Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа

УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд “5.4. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн эзэмшлийн хувь хэмжээг ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн түвшинг харгалзан 50 хүртэл хувиар тогтоож болно”, “5.5. Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандаж хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн эзэмшлийн хувь хэмжээг ордын эдийн засгийн үр өгөөж болонашгийн түвшинг харгалзан 34 хүртэл хувиар тогтоож болно” хэмээн өөрчлөх заалтууд орсон байсан. Гол өөрчлөлт нь ордын эдийн засгийн үр өгөөжийг тооцон хэдэн хувь эзэмших гэдгээ шийдэх, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг тогтоосон бол тухайн лиценз эзэмшигч компани өөрөө стратегийн ордод орох хүсэлт гаргасан тохиолдолд төр хувь эзэмших эсэхээ шийдэх байв.Үүнийг МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэг эсэргүүцсэнээр уг өөрчлөлтийг хийлгүй, хуучин хэвээр нь мөрдөхөөр намын бүлгүүд тохирчээ. Ирэх намрын чуулганаар уг заалтыг дахин ярилцаж, өөрчлөхөөр болсныг УИХ-ын гишүүд хэлж байв.

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар томоохон зарчмын өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал Үндэсний геологийн алба байгуулах, мэргэжлийн шинжээч бий болгох, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг өөрчлөх гэх мэт салбарт хүлээгдэж байсан өөрчлөлтүүд орж байгаа юм.

Мөн уг нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор 2010 оны 6 дугаар сард батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болголоо. Ингэснээр төрөөс заасан газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх боломжтой болж байгаа юм. Хайгуулын лицензийг хориглохоос өмнө буюу 2010 оны4 дүгээр сарын байдлаар 1096 ашиглалтын, 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24.5%-ийг эзэлж байв. Тэгвэл энэ оны 5 дугаар сарын байдлаар 2827 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь нийт нутаг дэвсгэрийн  7.9%-ийг эзэлж байна. Үүнээс 1495 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 7.3%-ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл 2200 орчмоор буурчээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо өнгөрсөн алдааг давтахгүй байх хуулийн зохицуулалтуудыг хийж өгсөн. Тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бусдад хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэхийг хориглосон заалтыг Ашигт малтмалын хуульд оруулсан билээ. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс заасан газарт сонгон шалгаруулалтаар олгохоор болсон. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөлзах замбараагүй олгогдохоос сэргийлж байгаа юм.


С.Болд-Эрдэнэ