Авто самосвалын шинэ эрин

2014-06-26 12:36
“Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ. Энэ удаад “Ил уурхайн авто самосвалын эрин” сэдвээр сургалт, семинарыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.

Энэ удаагийн сургалт семинарт Уул уурхайн үндэсний олборлогч (MNO), “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Алтан Дорнод Монгол”, “Саусгоби Сэндс”, “Мо Эн Ко”, “Монроүд”, МАК зэрэг 28 компанийн 60 гаруй инженер техникийн ажилтан, мэргэжилтэн оролцлоо.

Сургалт семинарын сэдэв ч орол­цогчдын сонирхлыг ихээхэн татаж байв. “Авто самосвалын танилцуулга”, “Цахилгаан болон механик авто самосвалын ял­гаа”, “Авто самосвал ба Экскаваторын ачилтын харь­цаа”, “Ашиглалтын зардал” “Авто самосвалын тойрох үзлэг” гэсэн сэдвээр “Комацу”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Коёоши Ишино, “Трансвест Монголиа” компанийн Маркетинг хариуцсан Ерөнхий менежер Марк Хэдль, “Трансвест Монголиа” компанийн Худалдааны мене­жер Д.Болдсүх нар илтгэл тавьсан юм.

“Трансвест Монголиа” компани “Комацу” брэндийн бүтээгдэхүүнийг Япон болон АНУ дахь үндсэн үйлдвэрээс нь оруулж ирдэг гэдгээрээ давуу талтай. Монголд орж ирж байгаа самосвалуудад тусгайлан зориулсан нэмэлт тоноглолууд ч байдаг байна. Тухайлбал хүйтний улирлын нэмэлт тоноглол, агаарын нэмэлт шүүгч, чанар муу түлшний шүүгч, хиймэл дагуулаар хянах системийг Монголд орж ирдэг самосвалуудад нэмэлтээр суулгадаг байна.



Монголын уурхайнуудад 3-4 жилийн дараа цахилгаан дэмжигчтэй самосвалууд явж эхлэвэл гайхах хэрэггүй. “Трансвест Монголиа” компани хэд хэдэн уурхай дээр 2017-2018 онд цахилгаан дэмжигчтэй самосвалын систем суурилуулах судалгаа хийж байгаагаа мэдээлсэн нь семинарт оролцогчдод хамгийн сонирхолтой санагдсан. Энэхүү системийг энгийн үгээр тайлбарлавал троллейбусны системтэй адилхан гэж хэлж болно. Уурхайн за­мын дагуу цахил­гаан шугам бүхий шонгууд байрлуулж, самосвалууд өгсүүр замд уг цахилгаан шугамд холбогдож, ца­хил­гаанаар явах сис­тем юм. Цахилгаан шугамд холбогдож өгс­сөнөөр дизель хө­дөлгүүр асаалттай зогсож байгаатай адил түлш зарцуулах гэнэ. 50 самосвалтай уурхай гэхэд ойролцоогоор жилд 10.7 сая ам.долларын түлш хэмнэх боломжтой аж. Манай улс шиг түлш өндөр үнэтэй, түлшний импортоос хараат байдаг газарт маш тохиромжтой технологийн шийдэл байж болох юм. Мэдээж энэ системийг суурилуулахын тулд анхны хөрөнгө оруулалт ихээр шаарддагаас гадна эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаас гадна тухайн уурхайн замыг олон жил ашиглах боломжтой байх ёстой гэдгийг онцолж байв. Мөн дараагийн 20 жилд бүрэн автомат удирдлагатай самосвал уурхайнуудад ажиллаж эхэлнэ хэмээн Марк Хэдль хэлсэн нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм.

“Цахилгаан болон механик авто самосвалын ялгаа” илтгэлдээ олон сонирхолтой зүйлийг дурдсан. Мехник самосвал нь 150 тонн хүртэл ачаа ачихад тохиромжтой бол цахилгаан самосвал 150 тонноос дээш ачаа ачихад эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн тооцоо бий. “Комацу”-гийн цахилгаан экскаваторыг Монголд ганцхан Оюутолгойн уурхай ашиглаж байгаа бөгөөд бэлэн байдлын хүчин чадлаараа “Рио Тинто”-гийн бусад уурхайнуудаас илүү байсан гэдгийг Марк Хэдль сонирхуулж байсан юм.

Мөн механик самосвалтай харьцуулбал цахилгаан самосвал нь ашиглалтын зардал маш бага. Цахилгаан самосвал нь энгийн бүтэцтэй, араа механизм, хүч дамжуулах эд анги нь механик самосвалаас цөөн байдаг. Үүний давуу тал нь тос тосолгооны материалын зарцуулалт механикаас 50% бага байдаг хэмээн Ерөнхий менежер Марк Хэдль онцолж байв. Тос тосолгооны материал бага зарцуулсанаар тосны агуулах, тос солих цаг хугацааг хэмнэхээс гадна ашигласан тосыг дахин боловсруулах, зориулалтын дагуу устгах зардал зэргийг хэмнэх боломжтой гэнэ. Мөн эд ангийн элэгдэл хорогдол төдий чинээ бага байдгийг ч Марк Хэдль хэлж байсан юм.



Цахилгаан самосвалын давуу тал нь өгсүүр замд араа солигдохгүй жигд хурдаар гарах боломжтой гэнэ. Жишээ нь 12 градусын өгсүүр замд бүрэн ачаатай цахилгаан самосвал 12 км/ц хурдтай гардаг бол механик самосвал 11.1км/ц хурдтай гардаг байна. Зөрүү 0.9 км/ц хэдий бага юм шиг харагдаж байгаа ч нэг самосвалын алдаж байгаа цагийг жилээр нь тооцож үзвэл нийт уурхайн самосвалуудын алдагдал маш өндөр гарна хэмээн Марк Хэдль нэмж хэлсэн юм.

Семинарын нэг онцлох сэдэв нь “Ашиглалтын зардал” байв. Уурхайн эзэд самосвал худалдаж аваад л болдог гэж зарим талаараа ташаа ойлгодог аж. Үнэндээ самосвал болон бусад техникийг худалдаж авах зардал нь ашиглалтын зардлаас хамаагүй хямд тусдаг байна. Үүнийг ерөнхий тооцоо гаргаж, семинарт оролцогчдод танилцуулсан нь сонирхол татаж байв. Тоног төхөөрөмжийн зардлыг эзэмших зардал, ашиглах зардал хэмээн хуваадаг байна. Комацу брэндийн 55 тонны даацтай HD465-7R самосволоор жишээ авахад эзэмших зардал нь цагт 45 ам.доллар байдаг бол элэгдлийн зардал нь 23 ам.доллар байдаг аж. Нэг экскаватор, нэг грейдэр, нэг бульдозер, 4 самосвалтай нэг авто парк байхад эзэмших, ашиглах нийт зардал нь сард 500 гаруй мянган ам.доллар байдаг гэсэн ерөнхий тооцоо байдаг байна. Марк Хэдль “Тоног төхөөрөмжийн анхны худалдан авалтын зардал нь хамгийн бага байдаг. Үүнд санаа зоволтгүй. Гол нь эзэмших, ашиглах зардал юм” гэдгийг онцолж байв.

Мөн “Авто самосвал ба Экскаваторын ачилтын харьцаа” илтгэл ч оролцогдчын анхаарлыг татсан. Экскаватор, самосвал хоёрын харьцаа зөв байх нь эдийн засгийн үр өгөөж талаасаа маш чухал байдаг байна. Тухайлбал экскаваторын шанаганы өргөн самосвалын тэвшний өргөний 70%-иас хэтрэхгүй байх ёстой бол дугуйт ачигчийн шанаганы өргөн тэвшний уртын 60%-иас хэтрэхгүй байх ёстой аж. Баланс нь таарсан экскаватор нэг хутгалтыг 30 секундэд багтааж, нэг самосвалыг 2,5-4,5 минутад ачиж дуусгах ёстой байдаг байна. Ингэснээр уурхайн үйл ажиллагаа нарийн зохион байгуулалттай байж, цаг хугацаа хэмнэхээс гадна техникийн элэгдэл зохих түвшинд хадгалагддаг байна. Семинарт оролцогчид “Монголчлох” буюу экскаватор, самосвалын зохистой харьцааг алдагдуулж, ачилт хийх нь эдийн засгийн хувьд багагүй хохирол учруулдаг юм байна хэмээн хоорондоо ярилцаж байсан юм.

“Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулсан дараагийн сургалт семинарыг дунд оврын эксковаторын талаар хийхээр төлөвлөж байгаа хэмээн Худалдааны менежер Д.Болдсүх мэдээлсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 57 минутын өмнө
    Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж. “Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод  дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй. 
  • 16 цаг 54 минутын өмнө
    Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  
  • Уржигдар 14 цаг 52 минутад
    УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-д хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
  • Уржигдар 12 цаг 41 минутад
    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 
  • 2020-07-01 15:09
    УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.