Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар:
Хэвлэл мэдээлэл нийгмийн санаа бодлыг бүрдүүлдэг гэж ярьдаг. Нийгмийн оюун санаа гэдэг маш хүчтэй зүйл. Медиа салбар нь өндөр хөгжөөд нийгмийн оюун санааг нэгтгээд, уул уурхай руугаа зөв хаях юм бол хөгжүүлээд л ирнэ. Хэвлэл мэдээллээр дамжуулан асар их ойлголт авчихсан хүмүүс хөгжлийн чиг хандлагатай холбоотой бодитой зүйл ярьж байгаа улстөрчдийн төлөө кноп дарж эхэлнэ. Энэ хүн уул уурхайн салбарыг илүү ойлгодог, илүү мэдээлэлтэй, зөв байр суурьтай юм байна. Харин энэ улстөрч уул уурхайд өөрийн амбицийг тулгаж байгаа юм байна гэдгийг нийгэм ойлгоод эхэлбэл кноп зөв эргэнэ. Нийгмийн санаа бодлыг, мэргэжлийн хүмүүсийн арга туршлагыг уул уурхайн салбар руу нь татан оруулаад өгөх юм бол хэвлэл мэдээллийн үүрэг роль, ач холбогдол нь түүнд байна гэж би ойлгодог. Мэргэжлийн сэтгүүлд гарч байгаа мэргэжлийн хүмүүсийн байр суурь, судалгаа шинжилгээний үр дүнд тэр салбарын хөгжлийн чиг хандлага зөв тогтдог. Хэвлэл мэдээлэл ийм том үүрэг, ач холбогдол, байр суурьтай юм. Тийм арга ухаан өндөр хөгжилтэй орнуудад ч байна. Майнинг журнаал шиг төрөлжсөн сэтгүүлээр дамжаад бодож сэтгэдэг, судалж тогтоодог зүйлийг нийгмээрээ хиймээр байна.
Би төмөр замын салбарт ямар шинэ стандарт, техник технологи гарав гэсэн мэдээллийг Майнинг журнаалаас авч чадахгүй. Гэхдээ төмөр замын холбогдоод байгаа салбар болох уул уурхайн тухай мэдээллийг авч чаддаг. Би хэвлэлийн аналитик хүн биш. Гэхдээ уншигчийн хувьд бодлоо хэлэхэд, мэргэжлийн хүмүүс, эсвэл энэ салбарын оролцогч хүмүүсийн байр суурь Майнинг журнаал сэтгүүлд маш сайн гардаг. Улстөрчид мэргэжлийн салбарт том дуугарч чадахгүй л дээ.Тиймээс танай сэтгүүлийг улстөрчид тойроод байх шиг санагддаг. Энэ сэтгүүлд яриа өгч, байр сууриа илэрхийлж чадсан хүнийг би уул уурхайн салбарын хүн, энэ салбарын оролцогч гэж ойлгодог. Тиймээс ч Майнинг журнаал сэтгүүлийг Монголын ард түмний хэрэгцээ болоосой гэж хүсдэг.