Байгаль орчны үнэлгээний хууль хариуцлагатай уул уурхайг дагуулна

2014-09-03 16:35


Б.Төгсбилэгт

2013 оны тавдугаар сар. Энэ бол Байгаль орчны багц хуулийг УИХ баталсан түүхэн цаг үе гэж тодотгож болохуйц онцгой сар. Тэрхүү багц хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулга багтсан нь хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх ажилд нэг шат ахисан явдал байлаа. Монголын уул уурхайн салбарын ногоон хөгжилд гол суурь нь болох учиртай энэ хуулийг 1998 онд УИХ анх баталж, 2001 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүнээс хойш бүтэн 11 жилийн дараа 2012 онд хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн “өлгийдөн аваад” хоёр жил болоод эдүгээ холбогдох журмууд нь ч батлагдан гарчээ.

Энэ хууль нь дан ганц уул уурхайн салбар бус илүү өргөн хүрээг хамарч буй. Гэхдээ уг хуулийн шинэчлэлт нь салбарын “ногоон-тогтвортой” үйл ажиллагааг цэцэглүүлэхэд эргэлт хийхүйц чухал үүрэгтэйг энд дахин онцолъё.

Уг эрх зүйн шинэчлэлийн хэрэгжилтийн явцад гарсан бодит туршлагаар цаашид уг хуулийг хэрэгжүүлэх журмыг баяжуулж сайжруулах болно гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам мэдэгдэж буй юм.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 15-ны өдөр уг хууль, журмын өөрчлөлтийг нийтэд танилцуулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам “Байгаль орчны үнэлгээ-таны бизнесийн тогтвортой байдлын баталгаа” сэдэвт төр, хувийн хэвшил, ТББ, хэвлэл мэдээллийнхнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг нээлттэй хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон салбарын яамны төлөөллүүд оролцож, холбогдох хууль журмын өөрчлөлтийн талаар илтгэл тавьсан. Мөн ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Дэлхийн банкны мэргэжилтэн оролцож, Монголын экосистемийн төлөв байдал, өөрчлөлт, энэ чиглэлээрх олон улсын байгууллагын туршлагын талаар илтгэл тавьсан юм.

Байгаль орчны яам ийнхүү үнэлгээний хууль, журмын шинэчлэлт, өөрчлөлтийг танилцуулахаар хэлэлцүүлэг зохион байгуулснаас хойш бараг хоёр сар өнгөрлөө. Нэг тодорхой зүйл бол энэ жилийн эцэс, ирэх оны эхэн гэхэд бид шинэ хууль, түүний хэрэгжилтийн эерэг үр дүнг зах зухаас нь бус харин болж өгвөл бүрэн гүйцэд харж чадаж байх учиртай.



С.Оюун: Шинэчилсэн найруулгаар энэ хуулийг үнэхээр шинэ шатанд гаргаж чадсан



Банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага байгаль орчин, хүний эрүүл мэндэд хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх, ашигт малтмал олборлох боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах заалтуудыг хуульд шинээр тусган хэрэгжүүлж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Үүнтэй холбоотойгоор Монголын арав гаруй банк Тогтвортой санхүүжилтийн сайн дурын зөвлөмж гаргаад энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүний нэг тод илрэл нь өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулга уулзалтаар банкууд уг зөвлөмжид гарын үсэг зурцгаасан явдал хэмээн С.Оюун сайд тодотгов.

Тэрбээр үргэлжлүүлэн “Аливаа бизнесийн цаана нэр хүнд гол тулгуур болон оршиж байдаг. Дэлхийд 1970-аад оны ихээр аливаа бизнесийн байгууллагын гол үнэлгээ (80%) нь эд хөрөнгө дээр тогтдог байсан бол одоо   дийлэнх нь нэр хүндэд суурилдаг болжээ. Дэлхийд компаниуд тогтвортой-ногоон үйл ажиллагааны тайлан гаргадаг жишиг тогтоод байна. Манай Монголын компаниуд ч сүүлийн үед “тогтвортой-ногоон” үйл ажиллагааг хэвшүүлэхэд анхаарч ажиллах болсон” гэж сайшаан тэмдэглэсэн юм.
Энэ хуультай холбоотой таван журам шинээр батлагдсан байна. Үүнд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам, Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам гэж гарчээ. Үүнээс гадна Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал, Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргачлал зэрэг баримт бичиг гарчээ.

“Одоо компаниуд эдгээр баримт бичгийн дагуу ажиллах хэрэгтэй болж байна” хэмээн С.Оюун сайд компаниудын төлөөлөлд хандан илэрхийлэв.

Эдгээр шинээр гарсан журмыг хариуцлагатай уул уурхайг Монголын хөрсөн дээр буулгах зорилгын дор боловсруулж баталсныг салбарын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат мэдэгдсэн юм.

Тэрбээр энэ оноос Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,  хянах, тайлагнах журмыг мөрдүүлж эхэлснийг компаниудын төлөөлөлд сонордуулсан юм. Он дөнгөж гармагц батлагдсан энэ журмын дагуу аж ахуйн нэгж болгон тухайн төлөвлөгөөгөө яг таг биелүүлж ажиллах юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө,  байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр гэж хий хоосон цаас амьдрал дээр хэрэгждэггүй, хэдхэн цэгээс дээж аваад лабораторид шинжлүүлээд шийдэгддэг үлбэгэр асуудал байсныг өөрчилж буйг тэрбээр онцолсон. Энэ өөрчлөлтийг биелүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд байгаль орчны үнэлгээ хийлгэсэн компаниудтайгаа холбогдоод (нарийвчлах шаардлагатай) асуудлуудаа хурдан цэгцлэх ёстой юм байна. Намар юмуу оны эцэст зөвхөн тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын хэсэг газар дээр нь үзэж хараад төлөвлөгөөнийх нь хэрэгжилт биелэлтэд дүгнэлт хийдэг байсан. Харин одоо яамны мэргэжилтэн тухайн менежментийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлсэн эсэхийг адилхан шалгаад явах ажээ. Учир нь энэ журмын биелэлтийг яам төрийн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Дараа дараагийн жилүүдээс төлөвлөгөөг амьдрал дээр үнэхээр хэрэгжүүлээд, өндөр түвшинд хийдэг болсон тохиолдолд эргээд орон нутагт уг ажлыг бүрэн хариуцуулж магадгүй байна.

Ийнхүү төсөл хэрэгжүүлэгч компаниудын байгаль орчны менежментийн тухайн жилийн төлөвлөгөө амьдралд бүрнээ хэрэгжих цаг айсуй. Мэдээж Д.Энхбат даргын хэлсэнчлэн, зарим компанид энэ нь хүндрэлтэй санагдах ч нөгөө хэсэг төлөвлөгөөгөө сайн хэрэгжүүлэгчдэд огтхон ч хэцүү санагдахгүй.

Харин үнэлгээ хийж буй компаниуд шинээр батлагдсан хууль, журмын дагуу бүх талын оролцоог хамруулж үнэлгээг боловсруулах нь зайлшгүй хэрэг. 

Урьд нь тухайн хэрэгжих гэж буй төслийн техник, эдийн засгийн үндэслэл, батлагдсан зураг төсөл нь нэг талаасаа байгаль орчны асуудлыг шийдвэрлэж буй мэт боловч нөгөө талаасаа зарим чухал зүйлийг орхигдуулсан байдаг байжээ. Одоо бол төсөл хэрэгжүүлэгч техникийн судалгааны хамтаар Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг яаманд өргөн барих юм. Нөгөөтэйгүүр Байгаль орчны үнэлгээний компани, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хооронд гэрээ хийгээд эхэлсэн л бол тухайн төслийн ажил эхэлсэн өдрөөс дуусан дуустлаа Яам дээр хамтдаа ирж тайлангаа хамгаалж байхыг хуульчилжээ. Хэрвээ төсөл хэрэгжүүлэгч уул уурхайн аж ахуйн нэгж, байгаль орчны үнэлгээ хийж буй компани хоорондоо хэлэлцэж үгсээд, улмаар байгаль орчинд ямарваа нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл үүсэх юм бол хэн хэн нь адилхан хариуцлага хүлээхээр болгож хуульчилсан байна.

Түүнчлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, хоёр дахь шатны арга хэмжээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар заасан байгаа юм.

Өмнийн говьд Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийнэ

Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тухай заалтыг хуульд оруулж, мөрдөхөөр болсон нь их олон улс оронд хэдийнэ хэрэгжээд эхэлсэн үйл явц ажээ. Стратегийн үнэлгээг үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулах явцад зайлшгүй хийх шаардлагатай гэж хуульдаа оруулсан. Тодруулбал УИХ болон Засгийн газраас хэлэлцэж батлах гэж буй томоохон төсөл хөтөлбөр, төлөвлөгөөнд уг үнэлгээг боловсруулж хавсаргахаар болжээ. Бүс нутаг,  үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөртөө бүх талын оролцоог хангаж байж ажлаа эхлэх учиртай тул Стратегийн үнэлгээ нь хуулийн шинэчилсэн найруулгад багтсан маш чухал ололттой тал гэж хэлж болно.

Стратегийн үнэлгээний хамтаар зэрэгцэн орж буй бас нэг ажил бол Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ юм. Энэ нь Монголд ус агаар мэт хэрэгтэй судалгаа гэдэг нь урьдны харамсам бодит жишээнээс тод харагдана. Заамар, Сэлэнгийн Ерөө, Бугант, Ураны ордууд, Өмнөговьд нүүрсний томоохон ордууд байна. Эдгээр том төслүүдийн хамарч буй хэсгийг экосистемийн түвшинд үнэлж судлан, тухайн бүс нутгийн хэмжээнд ямар асуудал үүсч буйг нэгдмэл байдлаар шийдэхгүй бол зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны нөлөөллийг л салангидаар тооцож үнэлгээ хийдэг нь оновчгүй гэдэг нь эргэлзээгүй. Урьд нь төслүүдэд зөвхөн тус тусад нь үнэлгээ хийдэг байсан болохоор бүс нутгийн хэмжээнд ноцтой аюул үүсчээ. Тухайлбал Заамарын хэмжээнд 50 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Мэдээж Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ буюу хам нөлөөллийг шинжлэлгүйгээр тус тусад нь үнэлгээ хийсэн тул бүгд Туул голын уснаас нийт урсацын 5 хүртэлх хувийг ашиглах эрхтэй. 50 аж ахуйн нэгж тус бүр  голын урсацын 5%-ийг ашиглавал 250% болж буй юм.

Сайшаалтай нь Заамарын бүсэд энэ бүх нөлөөллийг судлах ажлыг Яамнаас санаачлан хийлгэсэн бөгөөд одоо Яаманд эцэслэн батлуулахаар өргөн бариад буй ажээ. Түүнчлэн Өмнийн говь болон бусад бүс нутагт энэ төрлийн судалгааг Дэлхийн банктай хамтран хийхээр төлөвлөжээ. Эндээс байгаль орчны асуудлыг нэгдсэн цогц байдлаар шийдэж чадахгүй өдий хүрсэн үнэнийг мэдэж болно.

Аж ахуйн нэгжийн оролцоо, нөлөөллийн хувь хэмжээг зөв тогтоосноор том жижиг аж ахуйн нэгжүүдийг аль алиныг нь байгаль орчиндоо хохирол багатай ажиллах бодит нөхцөлийг бүрдүүлэх ажээ.

Дүйцүүлэн хамгаалалт олборлолт хийсэн газраа нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй

Манайд дээхнээс яригдах болсон ч хуулиар нарийвчлагдаагүй байсан зүйлийг энэ хуульд “соёолуулжээ”. Дүйцүүлэн хамгаалах гэсэн нэр томьёо өнөөдөр монголчуудын танил ойлголт болсон. Яг экосистем, экологийн чухал ач холбогдолтой газрыг зөв тодорхойлсон нөхцөлд бид биологийн төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах боломжтой. Тэр хэрээрээ Монгол орны байгаль орчны нэгдсэн мэдээллийн сантай болох учиртай. Энэ ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам захиалан, АНУ-ын The Nature Conservancy (TNC) байгууллагаар хийлгэж байгаа билээ. Ирэх жил гэхэд Монгол орны эко бүс нутгийн үнэлгээг бүхэлд нь судалж дуусгах төлөвтэй байна. Тодруулбал TNC өнгөрсөн таван жилийн хугацаанд Дорнодын өвст хээр болон говийн бүс дэх байгаль хамгааллын болон нүүдлийн мал аж ахуйн хувьд зайлшгүй хамгаалах ач холбогдолтой газар нутгийг тогтоосон байна. Үлдсэн хэсэг болох төвийн болон баруун бүс нутгийн эко бүсийн үнэлгээг хийх ажил өрнөж буй юм. 

Дүйцүүлэн хамгаалах газар нутгийг сонгохдоо Өмнөговийн Цогтцэцийн гурван том уурхай эсвэл Гурвантэсийн гурван том уурхай шиг томоохон хэсгүүдийн дүйцүүлэн хамгаалах ажлыг нэгдсэн шийдлээр салбарын яам хаана хийхийг шийдвэрлэж өгнө. Харин бусад тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээлээд явах юм байна. Анхаарах зүйл гэвэл дүйцүүлэн хамгаалалт хийх нь нөхөн сэргээлт хийх, байгаль хамгаалах үүргээс зайлсхийх нөхцөл болохгүй. Харин энэ ажил төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанаас болж эвдэгдсэн байгалийг нөхөн сэргээсэн ч эргээд унаган төрхөнд нь оруулах боломжгүй тул өөр хэсгийн байгалийн биологийн олон янз байдлыг хэвийн нөхцөлөөс нь илүү сайжруулан хохирлыг нөхөх үүрэг хүлээхийг хэлж буй юм. Эсвэл эвдэгдэж орхигдсон орчинд амьдрах орчин шинээр бий болгож бүтээх нь ч дүйцүүлэн хамгаалах нэг хувилбар юм. Дүйцүүлэн хамгаалах ажил хийх компаниуд говийн бүсэд олборлолт хийсэн бол яг л тийм тогтоцтой бүсэд байгаль хамгааллын ажлаа хийх дүрэмтэй. Тийнхүү сонгосон нутагтаа дүйцүүлэн хамгааллын ажил хийхийн өмнө нарийн төлөвлөгөө боловсруулахын сацуу газар нутгийн хил хязгаарыг нарийн тогтоосон цагт сая ажлаа хийх таатай нөхцөл бүрдэх ажээ.

Олон улсад байгаль хамгааллын менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа “Miradi” программ ашиглан боловсруулдаг байна. Энэхүү программын тусламжтайгаар байгаль орчныг хамгаалах менежмент, мониторингийг илүү сайн хийх боломж бүрддэг ажээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам цаашид энэ программыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уг программаар боловсруулж дуусчээ.

Дээрх үнэлгээнүүдийн журам, зохицуулалтууд нь байгаль хамгаалалд тун чухал үүрэгтэй. Гэхдээ эдгээрийг аудитын ажилгүйгээр нарийн хэрэгжүүлэхэд тийм ч хялбар байхгүй. Байгаль орчны аудит нь 2012 оны тавдугаар сард батлагдсан “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулиар “төрөн гарсан” шинэ ойлголт юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар Байгаль орчны аудит хийх эрх олгох журам болон энэ төрлийн аудит хийх аргачлалыг баталсан. Байгаль орчны аудит нь байгаль хамгаалах шилдэг арга хэрэгсэл гэдгээрээ дэлхийн улс оронд 1970-1980-аад оноос эхлэн танигджээ. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч эдүгээ байгаль орчны аудитын ажлын тайланд үндэслэн санхүүжилтээ олгох эсэхээ шийддэг байна. Харин энэхүү чухал ажил одоо Монголд шинээр нэвтрэх суурь тавигдаад чамгүй хугацаа өнгөрлөө. Байгаль орчны аудит нь бидний мэдэх санхүү, үйл ажиллагааны аудитаас өөр ойлголт юм. Чухамдаа энэ нь ногоон, тогтвортой хөгжлийг төлөвшүүлэх, мэргэжил, арга зүйн хувьд тухайн аж ахуйн нэгжид туслалцаа үзүүлэхэд чиглэсэн “урамшуулж тэтгэх” ажил юм.

Манай тогтолцоогоор бол үндсэндээ гурван зүйлд төвлөрч аудит шинжилгээ хийх юм. Үүнд тухай байгууллагын үйл ажиллагааны хүрээндээ мөрдөх ёстой хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилт, стандартын хэм хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтийн түвшин зэрэг багтаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч тухайн компанийг ирж хянаад зөрчилтэй тохиолдолд торгож шийтгэх, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг бол байгаль орчны аудиторууд харин ч дутагдал догогдол ажиглагдвал түүнийг арилгахад дэмжлэг үзүүлэх хөндлөнгийн шинжээч гэж ойлгож болно. Энэ чухал ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас эрх авсан мэргэжлийн аудитын байгууллагаар хийлгэх бөгөөд байгаль орчны аудит хийх мэргэжилтнүүдийн сургалтыг яам хэдийнэ хоёр ч удаа зохион байгуулаад амжжээ. Үнэндээ байгаль орчны аудит нь өндөр мэргэшил, чадвар бүхий аудиторуудад түших нь тодорхой тул энэ ажлын явцад сургалт хамгаас үнэтэй.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн хүрээнд Байгаль орчны аудитыг байгалийн нөөц ашиглах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хоёр жилд нэг удаа хийлгэж байх үүрэгтэй. Байгаль орчны аудит хийх аж ахуй нэгж, төсөл хэрэгжүүлэгч хоёр “Экологийн хариуцлагын гэрээ” байгуулан ажиллахдаа аль аль нь ижил тэнцүү хариуцлага хүлээх тухай хуульд тусгагджээ. Нэгэнт байгаль орчны аудит нь манай хувьд харьцангуй шинэ ойлголт учир Байгаль орчны яам туршилтын журмаар Гачууртын алтны шороон орд болон Sky Resort дээр байгаль орчны аудит хийлгэж эхэлжээ.

Байгаль орчны үнэлгээний эрх зүйн шинэчлэл нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг авчрах бодитой дэвшил болох нь дамжиггүй. Гэхдээ үүнд салбарын компаниудын идэвх оролцоо, итгэл сэтгэл туйлын чухал. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ийнхүү хууль, журмаа боловсруулан гаргаснаа танилцуулаад буй энэ цаг үед оролцогч бүх тал хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэн, их ажилд ханцуй шамлан орох л үлдээд байна. Хариуцлагатай, тогтвортой хөгжлийг шингээсэн уул уурхай энэ ажлаар жигүүрлэн Монголд соёолох юм.



Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.
  • 2019-09-12 13:45
    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 
  • 2019-09-12 11:13
    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад буй “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Гурван хайрханы асар” зэрэг компаниуд техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компаниуд ашигласан газрууддаа 50-иас дээш хувьд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хянан шалгаж байгаа тухай Ажлын хэсэг мэдээлэв. Тодруулбал, техникийн нөхөн сэргээлтийг 35 орчим га-д, нөхөн дүүргэлтийг 8 орчим га-д, биологийн нөхөн сэргээлтийг 12 орчим га талбайд тус тус хийжээ. Нөхөн сэргээлтийн ажилд дээрх компаниудын 17 эксковатор, 9 ковш, 32 самсоваль, 192 ажилтан оролцож байна. Харин "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иуд нөхөн сэргээлт хийж эхлээгүй аж.