Гүний хоолойн усны 20%-ийг ашиглана

2014-03-21 12:37

Говьд ус хайран. Ер нь хаана ч байлаа гэсэн ус бол чандмань эрдэнэ билээ. Харин усаар ангасан гэж хэлж болох дэндүү эмзэг экосистемийн нутаг Өмнийн говьд Монголын уул уурхайн үлэмж төслүүд хэрэгжих гэж буй нь хонь, чоно хоёр шиг эсрэг тэсрэг зүйлийг цуг байлгахаар “төлөвлөж” буй мэт. Үнэхээр ус хайран тул уурхайчид ус бага ашиглах бүхий л боломжийг эрэлхийлэх ёстой нь дамжиггүй.

Секунд бүрт 870 литр ус ашиглаж буй гэгддэг “Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр гүний усыг “цөлмөж” буй талаар сөрөг мэдээлэл байдаг ч энэ нь хэтэрхий ерөнхий байдаг. Харин өчигдөр “Оюутолгой” компани сэтгүүлчдэд уурхайн үйл ажиллагааны усны хэрэглээний талаар, мөн тэд усны талаар ямар бодлоготой ажиллаж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлаж, асуултад хариулсан юм. Тус компанийн мэдээлж буйгаар уурхайн үйл ажиллагаанд зөвхөн Гүний хоолойн ус ашиглаж буй бөгөөд одоогоор өдөрт 550 литр секунд ус зарцуулж буй ажээ. Үүнд баяжуулах үйлдвэр, уурхай, ахуйн болон бусад хэрэглээ багтжээ. Гэхдээ энэхүү усныхаа 80 гаруй хувийг эргүүлэн ашигладаг байна. Оюутолгойн үйл ажиллагааг тэтгэж буй Гүний хоолойн усны нөөцийн нарийвчилсан судалгааг “Aquatera” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд уг хэсэгт 6.8 тэрбум шоо метр ус хадгалагдаж буйг тогтоожээ. Энэхүү хэмжээ нь бүдүүн тоймоор авч үзвэл Улаанбаатарчуудын унд ахуй, үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй нийт хэрэглээг 100 гаруй жил залгуулахуйц хэмжээтэй дүйх юм. Гэхдээ Гүний хоолойн ус нь ундны усны давсны агуулгын дээд хязгаараас дөрөв дахин их давстай тул унданд шууд хэрэглэх ямар ч боломжгүй гэж эрдэмтэд тайлбарладаг байна. Хэрэв ашиглая гэвэл цэвэршүүлэхээс өөр аргагүй ажээ. Гүний хоолойн усанд литр тутамд 4 гр давс агуулагддаг. Харин далайн усанд литр тутамд 30-35 гр болон түүнээс дээш хэмжээний давс агуулагддаг ажээ.

Гүний хоолойн усны нөөцийн судалгааны дүгнэлтийг Усны хэрэг эрхлэх газар 2008 оны арваннэгдүгээр сард баталж, энэ дагуу Улсын усны мэдээллийн сангийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэжээ.

Усны судалгааны нэгдсэн дүнд үндэслэн 2009 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам Гүний хоолойн усны хэрэглээний боломжит хэмжээг үйлдвэрлэлийн B, C1 зэрэглэлээр 870 литр/сек (75168 шоо метр/хоног) гэж баталжээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн явцад хэрэглээний өгөгдсөн хэмжээнээс хэтрэхгүйг тус компани онцолж байсан юм. Хамгийн дээд тал нь жилдээ 27 сая шоо метр ус ашиглахаар байгаа ажээ. Энэ нь дээр дурдсанчлан хоногт 75 мянган шоо метр усны хэрэглэх дүнтэй дүйжээ. Өнгөрсөн жилийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаанд 10 сая шоо метр ус ашиглажээ. Ингээд тус компанийн тооцоолж буйгаар уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн хугацаанд нийтдээ 1 тэрбум 97 сая шоо метр ус ашиглах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл Гүний хоолойн нийт усны 20 хүрэхгүй хувийг энэ хугацаанд ашиглахаар байгаа ажээ.

Гүний хоолойн усыг ийм хэмжээгээр ашиглахад малчдын худаг болон гадаргын усны түвшинд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж тооцож байна. 150 метрийн шаварлаг үеэр тусгаарлагдаж буй малчдын худаг, Гүний хоолой нь усны тэжээгдлийн ямар нэг холбоогүй гэж үздэг байна. Үүнээс гадна Гүний хоолойн усыг ийм хэмжээгээр ашиглах үед газрын гүний ус доошилсны улмаас газар хотойх цөмрөх аюул огт учрахгүйг тэмдэглэсэн юм. Учир нь ус ашиглалтын өгөгдсөн хэмжээг газрын гүний усны түрэлтийн хэмжээнд үндэслэн тогтоожээ. Түрэлт гэдэг нь гүний ус нь тодорхой хэмжээний даралттай байдаг тул цооног тавьж ус дамжуулах үед дээш түрэх хэмжээг илэрхийлж буй ажээ. Иймд энэхүү түрэлтийн хэмжээгээр усыг ашиглахад газрын гүний усны хамгийн дээд хэсгийн түвшин огт доошлохгүйгээр тооцжээ. Нөгөөтэйгүүр энэхүү Гүний хоолойн ус нь газрын гүнд цэлэлзсэн их ус байдлаар бус харин газрын гүнд чулуулгын ан цаваар хэсэг хэсгээрээ тархан оршиж буй ажээ. Тиймээс нийтдээ 28 худаг 150-400 метрийн гүнээс усаа татан уурхай руу нийлүүлж буй ажээ.

”Оюутолгой” компани нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхэд дунджаар 520 литр/с ус ашигладаг. Тодруулбал нэг тонн баяжмал үйлдвэрлэхэд 3 тонн ус ашигладгийн 2.5 тонн нь дахин боловсруулагдан эргэн үйлдвэрлэлд ашиглагддаг байна.

Гэхдээ Гүний хоолойн ус ямар хугацаанд хэр их хэмжээтэй нөхөгдөж тэжээгддэг талаарх судалгаа одоогоор бараг алга байна. Гүний хоолойн ус тодорхой хэмжээгээр нөхөгддөг гэсэн таамаг эрдэмтдийн дунд бий. Гэхдээ гүний ус нь тодорхойлолтоороо нөхөн сэргээгдэшгүй баялаг гэсэн ойлголтод багтдаг.

Тус компани мөн Ундайн голын голдрилыг өөрчлөх төслийг өнгөрсөн оны наймдугаар сард амжилттай хийж гүйцэтгэж дуусгасан нь малчдын сэтгэлд нийцсэн сайн ажил болсныг тэмдэглэсэн юм. Голын голдрилыг өөрчилнө гэдэг нь хэн хүнд төдийлөн сайхан сонсогдохгүй ч голын ус ил уурхайн хэсгийг дайран урсдаг байна. Ундайн гол нь үндсэндээ ил урсгалгүй зөвхөн хөрсний доогуур урсгалтай, 5 литр/секунд бүхий урсацаар 170 км үргэлжилдэг жижиг гол юм. Гэвч энэ гол жижиг боловч малчдын хувьд уул шиг түшигтэй, үнэлэхийн аргагүй эрдэнэ. Тиймээс голын ус уурхай руу шүүрч, алдагдахаас хамгаалж уг төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү голыг хамгаалах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хуучин Бор овооны задгайд жижигхэн цөөрөм тогтдог байсныг орлуулан өөр хэсэгт бүрдүүлж өгчээ. Тэрхүү жижиг цөөрөм нь зундаа малчид мал сүргээ услах таатай орчин болдог байна.



Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.