Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

Олборлогч компаниудын ашиг ба алдагдал

Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын 2013 оны санхүүгийн тайлан гарч байна. Уул уурхайн салбарын компаниудын ашиг, алдагдал ямар байсан талаарх мэдээллийг хүргэе.

Тайлангаа гаргасан компаниудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “Тавантолгой” ХК. Тус компани өнгөрсөн онд 161.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, цэвэр ашиг нь 62 тэрбум төгрөг болсон байна. Борлуулалтын өртөг нь 78.78 тэрбум төгрөг байжээ. 2012 онтой харьцуулахад орлого нь 59 тэрбум төгрөг буюу 57.5%-иар өссөн бол борлуулалтын өртөг 9.5 тэрбум төгрөг буюу 10%-иар буурсан байна. Харин цэвэр ашиг нь 53.2 тэрбум төгрөгөөр буюу 6 дахин өссөн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг маш их татаж байна.

Тэгвэл “Шарын гол” ХК 1.15 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Борлуулалтын орлого нь 2012 оныхоос 8 тэрбум төгрөг буюу 58%-иар өсч, 21.8 тэрбум төгрөг, борлуулалтын өртөг нь 3.8 тэрбум төгрөг буюу 44.9%-иар өсч, 12.2 тэрбум болжээ. Харин Татварын дараах цэвэр ашиг нь 38%-иар буурч, 1.15 тэрбум төгрөг болсон байна.

“Адуунчулуун” ХК-ийн хувьд 5.68 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг нь 533 сая төгрөг болжээ. 2012 онтой харьцуулахад борлуулалтын орлого нь 15%-иар өссөн ч борлуулалтын өртөг нь 28.6%-иар нэмэгдэж, цэвэр ашиг нь 27.3%-иар буурсан байна.

Хүрэн нүүрсний олборлолт явуулдаг хэд хэдэн жижиг компани МХБ-д бүртгэлтэй байдаг. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” ХК 1.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 33.6 сая төгрөгийн ашигтай ажилласан бол Увс аймагт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Хар тарвагатай ХК 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 65.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн Өвөрхангай аймаг дахь хүрэн нүүрсний олборлолтын “Баянтээг” ХК 1.85 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 394 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тус тус мэдээлэв.

Харин хүрэн нүүрсний хамгийн том ордуудыг эзэмшигч “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК 2013 онд алдагдалтай ажилласан байна. “Шивээ-Овоо” ХК 31.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 3.26 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол “Багануур” ХК 86.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч 9.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тус хоёр компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өнгөрсөн онд “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлээд байгаа. “Эрдэнэс МГЛ” компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг уг хоёр компанийг бизнесийн зарчмаар ажиллуулж, ашигтай ажиллах оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.


С.Болд-Эрдэнэ