Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ өгсөнгүй

“Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар хагаст багтаан Оюутолгой төслийн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ бэлэн болгоно хэмээн мэдээлж байсан билээ. Уг мэдэгдлээр бол 6 дугаар сарын 30 гэхэд далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгсөн байх ёстой. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас авсан мэдээллээр “Оюутолгой” компани далд уурхайн ТЭЗҮ-ээ өгөөгүй байна.

“Туркойз Хилл Ресурс” компани 6 дугаар сарын 23-нд гаргасан мэдэгдэлдээ 130 сая долларын татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол ТЭЗҮ-ээ хойшлуулна хэмээн онцолж байсан.

Татварын ерөнхий газраас 6 дугаар сарын 20-нд “Оюутолгой” ХХК-д 130 сая долларын татварыг дутуу төлсөн байна гэсэн актыг хүргүүлжээ. Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны мэдээллээр бол “Оюутолгой” ХХК-ийн 2010, 2011, 2012 оны үйл ажиллагааны тайланд хийсэн шалгалтаар 130 сая долларын зөрчил илэрсэн байна. “Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бичилт нь Монгол улсын татварын тухай хуулийн дагуу байх ёстой. Энэ бол “Оюутолгой” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал биш”хэмээн Татварын ерөнхий газрын эх сурвалж мэдээллээ.

Хэрэв “Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгч, батлуулахгүй бол далд уурхайн санхүүжилт ч дахин хойшилж магадгүй байна.


С.Болд-Эрдэнэ