Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

30 орчим компани 11.4 тонн алт олборлох боломжтой

1 сая тонн – ЗЭСИЙН БАЯЖМАЛ

1 сая тонн – ГАЗРЫН ТОС

1 сая унци – АЛТ

10 сая тонн – ТӨМРИЙН ХҮДЭР

30 сая тонн - НҮҮРС

Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо. Тодруулбал, Монгол Улс 2014 онд дээрх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, экспортолсноор манай зах зээл дэх валютын нөөц нэмэгдэж, ханшийн өсөлт саарч, улсын эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэнэ гэсэн зорилтыг Эдийн засгийн хөгжлийн яам өмнөө тавин, холбогдох яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Тэгвэл алтны салбарт 2014 онд хүлээлгэсэн дээрх зорилтыг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлье хэмээн олборлогч компаниудын төлөөллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар хүлээн авч уулзлаа. Одоо 8.9 тоннын үзүүлэлттэй байгаа алтны жилийн олборлолтыг 1 сая унци буюу 31 тоннд хүргэх тэдний зорилт биеллээ хэрхэн олох вэ?

“Татварын хэмжээг бууруулсан нь том дэмжлэг болсон”

Алт олборлогч компаниудыг төлөөлөн “Мон дулаан трейд” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Бүтэд ийн хэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан нөхцөлд 10 байсан роялтийн татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг  2.5 хувь болгож бууруулсан. Улмаар олборлогч компаниудын алтаа тушаах сонирхол эрс нэмэгдэж, он гарсаар Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх жилийн мөн үеэс нэмэгдсэн гэх урьдчилсан дүн байна

30 орчим компани нийтдээ 11.4 тонн алт олборлох боломжтой. Алт олборлолтын 2014 оны төлөвлөгөөт дээрх тоог биелүүлэхийн тулд төрөөс хувийн хэвшлийнхнийг боломжит тоогоо ирүүлэхийг санал болгосон юм. Улмаар Алт үйлдвэрлэгчдийн холбооноос тус салбарт одоо үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 11.4 тонн алт олборлоно гэх нэгдсэн дүн ирүүлжээ. Тэгвэл 30 орчим компани нийлж 11.4 тонн, Оюутолгой болон Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор энэ салбарт хүлээлгэсэн төлөвлөгөөт тоо биеллээ олох бүрэн боломжтой гэж бодлого тодорхойлогч яамны зүгээс үзэж байна.

Барилгынхныг “босгосон” шигээ алтны салбарыг өөд татна

Барилгын салбарыг хүчтэй дэмжиж, хөл дээр нь босгох нь бодлого тодорхойлогчдын 2013 оны зорилт байсан гэлээ. Улмаар энэ салбарт төрийн зүгээс 2.7 триллион төгрөгийн санхүүжилт олгож, тэд ч эргээд үр өгөөжийг нь харуулан 40 мянган моргеж /орон сууцны зээл/-ийг бий болгож чадсан гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ үеэр хэллээ.

Тэгвэл төрийн зүгээс итгэл үзүүлэн, өөд нь дэмжих энэ удаагийн  салбар бол алтныхан аж. Тэдний зүгээс 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс хүсч буй. Санхүүжилтийг олгоход асуудал үгүй, харин эргээд бидэнд харуулах үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөн, идэвхтэй ажиллаарай гэдгийг салбарын Сайд нар сануулж байлаа. Улмаар алтны компаниуд, төв болон арилжааны банк, яамдын төлөөлөл хамтран зорилтот тоог хэрэгжүүлэх тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Ер нь дэлхийн эдийн засаг энэ жил өнгөрсөн оныхоос дорвитой сайжрах төлөвгүй байгаа. Он гарсаар алтнаас бусад манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын ханш уналттай хэвээр байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг экспертүүд хэлсээр байна. Эдийн засаг уналттай байсан 2013 онд Монгол Улс олон улсын зах зээлд “Чингис” бондыг босгосон нь манай эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдан 11.7 хувьтай гарахад чухал нөлөө үзүүлж, улмаар эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эхний таван улсын тоонд багтсан. Тэгвэл 2014 онд төдийлөн сайжрахааргүй байгаа эдийн засгийн  бэрхшээлт байдлыг даван туулахад алтны салбарынхны үүрэг их гэдгийг салбарын сайд нар хийгээд төв банкны ерөнхийлөгч энэ үеэр чухалчилсан байна.

 

 

 

 

 

  • Иргэн (202.179.20.147)
    Монгол улсын ард түмний баялаг алтыг хичнээн жил ухаж татваргүй хил дамнаж гаргасан хулгайч нар Тэднийг өмөөрөөд хаацайлаад байгаа төрийн удирдлагуудыг бүр ойлгохоо болилоо
    2014 оны 02 сарын 28 | Хариулах