Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Хамгийн шилдэг уурхайг ч хааж мэдэхээр эрх зүйн орчинд ажиллаж байна

Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн  холбооны Ерөнхийлөгч Х. Энхсайхантай ярилцлаа.



Төмөрлөгийн холбоо байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо хэдэн компани танай Холбоонд нэгдээд байна вэ?
Ер нь бараг бүгдээрээ, 25 компани нэгдсэн, түүний дотор төрийн өмчийн “Монросцветмет” гишүүнээр элссэн. Арваад компани анх нийлж Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо байгуулсан юм. Ярьсаар, хоорондоо ойлголцсоор байгаад нэг жилийн дотор ингээд мэргэжлийн Холбоондоо бараг бүгдээрээ нэгдчихлээ.
Холбоо нь гишүүддээ үйлчилдэг ТББ учир Монголд төмрийн хүдэр олборлох боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, төмөрлөгийн бизнес эрхэлдэг гишүүн ААН-үүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа чиглэж байгаа.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд манай улсын геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаа их хумигдлаа. Алдагдалтай ажиллаж, ажилтнуудаа цомхотгосоор байна. Хямралын ийм нөхцөлд төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжилж буй төслүүд байна уу?
Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ тогтворгүй болж, уул уурхайн салбарт хүндрэл учирч байгаа нь үнэн. Нөгөө талаас дотооддоо бодож цэгцлэх зүйл их байна.

Манай улсын хууль, журам хоорондоо авцалдаагүй байна. Хүсвэл яаж л бол яаж мушгиж болохоор. Хамгийн шилдэг уурхайг ч хааж болохоор хуультай. Мэргэжлийн хяналтын ганц байцаагч битгий хэл сумын нэг иргэн очоод “Танайх ийм тийм хууль зөрчлөө, уурхайгаа зогсоо, хаа” гэж загнах болж. Хэн ч гэсэн байгалиа хамгаалж, аятай сайхан орчинд амьдрахыг хүсдэг. Орон нутгийн иргэн ч, тэнд ажиллаж байгаа компаниуд ч ялгаагүй шүү дээ. Хэн сүйтгээд, баллаад сүйрүүлээд явахыг хүсэх юм бэ. Гэтэл уул уурхайн компаниудыг тэр чигт нь буруутгах, хаах боох хүсэл хавтгайрч байгаад үнэхээр харамсч байна.

Төмрийн хүдэр, нүүрс, жонш гурван эрдэс бол тээврийн зардлаа хэмнэж гэмээнэ ашиг гаргадаг салбар шүү дээ. Ухах олборлох зардал нь яг адилхан. Тэгэхээр дэлхийн хямрал бидэнд хамаагүй шахуу. Бид өөрсдөөсөө болоод хямраад, эдийн засаг хүндрээд байна. Нүүрсний салбар маш хэцүү болсон. Хятадын Шинжаан мужид 186 тэрбум тоннын нөөцтэй, үүнээс 30 хувь нь коксжих нүүрсний ордыг илрүүллээ. Хятадууд нутгийн хойд хэсэгтээ сэргээгдэх эрчим хүчийг ихээхэн ашиглаж, нүүрсний уурхайн амууд дээрээ цахилгаан станц бариад эхэлсэн. Хятадад юу байна нүүрс. Шавар багатай хүрэн нүүрсээ хийжүүлж эхэлж байна. Монголын нүүрсний экспортод улам л хүнд нөхцөл бий болоод байна.

Нүүрсний араас манай төмрийн салбар хүндэрч эхэллээ. Хэдий харьцангуй хол ч гэсэн Казахстан, Оросоос ашигт малтмалаа, түүний дотор төмрийн хүдрээ авчихна  гэсэн бодол Хятадын компаниудын дунд одоо газар авч байна. Монголын эрх зүй, татварын ойлгомжгүй байдлаас болоод бүгд зугтаад, биднийг тойруулаад хоорондоо бизнес хийгээд эхэлсэн. Бүр болохгүй бол Африкт очоод бизнесээ найдвартай үргэлжлүүлсэн нь дээр гэж хятадууд үздэг болж энэ ч талдаа ихээхэн анхаарал хандуулж хөрөнгө оруулж байгааг бид тооцох ёстой. Монголд арай гайгүй нь алт, зэсийн хэдэн төсөл байна. Бүх зүйл бидний өөрсдийн буруу хандлагаас болж удааширч, унаж байна.

Уул уурхайн яамнаас санаачлан “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Компаниуд, мэргэжлийн Холбоотой нь Яам хамтарч ажиллаж эхэллээ гэсэн үг. Төмрийн хүдрийн салбарт ийм Хөтөлбөр хэрэгжвэл үйлдвэрлэлийн хэмжээ болоод экспортод дэмжлэг болох уу?

Манай холбоо Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж, нягт хамтран ажилладаг.
Ганц Уул уурхайн яам дэмжээд, Хөтөлбөр гаргаад гүйгээд байх нэг хэрэг. Хамгийн гол нь Засгийн газрынхаа түвшинд нэг бодлогоор далайцтай хөдөлж байж тодорхой үр дүн гарна л даа. Ярих нэг хэрэг, харин үйл ажиллагааны явцад яг яаж дэмжиж байна вэ гэдэгт гол асуудал оршдог.

Төмрийн салбарынхан Хятадын ганц нэг компанийн аманд багтаад явахгүйг л хамгийн их хичээж байгаа. Бид дор дорноо Хятадын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Бид хуурай аргаар баяжуулсан хүдрээ нэг тонныг нь 50-60 ам. доллараар л зардаг. Гэтэл биднийг Хятадын дундын худалдаачдад төмрийн хүдрээ түүхийгээр нь хямд өгчихлөө гэж олон нийт шүүмжилдэг.

Хятадын Гангийн үйлдвэрүүд хаа байсан хол Оросын Манжуураар дамжуулаад, эсхүл бүр Австрали, Бразилаас далайгаар хэдэн мянган км-ийн цаанаас төмрийн хүдэр аваад байна гэхээр улс төрийн тохироогоо удирдагчид нь хийж чадаад байна гэсэн үг. Төмрийн хүдрээ гайгүй үнэтэй экспортолчих юмсан, ядаад хагас боловсруулаад нойтон баяжмал болж өгвөл илүү үнээр зарчихсан гэж бүх компани хүсдэг. Гэтэл газар зүйн хувьд өрсөлдөгч биш дээрх улсууд маань Хятадын зах зээлд биднээс илүү идэвхтэй экспортолж, өрсөлдөж чадаад байна шүү дээ. Хоёр хөрштэйгээ худалдаа наймааныхаа тохироог хийж чадахгүйгээс болоод компаниуд нь ингээд тус тусдаа Хятадын жижиг наймаачдын аманд багтаад явж байна. Үүнийг л бодлого эсхүл хөтөлбөрөөр өөрчилж шийдвэрлэх ёстой юм л даа.

Гол зүйл нь Холбооны гишүүд “нэг цонх”-ны бодлогоор бүтээгдэхүүнээ гаргаад, гайгүй үнээр өгчих юмсан гэсэн эцсийн зорилготой. Төр дэмжээд оролцоод ирэхээр санхүүжилт ч төвөггүй шийдэгдэнэ. Учир нь компаниуд бүтээгдэхүүнээ алдагдалгүй боломжийн үнээр гаргаад эхлэх юм.

Ингэхээр төмрийн хүдрийн салбараас улсын эдийн засагт оруулдаг хувь нэмэр ч өсч, цөөнгүй тооны ажлын байр бий болох зэргээр эерэг нөхцөл бүрдэнэ.

Хятад улсад төрийн бодлогоор бүх бизнес нь явдаг. Ийм боомтоор, ийм агуулгатай, ийм хэмжээний төмрийн хүдэр нийлүүлнэ. Ийм боомттой ойролцоох Хайлуулах үйлдвэрт түүхий эдээ нийлүүлнэ гээд Хятадын төртэй нь манай төр тохиролцоогоо  хийгээд, худал­дааны бодлогоо нийлүүлсэн цагт Хятадын худалдан авагчдад ч өөрсдөд нь амар шүү дээ. Төмрийн хүдрийн салбарт Хятад улс хорь орчим толгой том компанитай. Дандаа төрийн мэдлийн компаниуд. Өмнө нь бол хайлуулах зуух хэдэн зуугаараа байсан. Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор тус улс Гангийн үйлдвэрүүдээ цөөлж, одоо төрийн мэдлийн хэдхэн компани үлдээд байгаа.
Манай Засгийн газар Хятадын талтай нүүрсний экспортын хэмжээг тохиролцсон. Эхлэл нь зөв. Гэхдээ яриа хэлэлцээрээ дутуу хийчихсэн. Гүйцэд төгс хэлэлцэж тохирсон бол өдийд нүүрсээ сайн борлуулаад, экспортын орлого нэмэгдээд эхлэх байсан.

Дэд бүтцийн асуудал шийдэгдэхэд нааштай үр дүн гарах уу?
Монголын дэд бүтцийн асуудал шийдэгдээд, баруун аймгуудаас төмрөө зөөж ашиг олно гэвэл тэр хүртэл мөдгүй. Одоо төмөр замаар жилдээ зөөж буй бүх ачаа 20-25 сая тонн. Замын-Үүд боомтын хүчин чадал ердөө л 8-10 сая тонн. Дэд бүтцийн ийм нөхцөлд маш нягт зохион байгуулалтад ороод, сайн менежменттэй ажиллалаа гэхэд л 10 сая тонн төмрийн хүдэр жилдээ экспортолбол их юм. Гэтэл одоо манай улсад илрээд, нөөц нь батлагдчихаад байгаа хэмжээ нь 1 тэрбум гаруй тонн төмрийн хүдэртэй. 14 тэрбум тоннын нөөц бий гэж ярьдаг.

Хятад улсын бодлого төмөрлөгийн үйлдвэрлэл болон төмрийн хүдрийн ол¬борлолт, экспортод хэрхэн нөлөөлөх вэ?
Зуу зуун мянгаар байсан Гангийн жижиг үйлдвэрүүдийг цөөлөөд, хэдэн том нь үлдсэн. Үлдсэн хэдэн томынхоо үйлдвэрлэлийн технологид нь бас стандартын өндөр шаардлага тавиад, дахин шүүлтүүрдэх бодлоготой болж. Ийнхүү БНХАУ-ын Эдийн засгийн Байнгын хороон дээрээ тун саяхан шийдчихлээ, ялгаруулах хорт бодисын хэмжээгээр нь шинэ стандарт тавиад. Одоо энэ шинэ стандартаа дагавал дахиад цөөнгүй Гангийн үйлдвэр хаагдаж, тэр хэмжээгээр хүдрийн хэрэгцээ буурна.

Хятадууд манай төмрийн хүдрийг болж өгвөл түүхийгээр нь авах сонирхолтой. Бид эцсийн бүтээгдэхүүн хийлээ гэхэд Монголд үйлдвэрлэсэн ширэм, ганг хэн нь авах бол доо. Бид болж өгвөл хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийгээд гадагшаа гаргаж зарвал ядахдаа Монголдоо ажлын байр, валютын орлого нэмэгдэх юм.

2021 он гэхэд Хятадад төмрийн хүдрийн хэрэглээний оргил үе болно гэсэн судалгааны дүн гарчээ. Хэрэглээний хандлагыг Та хэрхэн харж байна вэ?
Төмрийн хүдрийн хэрэглээний оргил үе нь 2025 он байж болно. Тэр үед төмөр ямар үнэтэй байхыг хэлж мэдэхгүй. Баталгаатай хэлэх ганц зүйл бол наад тал нь 2025 оноос эхлээд Монголын төмрийн хүдрийг Хятадын Гангийн үйлдвэрүүд авахгүй.

Шинэ хандлагыг ажигласан уу. Баруун Европ, Америкт төмрийн дахин боловсруулалтын технологийн асуудлыг шийдчихсэн. Хуучин барилгуудаа буул¬гаад төмрийг нь хайлуулаад, дахин боловс¬руулалтын дараа буцаагаад хэрэглэж байна шүү дээ. Энэ харьцаа одоо 80:20 байгаа. Хятад энэ харьцаанд 2030 онд хүрэ¬хээр байгаа.

Хятадын 5 дахь үеийн Ерөнхийлөгч гарч ирээд иргэдээ орон сууцжуулна, барилгажуулна гэсэн бодлого гаргасан. 400 сая иргэнээ 5 жилийн дотор орон сууцжуулна гэсэн. Төмрийн хэрэглээний оргил үе гэдэг энэ хүчин зүйлийг л тооцсон судалгаа байх. Одоо 200 сая хүн нь хотжжихлоо. Үлдсэн нь төв суурин газрынхнаа тэжээх гээд хөдөө амьдарна биз дээ. Тэгэхээр төмрийн хэрэгцээ цаашид хумигдана гэсэн үг.

Стратегийн ач холбогдолтой төмрийн хүдрийн экспортыг хязгаарлах ёстой гэсэн байр суурь их сонсогддог?
Нөөц нь бага, дууслаа, ирээдүйдээ нөөцөлж хэрэглэнэ ээ гэдэг. Гэтэл төмрийн хүдрийг зөөгөөд зөөгөөд жилдээ 10 сая тонноос илүүг экспортолж чадахааргүй тээврийн дэд бүтэцтэй шүү дээ. Жилдээ 10-хан сая тонн гаргах боломжтой юм чинь нөгөө их нөөцийг ер нь хэдэн жил зөөх вэ. Манай төмрийн хүдрийн нөөц 10 гаруй тэрбум тонн элбэг байгаа. 1000 жил зөөнө гэсэн үг биз дээ.
Манай дотоодын хэрэглээ гэвэл жилдээ 600.000 тонн орчим арматур оргил үедээ хэрэгтэй. Энэ чинь Хятадад зуу зуун мянгаараа хаагдсан жижиг үйлдвэрүүдийн нэгнийх нь л хүчин чадал гэсэн үг.

За бүр хэрэглээг ханасан хэмжээнд нь тооцоод 500.000 тонн арматур дотооддоо үйлдвэрлэвэл сайн л байна. Би ч ингэх юмсан гэж мөрөөдөж байна. Түүнээс цааш бол хэрэглээ, зах зээл байхгүй. Худалдан авагч ч тэр бүр нэмэгдэхгүй.

Холбооны дараагийн алхам юу байх вэ, танай үйл ажиллагаанд тодорхой ямар бэрхшээлүүд учирч байна вэ?
Манай төмөрлөгийн салбарын компаниуд тус тусдаа зүтгэж байхаар нэгдээд юм хийе гэсэн эрмэлзэлтэй. Монгол улсдаа чухал. Компаниудад маань ч хэрэгтэй юм. Дээр өгүүлсэн, “нэг цонх”-ны бодлогоор ажиллаад үзье.  Хоёрдугаарт 500.000 -700.000 тоннын хүчин чадалтай Ган хайлуулах үйлдвэр Монголдоо барьчих юмсан. Ийм л  мөрөөдөлтэй улсууд ажиллаж байна. Үүний тулд Төрийн дэмжлэг хэрэгтэй. Алийн болгон алдагдалтай наймаа хийх юм бэ. Төрийн дэмжлэг гэхээр нөгөө хэдэн компани чинь улсаас мөнгө авах нь гэж буруугаар ойлгодог. Бодлогын нэгдсэн тохироо хийж улс төрийн баталгааг гаргаад өгөөч л гээд байгаа юм. Бид өөрсдөө очоод ярихаар худалдан авагч тал маань “Болно, гэхдээ тогтвортой хамтран ажиллах баталгаа нь хаана байна аа” л гэдэг.
Бидний хэдэн бизнесмэнд ч, улс оронд маань ч бусад улс  шиг уул уурхайн салбарт ажилласан хэдэн зуун жилийн туршлага байхгүй. Үнэндээ сүүлийн 7-8 жил л уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явлаа. Наймаа хийж олсон хуримтлалаараа уул уурхайн бизнест үндэсний бизнесмэнүүд орсон. Хөрөнгө санхүүжилтийн дутагдал байнга л учирч байдаг.
 
Дээр нь боловсон хүчний бэрхшээл байна. Бидний хэнд маань ч туршлага байгаагүй. Гэхдээ хийе, суръя, чадна гээд сэтгэлээрээ ажилласаар ирлээ.

Холбооны гишүүн,  Монголын үндэсний 10 компани нэгдээд “Монгол ган нэгдэл” ХХК-ийг байгуулсан. Эх орондоо ганц Хайлуулах үйлдвэр байгуулчих санаатай компаниуд нэгдсэн газар. Яахав, ажил шат шатаар ахиж байна. Гэхдээ манайд хууль эрх зүйн орчин нь тогтож өгөхгүй болохоор үнэхээр ажил урагшлахгүй гацаад байдаг.  

Дархан, Сайншандад Гангийн үйлдвэр байгуулна гээд байгаа. Гангийн олон үйлдвэрийн хэрэгцээ бий юу?
Чойр, эсвэл Дархан хамгийн боломжийн байршил. Ус, цахилгааны эх үүсвэртэйгээ ойрхон. Уг нь бид нар тийм том мега төсөл яриагүй юм. 500.000 тонн арматур жилдээ үйлдвэрлэнэ гэдэг чинь ус бага хэрэглэнэ. Боломжтой зүйл. Харин Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор гэдгийн хувьд би хэлж мэдэхгүй.