Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Д.Ганхуяг: Газрын тосны хууль өрсөлдөх чадвартай болсон

УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хуулийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

Шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуулийн гол онцлог нь юу вэ?

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсанаасаа хойш нэг жилийнхээ ой дээр батлагдлаа. Манай улсын газрын тосны харилцаа БНМАУ-ын хуулиар зохицуулагдаж байсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталъя гэсээр миний мэдэхийн 6-7 жил болсон. Шинэчилсэн найруулга батлагдсанаар газрын тосны салбарын эрхзүйн орчин маш ойлгомжтой, тодорхой, өрсөлдөх чадвартай болсон. Мөн газрын тосны салбарт уламжлалт бус газрын тос буюу занар, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хий, битум зэрэг ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг шинээр бий болгож, хөгжих боломжтой болгож байгаагаараа онцлог.

Газрын тосны хууль хөрөнгө оруулагчдыг татах чадвартай, өрсөлдөх чадвартай болсон гэж үзэж байгаа. Нөөц ашигласны төлбөр авдаг, дараа нь зардлаа хасаад бүтээгдэхүүнээ хувааж авдаг дэлхийн нийтийн жишиг рүү орж байна. Мөн өөрийн оронд олборлож байгаа газрын тосоо газрын тос боловсруулах үйлдвэртээ ашиглана гэдэг зохицуулалт хийж өгсөн. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол улсын Засгийн газарт ногдож байгаа газрын тосыг өөрсдөө шууд ашиглаж болно. Хөрөнгө оруулагчдад ногдож байгаа газрын тосыг тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр худалдаж аваад ашиглах боломжтой болсон. Олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдээр хангагдаж байгаагэдгийг хэлмээр байна.

Хууль эргэн үйлчлэх, үйлчлэхгүй байх талаар нэлээд маргаантай байсан. Хууль батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд эргэж үйлчлэх үү?

Бүтээгдэхүүн хуваах гэрээ олон улсын стандартын гэрээ байдаг. Гэрээ нь өөрөө олон зүйлийг тогтворжуулсан, өөрчлөлт оруулах боломжгүй байдаг. Ер нь дэлхий нийтийн жишигт гэрээгээр тохирчихоод хууль гаргаж, улс төрийн аргаар түрэмгийллийн чанартай шийдэх нь онцгүй. Гэхдээ анхны гэрээнүүдэд нөөц ашигласны төлбөр авахгүй байхаар тусгасан байдаг. Үүнийг гэрээлэгч талууд харилцан ярилцаж шийдвэрлэхээр оруулсан.

Роялти зэрэг зарим тохиолдолд хууль эргэж үйлчилнэ гэсэн үг үү?

Тийм.



С.Болд-Эрдэнэ