Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Фордын Ренжэр пикапыг уул уурхайд хамгийн сайн нийцсэн хэмээн санал болгодог

“Вагнер Ази Автомотив” компани нь Монголын хэрэглэгчдэд танил болоод уджээ. Тус компанийн үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцав.

Танай компани дэлхийд танигдсан брэндүүдийг Монголын зах зээлд хэдийнээс борлуулсан бэ?

“Вагнер Ази Автомотив” ХХК 1998 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 1999 онд Ford брэндийг Монголд албан ёсоор төлөөлөх эрхтэй дистрибьютор болсноор Монголын зах зээлд тус брендийн автомашиныг худалдаалж байна. Мөн 2004 оноос Land Rover хэмээх брэндийн албан ёсны дистрибютор болон энэхүү шилдэг брэндийг Монголдоо төлөөлөн, машин нийлүүлж, сэлбэг үйлчилгээ үзүүлэх албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

 “Вагнер Ази Групп” таван компаниас бүрддэг. Үүнд “Вагнер Ази тоног төхөөрөмж” буюу Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютер, “Вагнер Ази Индастриал” ХХК буюу Хятадын уул уурхайн тоног төхөөрөмж болон том оврын ачааны машины албан ёсны дистрибютер, “Сайтек” ХХК нь технологийн чиглэлийг хариуцдаг компани бол “Вагнер Ази Лизинг” нь борлуулалтыг дэмжих лизингийн үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Манай компанийн давуу тал бол лизингийн охин компаниараа дамжуулан харилцагчдаа түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бид шийдвэрийг шуурхай хугацаанд  гаргаж, нэг өдрийн дотор лизинг олгох боломжтой байдаг. Хүү нь харьцангуй бага учир харилцагчдад маань таатай үйлчилгээ байдаг болов уу.

Монголын худалдан авагчид Ford болон Land Rover брэндээс ямар загварыг түлхүү худалдан авч байна вэ?
Хэрэглэгч бүрийн шаардлага өөр байдаг тул сонголт нь ч дагаад өөр байдаг. Жишээ нь уул уурхайн компаниуд Ford брэндийн Ranger, Everest, Transit, F-150, F-250, Land Rover брэндийн Defender зэрэг загварыг худалдан авдаг. Эдгээрээс хамгийн амжилттай худалдагдаж буй нь Ford брэндийн Ranger загвар юм. Энэ нь 2012 оны загвараас эхлэн шинэчлэгдсэн автомашин байгаа. Уул уурхайн тоног төхөөрөмжийг үнэлэхдээ байнгын ажиллагаа, үр дүн, аюулгүй ажиллагаа гэсэн гурван хүчин зүйлд тулгуурлан  хардаг. Ford Ranger нь энэ гурван шалгуурт маш сайн нийцдэг учир хамгийн сайн борлуулалттай байдаг. Жишээ нь Австралийн Уул уурхайн ассоциацийн үнэлгээгээр Ford Ranger пикапыг уул уурхайд хамгийн сайн нийцсэн машин хэмээн санал болгосон байдаг.

Загвар нь шинэчлэгдсэнээсээ хойш буюу 2012 оноос эхлэн олон улсын автомашины 20 гаруй шагналыг авсан ба Европын автомашины стандарт, аюулгүй байдлыг шалгадаг байгууллага Ford Ranger пикап загварт дээд оноо буюу таван од өгсөн юм.  Манайх автомашинаа уурхайн нэмэлт тоноглолтой худалддаг. Үйлдвэрээсээ автомашины нэмэлт тоноглолтой ирдэг тул энэ нь асар том давуу тал болдог.

Luxury segment буюу дээд зэрэглэлийн, тансаг категорид ордог машинууд дундаас хамгийн сайн борлуулалттай нь Range Rover загвар юм.

Аливаа бизнесийг удирдах тодорхой зарчим баримтлах ёстой байдаг. “Вагнер Ази Автомотив”-ийн хувьд энэ тухай ямар бодлоготой явдаг вэ?
Харилцагчдын сэтгэл ханамжийг хангалуун байлгахад бид онцгой анхааран ажилладаг. Тухайлбал, харилцагчийг угтах, найрсаг үйлчилгээг өдөр бүр сайжруулахаар ажиллаж байна.  Мөн автомашины худалдааны байгууллагынхаа үйл ажиллагааг дэлхийн жишиг стандартад хүргэхэд чухалчлан анхаардаг.

Бид ажилтнуудаа байнга идэвхтэй, илүү оролцоотой, мэдээлэлтэй байлгах үүднээс улирал бүр бүх ажилтны хурал зохион байгуулдаг. Дашрамд сонирхуулахад 2013 оны шинэ санал асуулгын үр дүнг өмнөх жилийн санал асуулгатай харьцуулахад маш олон дэвшилт үзүүлэлт гарсан байгаа юм. Манай “Вагнер Ази Автомотив” компанийн менежментийн баг болон ажилтан бүрийн ажиллах чиг хандлага сайжирч, хүмүүсийн оролцоо, идэвх нэмэгдэж буйг илэрхийлсэн үр дүн гарсанд бид сэтгэл хангалуун байдаг. Ажлын маань том ахиц гэж харж байна.

Байгууллага бүрт чадварлаг хүний нөөц чухал байдаг. Сүүлийн үед ч Монголын компаниуд ажилчдаа сургахад анхаардаг боллоо. Вагнер Ази Автомотив компани энэ талаар ямар байр суурьтай ажилладаг вэ?

Ер нь манай байгууллага ажилтан ажилчдадаа зориулан ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. 2011-2012 онд сургалтынхаа төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. 2012-2013 онд мөн энэ зардлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Сургууль төгссөн залуусыг цалинтай сургалтад хамруулан, улмаар компанидаа техникийн ажилчид болгон ажилд авдаг. Ийм сургалт 2011 онд есөн сарын хугацаатай байсан бол 2012 онд зургаан сарын хугацаатай болж богиноссон байгаа. Өнөөдрийн байдлаар манай техникчдийн тоо 30 гаруй болоод байна.
 
Ашиг хөөсөн компани амжилтанд хүрдэггүй гэдэг. Танай компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд ямар төсөл хөтөлбөр, санал санаачлагыг авч хэрэгжүүлдэг вэ?
Бид нийгмийн хариуцлагыг ямагт дээдэлж ирсэн. 2012 онд гэр хороооллын сургуульд халуун усны газар байгуулах төслийг дэмжсэнээр хэдэн зуун сурагчид, багш нар өвөл зунгүй энэхүү газраар үйлчүүлэх сайхан боломжтой боллоо. Мөн манай улсын бүх эмнэлэг болон эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудад эмнэлгийн хог хаягдлын тухай зааварчилгаа, сургалтын хөтөлбөрийн нийт 2000 гаруй DVD материал таарагдсан байгаа. Хот, хөдөөгүй бүгд уг төсөлд хамрагдсан гэсэн үг. Энэ чухал төслийг “Вагнер Ази Автомотив” санаачлан “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”, “Rotary club of Ulaanbaatar” нар хамтран хэрэгжүүлсэн юм. Энэ мэтээр бид нийгэмдээ чухал  хэрэгтэй  олон ажлыг идэвхтэй зохион байгуулахыг хичээн ажилладаг.

Бид хоёр жилийн өмнөөс санаачлан “Монголын Автомашины Дистрибюторуудын Ассоциаци” ТББ-ыг байгуулсан. Энэ жил энэхүү ассоциацийн ТУЗ-ийн даргаар би өөрөө ажиллаж байгаа юм. Ассоциацийн гол зорилго нь харилцагчдадаа бүтээгдэхүүн худалдан авах, хэрэглэх орчин нөхцөлийг нь сайжруулж өгч чадах юм бол хэрэлэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн чиглэлээр ажилладаг.

Цаашид ямар чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Ер нь Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж асар их байна. Миний хувьд шинэ зүйл гэхээсээ илүүтэй одоо байгаа боломжоо илүү сайн ашиглах хэрэгтэй гэж харж байгаа. Өмнө маань байгаа өргөн боломжийг ердөө 60-70 хувь ашиглаад,  дахин шинэ ажлууд эхлүүлэх нь тийм ч зөв менежмент биш болов уу. Хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулаад бий болгож чадсан  борлуулалтын нэр хүндтэй эрхийг бүрэн ашиглаж чадаж байна уу, үгүй юү гэдэг тал дээрээ түлхүү анхаарч, амжилтад хүрье гэсэн бодолтой явдаг. Бид Монголд шилдэг үйлчилгээтэй, борлуулалтаараа өндөр дистрибьюторуудын нэг нь. Тиймээс бид жижиг гэлтгүй ажлуудад анхааран ажиллаж байна.

Мэдээж шинэ төслүүд дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Францын алдарт Michelin брендийн албан ёсны борлуулагч болсон. Өөр бусад нэвтрүүлэхээр зорьж буй үйлчилгээ бий. Ирээдүйд Монголдоо тэргүүлэгч байгууллагуудын нэг байх төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт танигдах томоохон зорилго өмнө маань бий. Тус бүс нутагт бид тодорхой хэмжээнд танигдаад эхэлсэндээ таатай байдаг.

Ford брендийн 110 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан энэ оны зургадугаар сарын борлуулалтаар 17 улс дахь дилерүүдээс шалгарч 4 дилер шагнал авсны нэг нь манайх байлаа. Үүнээс өмнө Ази, Номхон далайн бүсдээ дөрөвдүгээр улирлын борлуулалтаар хоёр жил дараалан шагнал авсан. Мөн бид Land Rover брэндийн байгууллагуудын удирлагуудтай илүү нягт харилцаж, сэлбэг үйлчилгээ борлуулалтын сервистээ илүү санаачлагатай байж хамтран ажиллах боломж бүрэн бий.

Зургадугаар сард болсон дилерүүдийн дундах уралдаан нь Ази, Номхон далайн бүс нутагт зохион байгуулагдах болсон нь манай компанийн Маркетингийн албанаас анх дэвшүүлсэн санаачилга. Хоёрдугаар сард би Форд компанийн Маркетинг, санхүүгийн ТУЗ-ийн хуралдаанаар энэхүү саналаа дэвшүүлж,  саналыг маш таатай хүлээн авч дэмжигдсэн юм. Ийнхүү Монгол хүний санаагаар Ази, Номхон далайн бүс нутагт дахь 17 орны дилертэй хамтран ажиллаж, Фордын төвөөс ирүүлсэн захидал дээр энэхүү санаачлагын маань талаар дурдсан байдаг. Монголчуудын санал сэдэл олон улсад хүрч, үнэлэгдэж болдгийг харуулсан бахархууштай жишээ болов уу.   
                      
Монгол дах зах зээлийн болон хэрэглэгчдийн судалгааг хэр явуулдаг вэ. Ямар хандлага эндээс харагддаг бол?
Хэрэглэгчийнхээ судалгааг тоон маягаар гаргахаас илүүтэйгээр бид тулж ажиллахыг, санал бодлыг нь сонсохыг эрхэмлэдэг. Албан ёсны дистрибютер байгууллагууд нэгдэн Ассоциаци байгуусны зорилго нь ч үүнд зориулагдана гэж найдаж байгаа. Зах зээлийн талаар илүү найдвартай, баримттай мэдээлэл авч, хоорондоо түүнээ хуваалцаг болох юм. Анх бид маркетингийн зардлаа 1 шинэ хэрэглэгч олоход бүрэн зарцуулдаг байсан бол энэ жилээс эхлэн уг арга барилаа шинэчлэн сайжруулж, хөрөнгийн тал хувийг нь одоогийн хэрэглэгчдэдээ зарцуулья гэсэн шийдэлд хүрсэн. Үүнийхээ дагуу өнгөрсөн жил Ланд Ровер брэндийн харилцагчдадаа зориулсан өдөрлөгийг “Хайрт Хаан” амралтад маш амжилттай зохион байгуулсан. Зарим харилцагч маань уг арга хэмжээг жил бүр зохион байгуулах хүсэлт тавьж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн билээ.

Ford Raptor эзэмшигчдийн дунд “Raptor Club” байгуулахаар бид ажиллаж байна. Мөн “Range Rover Club”-ын нэрэмжит гольфын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хонконгийн “Range Rover Club” маш алдартай. Харилцагчидтайгаа албан бус нөхцөлд, илүү ойр харилцсанаар манай бүтээгдэхүүнийг яагаад сонгосон, учир дутагдал юу байгааг хүртэл мэдэх сонсох, санал солилцох боломжтой болно гэж итгэж байна.

Ер нь автомашины зах зээлд эхний борлуулалтыг борлуулагч нар хийж, харин цаашдын борлуулалтыг сэлбэг үйлчилгээнийхэн гүйцэтгэдэг гэсэн яриа байдаг. Бүх сэлбэгийг авчрах юм бол тэр болгон борлогдохгүй, алдагдалтай байх болно. Цөөн тооны сэлбэг нийлүүлье гэхэд сэлбэггүй болох гээд байдаг. Тиймээс сэлбэгийн ухаалаг менежментийг хэрэгжүүлэх тал дээр манай Стратегийн хэлтэс ажиллаж байгаа. Үйлчилгээний хувьд цагийн хувиараа уртасган хоёр ээлжтэй, мөн амралтын нэг өдөрт ажиллах болсон. Өнгөрсөн жил манай үйлчилгээнийхэн ачааллаа дийлэхээ больж, харилцагч нар маань 21 хоног хүртэл хүлээж байсан түүх бий. Тиймээс бид энэ тал дээр илүү анхааран ажиллах болсон. Манай байгууллага Ланд Ровер, Фордын үйлдвэрлэгч нартайгаа шууд харилцаж тулж ажилладаг нь худалдан авагч нартаа илүү чанартай үйлчилгээ үзүүлэх үндэс болдог.

Тэгвэл олон нийтийн хэрэглээнд бол өнөөгийн байдлаар сайн худалдаалагдаж байгаа нь Hyundai, Kia брэндууд. Мөн Ford жийп үнийн хувьд манай зах зээлд маш тохирч байгаа. Олон нийтийн хэрэгцээнд “Таванбогд” групп Toyota брендийг борлуулах эрх авч, худалдаа нь сайн байдаг. Ерөнхийд нь зах зээлийг нийтэд нь харах юм бол өнөөгийн байдлаар 35-40 мянган авто машин импортоор орж ирж байгаагаас 10-15 хувийг нь албан ёсны дистрибютер байгууллагууд оруулдаг. Шинэ машин оруулж ирж  байгаа учир техникийн үзүүлэлтээрээ байгаль орчинд ээлтэй, хор хохирол багатай гэдэг үүднээс албан ёсны дистрибютор компаниудаа манай төр засаг илүү их дэмжих байх гэж найддаг. Шинэ машин оруулж ирж байгаа бид цаашид үнийг буулгах боломжийг эрэлхийлж байх хэрэгтэй. Манай байгууллага хуучин, ашиглагдсан машин худалдаалдаггүй. Гэхдээ унаж байсан машинаа манайд ирж үнэлүүлээд зөрүүгээ төлөөд шинэ машин худалдаж авах боломж бий. Өөрөөр хэлбэл, шинэ машин худалдаж авах урьдчилгаа төлбөртөө унаж буй хуучин машинаа тооцуулах боломжийг харилцагчдадаа нээж байгаа юм.

Сонирхолтой ярилцсанд баярла­лаа. Та бүхний ажилд амжилт хүсье.