Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Дэвид Уайш: Дэлхийн хэмжээний орд дээр дэлхийн хэмжээний оператор компанитай хамтрах нь зөв шийдэл болно



Америк-Монголын эдийн засаг худалдааны харилцаа, АНУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбар дахь оролцооны талаар Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштай ярилцлаа.



Америк-Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшинг Та хэрхэн үнэлэх вэ?
Би Монголд ажиллаад хоёр жил болж байна. Миний хувьд хоёр орны харилцааг маш сайн гэж хэлнэ. 2013 оны зарим ололт амжилтаас дурдахад хоёр улсын хооронд ил тод байдлын хэлэлцээр болон Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалттай корпорациас Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 10 сая ам.долларын зээл олгоход хөрөнгө оруулах тухай гэрээг тус тус үзэглэсэн. Мөн МИАТ компани Америкийн Экспорт Импорт банкны санхүүжилтээр “Боинг” онгоц худалдан авсан бөгөөд нэмж хоёр онгоц авахаар яригдаж байгаа.

АНУ-ын компаниуд, хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ? Ямар боломж болоод бэрхшээлүүдийг Та харж байна вэ?
Салбар тус бүр өөрийн онцлогтой. Ажиглаад байхад бага санхүүжилт шаардагдах төслүүд дээр боломж их байдаг. Том төслүүд улс төрийн ач холбогдолтой байдаг учир бэрхшээл тулгарах нь бий. Ер нь Америкийн компаниуд Монголын зах зээлд орж ирэхийн тулд бизнес явуулахад хэр тогтвортой байх, бизнесийн орчин хэр ил тод байна, хөрөнгийн баталгаа нь Монгол улсын хуульд зохицох нь уу, үйл ажиллагаа нь ямар үр ашигтай байх бол гэсэн асуудлуудыг хамгийн чухалд тавьдаг.

Түүнчлэн бид Америкийн бүтээгдэхүүн, үйлчилгээг оруулж ирэх сонирхолтой Монголын компаниудтай ч байнгын холбоо харилцаатай байдаг. Хоёр талаасаа хамтарсан бизнес явуулахад итгэлцэл маш чухал юм. Уул уурхайгаас гадна дэд бүтэц, цэвэр эрчим хүч, газрын тосны судалгаа, хайгуул, үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, шувууны аж ахуйг хөгжүүлэх болоод өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох тавилга, цахилгаан бараа нийлүүлэлт, худалдаа, франчайзинг зэрэг бизнесийн салбарт хамтран ажиллах боломж бий.

Монгол улсад ажиллах хугацаандаа би бизнесийн салбар дахь эерэг, сөрөг олон үзүүлэлтийг ажиглаж байсан. 2012 онд батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах” тухай хуулийн нөхцөл, шаардлагууд нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны байгууллагууд, хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлсэн. Гэхдээ 2013 оны 10 дугаар сард батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль хөрөнгө оруулагчдын хувьд эерэг хууль болж чадсан гэж харж байна.

Эдийн засагчийн хувьд Та Монгол улсад гадны хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ямар боломжуудыг харж байна вэ? Мөн энэ талаар АНУ-ын туршлагаас хуваалцахгүй юу?
“Тоглоомын дүрэм” тодорхой байж, хууль дүрмээ сайн боловсруулах юм бол хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадна. Авлига, хээл хахууль түгээмэл зах зээл дээр “Энэ бүхэн бизнес явуулах нэг арга хэлбэр болдог” гэсэн тайлбарыг олонтаа сонсож болох юм. Гэхдээ ийм тайлбарыг хүлээн авч бизнес явуулна гэдэг боломжгүй, бас шударга бус хэрэг. Ил тод байдал хангалтгүй, авлига хээл хахууль түгээмэл, төрийн зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцдог, нөлөөлдөг орчинд бизнес явуулах нь хүндрэл үүсгэдэг.

Америкт хувийн хэвшил нь төр засгаас тусдаа, бие даасан салбар гэдгийг бүгд маш сайн ойлгодог. Мөн ямар ч бизнес эрхлэх боломж нээлттэй, чөлөөтэй төдийгүй хуулиар эрх нь хамгаалагдсан байдаг. Гол нь бусдын эрхэнд халдаж болохгүй. Засгийн газраас хараат бусаар, бие даан өөрийн бизнесийг авч явах эрх бүрэн нээлттэй. АНУ-ын Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд аль болох бага нөлөө үзүүлэхийг зорьдог. Тийм ч учраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа бүрэн эрх чөлөөтэй явуулах боломж нь бүрдсэн байдаг. Ийм нөхцөлийг бий болгох хамгийн чухал зүйл бол хууль дүрэм тодорхой байх. Үүнд хууль сахиулах институци чухал үүрэг оролцоотой байх хэрэгтэй. Төр засгийн зүгээс хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол “тоглоомын дүрэм”-ийг тодорхой болгох юм. Яг тэрхүү дүрмийн дагуу бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг эрх чөлөөтэй явуулах орчин бүрдүүлэхийг хичээдэг.

Америкийн хөрөнгө оруулагчид дүрэм журмын дагуу бизнес явуулах ёстой гэсэн сэтгэлгээтэй байдаг учир тэдэнд Монгол улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бий гэсэн итгэл өгөх хэрэгтэй. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига, хээл хахуультай тэмцэх томоохон зорилт тавин ажиллаж байгааг америкчууд бид анхааралтай ажиглаж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа нь Америкийн хөрөнгө оруулагчдад маш чухал байгаа бөгөөд ийм мэдээлэл тэдэнд хүрсэнээр Монголд хөрөнгө оруулах итгэл нь нэмэгдэх юм. Мэдээж аль ч орны хөрөнгө оруулагчид үр ашгийг харж хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Ийм боломжийг Монголд хайхдаа Америкийн хөрөнгө оруулагчид аль болох ил тод, нээлттэй, бизнесийн зөв зохистой орчинг эрэлхийлдэг.

Ирээдүйд хоёр улсын хооронд ямар салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх хэрэгтэй вэ?
Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг оролцоотой. Энэ салбарт АНУ-ын “Peabody Energy” компани маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах сонирхолтой төдийгүй хамтран ажиллах чиглэлээр энэ компани нэлээд ажил хийсэн. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н оператор компанийг зарлаагүй байна. Ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг өвлөн авч явах тэр байгууллага нь “Peabody Energy” компани байх юм бол хоёр талдаа харилцан ашигтай. Дэлхийн хэмжээний орд дээр дэлхийн хэмжээний оператор компанитай хамтрах нь зүйтэй шийдэл юм.
 
Зуун жилийн өмнө Сент-Луис хотод нэгэн залуу айлаас айлд нүүрс худалдаалан бизнесээ эхлүүлж байсан нь өдгөө өргөжсөөр дэлхийн томоохон компаниудын нэг “Peabody Energy” болсон юм. Тус компани өнөөдөр нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хариуцлагатайгаар нөхөн сэргээхэд ихээхэн анхаарал хандуулж ажилладгаараа онцлог. Тус компанийн нөхөн сэргээх чадавхийг Булган аймаг дахь Эрээний уурхайн орчин нөхцөл харуулж чадах байх. Уурхайн онгилогдсон газрын хөрсийг нөхөн сэргээснээр өнөөдөр уг газар эрүүл, үржил шимтэй бэлчээр болсон бөгөөд энэ нь тэдний бизнес явуулах зарчмын нэгээхэн хэсэг юм.

Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа АНУ-ын компаниудад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
Мэдээж хамгийн том бэрхшээл нь хоёр талаас тохиролцоонд хүрэх юм. (Инээв) Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, улс төрийн нөлөө зэрэг бэрхшээл нэн түрүүнд харагддаг. Мөн ажиглагдаж байгаа бусад хүндрэлийн хувьд нүүрсээ зах зээлд гаргах, тээвэрлэлтийн асуудал байдаг.

Монгол улс байгалийн асар их баялагтай. Ирээдүйд улам баян чинээлэг болох замнал харагдаж байна. Харин энэ хөгжлийн идэвхтэй, тэнцвэртэй байдлыг цаашид хадгалахад дэд бүтэц маш чухал. Энэ тал дээр Монгол улсын Засгийн газар өндөр зорилт тавин ажиллаж байгаа.

Америкийн “General Electric” компани 2011 онд Улаанбаатар хотод байнгын салбар оффисоо нээсэн бөгөөд дэд бүтцийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрөгч онд Салхитад салхин цахилгаан станц барьж байгуулах бололцоог “General Electric”-ийн технологи хангаж өгснийг дурдмаар байна. Баталгаат үйл ажиллагаагаараа Америкт нэр хүндтэй тус компани нь  Монгол улсын зах зээлийг чухлаар авч үздэг. 2012 онд “General Electric”-ийн хөдөлгүүр бүхий “Хоёр загал” зүтгүүрийг Монголын талд нийлүүлсэн. Цаашид уг компанид галт тэрэгний зүтгүүр нийлүүлэх, зам дагуух удирдлагын системд дохиолол өгөх зэрэг дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах зорилт бий. Монгол улсын төмөр замын салбар дахь “General Electric” компанийн цаашдын хамтын ажиллагаанаас Монгол улс тааламжтай үнээр шилдэг технологи эзэмших боломжтой гэдэгт бид итгэлтэй байдаг.

Монгол улс шатдаг занарын нөөц ихтэй. Энэ салбарт АНУ-ын “Жени Ойл Шелл Монголиа” компани хайгуулын ажил хийж байгаа. Ер нь Америкийн компаниудад шатдаг занарын салбарт хамтран ажиллах сонирхол хэр байдаг вэ?
Америкийн компаниудад занарын салбарт хамтран ажиллах сонирхол их бий. Монгол улс занарын ихээхэн нөөцтэй. Одоогоор тус салбарт “Жени Ойл энд Газ” компанийн Монгол дахь “Жени Ойл Шелл Монголиа” компани хайгуул хийж байна. Тус компани байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Энэ салбарт “Жени Ойл Газ” компанийн технологийг ашиглах нь хэд хэдэн ач холбогдолтой. Газрын хөрс руу шууд өрөмдөн гүн дэх чулууг халаах замаар занарыг олборлох технологи ашигладаг. Энэ нь ус хэрэглэдэггүй, хөрс гэмтээдэггүй, байгаль орчинд хор хөнөөлгүй гэх мэт олон давуу талтай. Монгол улс өндөр чанарын занараас гарган авсан тосоор дотоодын шатахууныхаа салбарын хөгжилд түлхэц өгч, хэрэгцээгээ хангаснаар шатахууны хамаарлаас бүрэн гарах боломжтой юм. “Жени Ойл Газ” компани нь занараас гадна газрын тосны хайгуулын чиглэлээр нэлээд туршлагатай гэдгийг дурдах нь зүйтэй байх аа.

Улс орны эдийн засгийн хөгжилд мэргэжлийн хүний үг үргэлж үнэ цэнтэй байдаг?
“Таны зардал орлогоос тань их байх юм бол замнал тань доош татаж унахад хүргэнэ” гэдэг үг байдаг. Дотоодын хэвлэл мэдээллийг уншиж, сонсож байхад эдийн засгийн зарим нэг бодлогын талаар шүүмжлэлүүд их гарч байна. Монгол ч гэлтгүй аливаа улс орон өндөр хөгжилд хүрэхэд анхаарах нэг чухал зүйл бол Засгийн газар орлого болоод зарлагадаа хяналттай байх ёстой. АНУ шүүмжлэлээс ангид улс биш. Бидэнд ч мөн сайжруулахах, засч залруулах зүйл маш их бий.

Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.