Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

“Цонхтой” арван жилд...

Энэхүү үгийг Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгийн ярианаас эшиллээ. Анхаарал татахуйц  үг.

“Цонхтой арван жилийг ашиглаж  салбараа босгоод авъя” гэж төмөрлөгийнхөн үзэж байна. Хэн цонхтой цаг зарлах гээд байна вэ гэж үү? Хятадын Гангийн үйлдвэрүүд. Тус улсын Гангийн үйлдвэрүүд хагас боловсруулсан түүхий эд авах сонирхол илт нэмэгджээ. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Гангийн жижиг, дунд үйлдвэрүүдээ олноор нь хаан, төрийн мэдлийн 20 орчим том үйлдвэр одоо тус улсад ажиллаж байна.  

Өмнөд хөршийн худалдаачид Монголоос төмрийн зөвхөн хүдрийг хямд үнээр импортлон, ган үйлдвэрлэгчдэд дамлан борлуулах сонирхолтой байдаг. Харин одоо худалдааны энэхүү ашиггүй бүтцийг дахин задлах боломж Монголын үйлдвэрлэгчдэд нээгдэх магадлалтай болоод байгаа юм.

Хуурай баяжуулсан нэг тонн төмрийн хүдрийг манай үйлдвэрлэгчид 50 орчим ам. доллараар Хятадын худалдан авагчдад борлуулдаг. Тэгвэл хүдрээ нойтон баяжуулах буюу хагас боловсруулалт хийвэл үнэ нь тонн тутамдаа 90 орчим ам. доллар. Цаашлаад хорголжин үйлдвэрлэж чадвал тонныг нь 150 ам. доллараар Хятадын Гангийн үйлдвэрүүдэд худалдааны завсрын зуучлагчгүй, шууд нийлүүлэх  юм. Ийм энгийн мөрөөдөл Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдэд байна. Холбож бичихэд хоёр өгүүлбэрт багтана. Харин энэ зорилгод хүрэхийн тулд олон даваа гэтлэх хэрэгтэй. Тэдгээр даваа нугачааны талаар өгүүлэхийг зорьсон тусгай дугаараа The Mongolian Mining Journal уншигч Танд толилуулж байна.

Төмөрлөгийн салбарын үндэсний болоод гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ижилхэн бэрхшээл дунд ажиллаж байгааг захирлуудынх нь өгсөн илэн далангүй ярилцлагаас уншаарай.

Австралийн баруун эргээс Тянжин боомт хүртэлх тээврийн зардал тонн тутамдаа 3-5 ам. доллар болдог бол хөөрхий Монголын төмрийн хүдэр Эрээн хүртэлх  тээврийн зардалдаа 28 орчим ам. доллар залгичихдаг байна. Өрсөлдөх чадвар төмөрлөгийн салбарт маань иймэрхүү түвшинд яваа юм. Нийтлэг зовлон нь төмөр замын тээврээс үүдэлтэй. Яг нүүрс, зэстэй ижил дэд бүтцийн өндөр зардал дороос өндийж гарч өрсөлдөж чадахгүй яваа төмрийнхний яриаг уншигч Та тогтож анхаарна уу. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн жилийн нийт орлогын 40 хувийг төмөрлөг ба зэс үйлдвэрлэгчид шууд нуруундаа үүрдэг. Шударга бус бизнес байгаа биз?

Тиймээс төмөр замаар “шороо” зөөж алдагдал хүлээж байхаар хагас боловсруулсан бүтээгдэхүүн- нойтон баяжмал болоод хорголжин үйлдвэрлэхийг тэд хүсч байна. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Санхүүжилтийг хаанаас босгох вэ? Нөгөө “шороо” буюу хүдрээ ялимгүй ашигтай зарахыг оролдох, эсвэл зээл санхүүжилт хүсэх. Аль алинд нь төрийн дэмжлэг чухал. Тиймээс  Төмөрлөгийн холбооны гишүүн компаниуд “Нэг цонхны” бодлогоор Хятадын талтай худалдаа хийхийг чармайж байгаа аж. Компаниудын нэгдсэн байр суурийг Төрийн дэмжлэгээр урагш нь түлхээд өгөөсэй.

Төрийн дэмжлэг, компаниудын хамтын чармайлт дээр Хятадын “экологийн цонхтой цаг”-ийг ашиглаж чадвал Монголын төмөрлөгийн салбар хөл дээрээ босно. Хөл дээрээ тогтож гэмээнэ дотоодын ган төмрийн хэрэгцээг бүрэн хангах Хайлуулах үйлдвэртэй болох боломжтой.

Төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийд Австрали, Бразил, Орос, Хятад улсууд тэргүүлдэг. Тэргүүлэх орнуудын жагсаалтад Монголын нэр байхгүй. Монголын төмрийн хүдрийн батлагдсан нөөц нь 1 тэрбум гаруй тонн, нийт нөөц 14 тэрбум тонн гэсэн статистик бий. Гэхдээ энэ статистик  олон дахин нэмэгдэх магадлалтай. Учир нь төмрийн хүдрийн гол төслүүд маань нөгөө л төмөр замын ганц шугамаа бараадан, эрчим хүч, усны ойрыг дагасан байршилтай. Тэдгээрээс жилдээ 10 сая тонныг дээд тал нь экспортлох төмөр замын тээврийн боломжтой гэсэн үг. Тиймээс төмрийн хүдрийн нөөц бага, хадгалах хямгадах ёстой гэсэн байр суурь өрөөсгөл юм.

Экспортын орлогын нэг эх үүсвэр, дотоодын гангийн үйлдвэрлэлийн суурь болсон төмөрлөгийн салбарынхаа талаар бодитой ойлголттой болох цаг иржээ. Ойлголтуудаа ойртуулсан цагт салбарыг хөл дээр нь  босгох үүлэн чөлөөний нар гарч байна. “Цонхтой цаг” буюу боломжийг ашиглах үе хэмээн үйлдвэрлэгчид түүнийг нэрлэжээ.

Л. Болормаа