Ирээдүйд ”Эрдэнэс Монгол” нээлттэй компани болох ёстой

2014-02-21 10:32
“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.

Жилийн өмнө Та “Эрдэнэс Монгол” компани уул уурхайн төрийн өмчийн бүх хувьцааг нэгтгэсэн том корпораци болох ёстой гэж ярьж байсан. Энэ төсөөлөл өнөөдөр бодитой болж байна. “Эрдэнэс Монгол” компани корпораци болсноор үйл ажиллагаа яаж өргөжих вэ? Ямар хэлбэрээр корпорацийн засаглалыг хэрэгжүүлэх вэ?

”Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан зорилго чиглэл, үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг харахад төрийн өмчит томоохон корпораци болохгүй бол компанийн засаглалын хувьд цааш явах боломж харагдахгүй байсан. Тиймээс бид ”Эрдэнэс Монгол” компанийг стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувьцааг нэгтгэсэн том нэгтгэл гэж үзэж байгаа бол засаглал болоод үйл ажиллагааны хувьд корпораци болох ёстой гэдэг асуудлыг тавьсан. Эхэндээ үл ойлголцол, эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнөөдөр харьцангуй дэвшил гараад байна. Дороо нэгтгэж байгаа охин компаниудын үйл ажиллагаа ч жигдрэх тал руугаа явж байна. Төрийн өмчит корпорацийн хувьд Монголд бараг анхны тохиолдол. Тиймээс бид олон улсад жишиг болохуйц компаниудын туршлагыг нэлээд судалж байна. Очиж үзлээ, холбоо тогтоолоо. Уул уурхайн яам дээр Уул уурхайн Дэд сайдаар ахлуулсан ”Эрдэнэс Монгол” компанийг корпорацийн хэлбэрт шилжүүлэх Ажлын хэсэг ажиллаж байна.

Гэхдээ энэ бүхэн тийм ч амар ажил биш. Монголд корпораци ямар хэлбэртэй байх талаар хууль эрхзүйн зохицуулалт алга. Корпораци гэсэн томьёоллоор нэрлэхийн тулд үйл ажиллагаагаа яаж явуулах талаар бидэнд хэд хэдэн хувилбар бий. Бидний төсөөлж байгаагаар охин компаниудынхаа төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдсон ногдол ашгийг толгой компани дээрээ төвлөрүүлэн, түүгээрээ тухайн ордыг эзэмшигч компаниуд дээр хэрэгжүүлэх дэд бүтцийн болон боловсруулах үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж чаддаг, улмаар ногдол ашгаа тооцож, хуваарилж чаддаг эрх мэдэл, зохицуулалт бүхий үйл ажиллагааг корпорацийн засаглал гэж харж байгаа.

Монголын ДНБ-ийн 20%, гадаад экспортын 90%, гадаад валютын урсгалын 80-90% нь уул уурхайн салбараас орж ирж байна. Гэтэл Монгол улсын уул уурхайн томоохон бүх төсөл төрийн эзэмшилд байгаа. Ийм нөхцөлд үндэсний болоод эдийн засгийн  аюулгүй байдал талаасаа ч тэр ”Эрдэнэс Монгол” компанийн бодлого төрөөс хараат бус төдийгүй санхүүгийн бие даасан чадавхтай байх ёстой. Энэ бүх бодлого чиглэл, шийдвэр гаргах газар нь нарийндаа бол Төлөөлөн удирдах зөвлөл. Энэ талын маш өргөн дэлгэр мэдлэг, чадвар, туршлагатай, гадаад дотоодын харилцааг ойлгодог, туршлагатай хүмүүсээр корпорацийн ТУЗ-ийг бүрдүүлэх нь нэн тэргүүний шаардлага болж байна.

”Эрдэнэс Монгол” компани төрийн өмчит компаниудын бүтэц, засаглалын талаар нэлээд судалгаа явуулсан. Манай хөрш орнуудад л гэхэд төрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулдаг “Ростехнологи”,  “Чайналко” зэрэг компани бий. Бусад улс орнууд ч иймэрхүү том корпорациудтай. Тэдгээрээс Сингапурын “Темасек”-ийн бүтэц, засаглалыг нэлээд анхаарч, арга туршлагаас нь авах эрмэлзэлтэй байх шиг байна. “Темасек”-ийн загварыг сонгох үндэслэлүүд юу вэ?

Бид компанийн засаглал, тэр дундаа төрийн өмчит компаниуд ямар хэлбэрээр ажилладаг, эрхзүйн орчин, үйл ажиллагаа, хамарч байгаа цар хүрээ ямар байдгийг бүх талаас нь судалсан. Эхлээд хөрш хоёр орныхоо төрийн өмчит компаниудыг судалсан. Гэтэл эдийн засаг нь төрөөсөө хэт хараат гэж бидний үздэг хоёр хөршийн маань компаниудын засаглал нь ч тэр, бүтэц нь ч тэр, эрх зүйн орчин нь ч тэр манайхаас хол явчихжээ.

Жишээ хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг “Ростехнологи” компани эзэмшдэг. Хамтарсан зөвлөлд 49 хувийг төлөөлдөг 6 төлөөлөгчийн 4 нь “Ростехнологи”-ийнх, үлдсэн 2 нь төрийн төлөөлөл. Гэтэл яг өнөөдрийн байдлаар Монголын талын 51 хувийг Төрийн өмчийн хороо эзэмшиж байна. Гэтэл Хамтарсан зөвлөлд ТӨХ-ны 1 төлөөлөл, бусад 5 нь төрийн байгууллага буюу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар. Мэргэжлийн түвшний бизнесийн буюу компанийн эрх ашгийн төлөөлөл дийлэнх байна уу, зүгээр л төрийн төлөөлөл хэтэрхий оролцоотой байна уу. Энэ харьцааг харахад ч тэр засаглалын хувьд үнэхээр болохгүй байгаа юм.

Хятадын төр эдийн засагтаа онцгой оролцоотой гэж бид дүгнэдэг. Гэтэл Хятадын “Чайналко”, “Шинхуа” зэрэг төрийн өмчит томоохон корпорациудын үйл ажиллагааг харахад улс орны хэмжээний томоохон бодлогын асуудлаар л төрөөсөө чиглэлтэй байх. Яг бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн нээлттэй. Гадаад дотоодод хөрөнгө оруулах, гаднаас хөрөнгө шууд татах чадвартай, гадаад худалдааны ч бай, дотоод бизнес ч бай бие даасан үйл ажиллагаа явуулдаг. ТУЗ нь шийдвэрээ гаргаад л, компанийнхаа бизнес төлөвлөгөөг баталчихдаг. Гэтэл манайд юм л бол Засгийн газар. Бараг л ширээ сандлаа сольсон ч Засгийн газраас зөвшөөрөл авах маягтай. Энэ нь жижиг зүйл мэт боловч цаана нь ажил явж өгдөггүй. 

Хоёр хөршөөсөө гадна манайтай ижил төстэй нөхцөлд нийгмийн нэг хэлбэрээс нөгөөд шилжиж байгаа Казахстан, нэг бүс нутаг дахь Сингапур, өөртэйгээ ижил хөгжиж байгаа Малайз зэрэг орны төрийн өмчит корпорациудыг нэлээд судалсан. Явж явж, Сингапурын хүн амын тоо ч ойролцоо юм. Компанийн засаглал, үйл ажиллагааны хэлбэрийг нь харахад ч тэр “Темасек Холдинг” корпорацийн үйл ажиллагаа бидэнд илүү ойр дөт санагдсан.

Ойр дөт гэдэг нь нэгдүгээрт төрөөс хэт хараат биш байдлыг хангасан, хоёрдугаарт компанийг бодлого чиглэлээр удирддаг ТУЗ-ийн нөхцөл байдал нь манайд их таарамжтай. Мөн хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа хэлбэр нь бидний хүсч, сонирхож байсан тэр хэлбэрийнх. Тухайлбал, ТУЗ-ийн 10 гишүүний 30%-ийг гадаад хөрөнгө оруулалт, дотоод үйл ажиллагаагаа сайн мэдэх, өмнө нь энэ чиглэлээр өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр, мөн 30 орчим хувийг яг өнөөдөр зах зээлд ноёлж, өөрийгөө таниулж байгаа топ менежерүүдээр, тодорхой хувийг зах зээлийн судалгаа шинжилгээ хийдэг их сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаар, олон улсад нээлттэй ил тод байлгах талаасаа гадны улсын эдийн засагч, хуульчдын төлөөлөл ганц нэгийг оруулсан бүтэцтэй. Энэ хэлбэр бидэнд их дөхөмтэй юм. 

“Темасек Холдинг”-ийн үндсэн зарчмыг авъя. Гэхдээ хаалттай орон ч гэдэг юм уу, төр засаг нь бараг солигддоггүй тогтвортой орон гэдэг утгаараа сонгоогүй. Бизнесийнх нь үйл ажиллагааны давуу талуудыг Монголдоо нэвтрүүлье гэсэн утгаар “Темасек”-ийг сонирхон 3-4 удаагийн уулзалт хийсэн. “Темасек Холдинг” дээр очиж хоёр ч томоохон уулзалт хийлээ. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бас уулзсан. Манай дээр “Темасек Холдинг”-ийн төлөөлөгчид хоёр удаа ирлээ. Удахгүй манай Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газрын захирал “Темасек”-ийн уулзалтад явна. 

“Эрдэнэс Монгол” компани “Мон зэс”, “Мон төмөр”, “Мон нүүрс” хөтөлбөрүүдийг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд “Мон зэс” компани байгуулахаа зарлалаа. “Мон зэс” компани ямар зарчмаар ажиллах вэ? Түүн шиг “Мон төмөр”, “Мон нүүрс гэсэн охин компаниуд байгуулагдах уу?

Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 100 дугаар тогтоолоор төрийн өмчит томоохон ордуудыг түшиглэн байгуулагдах боловсруулах үйлдвэр болон дэд бүтцийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулахаар заасан. Энэ хүрээнд бид дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр санаачилсан юм. Одоо эдгээр хөтөлбөр “Эрдэнэс Монгол” компанийн бизнес төлөвлөгөө биш Монгол төрийн бодлого болоод явж байгаад бид баяртай байгаа. Ажил маш урагштай болж байна гэсэн үг.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам дээр “Мон зэс”, “Мон төмөр” хөтөлбөр хэрэгжүүлнэ, Сайншандын аж үйлдвэрийн парк дээр гангийн үйлдвэр байгуулна, зэс боловсруулах томоохон төсөл хийнэ гэж яригдаад явж байна. Уул уурхайн яам “Мон зэс”, “Мон төмөр”, “Мон нүүрс” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гээд явж байна. Үүнийг хэрэгжүүлэгч нь хүссэн, хүсээгүй “Эрдэнэс Монгол”.

Ер нь “Мон зэс”, “Мон төмөр”, “Мон нүүрс” хөтөлбөр өргөн дэлгэрээр харья гэсэн санаа. Зөвхөн төрийн эзэмшлийн хувь хэмжээн дээр биш Монгол орны хэмжээний нүүрсний бодлого ямар байх ёстой юм, зэсийн бодлого ямар байх ёстой вэ гэдгийг л гаргаж тавьж байгаа маань нэлээд далайцтай явж байна.

Бид ийм л юм мөрөөдөөд байгаа юм. “Мон зэс” хөтөлбөр гэж гаргаад ирнэ. “Мон зэс” гэж зэсийн том компани байгуулагдана. Тодорхой хувийг нь “Эрдэнэс Монгол” буюу Төр эзэмшинэ. Тодорхой хувийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшинэ. Энэ нь томоохон листэд компани байх юм. Листэд компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхийн тулд боловсруулах үйлдвэрүүдээ энэ компанийн доод талд тусад нь байгуулж болох юм. Эрдэнэт дээр, Сайншанд дээр, Цагаансуварга дээр байгуулж болж байна. Эдгээр нь үндсэндээ үйл ажиллагааны компаниуд байх юм. Ийм боловсруулах үйлдвэрүүдтэй “Мон зэс” компани гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гарчихсан байхад ямар ч хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч түүнээс хувьцаа эзэмшээд явах итгэл бүрэн төрнө. Энэ талаасаа төрийн эзэмшлийн хувьцаануудаа нэгтгээд листэд компани байгуулчихъя гэсэн энэ төслөө Засгийн газар, яамд, олон улсын чуулга уулзалтуудад тавиад явж байгаа.

Харин охин компани байх уу, хараат бус компани явах уу гэдэг дараагийн асуудал. Монгол улсад нүүрсний бодлого, зэсийн бодлого, төмрийн бодлого байх хэрэгтэй. Харин Төр заавал 51 хувьтай, өөр дээрээ бүх ачааг үүрээд явах уу. Томоохон төслүүдийн хувьд Төрийн эзэмшиж байгаа компанийн ордууд дээр хэрэгжих учраас хөтөлбөрөө хэрэгжүүлэх байдлаар оролцож, тодорхой хувийг нь эзэмшээд явах уу гэдэг дараагийн том асуудал.

Бид төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” гэж том корпораци байгуулж байгаа бол компани өөрийн бодлогоор дотоод үр өгөөжийн түвшин өндөртэй гадаад, дотоодын төслүүдийг худалдан авч, хувь эзэмшээд явбал амьд эдийн засгийн харилцаа бий болно. Одоо бол Засгийн газраас үүнийг “Эрдэнэс Монгол” руу нийлүүлье гэсэн механик нэгдлээр явж байгаа учраас эдийн засгийн юм уу бизнесийн зөв, шууд харилцаанд орох нөхцөл жаахан түвэгтэй.

Ирээдүйд “Эрдэнэс Монгол” өөрөө нээлттэй компани болох хэрэгтэй. Орж ирж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ 51-ээс дээш хувийг авч, охин компани хэлбэрээр төрд бүх бизнесийг татдаг байдлаасаа татгалзах ёстой. Аль болохоор нээлттэй компанийн хэлбэр рүү ороод, хөрөнгийн биржүүд дээр гарах, эсвэл гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарсан компани байгуулаад явах уу гэдэг дараагийн асуудал.

Гэхдээ бидний хувьд хараат компаниудын хувьцааг эзэмшинэ. Эзэмшихдээ 51-ээс доош хувийн хувьцаатай явах нь зөв юм гэсэн бодлоготой байгаа. Гэвч энэ нь засаг төрийн гаргах шийдвэр. Бид хойшдын бизнес төлөвлөгөө, хөгжлийн бодлогоо ингэж явуулна. “Темасек”-ийн загвар ч ийм. Гадаад дотоодын томоохон төслийн үйл ажиллагаанаас 10-30%-ийг нь худалдаад авчихдаг. Дотоод үр өгөөжийн түвшин өндөртэй, ирээдүйд өндөр үр ашиг өгөх, улс оронд хэрэгтэй бизнесийн зарчмаар явж чадах эрүүл төслүүдэд хувь эзэмшдэг учраас тэр нь их давамгай байдлыг авчирдаг. Бид ч гэсэн бүхнийг өөрөө хийгээд, өөр дээрээ төвлөрүүлээд байх биш, аль өндөр үр ашигтай төслүүдээс худалдаж аваад явж яагаад болохгүй гэж.  

Өмнө нь “Эрдэнэс Монгол” стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгоно гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр таны ярианаас үр ашигтай төслүүдээс тодорхой хувийг нь худалдаж авах гэсэн өөр зарчим харагдаж байна. Гэтэл хууль эрхзүйн орчинд стратегийн ордыг төр эзэмших концепци хэвээр байгаа. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд ч энэ зарчим хуучнаараа тусгагдсан. “Эрдэнэс Монгол”-ыг цаашид бизнесийн эрүүл зарчмаар явуулна гэсэн энэ төсөөллийг эрхзүйн орчинд тусгах ажлууд хийгдэж байгаа юу?

Эрхзүйн орчинд Төр хувь эзэмших зарчим хэвээрээ байгаа. Уул уурхайн стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох заалт ч үйлчилж байгаа. Гэхдээ бид нэг зүйлийг эргэж харах хэрэгтэй юм. Эхлээд нэг зүйлийг маш тодорхой болгох хэрэгтэй байна. Монголд ийм ашигт малтмалуудын ийм нөөцүүд байна, үүн дотор стратегийн ач холбогдол бүхий нөөц өндөртэй ийм ордууд байна гэдгээ тодорхой болгомоор байна. Малчин хүн ч гэсэн оторт гарахынхаа өмнө мал хөрөнгөө тоолоод, бүртгээд, хүнд хариуцуулаад явуулдаг биз дээ.

Түүн шиг эхлээд байгаа хөрөнгөө бүртгэе, хаана, юу байна, ямар хэмжээний нөөц байна, алийг нь эхний ээлжинд ашиглах вэ, алийг одоо ашиглах хэрэггүй вэ гэдгээ тоолоод хараадахъя. Олон улсад нөөцийг ямар стандартаар тооцож байна, тэр стандартаар байгаа бүх нөөцөө тооцоод, хэдий хэмжээний төмөр, нүүрс, зэсийн нөөц байна гэдгээ бүртгэе. Эдгээрээс үүнийг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид чөлөөтэй ашиглаг, энэ ордыг нь төр том бодлогоор ашиглая гэдгээ тогтоочихъё. Үүний дараа мөнөөх ордоо Төр мөнхөд дараад суугаад байх уу. Ашиглана гэвэл яаж ашиглах вэ, ашиглахдаа хэдэн хувийг нь төр эзэмших вэ. Өнөөдөр дандаа 50-иас дээш хувийг Төр эзэмшихээр заасан байгаа. Ингэж ашиглавал эдийн засгийн үр өгөөжтэй юм байна, ингэвэл ашиггүй юм байна гээд тооцоод гаргаад ирвэл гадны юм уу дотоодын хөрөнгө оруулагчтай хамтраад, эсвэл хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад явъя. Төр өөрөө бүх менежментийг хийгээд, бүх үүрэг хариуцлагыг үүрээд явахгүй. 30%-ийг эзэмшье, 70%-ийг нээлттэй гаргачихъя. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй байвал үүн рүү л явна. Үүнийг хийх нь бидний үүрэг.

Бидний үйл ажиллагаа засаг төрийн бодлоготой зөрчилдсөн юм байхгүй. Одоо бол “Багануур” гэхэд нүүрсний мундаг том нөөцтэй гээд хий яриад байгаа болохоос биш яг олон улсын нөөц тогтоодог аргачлалаар тооцоод үзвэл хэр нөөцтэй байна. Дараа нь эдийн засгийн үр өгөөжийг тооцвол ямар болохоор байна гэдэг ажлыг хийх нь “Эрдэнэс Монгол”-ын үүрэг гэж бид харж байгаа. Одоо бид хоёр дахь хувилбарыг түрүүлж яриад байна л даа.

Стратегийн ордуудаа нэгтгээд авъя, нэгтгэсний дараа бүгдийг хав дараад цоожилчих биш, түүнийгээ яаж ашиглах вэ, ирээдүйд ашиглахын тулд хадгалах уу, өнөөдөр ашиглах уу, эсвэл буцаагаад зарах уу гэдгийг шийдэхийн тулд “Эрдэнэс Монгол”-ын эрхзүйн орчин тодорхой болох ёстой. Ордоо зарлаа гэхэд Хүний хөгжил сан руу хийгээд, нийгмийн халамжид бүгдийг тараачихдаг биш, харин зарсан мөнгөөрөө давуу төслийн 30 хувийг худалдаж авдаг тэр л эдийн засаг бизнесийн харилцаанд орох орчныг тодорхой болгохыг бид зорьж байгаа. Стратегийн ордоо хадгалаад л нам сууж байдаг, засаг шийдвэр гаргавал хөдөлдөг байдлаасаа алхам алхамаар холдох, зах зээл рүүгээ хандах, тийшээ дагаж урсах гээд л тэр талын бэлтгэл ажлуудаа хангаад явж байна. 

Төрийн нэрийн өмнөөс бидэнд өгсөн өв хөрөнгө бол стратегийн ордууд. Энэ бол том боломж. Энэ боломжийг Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгээд өглөө. Хоёр дахь нь Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд, нэгэнт энэ ордуудыг эзэмшиж байгаа бол энэ ордууд дээр боловсруулах үйлдвэр барих, түүнийг эргэлтэд оруулах дэд бүтцийн хөтөлбөрүүдийг танайх хэрэгжүүл гээд эрхийг нь өгчихлөө. Бид хөрөнгөтэй боллоо, боловсруулах чадвартай боллоо, ачих зөөх, үйлдвэрлэл явуулах хэмжээний дэд бүтцийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх эрхтэй боллоо. Дараа нь өнөөдөр ашиглаад ашиггүй, харин 20-30 жилийн дараа ашигтай болохоор ордууд байвал түүнийгээ хадгалчихъя. Улс орны хэмжээнд яаралтай эргэлтэд оруулах ордоо ашиглая. Зарчихаад өөр төсөл хөтөлбөрт оролцох нь илүү үр өгөөжтэй бол тийшээ явъя.

Үүний эхний хэлбэр нь ч биеллээ олж байна. “Энержи ресурс”-ийн “Говийн зам” охин компанийн барьсан хатуу хучилттай замыг Төр 100 хувь худалдаж авч байна. Энэ нь өмнөд бүсийн районд байгаа дэд бүтцийн томоохон төсөл. Өнөөдөртөө тэнд төмөр зам алга. Авто тээврээр л тээвэрлэдэг. Тэр тээврийг хийж байгаа ганц засмал зам нь. Үүнийгээ Төр аваад тэнд үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 компанид бизнесийн ижил нөхцөлөөр таатай орчин бий болгож өгье гэсэн санаа ажил хэрэг болж байна. Бүгд нэгдсэн нэг тарифаар явна.

Замын хураамжийг яаж тогтоож байгаа вэ? 

“Говийн зам” компани нэг тонн нүүрс тээвэрлэхэд 5,700-6000 төгрөгийн хураамж компаниудаас авч байгаа. Хорин хэдэн долларын нүүрс гаргаад, ийм өндөр бараг 5 долларын замын хураамж төлдөг. Тээврийн зардал биш замын хураамж шүү дээ. Яг нарийндаа “Энержи ресурс” замын хураамжаа өөрийн нүүрс дээр нэмж тооцож байна уу, үгүй юу гэхээр дэд бүтцийн хувьд ижил бус нөхцөлд өрсөлдөөд байгаа юм. “Энержи ресурс” бодит зардал гэж 2000 төгрөгөөр тээвэрлүүлээд, “Эрдэнэс Тавантолгой”-гоос 6000 төгрөгийн хураамж авч байгаа бол шууд л 4000 төгрөгийн зөрүү гарч ирээд, өрсөлдөх чадваргүй болоод байх хэрэг шүү дээ. Үүнийг цэгцлэхийн тулд нэгдсэн нэг тарифаар явуулъя. Гэхдээ экспортоо дэмжихийн тулд ашиг гэхээсээ илүү замын ашиглалт, арчлалтын зардлыг нөхсөн хэмжээнд хамгийн бага тариф тавья. Хойшид нүүрсний экспортын үнэ өсөөд, компаниуд хөл дээрээ босох үед тарифаа жаахан өөрчлөөд явъя гэсэн бодлого явж байна.

Нэг тонн нүүрс тээвэрлэхэд ойролцоогоор 1.5 долларын тариф тогтооё гэсэн хувилбар бий. Гэхдээ эцсийн хувилбар биш. Зарим нь Цагаанхад дээр бууна, уурхайнууд бас 10-20 км-ийн наана цаана байрлалтай учраас зам дээр явах хэмжээ өөр болоод байна. Нэг нь 260 км явж байхад, нөгөө нь 220 км явах жишээтэй. Тиймээс т.км-ээр шийдье гэсэн хувилбар ч яригдаж байгаа. Удахгүй замын ашиглалт, арчлалтын гэрээг байгуулна. Түүн дээрээ т.км-ээр явах уу, шууд тоннын үнэлгээгээр явах уу гэдгээ ярьж тохирно.

Нэр бүхий ордуудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш 7 жилийн нүүр үзэж байна. Нэр дурдагдсан зарим орд түрүүчээсээ ашиглалтад орох нь байна. Тухайлбал, Цагаансуваргын орд ашиглалтад бэлтгэгдэж байна. Эдгээр ордыг ашиглалтад орохоос өмнө төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох ёстой юу?

Энэ чиглэлийн ажил хийгдэж байгаа. Уул уурхайн яам дээр Ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд компаниудтай уулзалт хийж, төсөл тооцоо боловсруулах ажил хийгдсээр ирсэн. Энэ ажилд манайх ч оролцоод явж байгаа.
Өнөөдрийн байдлаар 15 ордоос гадна хоёрдугаар хавсралтад багтсан нэлээд хэдэн орд ашиглалтад бэлтгэгдээд, боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн ажлууд нь хийгдэж, ТЭЗҮ, технологи нь бэлэн болчихоод байна. Бүгдтэй нь ярилцаж байгаа. Цагаансуваргын зэсийн ордоос гадна “Бороо гоулд” компанийн Гацууртын орд, Ховдын Хөшөөтийн орд, Дорнодын Дашбалбар сумын нутаг дахь Улааны полиметалын орд, Асгатын мөнгөний орд дээр асуудал маш эрчимтэй яригдаж байгаа. Түүнчлэн Засгийн газраар дэмжигдэн УИХ-д өргөн баригдсан газрын ховор элемент болон нүүрсний 6 орд байна. Эдгээр ордын баяжуулах үйлдвэр болон уулын ажлын төлөвлөгөө нь хийгдээд, нэлээд урагшилчихсан, ашиглалтад орох дөхчихсөн учраас төрийн эзэмшлийн хувь хэмжээг яаж тогтоох талаар идэвхтэй ажиллаж байна. Ашиглалтад орохоос өмнө төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. 

Тавантолгойн ордыг ашиглах талаар олон том төлөвлөгөө, хувилбарууд яригдсан. Гэвч Баруун, Зүүн Цанхи гэж хоёр хуваагаад үйл ажиллагааг эхлүүлчихлээ. Ордыг нэгдмэл байдлаар ашиглах ёстой гэсэн байр суурь нийгэмд хүчтэй байдаг. Цаашид хуваасан чигээрээ ашиглах уу?

Бизнесийн утгаараа, төрийн том бодлогын түвшинд энэ том ордыг хуваахгүйгээр, бассейны хэмжээнд нь нэгдмэл байдлаар нэг бодлого, менежментээр ашиглана гэдэг нь зөв бодлого.

Гэхдээ яг өнөөдөр бид туршлагагүй байна. Харьцуулах юм их багатай. Энэ утгаараа Баруун, Зүүн Цанхи гэж хуваан хоёр өөр оператор оруулаад ашиглаж байгааг би яг өнөөдөртөө буруу биш гэж харж байгаа. Яг адил нөхцөлд, нэг газарзүйн байршилд, нэг ордын хоёр талаас ороод ажиллахад нэг нь 20 доллараар гаргаж байхад нөгөө нь 30 доллараар гаргачихвал юунаас болов гэж харьцуулах боломжтой болж байна. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэмжээ өсөлт багатай өнөөгийн нөхцөл байдалд энэ хэлбэр нь зөв юм уу даа. Мөн үнийн өсөлт, янз бүрийн байдлаар өртөг зардлыг өндөрсгөсөн тохиолдолд түүнд тавих бидний хөндлөнгийн хяналт харьцангуй сул байгаа ийм үед одоогийн хэлбэрийг би зөв гэж хардаг. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн бодол.

Томоор харъя, стратегийн нэг хөрөнгө оруулагч оруулъя гэвэл, өнөөдрийн туршлагаасаа суралцаад, засч залруулахаа залруулаад, нэгдсэн том бодлогоор явахад болохгүй юм үгүй.

Харьцуулах боломж гарч байгаа бол Зүүн Цанхийн олборлолтын зардал Баруун Цанхиас ялгаатай байна уу? Ялгаатай бол хэр их зөрүүтэй бол? Тэр нь юунаас болж байна вэ?

Одоогоор олборлолтын зардал нэг их зөрүүтэй гараагүй. Гэхдээ үйл ажиллагааны хувьд ялгаа гарч байна. Монголын оператор компани гэрээнд заасан үүргээ маш сайн биелүүлчихэж байна. 2013 оны гүйцэтгэлийг харахад бараг 3 сая тонныг олборлочихлоо. Гэтэл Зүүн Цанхи дээр ажил нь аль эрт эхлээд хэвийн явж байсан, хуучин туршлагатай компани гэхэд түүний хагасыг хийхтэй, үгүйтэй байх юм. Зүүн Цанхи дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Макмахон” компани манай техник тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Баруун Цанхи дээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний нэгдэл өөрсдөө техник тоног төхөөрөмжөө оруулж ирээд, энэ богино хугацаанд гэрээ, ТЭЗҮ-д заагдсан үүргээ биелүүлж байгаа нь болж байна гэсэн үг.

Гэхдээ ирээдүйд энэ том ордыг ашиглах түвшинд, тухайлбал олборлолт, экспортоо 30 сая тоннд хүргэе гээд явахад хүчин чадал дангаараа хүрэх үү. Хүрээд олборлолоо гэж үзье. Дан дотоодын компаниудаар олборлуулж болж байна. Гэтэл олборлолтын дараагийн томоохон ажлууд бий. Боловсруулалт, гадаад худалдаа, худалдан авагч нь хэн байх вэ гээд тооцоод үзэхэд олон талаас нь харах ёстой. Бидний харж байгаагаар, үндэсний компаниуд операторын түвшинд болж байна.  

Манай уурхайчид яагаад заавал “Макмахон”, “Лейтон” гэж. Бид ил уурхай дээр нүүрс ухаж чадна гэдэг шүү дээ. Түүнийгээ түрүүчээсээ баталж байх шиг байна?


Уул уурхайн салбарын хөгжил, дотоодын компаниудын хөгжил дэвшил талаасаа тодорхой хэсэгт нь үндэсний компаниудын консорциумуудыг оруулах нь зөв юм. Нэг бол дандаа гадныхан, нэг бол дандаа дотоодынхон байх ёстой гэж туйлширч болохгүй. Ингэж туйлшрахгүйгээр, тухайн сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж байгааг нь оруулаад, ажлын туршлагатай, эдийн засаг санхүүгийн хувьд чадамжтай болгоод явбал хөгжинө. Бид үүн рүү л явах ёстой. Ер нь дотоодын компаниудад ажлын дадлага туршлага, чадвар талаасаа жаахан доголдол гарсан ч зарим үед түүнийг тэвчээд өнгөрөх асуудал байж болох юм.

Нөгөө талдаа бид гадныхны олон зуун жилийн туршлагаас суралцах хэрэгтэй. Харьцуулах хэрэгтэй. Тиймээс зөв хослуулах хэрэгтэй юм. Дотоодын компаниуд маань ч гадны туршлагатай технологийн том мэргэжилтнүүдийг урьдаг, зөвлөх авдаг бүтэц бүрэлдэхүүнтэй баймаар байгаа юм. Ингэж суралцаж байж л бид чадавх чадамжтай болно. Тэгэхгүйгээр үргэлж гадныхнаар хийлгээд байж болохгүй.

“Эрдэнэс Тавантолгой”-н Баяжуу­лах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан. Барих явц хэзээнээс эхлэх вэ? Хөрөнгө оруулалтыг яаж шийдвэрлэх бол? “Шинхуа”-д зарж байгаа гэсэн яриа үнэн үү?


Яригдаж байгаа яриа. Гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтарч ашиглах гэсэн янз бүрийн хувилбарууд бий. Аль нь ч нээлттэй. Гэхдээ ямар технологи сонгохоо эхэлж шийдэх ёстой.

Саяхан Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг Японы нэгэн компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн технологитой танилцлаа. Нүүрсийг усаар биш элсээр угаах энэ технологийг Монголд нэвтрүүлж болох юм байна гэсэн ойлголт төрсөн. Үйлдвэр дээр нь очоод, технологийн туршилтыг нүдээр харахад манай нөхцөлд хэрэгжүүлж болохоор харагдаж байсан. Гуравдугаар сард үйлдвэрийнхээ жижиг модулийг Монголд авчирч танилцуулна. Түүний дараа бид “Эрдэнэс Тавантолгой”-н угаах үйлдвэрийн ТЭЗҮ-г эргэж харах, яах вэ гэдгээ ярилцах ёстой. Угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдсан ч төслийн түвшиндээ л байгаа. Хуурай аргаар уу, нойтон аргаар уу, усаар угаах уу, элсээр угаах уу, гарсан бүтээгдэхүүн маань олон улсын жишиг  стандарт, шаардлагыг хангаж чадах нь уу, үгүй юу гэсэн асуудлууд гарч ирж таарна.  

“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ түүхийгээр гаргадаг. Гэтэл нэг бассейнд байгаа Ухаахудагийн уурхайн 15 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг “Энержи ресурс”-тэй хэлэлцэж тохироод, баяжуулах үйлдвэрт нь баяжуулаад гаргаж болохгүй юу?  

 
Яригдаж байгаа асуудал. “Эрдэнэс Тавантолгой”-н 40-50 мянган тонн нүүрсийг “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт баяжуулаад, борлуулалт, тээвэрлэлтээ хамтарч хийн туршиж үзэж байгаа. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байх нь вэ. Үр ашигтай байгаад хоорондын бизнесийн зарчмаараа тохирч чадвал энэ ажил үргэлжлэх байх.

Усны нөөц ”Эрдэнэс Монгол”-ын тархийг зовоож буй асуудлын нэг. Балгасын улаан нуурын усны нөөц гэхэд л эцэслэн тогтоогдоогүй, өөр өөр тоонууд явж байдаг. Энэ талаар тодорхой ажил хийж байна уу?

Ус бол өмнөд бүсийн районы хамгийн хүндрэлтэй асуудал. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах батлагдсан, хамгийн эхний усны нөөц нь Балгасын улаан нуур. Мөн “Энержи ресурс” компани Наймандайн хөндий, Наймандай гэсэн усны хоёр эх үүсвэрийг ашиглаж байна. Үүнээс гадна усны илрэц, нөөцийг нь судалсан, тогтоосон  жижиг сажиг усны ордууд бий. Гэхдээ Тавантолгойн райондаа үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах нөөц нь Балгасын улаан нуур, Наймандай хоёр л байна.
Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахгүй гэсэн нутгийн ард иргэдийн эсэргүүцэл явдаг. Нөгөө талдаа Балгасын улаан нуурын усны нөөцийн хэмжээ болон ямар хэмжээнд ашиглахыг эцэслэн тогтоогоогүй. Тиймээс нөөцийн хувьд хэд хэдэн хувилбар явдгийг нэг мөр болгох шаардлагатай. Гуравт, Балгасын улаан нуур Тавантолгойн ордоос 100 орчим км-ийн зайд байгаа.

Одоо ашиглаж байгаа Наймандайн хөндий, Наймандайн усны нөөцийг ч мөн эцэслэн тогтоогоогүй. Хоёр хэсэгт нь нарийвчилсан хайгуул хийгдсэн. Зарим хэсэгт хайгуул хийгдээгүй. Тиймээс бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн банкинд хүсэлт тавьсан. Бидний  хүсэлтийг судалж үзээд, судалгааг гүйцэд хийх, нөөцийг эцэслэн тогтоохын тулд нэмж хайгуул хийх хэрэгтэй гээд Дэлхийн банк хөрөнгийг нь гаргах шийдвэр гараад явж байна. 

Өнөөдөр Тавантолгойн районд, тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”, ”Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын хэрэглээ, нийгэм ахуйн хэрэгцээнд нийтдээ хэчнээн усны хэрэгцээ байна, энэ хэрэгцээг хангах усны нөөц хаана байна гэдгийг цогцоор шийдэхийн тулд эн  тэргүүнд байгаа усны нөөцөө тогтооё. Наймандайн хөндий, Наймандайн усны нөөц энэ хэрэгцээг хангахаар байвал эхлээд ашиглая. Дараа нь Балгасын улаан нуураа ашиглаж эхэлье. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хийж байгаа судалгаа буюу гадаргын усыг өмнөд бүсийн район руу татах төслүүд бие биенээ дэмжээд явах ёстой гэсэн чиглэл рүү явах байх.

Өрнөж байгаа үйл явцаас харвал “Эрдэнэс Монгол” дээр судалгааны том бүтэц шаардлагатай нь харагдаж байна. Судалгааны чадавх ер нь хэр вэ?

Бидний номер нэг асуудал энэ болчихоод байна. “Эрдэнэс Монгол компани анх байгуулагдсан зорилго чиглэл ч тэр, өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагаанаас харахад ч тэр ерөөсөө цэвэр менежментийн компани байх ёстой. Энэ бодлогуудыг төрийн нэрийн өмнөөс зохицуулах ёстой. Ингээд бодохоор мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээнээс гадна зэх зээлийн судалгаа шинжилгээ хийх шаардлага урган гарч байна. Ирээдүйд Улсын төсөв боловсруулахдаа ч “Эрдэнэс Монгол”-ын дүгнэлт яаж гарсан байна гэж харах хэмжээнд хүртэл манай судалгаа шинжилгээний чадавх дээшилсэн байх шаардлага бий. Өнөөдөртөө учир дутагдалтай ч үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү явуулж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Засгийн газартай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санамж бичиг зурсан. Санамж бичгийн хүрээнд уул уурхайн чадамжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах хөтөлбөрийг “Эрдэнэс Монгол” дээр хэрэгжүүлэхээр урьдчилсан байдлаар тохирч хэд хэдэн уулзалт хийлээ. Уул уурхайн чиглэлийн гадаад дотоодын хөрөнгө оруулалт, боловсруулалт, техник технологийн судалгаа шинжилгээ хийх чадамжийг “Эрдэнэс Монгол” компани дээр бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм.

Зэс хайлуулах үйлдвэр дээр ашиглахаар судалж байгаа хандлан уусгах технологийн талаар дэлгэрүүлж яриач. Энэ технологи амьдралд хэр туршигдсан, үр дүнгээ   өгсөн технологи вэ?

Монгол улс зэсийн ордоо ашиглалтад оруулан, зэс баяжуулах чадавхтай болж эхэлсэн дал наяад оны үеэс л зэс хайлуулах үйлдвэрийн асуудал яригдаж эхэлсэн. Гэвч боловсруулах явцад дагалдан гарч ирэх хүхрийн хүчлийг хэрхэхээ шийдэж чаддаггүй. Үйлдвэрлэл технологи өндөр хөгжсөн орнууд хүхрийн хүчлийг өөр төрлийн үйлдвэрлэлд ашиглаад явчихдаг. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэл хөгжих тусам хүхрийн хүчлийн ялгарал ихсээд байгаа учраас хоёр хөршид хүхрийн хүчлийн илүүдэл үүсчихсэн тул Монгол улс экспортлох ямар ч боломжгүй. Үүнээс болж, гарах гарцгүй хойшилсоор ирсэн.  
Бид Монголтой ижил нөхцөлд орчихсон, ийм асуудал тулгарсан орнууд байна уу, тэд асуудлаа яаж шийдэж байна вэ гэдэг талаас нь судалгаа хийж, гарц хайсан юм. Нөгөө талдаа байгаль орчноо хамгаалдаг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг орнууд ямар технологи ашиглаж байна вэ. Зэсийн баяжмал ихээр үйлдвэрлэж, боловсруулж байгаа улс орнууд ямар технологи руу яваад байна вэ гэдгийг ч судалсан. Гадаадад энэ чиглэлээр ажиллаж байгаа Монголынхоо мэргэжилтэн залуучуудтай холбоо тогтоосон.

Судлаад үзэхэд, Америк, тэр дундаа Чили, Аргентин зэрэг эрдсийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн Өмнөд Америкийн орнууд хандлан уусгах технологийн судалгааг маш их хийж, үйлдвэрлэлдээ ч нэвтрүүлсэн байна. Сүүлийн 20 жилийн байдлаар өндөр даралтат хандлан уусгах технологи огцом өсөлттэй яваа юм билээ. Энэ технологийн үйлдвэрийг барьчихсан, хөгжүүлчихсэн улс орнууд цөөнгүй байна. Бид тэдгээр үйлдвэрүүдтэй холбоо тогтоож, мэдээлэл солилцоод явж байна. Зэсийг уламжлалт дулааны аргаар хайлуулж, боловсруулахаас татгалзан, баяжмалыг нь өндөр даралтаар хандлан уусгаад гаргаж ирдэг технологи юм билээ.

Гэхдээ тухайн эрдэс минералогийн бүтэц, тогтоцоос хамаараад технологийн сонголтыг хийдэг юм байна. “Эрдэнэт”-ийн хүдрийн биетийн өгөгдлүүдийг шинжилгээнд явуулахад энэ технологид тохирно гэсэн хариу ирсэн. Тиймээс бид энэ технологийг дэвшүүлж тавьсан.

Зэсээ боловсруулъя гэхэд хүхрийн хүчлийг шийдэх чадвар манайд өнөөдөртөө алга. Өнөөдөртөө шийдэж чадахгүй юм чинь тодорхой хэмжээний, тухайлбал нийт баяжмалынхаа 20%-ийг энэ технологиор боловсруулъя. Бүгдийг түүхийгээр гаргая, эсвэл бүгдийг боловсруулъя, боловсруулахдаа бүгдийг хандлан уусгах аргаар гаргая гэж нэг тал руу хэт ханарахгүйгээр энэ технологийг нэвтрүүлээд үзье. Бидэнд тодорхой түвшинд судлагдсан, дэд бүтэц нь бэлэн “Эрдэнэт”-ийн баяжмал байна. Түүний төрийн эзэмшлийн 51 хувьд ногдох хэмжээнийхийг дотооддоо боловсруулъя. 270-280 мянган тонныг энэ технологиор боловсруулахад ийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр хэрэгтэй юм байна. Өртөг зардал иймэрхүү болох юм байна гэдэг ажлыг хийх санааг гаргаад, судалгааны түвшинд танилцуулаад явж байна.

Манайх шиг эдийн засаг сул, бүтэц нь тодорхой бус байгаа ийм үед тодорхой хувийг түүхийгээр гаргах ёстой. Бүгдийг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэвэл эцсийн бүтээгдэхүүний үнэ уначихвал яах вэ? Тиймээс зэсийн баяжмалынхаа 20 орчим хувийг дотооддоо боловсруулъя. Нүүрсийг ч мөн адил тодорхой хувийг гаргая. Энэ бол эрсдэлээс хамгаалж байгаа хэлбэр. Зарим хэсгээр нь цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүчээ үйлдвэрлэдэг болъё. Заримыг нь угааж баяжуулаад гаргая. Зарим хэсгийг нь түүхийгээр гаргая. Энэ хэлбэрийг эхэлж сонгоод эдийн засгаа тогтворжуулсны дараа хаашаа явах чиглэлээ тооцох ёстой. 2 сая тонн нүүрс олборлож экспортолж үзээгүй байхдаа 20 сая тонныг угаана гээд эхэлдэг байж болохгүй. Эхлээд олборлох, дараа нь тээвэрлэж чаддаг болох хэрэгтэй байна. Тээвэрлэхдээ хэдэн хувийг төмөр замаар, хэдэн хувийг авто замаар тээвэрлэх вэ гэдгээ тооцох ёстой. Бүгдийг уялдуулж, эрэмбэ, шат дараатай явмаар байна.

“Оюутолгой” дээр үйл явц ямархуу байдлаар өрнөж байгааг асуухгүй өнгөрч чадахгүй нь? 

“Оюутолгой” харьцангуй ахицтай явж байгаа. Гүний уурхайг ашиглалтад оруулах хоёр дахь шатны санхүүжилтийн эх үүсвэрээ авъя, үйл ажиллагааг нь явуулъя гэдэг дээр хоёр тал зарчмын хувьд тохирсон. Энэ бол том дэвшил. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг авахыг Монголын тал зөвшөөрч байгаа. Гагцхүү техникийн талын үйл ажиллагаан дээр жаахан зөрчилтэй, үл ойлголцох талтай байгаа. Үүнийгээ шийдээд авбал явчих байх.

Мөн гадаад худалдаан дээр Хятадын компаниудад баяжмалыг өгөх, авах асуудалд гэрээ хэлэлцээрүүд удаашралтай, хүндрэлтэй асуудал мэр сэр байгаа гэж танилцуулж байсан.


Н.Ариунтуяа
 


  • сайн (202.126.89.168)
    төрийн
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Болод (122.201.17.110)
    Техникийн талын зөрчил гэж юуг хэлж байна
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Кен (103.26.194.8)
    Гагцхүү техникийн талын үйл ажиллагаан дээр жаахан зөрчилтэй үл ойлголцох талтай байгаа Үүнийгээ шийдээд авбал явчих байх ҮҮНИЙГ ХЭЗЭЭ ШИЙДЭХ БОЛ
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 52 минутын өмнө
    Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
  • 18 цаг 45 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • 23 цаг 49 минутын өмнө
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • 2020-09-21 11:03
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.