Их таалагдлаа Төгөсбилэгт амьжилт
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.123.73)
    zia eniig chini neg saihan tuhtaihan shig unshie baiz zanar zanar geed l baihiin
    2014 оны 09 сарын 10 | Хариулах