Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Танил үгс, шинэ ойлголт



Н.Ариунтуяа

Эргэлдэгч рестораны цонхоор Ванкуверийг дээрээс нь тольдох сонирхолтой. Harbour Centre цамхгийн орой дахь ресторан аажмаар эргэлдэн, хотыг 360 хэмээр харах боломж олгоно. 2010 оны Ванкуверийн олимпийн үеэр дэлхийд танигдсан цагаан оройт стадион нүднээ содон. “Олимпийн зуйван” нэртэй стадионыг экологийн ухаалаг шийдэлтэй, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн гэдгээрээ Олимпийн үеэр танигдсаныг санаж байгаа байх.  


СIM-ийн 2014 оны ерөнхий чуулган, экспо болж, 7000 гаруй уул уурхайн мэргэжлийн оролцогчийг цуглуулсан Vancouver Convention Center тийм ч холгүй харагдана. Дээвэр нь тэр чигтээ моддоор хучигджээ. Тийм байшин энд тэндгүй зөндөө. Зундаа улайссан халуун цементэд нэвт төөнүүлэн орох байх газраа олж яддаг Улаанбаатарын бидэнд ногоон Ванкуверийнхэн байшингийнхаа дээврийг хүртэл цэцэрлэгжүүлчихсэн байх нь хэтэрхий атаархмаар, хийх юмаа олж ядсан ч юм шиг.

Шөнийн Ванкуверийг ажиглан суухуйд цувраа ногоон гэрлүүд онцгойрон харагдав. Ашиглалтад ороод удаагүй шинэ хороолол гэнэ. Шинэ хорооллынхон тагтан дээрээ ногоон дэнлүү асааж, чимээгүй тэмцэл өрнүүлэн буй нь тэр. Ногоон Ванкуверт ногоон байгууламж шаардсан тэмцэл өрнөдгийг сонсох сонин. Эсэргүүцэл нь чимээгүй, соёлтой. Хэн ч чангаар хашгираагүй боловч үр дүнд хүрчээ. Ногоон дэнлүүний тэмцэл хэвлэл мэдээллийн сэдэв болж, хотын захиргаа ч ирэх жилийнхээ төлөвлөлтөд шинэ хорооллыг ногооруулахаар тусгажээ. Ванкуверчууд ногоон ирээдүй, байгаль орчны асуудалд ихээхэн санаа зовдог аж. Ийм соёл төлөвшсөн газарт уул уурхайг хүн ам, нийгэм, байгаль орчны өнцгөөс хэрхэн хардаг нь мэдээж сонин. 



Sustainable Development.., Social License to orerate...

CIIEID буюу Канадын олборлох салбарын үйлдвэр болон хөгжлийн олон улсын хүрээлэнгийн урилгаар Канадын уул уурхайн салбарын туршлагатай танилцахаар Ванкуверт ирсэн монголчууд дээрх үгсийг амны уншлага мэт сонсож явав.Төрийн болон төрийн бус байгууллага, их сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлсөн 9 хүн энэхүү багийг бүрдүүлсэн юм.

Канадын Холбооны улс 10 муж, 3 бие даасан нутаг дэвсгэрээс бүрдэх бөгөөд байгаль орчин, цаг уурын маш олон бүс бүслүүр бүхий дэлхийд хоёрт орох асар уудам нутаг дэвсгэртэй. Бритиш Колумбиа нь Канадын хамгийн баруун захын муж бөгөөд Канадын Холбоонд нэгдсэн зургаа дахь муж. Эрчим хүчнийхээ 95%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг, нүүрс огт шатаадаггүй энэ мужийг дэлхийн хамгийн цэвэр агаартай газар гэвэл даваадуулсан хэрэг болохгүй байх. Хамгийн том хот нь Ванкувер. Бритиш Колумбиагийн баруун өмнөд хэсгийн Доод Мэйнлэнд бүст орших, далайн эргийн томоохон боомт хот юм. Хүн амынхаа тоогоор улсдаа 8-д жагсах агаад дэлхийн таван том далайд тооцогдох Номхон далайн хүрээлэлд багтдаг Ванкувер хот орчмыг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгожээ.

Канад байгалийн нөөцөөр баялаг орон. Тэрхүү баялгаа өндөр хөгжил болон хувиргах урт удаан хугацаанд энэ орон ихийг туулжээ. Туулсан туршлага, алдсан алдаа, авсан сургамж бүхнээ хуваалцахаар энэхүү богино хугацааны сургалтын хөтөлбөрийг Монголын төлөөлөгчдөд тусгайлан зориулж гаргасан юм. 




CIIEID нь Canadian International Institute of Extracrive Industry Development Resources And Development Institute гэсэн үгсийн товчлол. Хүрээлэн байгуулагдаад нэг жил болжээ. Канадын Засгийн газрын санаачилгаар байгуулагдсан, олон улсын уул уурхайн салбарын засаглал, чадамжийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, сургалт явуулахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх зорилготой. CIIEID-ийн Гүйцэтгэх захирал Даниел Думасын хэлснээр, олборлох үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил, олборлох үйлдвэрүүд болон нийгмийн хүрээллийн хооронд гарч болох зөрчлүүд, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гар аргаар ашигт малтмал олборлогчидтой холбоотой үйл ажиллагааг хэрхэн сайжруулах гэсэн дөрвөн чиглэлд төвлөрч ажилладгаас эхнийх нь бидний сургалтын сэдэв байсан юм.

Тогтвортой хөгжил, нийгмийн зөвшөөрөл. Та бидэнд танил үг ч ойлголт нь шинэ юм. Уул уурхайн бизнесийн гол тулгуур нь нэр хүнд итгэл. Нэр хүндгүйгээр салбар тогтвортой оршин тогтнож чадахгүй. Гэхдээ энэ нэр хүндийг хэлбэр төдий ярих биш итгэл үнэмшлээ болгох хандлага төлөвшин тогтож буйг тэнд уулзсан хүмүүс, суусан хурал семинар, ороод гарсан байгууллага, уурхай бүрээс анзаарч, мэдэрч явсан билээ.



“Тогтвортой хөгжлийн тухай ойлголт уул уурхайн салбарын түвшинд ороод ирэхээр байгаль орчин, нийгэм, эдийн засаг гурвыг хэрхэн зүй зохистойгоор тэнцвэрийг нь хангаж, засаглалын аргаар хөгжүүлэх вэ? Өнөөдрийн хэрэгцээгээ хангаад, ирээдүйдээ эрүүл, хөгжсөн, аюулгүй орчныг яаж үлдээх вэ гэсэн ойлголт болдог. Энэ гурвын огтлолцож байгаа цэг дээр зөв засаглалыг чиглүүлж өгснөөр уул уурхайн тогтвортой хөгжил болох юм” гэж профессор Дирк ван Зил хэлсэн. Тэрээр Бритиш Колумбын их сургуулийн Норман Б Kевлийн нэрэмжит Уул Уурхайн инженерийн сургуулийн Уул уурхай, байгаль орчны салбарын тэргүүлэх захирал юм. Түүний лекцэд Монголоос суралцаж байгаа оюутнууд ч суудаг юм билээ.   

Уул уурхайн тогтвортой байдлыг хангахын тулд компаниуд өөрсдийн санаачилгаар стандарт тогтоож, түүндээ хүрэхийн төлөө ажилладаг жишээ олон. Тийн стандарт тогтоож мөрдөх гурван үндсэн шалтгаан компаниудад бий гэж профессор Дирк ярилаа. “Тогтвортой хөгжлийн асуудал бол ирээдүйдээ аль болох бага хор хөнөөл үлдээж өнөөдрийн хэрэгцээгээ хангах тухай асуудал гэдгийг дээр хэлсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд тухайн улс орны хууль дүрмийн шахалт мэдээж байх нь тодорхой. Гэхдээ салбарын компаниудын өөрсдийн санаачлага маш чухал. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд урт хугацаанд төлөвлөөд бага багаар зарцуулж явах нь эдийн засгийн хувьд ашигтай. Мөн тухайн олборлогч аж ахуйн нэгжүүдэд  хэн ч албан ёсоор гарын үсэг зураагүй байхад нийгэм, олон нийт тухайн компанийг зөв түүхтэй компани гэж хүлээн авах нь хамгийн үнэт зүйл юм. Иймээс компаниуд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө анхаарч, санаачилга гаргаж явах шаардлагатай байдаг. Тухайн компанийн баримталдаг бодлого тухайн улсын стандартаас өндөр байж болно. Тэглээ гээд компани өөрийн стандартыг тухайн улс орных руу оруулах нь хүрсэн амжилтаа ухраасан хэрэг болох тул стандартаа барихыг хичээдэг. Энэ нь сайн загвар үлдээдэг төдийгүй дэлхий нийтээрээ явж байгаа зөв чиг хандлагад компанийн оруулж байгаа хувь нэмэр” гэдгийг тэрээр онцолж байсан юм. 
 
Харин хатагтай Жозэлин Фрашер уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагыг яриад өнгөрөх биш, баг бүрдүүлж компанийнхаа стратеги болгох, албан  ёсны бүтэцдээ энэ чиглэлийг хариуцсан нэгж бий болгож явах ёстойг онцолсон. Тэрээр олон нийттэй харилцах алба хэмээх байгууллагыг тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлээр 15 жил зөвлөсөн туршлагатай. “Өнгөрсөн жилүүдэд өндөр агуулгатай баялаг олох нь уул уурхайн компаниудын зорилго байж ирсэн. Гэвч жил ирэх бүр байгалийн баялаг хомстож, олборлолтын нөхцөл бэрхшээлтэй болж байгаагаас гадна үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад улам хүндэрсээр байна. Компаниуд нийгэм, олон нийтээс зөвшөөрөл авахын тулд эхлээд мөнгө хандивлахаас ажлаа эхэлж байсан. Хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудлыг шийдэх нь зөв боловч энэ нь урт удаан хугацаанд тогтвортой хөгжлийг бий болгохгүй. Тийм учраас олон нийт болон компанийн хооронд харилцан ашигтай хамтын үнэт зүйлийг бий болгоход анхаарах ёстой. Ингэхийн тулд оролцогч талуудын ашиг сонирхол бүгд тэнцүү байх боломжит түвшинг олж ажиллахыг хичээх хэрэгтэй, хэн нэг нь илүү оролцоод эхэлбэл л асуудал үүсдэг” гэсэн зөвлөмжийг өгч байсан. Түүний зөвлөмжийг батлах мэт бидний очсон Нью Афтоны уурхай нутгийн уугуул иргэд уурхай хоёр дундын үнэт зүйлтэй болох, аль аль талдаа ашигтай ажиллах, түүнд оролцогч бүрийн ашиг эн тэнцүү байхын чухлыг онцолж байсан билээ. 



Туршлага судлах хөтөлбөрт анхаарал татсан хэд хэдэн уулзалт байсан юм. Түүний нэг нь “Ногоон уул уурхай” санаачилгын ажилтнуудтай хийсэн уулзалт.  
Green Mining нь 2009 оноос үйл ажиллагаа явуулсан харьцангуй шинэ санаачилга. Байгаль орчин, эдийн засаг, өрсөлдөх чадварт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан энэ төв судалгаанд төвлөрөхөөсөө илүүтэй байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй технологийг боловсруулж хөгжүүлэх, амьдралд нэвтрүүлэхийг гол зорилтоо болгодог байна. Нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, Green Mining ногоон технологийн төлөө нүсэр судалгаа, туршилт хийж байна.

Тус байгууллага 2013 онд олон улсад ногоон уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр шинэ техник технологи боловсруулах, түүнийг хэрхэн хэрэглэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн бол 2014 оныг танилцуулсан технологио үнэхээр байгальд хор хөнөөлгүй ногоон байж чадаж байна уу гэдгийг хянан шинжлэх хяналтын жил болгожээ. Энэ санаачилгаас санал болгосон технологиудыг маш олон компани үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй гэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Ванкуверын өмнөд тойргоос сонгогдсон Парламентын гишүүн Уэй Янг, Канадын уул уурхайн ассоциацийн Дэд ерөнхийлөгч Бен Чалмерс, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг төлөөлсөн АМЕК, “Онтре гоулд”-ийн хүмүүстэй уулзсан. Уулзалт, бидэнд өгсөн танилцуулга зэргээс хүндрэл бэрхшээл авчирдаг, тулгардаг, шийдвэрлэдэг асуудлыг орон нутгийн иргэд, байгаль орчин, техникийн асуудал, засаглал гэх байдлаар хувааж үзэж болох юм.

Орон нутаг, иргэдэд хандах хандлага, асуудлын шийдэл, ойлголцолд хүрэх арга замуудаас анхаарал татсан жишээ, хандлага бүгд хүн рүү, нийгэм рүү чиглэх аж. Канадын тогтвортой хөгжлийн гол нууц нь хүнээ хөгжүүлсэн, хүнийг гол үнэт зүйлээ болгосонтойтэй холбоотой. Эхэндээ бүх зүйл уул уурхайгаас эхэлсэн ч алдаагаа олж хараад, хүнээ урдаа тавьжээ.

Бритиш Колумбын их сургуулийн Норман Б Kевлийн нэрэмжит Уул уурхайн инженерийн сургуулийн профессор Берн Клэйний ярианаас иш татъя. “Хүмүүс ихэвчлэн мэдээлэл авах боломж, мэдлэгийн түвшний зөрүүгээс болж тус тусын үзэл бодлыг бүтээдэг. Энэ мэдлэг нь хоорондоо зөрчилтэй, өөр өөр байгаад байдаг. Хүмүүс бүгдээрээ уул уурхайн талаар арай өргөн хүрээний зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй байх нь чухал. Олон нийтийг зөв мэдээлэлтэй байлгахад хэвлэл мэдээллийнхэн голлох үүргийг гүйцэтгэх боломжтой гэж би боддог. Учир нь хэвлэл мэдээллийнхэн уул уурхайтай танилцсанаар энэ салбарт ямар хүндрэл тулгардаг, ямар боломжууд байдгийг ойлгосноор олон нийтэд зөв мэдээлэл хүргэх боломжтой. Авсан мэдээллээрээ олон нийт өөрсдийн бодлыг, өөрсдийн үзлийг яаж хэлбэржүүлэх тэдний хувийн хэрэг юм. Хэвлэл мэдээллийнхнийг энэ салбарыг ойлгоход нь тусалж сургах нь хамгийн чухал зүйлсийн нэг гэж би боддог. Ингэж зөв мэдээллийг бусдад түгээснээр орон нутгийн иргэд, цаашлаад Монгол улсын бүх иргэний уул уурхайн салбарын талаарх үзэл бодол зөвөөр төлөвших боломжтой юм” гэж ярьж байв.  



Тэрээр “Олдож байгаа боломжийг зөв удирдана гэдэг их чухал. Зөв удирдахдаа тухайн улс оронд ашигтайгаар, тухайн улс орон хөгжиж ашгийг хүртэх байдлаар хөгжүүлбэл их зүгээр. Ийм жишээнд би Норвегийг дурдмаар байна. Норвегид амьдралын чанар өндөр, боловсрол өндөр, эдийн засаг нь маш өндөр тулгууртай. Гэтэл энэ орны орлогын ихэнх хувь нь газрын тос болон байгалийн хийнээс орж ирдэг. Норвегичүүд энэ орлогоо зөв удирдаж, хүн амынхаа сайн сайханд хөрөнгө оруулалт болгож чадсан. Хэдийгээр нэг салбараас хамааралтай ч гэлээ ирээдүйдээ хөрөнгө оруулж, ард иргэдийнхээ амьдралын чанарт хөрөнгө оруулж чадсан нь их чухал юм. Би Монголын талаар илүү мэдэх тусам Монгол бас яг ийм зорилго, зорилттой байгааг ажигласан.      
 
Канадын хувьд уул уурхайн салбар нь ДНБ-ий 5-хан хувийг бүрдүүлдэг. Эдийн засаг нь нэлээд олон тулгууртай болсон нь эндээс харагдаж байгаа байх. Манай Алберта мужийн эдийн засаг 100 хувь газрын тос, байгалийн хийнээс хамааралтай. Далаад оны сүүлээр Холбооны Засгийн газраас энэ мужийн эрдэс баялгийн салбар дахь компаниудаас татвар авч эхэлсэн. Ингэж татвар авснаар эдийн засагт нь асар хүнд үр дагаврыг авчирсан. Олон хүн орон гэргүй болж, компаниуд үйл ажиллагаагаа зогсоон, Албертагаас нүүж эхэлсэн. Ингэснээр эдийн засаг нь асар муудсан. Хэдийгээр Холбооны Засгийн газраас татварын шийдвэрээ зогсоосон ч Албертагийн эдийн засаг буцаад сэргэхэд 15 жилийг зарцуулсан. Бид ч бас алдаа хийгээд үүнээсээ суралцаад явж байгаа гэж хэлж болно. Энэ жишээг хэлж байгаа маань Канад бол загвар улс, яг Канад шиг хийх ёстой гэсэн үг биш. Гэхдээ Канадад олон жилийн туршлага байгаа. Олон алдааг хийсэн. Бас түүний хэрээр олсон ололт ч их байгаа. Тиймээс бидэнд байгаа сайн туршлага, алдсан алдаа, авсан сургамжаа хуваалцах сонирхолтой, хүсэлтэй, боломжтой байгаагаа хэлэх гэсэн юм” гэлээ.

Монголчууд бид бүтээгдэхүүн, зах зээл, техник технологийг л ярьдаг. Манайд болдог уул уурхайн хурлуудын хөтөлбөрийг CIM-ийн хурлын сэдэвтэй харьцуулаад хараарай. Харин тэр бүхнийг энд ярьдаггүй биш ярьдаг. Гэхдээ шийдэж болох асуудал гэж хардаг ажээ. Шийдэхэд хамгийн бэрх тэр асуудлууд нь хүнтэй, энэ салбарын хүний нийгэмтэй холбогдох тэр хэсэгтэй холбоотой гэж үздэг байна. Тиймээс ч тогтвортой хөгжил, нийгмийн зөвшөөрлийн асуудалд нэн тэргүүнд бүх анхаарлаа хандуулдаг болжээ.
  
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж ярьсаар Монголд олон он улирчээ. Хариуд нь уул уурхайн салбарын нэр хүнд гэрлийн хурдаар унасаар буйг бид мэднэ. Угаасаа ч уул уурхай дэлхий даяар тийм нэр хүндтэй салбар биш. Уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг авчрах хамгийн эхний алхмыг энд нэр хүндээ сэргээх гэж харж байна. Түүний тулд ойлгуулах, танин мэдүүлэх ажлыг маш өргөн далайцтай хүрээнд, үр дүнтэй хийж байна. Тэр их аянд уул уурхай салбар нь ханцуй шамлан орж, бүхий л арга хэлбэрээр өөрийгөө таниулахад хүч анхаарлаа тавьж байгааг Канадад, Ванкуверт ажилласан хэд хоногт бүхнээс илүү анзаарсан билээ.     

“Уул уурхай хүн бүрийн төлөө”  

Ванкуверийн онгоцны буудал дээр “Welcome to CIM AGM Convention” гэсэн томоо самбар угтав. Канадын гурав дахь том хот дэлхийн эрдэс баялгийн салбарынхныг ийнхүү урин залжээ.

CIM AGM Сonvention гэж дэлхийд танигдсан их хурлыг 5 дугаар сард 49 орноос 7000 гаруй мэргэжлийн оролцогч зорин иржээ. Уул уурхайн салбар уналттай, амаргүй хүнд өдрүүдийг туулж байгаа ч CIM-ийн түүхэн дэх хамгийн их оролцогчтой хурал нь арвандөрвөн онд Ванкуверт тохиосон юм. 

Ванкувер амьдрахад хамгийн таатай орчин бүрдүүлсэн “шилдэг хот” өргөмжлөлийг хэдэнтээ хүртсэн. Үзэсгэлэнт байгаль, ухаалаг хот төлөвлөлт, олон үндэстний эв найртайгаар сүлэлдэн орших соёл, хээнцэр гоё цэцэрлэгжүүлэлт гээд олон зүйл нь Ванкуверийг улам гоё болгох аж.

“Шилдэг” гэсэн өргөмжлөлтэй энэ хотыг дэлхийн уул уурхайн том төв гэх тодотгол бас дагадаг. Торонто уул уурхайн компаниуд ихтэй ч Ванкуверт уул уурхайн дэлхийд нэртэй том компаниуд олноор төвлөрнө. Нэг утгаараа уул уурхайн компаниудын инкубатор гэж хэлж болохоор газар юм.

Түүх сөхвөл CIM-ийн их хурал Канадын уул уурхай, металлург, газрын тосны институттэй нас чацуу. 1998 онд энэ институт 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. 143 жилийн өмнө байгуулагдсан жилээ салбарын бүхий л нарийн мэргэжилтнүүдийг оролцуулсан хурал зохион байгуулсан нь жил тутам уламжлагдан, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр өдгөө Канадын хил хязгаараас хальж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй хурал болсон нь CIM Сonvention. Дэлхийн хоёр ч дайныг үзсэн буурал түүхтэй хурал энэ салбарт тийм ч олонгүй. CIM convention дэлхий даяар гишүүнчлэлтэй.  Гишүүнчлэлийн тоо 14600 хүрсэн бөгөөд судалгаа шинжилгээний институт, компаниуд гээд олон талтай. Түүн дунд Засгийн газрын байгууллагууд ч олон.  

CIM-ийн их хурал Vancouver Convention Center-т эхэлсэн юм. Vancouver Convention Center нь Ванкувер төдийгүй Канаддаа томд тооцогдох төв. 466.500 фут талбай эзэлдэг гээд бодохоор ямар том цогцолбор болох нь төсөөлөгдөх биз ээ. Хөл ихтэй Vancouver Convention Center энэ өдрүүдэд Liebherr гэсэн бичигтэй шар оосор бүхий мандат хүзүүнээсээ зүүж, SIM гэсэн хар цүнх барьсан хар, шар, цагаан зүсэн бүрийн царайтай эрэгтэй эмэгтэй 7000 хүнээр бүл нэмсэн байх.

5 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн хурал дөрвөн өдөр үргэлжилсэн. Энэ жил “Мining for Everyone” буюу “Уул уурхай хүн бүрийн төлөө” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. Яагаад хүн бүрийн төлөө гэж уншигч Та гайхаж магад. Уул уурхай олон талын оролцогчтой. Уул уурхайн компани, үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, бүтээгдэхүүнийг нь худалдаж авч хэрэглэж буй эцсийн хэрэглэгч бүхэн уул уурхайн оролцогч юм. Тэр эцсийн хэрэглэгч гэдэгт гар утасгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй болсон орчин үеийн хүн та ч бас ордог аж. Тиймээс хүн бүрийн төлөөх уул уурхай гэжээ. 

CIM-ийн их хурал Канадын уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлдог төдийгүй дэлхийн уул уурхай, металлург, газрын тосныхон энэ хурлаас салбарынхаа хөгжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудлууд, хэтийн төлвийн талаарх үнэ цэнтэй мэдээллийг олж авдаг.

“Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба Олборлох салбар”, “Уул уурхайн усны менежментийн шийдвэрлэх асуудлууд”, “Нийгмийн лицензийг авах, хадгалах, дахин бий болгох харилцааны хэрэгслүүд”, “Уул уурхайн салбарын удирдлага ба манлайллын түвшинд хүйсийн ялгааг хэрхэн багасгах вэ?” зэргээр голдуу хүн рүү, нийгэм рүү чиглэсэн сэдвийн дор 11 салбар хуралдаан болсон. Тэдгээрийн нэг олон улсын “Transparece” байгууллагын “Авлигын эсрэг хэрэгслүүд болон компанийн эрсдэлийн удирдлагын мэдээллийн эх үүсвэрүүд” сэдэвт салбар хуралдаанд Монголын төлөөлөгчид оролцсон юм. Энэ сэдвийг Монголд илүү чухал гэж канад нөхөд үзсэн байх. Гэхдээ манайханд хурлын бусад сэдвүүд илүү сонирхолтой байх шиг санагдсан. 

Арвандөрвөн оны CIM уул уурхайн олон талын асуудлыг хамарч ярихдаа ур чадвартай ажилчдын дутагдал, үйл ажиллагааны төлөвлөлт, тулгарч байгаа хүндрэлүүдэд илүүтэй төвлөрөв. 2020 он гэхэд уул уурхайн салбарт 140 мянган шинэ ажилтан хэрэгтэй болно. Нэг талаараа уул уурхайд тулгарч байгаа хүндрэл боловч нөгөө талдаа боломж гэж үүнийг харж байна. Энэ нь асар олон хүмүүст шинэ ажлын байр бий болгож байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэд, цагаачид зэрэг Канадын ирээдүй болсон хүмүүст асар өргөн боломж нээгдэж буйг онцолж байв. Боловсон хүчний ур чадварын дутагдал улам нэмэгдэж байна. Тиймээс уул уурхайн салбарыг сорил бэрхшээлд амжилттай бэлтгэх нь чухал байгааг CIM оролцогчдодоо тодоор сонсгосон.

Мөн хурлын үеэр ажлын байрны заруудыг танилцуулдаг гэж байсан. Ажил хайгч, ажил олгогч хоёрыг уулзуулах бас нэгэн талбар энд бий болдог байна.     
CIM нь нийгмийн олон талт шаардлага хэрэгцээг компаниудад таниулж, мэдлэг олгодог ажээ. Гэхдээ техникийн нарийн мэдлэг, мэдээлэл хүргэх хөтөлбөрүүд огт байхгүй гэсэн хэрэг биш шүү. Тийм хөтөлбөрүүдийг илүү хумьсан хүрээнд семинар хэлбэрээр хүргэдэг юм билээ. Гурван өдрийн техникийн хөтөлбөрт тухайн салбартаа дэлхийд тэргүүлдэг нарийн мэргэшлийн олон мэргэжилтэн оролцсон гэсэн. 

Арвандөрвөн оны CIM хүмүүсийн уул уурхайн боловсролд ихээхэн анхаарчээ. Энэ нь танин мэдүүлэх хөтөлбөрүүдээс нь тодорхой харагдана. Тод улаан, шар, цэнхэр гээд богино ханцуйтай цамцныхаа өнгөөр ялгарсан хэсэг бүлэг хүүхдүүдтэй байсхийгээд л таарахдаа анхандаа гайхсан билээ. CIM-ийн зохион байгуулагчид хүүхдүүдэд зориулан танин мэдэхүйн тусгай хөтөлбөр боловсруулжээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд уул уурхай гэж юуг хэлдэг, яагаад хэрэгтэй болох, хүүхдүүдийн амьдралд өдөр тутам хэрэглэгдэх зүйлс уул уурхайтай ямар холбоо хамааралтайг хамгийн энгийнээр, шинжлэх ухааны хялбаршуулсан аргаар таниулдаг аж. Зөвхөн энэ жил гэхгүйгээр оюутан, сурагчдыг үйл ажиллагаандаа өргөнөөр оролцуулдаг нь CIM-ийн бас нэг онцлог гэлтэй.      

Канадын уул уурхайн салбарын туршлагатай танилцаж буй Монголын баг төлөөлөгчдийн зардлыг CIIEID-ийн зүгээс бүрэн гаргаж, CIM-ийн их хурал, эскпо, эргэн тойронд нь болдог бүхий л арга хэмжээнд оролцох боломжийг сургалт аялалыг зохион байгуулагчдын зүгээс үнэгүй олгосон юм. Харамсалтай нь арга хэмжээ давхцасны улмаас тэр бүхэнд бүрэн хүрэлцэн очиж чадаагүй. Гэхдээ хурал, үзэсгэлэн, эргэн тойронд нь өрнөж буй үйл явцыг сүүлийн жилүүдэд Монголд шил даран зохион байгуулагдах болсон гадаад, дотоодын олон хурал, үзэсгэлэнтэй харьцуулж харах сонин байсан. Хурал, үзэсгэлэн зохион байгуулж эхэлж байгаа байгууллагуудад санаа оноо авууштай нарийн ширийн зүйлс их юм билээ. Тийм байгууллагууд CIM Сonvention, экспог зоривол соёл, туршлагаас нь олон шинэ санаа тээж ирэх буй за. Бид сурсаар байгаа. Суралцах олон сайн жишээ энд захаас аваад замаар дүүрэн.   

Хамгийн наад захын жишээ дурдахад төлөөлөгчдийн мандат баркодтой. Харил¬цах, холбогдохыг хүссэн хүнийхээ мандатыг баркод уншигч төхөөрөмжөөр уншуулаад л танилцуулга, холбоо барих мэдээллийг хадгалаад авчих жишээтэй. Цаасан нэрийн хуудас халаагаа өгч ч мэдэх нь.

CIM-ийн их хурлын үеэр Канадын уул уурхайн зах гэгддэг CIM Экспо зохион байгуулагддаг. 31 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа Экспод энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио танилцуулсан. Үзэсгэлэнгийн талбай үйл ажиллагаа зарлагдаж эхлэх үед л зарагдаад дууссан гэдгээс харахул энэ үзэсгэлэнд компаниуд үнэхээр их ач холбогдол өгдөг ажээ. Дэлхийд алдартай, уул уурхайн салбарын нүүр царай болсон томчуудаас эхлээд үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй шинэ залуу компаниуд ч өргөнөөр оролцох аж. Тэдэн дунд уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн багш, оюутнуудын судалгаа шинжилгээ, шинэ бүтээлээ дэлгэсэн үзэсгэлэн хажуугийн тусгай танхимд нээгддэг нь онцлууштай санагдсан.   

CIM Сonvention-ээс төрсөн хамгийн тод сэтгэгдэл бид уул уурхайн салбарын аливаа хурлыг хүнээс дэндүү холдуулж хийдэг юм биш биз гэсэн бодол төрж байлаа.

Асуудал, хүндрэл бэрхшээлээ илэн далангүй ярилцаж, харилцан ойлголцоод, хэтийн төлөв чиг хандлагаа тодорхойлоод CIM-ийн төлөөлөгчид нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Түүнээс  өмнө CIM Awards зохион байгуулж, шилдгүүдээ нэрлээд, орой нь үдэлтийн хүлээн авалт хийж, Ванкуверийн үдшийн тэнгэр дор өнгийн салют буудуулан, бут цэнгэсэн билээ.  
      
Улаанбаатартаа ирэхэд арвантаван оны CIM хэдийнэ зараа тарааж, бүртгэлээ эхэлснээ мэдэгджээ. Ирэх жилийн CIM Сonvention Montreal-ийг товлосон байна. Монголоос олон компани, олон мэргэжилтэн  Montreal-ийг зорьж, шинэ хандлагаар амьсгалж, шилдэг санаанууд тээж ирэх болтугай.