Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Ололт, амжилтаас гадна алдаа, дутагдлыг сануулж байх хэрэгтэй болов уу

“Пийбоди Энержи” компанийн Нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах менежер Ж.Сүнжидмаа

Юуны өмнө таван насныхаа ойтой золгож байгаа сэтгүүлийн хамт олонд баярын мэнд хүргэе. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Mongolian Mining Journal сэтгүүл Монголд хэвлэгдэж байгаа сайн сэтгүүлүүдийн нэг болж чадсан. 

Уул уурхай манай улсын эдийн засгийн томоохон салбар болж байна. Үүнийг урьдчилж хараад, салбарын бие даасан сэтгүүлийг шинээр үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд сэтгүүлээ тогтмол гаргахын зэрэгцээ агуулга болон дизайны хувьд байнга сайжруулж чадсан нь ихээхэн амжилт юм. Ер нь санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалан, томоохон салбарын хөгжлийн талаар уншигчдадаа тэнцвэртэй байр сууринаас мэдээлдэг, чанартай сайн сэтгүүл тогтмол эрхлэн гаргана гэдэг тийм амар ажил биш. Энэхүү амаргүй бөгөөд нэр төртэй ажлыг Mongolian Mining Journal-ын хамт олон амжилттай хийж чадлаа.

Дараагийн таван жилд Монголын уул уурхайн салбар хөгжихийн хэрээр Mongolian Mining Journal сэтгүүлийн үүрэг, хариуцлага улам өндөрсөнө. Өргөн утгаараа 1990 оноос хойш Монгол Улс хөгжлийн эдийн засагт тулгуурласан,  ядуурлыг бууруулахад нэлээд эрчимтэй анхаарч ажилласан. Одоо Монголын эдийн засагт үйлдвэрлэл ялангуяа уул уурхай нэлээд зонхилж хөгжих хандлагатай байна. Тийм ч учраас уул уурхайн салбарыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нийгэм болон эдийн засгийн хөгжлийг өндөр түвшинд гаргахуйцаар тогтвортой хөгжих баталгаат суурийг бий болгох нь ихээхэн чухал байна. 

Мэргэжлийн, бие даасан сэтгүүлийн хувьд Монголын уул уурхайн салбар ямар шатандаа явж байна вэ, энэ салбарын хөгжлийн алсын хараа чухам юу вэ, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, мөн хариуцлагатай уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүдийг Монголд хөгжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг нийт уншигчдадаа байнга мэдээлж, уул уурхайн салбар, нийт эдийн засагт гарч буй ололт, амжилтаас гадна мөн алдаа, дутагдлыг сануулж байх нь хэрэгтэй болов уу. Мөн уул уурхайг тойрсон ханган нийлүүлэгчдийн талаар бичвэл уншигчдад сонирхолтой бөгөөд хэрэгтэй. Түүнчлэн компаниудын нийгмийн хариуцлагын талаар бичих. Тодруулбал, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын гол цөм буюу уурхайн үйл ажиллагаа нь тухайн уурхайн ажилчид, мөн нутгийн ард иргэдийн амьдралд өгөөжтэй, хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй байх юм. Ус, эрчим хүчний хэрэглээг аль болох багасгах. Үүнийгээ дагаад бага зардалтай, сайн технологитой байна гэсэн үг. Тэгэхээр нийгмийн хариуцлагын талаарх энэхүү ойлголт болон сайн туршлагуудыг уншигчдадаа мэдээлэх нь Монголын уул уурхай, цаашлаад улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хэрэгтэй.